Эхлэл 1:1–31

  • Тэнгэр, газрыг бүтээв (1, 2)

  • Дэлхийг бэлдсэн зургаан өдөр (3-31)

    • Эхний өдөр: Гэрэл, өдөр ба шөнө (3-5)

    • 2 дахь өдөр: Огторгуй (6-8)

    • 3 дахь өдөр: Эх газар, ургамал ногоо (9-13)

    • 4 дэх өдөр: Гэрэлтүүлэгчид (14-19)

    • 5 дахь өдөр: Загас, шувуу (20-23)

    • 6 дахь өдөр: Бусад амьтан, хүн (24-31)

1  Эхэнд Бурхан тэнгэр*, газрыг бүтээжээ.  Газар нь хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон бөгөөд гүн усны мандал дээгүүр харанхуй бүрхсэн байв. Бурхны үйлдэх хүч усны мандал дээр нааш цааш хөдөлж байлаа.  Бурхан: «Гэрэл тусаг» гэхэд гэрэл тусжээ.  Тэрхүү гэрэл Бурханд сайхан харагдав. Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ.  Бурхан гэрлийг өдөр, харанхуйг шөнө хэмээн нэрлэв. Орой болоод өглөө болов. Энэ нь эхний өдөр* байлаа.  Тэгээд Бурхан: «Усны дунд огторгуй* бий болж, усыг хувааг» гэж айлдав.  Ингээд Бурхан огторгуйг бүтээж, усыг хуваахад нэг хэсэг нь огторгуйн доор, нөгөө хэсэг нь огторгуйн дээр хураагдав. Энэ нь айлдсан ёсоор нь болжээ.  Бурхан тэр огторгуйг тэнгэр хэмээн нэрлэжээ. Орой болоод өглөө болов. Энэ нь хоёр дахь өдөр байлаа.  Тэгээд Бурхан: «Тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж, хуурай газар ил гараг» хэмээсэнд тэр ёсоор болжээ. 10  Бурхан хуурай газрыг эх газар, хуримтлагдсан усыг далай хэмээн нэрлэв. Бурхан хийж бүтээснээ харахад тэр нь сайхан байжээ. 11  Бурхан: «Газраас өвс, үрт ургамал, үрт жимсний мод төрөл төрлөөрөө ургаг» хэмээсэнд ёсоор болов. 12  Газар дээр өвс, үрт ургамал, үрт жимсний мод төрөл төрлөөрөө ургажээ. Энэ бүхэн Бурханд сайхан харагджээ. 13  Орой болоод өглөө болов. Энэ нь гурав дахь өдөр байлаа. 14  Тэгээд Бурхан: «Өдөр шөнийг ялгахын тулд тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байг. Тэдгээр нь улирал, өдөр, жилүүдийг заах тэмдэг байх бөгөөд 15  дэлхийг гийгүүлэхээр тэнгэр огторгуйд байх юм» хэмээсэнд тэр ёсоор болов. 16  Бурхан асар том хоёр гэрэлтүүлэгчийг томилсон нь томоор нь өдрийг, жижгээр нь шөнийг захируулах гэснийх ажээ. Бас оддыг томилов. 17  Бурхан тэдгээрийг тэнгэр огторгуйд байрлуулсан нь дэлхийг гийгүүлэх, 18  өдөр шөнийг захируулах, гэрэл харанхуй хоёрыг салгахын тулд байв. Бурхан хийж бүтээснээ харахад тэр нь сайхан байлаа. 19  Орой болоод өглөө болов. Энэ нь дөрөв дэх өдөр байв. 20  Тэгээд Бурхан: «Ус амьтдаар дүүрэг. Жигүүртэн амьтад* газрын дээгүүр тэнгэр огторгуйд нисэг» хэмээн айлджээ. 21  Бурхан далайн аварга том амьтад, усанд хөдөлдөг, сүргээрээ амьдардаг бүх амьтныг төрөл төрлөөр нь, жигүүртэн амьтдыг төрөл төрлөөр нь бүтээв. Энэ бүхэн Бурханд сайхан харагджээ. 22  Бурхан тэднийг ерөөн «Өсөн нэмэгдэж, үржин олшроод тэнгисийн усыг дүүргэ. Жигүүртэн амьтад дэлхий дээр үржиж олшрог» хэмээжээ. 23  Орой болоод өглөө болов. Энэ нь тав дахь өдөр байлаа. 24  Тэгээд Бурхан: «Газар дэлхий дээр амьтад төрөл төрлөөрөө буюу мал амьтад, хэвлээр явагчид*, зэрлэг амьтад төрөл төрлөөрөө бий болог» гэж айлдсанд ёсоор болжээ. 25  Бурхан зэрлэг амьтдыг төрөл төрлөөр нь, мал амьтдыг төрөл төрлөөр нь, хэвлээр явагч бүх амьтныг төрөл төрлөөр нь бүтээв. Бурхан хийж бүтээснээ харахад тэр нь сайхан байжээ. 26  Тэгээд Бурхан: «Өөрсдийнхөө дүр төрхөөр, өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээцгээе. Тэднээр далайн загас, тэнгэрийн шувууд, мал амьтад, хэвлээр явагчдыг захируулж, газар дэлхийг арчлуулан тордуулъя» хэмээн айлдав. 27  Ингээд Бурхан хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээв. Бурхны дүр төрхөөр хүнийг бүтээжээ. Хүнийг эрэгтэй, эмэгтэйгээр нь бүтээсэн юм. 28  Бурхан тэднийг ерөөж, тэдэнд «Өсөн нэмэгдэж өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн газрыг эзэмш. Далайн загас, тэнгэрийн шувуу, газар дээрх бүх амьтныг захир» хэмээв. 29  Тэгээд Бурхан: «Би та нарт газар дэлхий дээрх бүх үрт ургамал, бүх үрт жимсний модыг өгч байна. Энэ нь та нарын хоол хүнс болно. 30  Зэрлэг амьтан, тэнгэрийн шувуу, газар дээрх бүх амьтанд өвс ногоог хоол хүнс болгон өгч байна» хэмээн айлдсанд ёсоор болов. 31  Үүний дараа, Бурхан бүтээсэн бүхнээ харахад нэн сайхан байжээ. Орой болоод өглөө болов. Энэ нь зургаа дахь өдөр байлаа.

Зүүлт

буюу сансар огторгуй
Библид «өдөр» гэдгээр 24 цагаар хэмжигдэх хугацааг төдийгүй харилцан адилгүй үргэлжлэх хугацааг хэлэх нь бий.
буюу агаар мандал
Үүнд далавчтай шавж бас багтах бололтой.
Ингэж орчуулсан еврей үгээр бас мэрэгч, шавж болон жижиг биетэй амьтдыг хэлдэг бололтой.