Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Би баптисм хүртэх ёстой юу?—1-р хэсэг: Баптисмын утга учир

Би баптисм хүртэх ёстой юу?—1-р хэсэг: Баптисмын утга учир

 Жил бүр Еховагийн Гэрч эцэг эхийн гар дээр өссөн олон хүүхэд залуус баптисм хүртдэг. Чи энэ алхмыг хийе гэж бодож байна уу? Хэрэв тийм бол эхлээд Бурханд өөрийгөө зориулах болон баптисмын утга учрыг ойлгох хэрэгтэй.

 Баптисм гэж юу вэ?

 Библид баптисм гэдэг үгээр зүгээр нэг ус цацуулах биш, бүтэн биеэрээ усанд шумбахыг хэлдэг бөгөөд энэ нь маш чухал зүйлийг бэлгэддэг.

  •   Ус руу бүтэн биеэрээ орохдоо цаашид өөрийн хүслээр амьдрахаа болино гэдгээ харуулдаг.

  •   Уснаас гарахдаа амьдралаа шинээр эхлэх буюу Бурхны хүслийг эн тэргүүнд тавьж амьдрахаа харуулдаг.

 Баптисм хүртсэнээр Ехова л зөв буруугийн хэм хэмжээг тогтоох эрхтэйг хүлээн зөвшөөрдгөө, мөн түүний хүслийг дуртайяа биелүүлж амьдрахаа амласнаа олон нийтэд албан ёсоор харуулдаг.

 Бодож үзээрэй. Еховад дуулгавартай байж амьдрах амлалтаа олон нийтийн өмнө илэрхийлэхийн учир юу вэ? 1 Ёохан 4:19 болон Илчлэл 4:11-ийг үзээрэй.

 Бурханд өөрийгөө зориулна гэж яахыг хэлдэг вэ?

 Баптисм хүртэхийнхээ өмнө чи Еховад өөрийгөө зориулах хэрэгтэй. Яаж?

 Еховад хандан ганцаарчлан залбирахдаа түүнд үүрд мөнх үйлчлэхээ болон юу ч тохиолдсон, мөн бусад нь юу ч хийж байсан түүний л хүслийг биелүүлж амьдрахаа амлана.

 Баптисм хүртэх нь Бурханд өөрийгөө зориулснаа олон нийтэд мэдэгдэж байгаа хэрэг юм. Үүгээрээ цаашид өөрийнхөө төлөө амьдрахаа больж, Еховагийнх болсон гэдгээ харуулдаг (Матай 16:24).

 Бодож үзээрэй. Чи Еховагийнх болсноор илүү жаргалтай амьдарна гэхийн учир юу вэ? Исаиа 48:17, 18 болон Еврей 11:6-г үзээрэй.

 Баптисм хүртэх нь яагаад чухал вэ?

 Шавь нь болъё гэвэл баптисм хүртэх шаардлагатайг Есүс хэлсэн (Матай 28:19, 20). Тиймээс Христийн өнөөгийн дагалдагчид ч энэ шаардлагыг хангах ёстой. Баптисм хүртэх нь аврагдахад зайлшгүй чухал гэж Библид бичжээ (1 Петр 3:21).

 Гэхдээ гол нь Еховаг хайрлах, талархах сэтгэлдээ хөтлөгдөн баптисм хүртэх учиртай. Чи дараах үгийг хэлсэн дуулалчтай адил хандлагатай байгаарай. «Надад өгсөн бүх ашиг тусынх нь төлөө Би ЭЗЭНд юугаар хариулах вэ? Би ... ЭЗЭНий нэр дээр дуудна. ... ЭЗЭНд тангарагласнаа биелүүлнэ» (Дуулал 116:12–14).

 Бодож үзээрэй. Ехова чиний төлөө юу хийсэн бэ? Ачийг нь хэрхэн хариулах вэ? Дэд хууль 10:12, 13 болон Ром 12:1-ийг үзээрэй.