Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Аав ээжийн гаргасан дүрэм хатуудаад байвал яаж ярилцах вэ?

Аав ээжийн гаргасан дүрэм хатуудаад байвал яаж ярилцах вэ?

 «Би 15 хүртлээ аав ээжийнхээ гаргасан дүрэмд дургүйцдэггүй байлаа. Харин одоо 19 хүрээд эрх чөлөөг минь хааж боогоод байх шиг санагддаг болсон»—Силвиа.

 Чамд бас Силвиа шиг санагддаг уу? Тийм бол энэ өгүүллээс аав ээжтэйгээ яаж ярилцахыг мэдэж аваарай.

 Юуг мэдэх хэрэгтэй вэ?

 Аав ээжтэйгээ ярилцахаасаа өмнө дараах зүйлийг мэдэх хэрэгтэй.

  •  Дүрэм гэж байдаггүй байсан бол бүх юм замбараагаа алдана. Хөдөлгөөн ихтэй уулзварыг төсөөл дөө. Замын тэмдэг, гэрлэн дохио, хурдны хязгаарлалт байхгүй бол юу болох вэ? Осол гарах нь ойлгомжтой. Яг үүн шиг, гэрийн дүрэм нь эмх замбараагүй байдал гарахаас сэргийлдэг.

  •  Дүрэм гаргаж байгаа нь чамд санаа тавьж байгаагийн илрэл. Ямар ч дүрэм гаргахгүй бол чамайг яавал л яаг гэж бодсон хэрэг болно. Тийм эцэг эхийг ямар эцэг эх гэх вэ дээ?

 ЧИ МЭДЭХ ҮҮ? Аав ээжид чинь ч гэсэн дагах ёстой дүрэм гэж байдаг. Итгэмээргүй санагдаж байна уу? Тэгвэл Эхлэл 2:​24; Дэд хууль 6:6, 7; Эфэс 6:4; 1 Тимот 5:8-ыг уншаарай.

 Дээр бичсэн бүхнийг ойлгож байгаа ч гэсэн дүрэм хатуудаад байгаа юм шиг санагдсан хэвээрээ байвал яах вэ?

 Яах хэрэгтэй вэ?

 Ярилцахаасаа өмнө бодоорой. Ер нь, чи аав ээжийнхээ гаргасан дүрмийг хэр сайн дагадаг вэ? Хэрэв дандаа зөрчдөг юм уу дургүйцдэг бол одоо дүрмээ зөөлрүүлэх тухай ярих нь тохиромжгүй байх. Харин «Аав ээжийнхээ итгэлийг олохын тулд яах хэрэгтэй вэ?» гэсэн өгүүллийг эхлээд уншаарай.

 Хэрэв аав ээжийнхээ гаргасан дүрмийг ихэнхдээ дагадаг бол аав ээждээ юу гэж хэлмээр байгаагаа бодоорой. Урьдаас бодлоо цэгцлээрэй. Бас юу гэж гуйхаа бичиж үзсэн ч болно. Ингэснээр одоо гуйх гэж байгаа зүйлээ цаг үедээ хэр тохирсон эсэхийг мэднэ. Дараа нь хэзээ, хаана ярилцаж болохыг аав ээжээсээ асуугаарай. Товлосон цагт нь уулзвал бүгд тайван, тухтай ярилцаж чадна. Ярилцахдаа дараах зүйлийг санаарай.

 Хүндэтгэлтэй байгаарай. Библид «Хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө» гэж байдаг (Сургаалт үгс 15:​1). Хатуу байна гэж буруутгаад аав ээжтэйгээ маргалдаад байвал нааштай хариу сонсох нь юу л бол.

 «Аав ээждээ хүндэтгэлтэй хандах тусам надад нааштай ханддаг. Сайн харьцаатай байвал зөвшилцөлд хүрэх хамаагүй амар байдаг»—Биянка, 19 настай.

 Сонсоорой. Библид «Сонсоход бэлэн бай. Ярих гэж бүү яар» гэж захисан байдаг (Яаков 1:​19). Нэг юмыг битгий мартаарай. Чи аав ээжтэйгээ ярилцаж байгаа болохоос биш, ганцаараа лекц уншаагүй юм шүү.

 «Өсөж томрохын хэрээр аав ээжээсээ илүү ухаантай болсон юм шиг санагддаг. Гэхдээ энэ нь том эндүүрэл! Тэднийхээ зөвлөгөөг сонсох л хэрэгтэй»—Деван, 20 настай.

 Аав ээжийнхээ оронд өөрийгөө тавиарай. Нөхцөл байдлыг аав ээжийнхээ нүдээр хараарай. Библид «Зөвхөн өөрийнхөө бус, бусдын эрх ашигт нийцүүл» гэж байдгийг санан аав ээжийнхээ бодлыг харгалзан үзээрэй (Филиппой 2:​4).

Чиний бодлоор аль нь илүү үр дүнтэй вэ?

 «Би урьд нь аав ээжийгээ дайснууд гэж боддог байлаа. Харин одоо бодоход би өөрийгөө нээж том хүн болохыг сурч байсан шиг тэд маань ч бас сайн эцэг эх байхыг сурч байсан юм билээ. Хийж байсан бүхэн нь миний сайн сайхны төлөө байсан»—Жошуа, 21 настай.

 Саналаа хэлээрэй. Жишээ татъя. Аав ээж чинь чамайг орой болох үдэшлэгт очихыг зөвшөөрөхгүй байна гэж бодъё. Тэгвэл гол нь юунд санаа зовж байгаа бол? Орой явахыг чинь дэмжихгүй байна уу? Эсвэл тэр үдэшлэг дээр юу болохыг мэдэхгүй байна уу?

  •   Орой явахыг чинь дэмжихгүй байгаа бол найдвартай харгалзах хүнтэй хамт явна гэвэл зөвшөөрөх болов уу?

  •   Үдэшлэгийн талаар эргэлзэж байвал хэн хэн очихыг, бас ямар хүн хариуцахыг хэлж өгвөл зөвшөөрч магадгүй.

 Хүндэтгэлтэй ярьж, аав ээжийнхээ яриаг таслалгүй анхааралтай сонсоорой. «Эцэг эхээ хүндэлдгээ» үг яриа, биеэ авч явах байдлаараа харуулаарай (Эфэс 6:2, 3). Ингэвэл чамд буулт хийх ч юм билүү? Тэгэхгүй байлаа ч ...

 Аав ээжийнхээ шийдвэрийг хүндлээрэй. Ингэх нь хэчнээн чухал болохыг хүүхэд залуучууд ойлгодоггүй. Хэрвээ чи зөвшөөрөл авч чадаагүй байж дургүйцэн маргалдаад байвал дараагийн удаа зөвшөөрөл авахад бүр л хэцүү болно. Эсрэгээрээ шийдвэрийг нь хүндэлж дуртайяа биелүүлбэл цаашдаа чамд нааштай хандаж буулт хийхэд нь амар болно.