Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Би цахим тоглоомын тухай юу мэдэх хэрэгтэй вэ?

Би цахим тоглоомын тухай юу мэдэх хэрэгтэй вэ?

 Цахим тоглоомын талаарх асуулт, хариулт

 АНУ-д цахим тоглоомын бизнес олон тэрбум долларын ашигтай ажилладаг. Америкт ...

  1.   Хэд орчим насны хүмүүс цахим тоглоомоор тоглодог вэ?

    •  А. 18

    •  Б. 30

  2.   Цахим тоглоом тоглогчдын хүйсийн харьцаа ямар байдаг вэ?

    •  А. 55 хувь нь эрэгтэй; 45 хувь нь эмэгтэй

    •  Б. 15 хувь нь эрэгтэй; 85 хувь нь эмэгтэй

  3.   Доор дурдсан хоёр бүлэг хүмүүсийн аль нь тоглогчдын дийлэнх хувийг эзэлдэг вэ?

    •  А. 18 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд

    •  Б. 17 ба түүнээс доош насны эрэгтэй хүүхдүүд

 Хариулт (2013 онд хийсэн судалгаанд үндэслэв):

  1.   Б. 30.

  2.   А. Эмэгтэйчүүд 45 хувь буюу бүх тоглогчдын тал орчим хувийг эзэлдэг.

  3.   А. Бүх тоглогчдын 31 хувь нь 18 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд, 19 хувь нь 17 ба түүнээс доош насны эрэгтэй хүүхдүүд эзэлдэг.

 Эдгээр тоо баримтаас цахим тоглоомыг ямар хүн тоглодгийг мэдэж болно. Гэхдээ энэ тоо баримт цахим тоглоом сайнаар муугаар чамд яаж нөлөөлөхийг хэлж өгөхгүй.

 Сайн тал

 Цахим тоглоомын тухай дараах сэтгэгдлүүдийн алинтай нь чи санал нийлж байна вэ?

  •  «Гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэх арга»—Айрин.

  •  «Ийм тоглоом тоглохоор бодит ертөнцөөс тасраад л явчихдаг»—Аннетт.

  •  «Хариу үйлдэл үзүүлэх чадвар сайжирдаг»—Кристофер.

  •  «Ярвигтай асуудлыг шийдвэрлэх чадвар хөгждөг»—Эйми.

  •  «Тархиа ажиллуулдаг. Юмыг бодож, зохион байгуулж, төлөвлөж сурдаг»—Энтони.

  •  «Зарим тоглоом тоглохоор багаар ажиллах чадвар сайжирдаг»—Томас.

  •  «Зарим тоглоом бие хөдөлгөж галбиржуулдаг»—Жэйл.

 Чи дээрх сэтгэгдлүүдийн заримтай нь, эсвэл бүгдтэй нь санал нийлж байна уу? Видео тоглоом бие бялдар, сэтгэхүйг хөгжүүлэх л байх. Зарим тоглоом тоглохлоор Аннеттийн хэлсэн шиг «бодит ертөнцөөс тасраад л явчихдаг», цагийг ч зугаатай өнгөрүүлдэг. Ингэх нь буруу юм биш ээ.

 ● «Тэнгэрийн доорх ... бүх юм тогтоогдсон цаг мөчтэй» гэж Библид байдаг. «Бүх юм» гэдэгт тоглож зугаацах бас багтдаг (Номлогчийн үгс 3:1–4).

 Муу тал

 Цахим тоглоом цагийг чинь үрдэг үү?

 «Би нэг тоглоод л эхэлбэл болихоо мэддэггүй. “Ганцхан үе давчихъя” гэдэг л дээ. Нэг мэдсэн чинь дэлгэц ширтээд нэлээд хэдэн цаг болсон байдаг»—Аннетт.

 «Видео тоглоом үнэхээр цаг их үрдэг. Олон цаг суугаад 5 үеийг давсан учраас их л юм хийж гүйцэтгэсэн юм шиг санагдана. Гэхдээ үнэндээ юу ч хийж гийгүүлээгүй байдаг»—Серена.

 Хамгийн гол нь: Мөнгө алдвал эргээд олж авч болдог. Гэхдээ алдсан цагийг эргээд олж авна гэж байхгүй. Тэгэхлээр цаг бол мөнгөнөөс илүү үнэ цэнтэй. Тийм болохоор цагаа битгий дэмий үрээрэй.

 ● Библид: «Ухаалаг бай. Цагаа зөв ашигла» гэж байдаг (Колосай 4:5).

 Цахим тоглоом чиний оюун санаанд нөлөөлдөг үү?

 «Гэмт хэрэг хийвэл шоронд орох юм уу үхлийн ял сонсоно. Гэхдээ тоглоомын ертөнцөд ийм гэмт хэргийг огт санаа зовохгүйгээр хийдэг»—Сет.

 «Олон тоглоом дээр дайснаа дарж зорьсондоо хүрдэг. Ихэнхдээ дайсныг аймшигтайгаар алдаг»—Аннетт.

 «Заримдаа найздаа “Ингээд үх!”, “Чамайг ална даа!” гэж хэлчихээд “Юу хэлчихэв ээ!” гэж харамсдаг»—Нэйтан.

 Хамгийн гол нь: Бурхны үзэн яддаг үйл хэрэг болох хүчирхийлэл, садар самуун, ид шид гэх мэтийг өөгшүүлдэг тоглоомоос татгалзаарай (Галат 5:19–21; Эфэс 5:10; 1 Ёохан 2:15, 16).

 ● Ехова хүчирхийллийг үйлддэг хүнийг төдийгүй «хүчирхийлэлд дурлагчийг ... үзэн яддаг» гэж Библид байдаг (Дуулал 11:5). Чи тоглож байгаа тоглоом дээрх хүн шигээ болохгүй гэх л байх. Гэхдээ аль хэдийн ямар хүн болсныг чинь тэр тоглоом илтгэдэг.

 Бодож үзээрэй: Эцэг эхчүүдэд зориулсан нэгэн номд «хүчирхийллийг дэвэргэсэн видео тоглоом зурагтаас илүү хүчтэй нөлөөлдөг бололтой. Яагаад гэвэл хүүхэд цус урсгасан, харгис хэрцгий дайчныг үзэж байгаа төдийгүй өөрөө тийм дайчин болоод тоглож байгаа. Видео тоглоом хүчирхийллийг яаж үйлддэгийг яг багш шиг зааж өгдөг» («Getting to Calm», Laura S. Kastner, Jennifer Wyatt; Исаиа 2:4-тэй харьцуулна уу).

 Тоглоомын ертөнцөөс бодит ертөнц рүү

 Олон хүүхэд залуус цахим тоглоом тоглохдоо ухаалаг байж сурчээ. Хоёр жишээг дурдъя.

 «Би шөнөжингөө видео тоглоом тоглодог байсан. “Таван цаг унтсан ч яах вэ. Ганцхан үеийг давчихъя” гэдэг байж билээ. Гэхдээ одоо би тоглох цагтаа тоглоод, болих цагтаа больж сурсан. Хааяа нэг тоглоход гоё л доо. Гэхдээ юманд хэмжээ хязгаар хэрэгтэй»—Жосеф.

 «Би тоглох цагаа багасгаад олон юм амжуулдаг болсон. Илүү үр бүтээлтэй дэлгэрүүлж, хурлынхандаа тусалдаг болсон. Бүр хөгжим тоглож сурсан. Хийж болох сонирхолтой юм ямар их байдаг юм бэ!»—Дэйвид.

 ● Төлөвшсөн хүн «биеэ барьдаг» гэж Библид байдаг (1 Тимот 3:2, 11). Тийм хүн тоглож зугаацдаг ч хэзээ болихоо мэддэг. Бас өөртөө хяналт тавьдаг (Эфэс 5:10).

 Хамгийн гол нь: Хэтрүүлэхгүй л бол цахим тоглоом тоглоод цагаа сайхан өнгөрүүлж болдог. Цахим тоглоомд хамаг цагаа битгий үрээрэй. Амьдралд юу чухал болохыг л анхаараарай. Тоглоомд ялагч болох гэж улайран зүтгэхийн оронд бодит амьдрал дээр ялагч болохыг хичээж болохгүй нь юу билээ?