Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Библи надад тустай ном уу?—1-р хэсэг: Библиэсээ эрэл хайгуул хийгээрэй

Библи надад тустай ном уу?—1-р хэсэг: Библиэсээ эрэл хайгуул хийгээрэй

 «Би Библийг унших гэж үзсэн, гэхдээ хэтэрхий зузаан болохоор уншихад хэцүү санагддаг»—Бриана, 15 настай.

 Чамд бас тэгж санагддаг уу? Тэгвэл энэ өгүүлэл чамд тус болно!

 Библийг яагаад унших хэрэгтэй вэ?

 Библи уншина гэхээс чамд уйтгартай санагддаг уу? Хэрэв тийм бол, яагаад гэдгийг чинь ойлгож байна. Библи жижигхэн үсэгтэй, мянгаас ч илүү хуудастай, ямар ч зураггүй, телевиз, кинотой бол харьцуулах ч юм биш гэж чи бодож байж болох юм.

 Гэхдээ ингэж бодож үзээрэй: Чи эртний маш том эрдэнэсийн авдар оллоо гэж бодъё. Тэгээд дотор нь юу байгаа бол гэж сонирхоно биз?

 Библи яг л энэ эрдэнэсийн авдартай адилхан. Эрдэнийн чулуутай зүйрлэм мэргэн ухааныг агуулдаг. Түүнийг олбол чи

  •   зөв шийдвэр гаргана

  •   аав ээжтэйгээ эвтэй байна

  •   жинхэнэ найзаа олно

  •   бэрхшээлийг давж сурна

 Энэ ном эртний ч гэлээ зөвлөгөө нь яагаад хуучраагүй вэ? Учир нь «Судар бүрийг Бурхан бичүүлсэн» (2 Тимот 3:16). Энэ нь Библид байгаа зөвлөгөө хамгийн найдвартай эх сурвалж болох Бурхнаас ирсэн гэсэн үг.

Библи бол эрдэнэсийн авдартай адилхан. Эрдэнийн чулуутай зүйрлэм мэргэн ухааныг агуулдаг

 Библийг яаж унших вэ?

 Нэгдүгээрт, эхнээс нь дуустал унших. Ингэж уншвал Библийн талаар ерөнхий мэдлэгтэй болно. Библи унших хэд хэдэн арга бий. Түүнээс хоёрыг нь авч үзье:

  •    Библийн Эхлэлээс Илчлэл хүртэл 66 номыг дарааллаар нь унших

  •    Он цагийн дарааллаар буюу болсон үйл явдлын дарааллаар унших

 Зөвлөгөө: «Бурхны Үгийг судлах хөтөч» гарын авлагын 4-р хэсэгт Есүсийн дэлхий дэх амьдралын гол үйл явдлыг он цагийн дарааллаар нь жагсаан бичсэн байдаг.

 Хоёрдугаарт, тулгараад буй асуудалтайгаа холбоотой хэсгийг сонгож унших. Жишээлбэл:

  •   Чи итгэл хүлээсэн найзтай болмоор байна уу? Ионатан Давид хоёрын нөхөрлөлийн талаар уншаарай (1 Самуел 18–20-р бүлэг). Давидын ямар ямар зан чанар Ионатанд таалагдсан байж болохыг бодоорой.

  •   Чамд буруу гэж мэддэг мөртлөө хиймээр санагддаг зүйл байдаг уу? Татгалзаж сурмаар байна уу? Иосефт тохиолдсон явдлыг уншаарай (Эхлэл 39-р бүлэг). Иосеф ямар учраас шийдэмгий байж чадсан талаар бодоорой. Мөн «Хорхой хүргэм зүйлд автахгүй байх нь—Иосеф» гэсэн дасгал ажлыг хийгээд сурч мэдсэнээ яаж хэрэгжүүлж болохоо бодоорой.

  •   Залбирах нь ямар ач тустайг мэдмээр байна уу? Нехемиад тохиолдсон явдлыг уншаарай (Нехемиа 2-р бүлэг). Нехемиагийн залбирал ямар үр нөлөөтэй байсныг мэдэж аваарай.

 Зөвлөгөө: Библийг нам гүм орчинд анхаарлаа төвлөрүүлж уншаарай.

 Гуравдугаарт, Библийн аль нэг хэсэг эсвэл дууллыг сонгож уншаад дараа нь өөртөө ямар хамаатайг бодоорой. Уншсаныхаа дараа доорх асуултад хариулаарай.

  •    Ехова яагаад үүнийг Библид бичүүлсэн бэ?

  •    Эндээс Еховагийн зан чанар, аливааг хийх арга барилын талаар юу мэдэж болох вэ?

  •    Үүнийг амьдралдаа яаж хэрэгжүүлэх вэ?

 Зөвлөгөө: Библи хэзээнээс уншиж эхлэхээ товлоорой. Манай вэб саитад байгаа «Библи унших хуваарь»-ийн дагуу уншаарай.