Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Би яаж хувцасладаг вэ?

Би яаж хувцасладаг вэ?

 Юу өмсөхөө яагаад анхаарах хэрэгтэй вэ? «Хувцсаар нь угтана» гэдэг үг байдаг даа. Чиний хувцаслалт юу илэрхийлдэг вэ?

 Хувцаслах хэв маягийн гурван том алдаа ба тийм алдаа гаргахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

Алдаа #1: Сурталчилсан болгоныг бүү дага.

 Тереза гэдэг охин: «Би зар сурталчилгаа үзсээр байгаад зарим трендэд татагддаг. Тархи ямар нэг трендийн хувцас өмссөн хүний дүр зургаар дүүрэхэд түүнийг дагахгүй байхад хэцүү» гэж ярьсан юм.

 Зөвхөн охид л зар сурталчилгааны нөлөөнд автдаггүй. Өсвөр насны хөвгүүдийн хүмүүжлийн тухай нэг номд: «Хөвгүүд ч загварын чиг хандлагад автамтгай. Тэдэнд зориулсан маркетингийн сурталчилгаа байхад тэд дагахгүй байж чадахгүй» гэжээ.

 Яах нь зүйтэй вэ? Библид: «Гэнэн хүн юм бүгдэд итгэдэг. Харин хэрсүү хүн өөрийн алхмууддаа хянамгай ханддаг» гэж байдаг (Сургаалт үгс 14:15). Энэ зарчмаар бол зар сурталчилгаа бидэнд яаж нөлөөлөх гээд байгааг нягтлах хэрэгтэй. Жишээлбэл, дэгжин, загварлаг, сэкси гэсэн хувцасны сурталчилгаа байвал өөрөөсөө ингэж асуугаарай.

  •  «Би энэ трендийг дагавал хэнд ашигтай вэ?»

  •  «Ингэж хувцаславал ямар амьдралын хэв маягийг харуулах вэ?»

  •  «Энэ хэв маяг намайг яг илэрхийлэх үү?»

 Зөвлөгөө: Долоо хоног хувцасны сурталчилгаа болон хувцас загварын сэтгүүл гэх мэтийг ажиглаарай. Амьдралын ямар хэв маягийг сурталчилж байна вэ? Ямар нэг трендийг далдуур сурталчилж байгаа юм биш биз? Карен: «Төгс харагдах, төгс хувцаслах, төгс биетэй харагдах ёстой гэсэн дарамт их байдаг. Сурталчилгааг ихэнхдээ залуучуудад зориулж гаргадаг» гэжээ.

Алдаа #2: Моод хөөх.

 Мануэл: «Нэг хувцас тренд болоход л бүх хүн тэрийг худалдаж авдаг» гэсэн бол Анна гэдэг охин: «Хувцасны загвар чухал биш, хүмүүс яг одоо юунд хошуурч байгаа нь л чухал» гэж хэлжээ.

 Яах нь зүйтэй вэ? Библид «Өнөө үеийн хэвэнд цутгуулахаа боль» гэж байдаг (Ром 12:2). Энэ зөвлөгөөг бодонгоо хувцасны шүүгээн доторхоо хараад өөрөөсөө ингэж асуугаарай.

  •  «Хувцасны сонголтод маань юу юу хамгийн их нөлөөлдөг вэ?»

  •  «Миний хувцас брэндийнх байх нь хэр чухал вэ?»

  •  «Би хувцсаараа гайхуулахыг хүсдэг үү?»

 Зөвлөгөө: «Загварлаг юм байна. Болж байна» эсвэл «загвар муутай юм байна. Хэрэггүй» гэсэн хоёрхон сонголт хийхийн оронд «Энийг өмсвөл өөртөө итгэлтэй байх юм байна. Хүнээс санаа зовохгүй байх юм байна» гэсэн гурав дахь сонголттой байгаарай. Биед эвтэйхэн, таарсан байх тусмаа чи бусдаас содон харагдах вий гэж санаа зовохгүй, тайван байна.

Алдаа #3: «Илүү сэкси байх тусмаа гоё» гэж бодох.

 «Үнэнийг хэлэхэд заримдаа хувцас хэтэрхий богино, бариу, хэт нимгэн байх тусмаа гоё юм шиг санагддаг» гэж Жэнифэр гэдэг охин ярьсан юм.

 Яах нь зүйтэй вэ? Библид «зөвхөн гадна талаа гоёх биш, ... зүрх сэтгэл дэх нуугдмал хүнээ гоё» гэж байдаг (1 Петр 3:3, 4). Энэ зөвлөгөөний дагуу «Гаднах үзэмж гоё уу? Дотоод гоо үзэсгэлэн гоё уу?» гэж өөрөөсөө асуугаарай.

 Зөвлөгөө: Хамгийн гоё аксесуар бол даруу зан юм. Өнөө үед ийм үзэл ховор ч ингэж бодоод үзээрэй.

 Чи нэг хүнтэй уулзсан чинь тэр хүн өөрийнхөө л тухай яриад байна гээд бод доо. Чамайг хүн ч гэж тоохгүй байна.

Өөрийгөө л яриад байдаг хүн бусдын дургүйг хүргэдэг. Хувцаслалт бас адилхан

 Анхаарал хэт татсан хувцастай хүн яг тэр хүнтэй адилхан. «Би л явж байна» гэсэн шиг хувцаслах нь тухгүй байхаас гадна өөрөөсөө бусдыг боддоггүй гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Ямар ч байсан, харсан хүн болгонд буруу ойлголт төрүүлнэ.

 Өөрийгөө янз бүрээр сурталчлахын оронд даруу байгаарай. «Даруу хувцаслана гэж эмээ шиг хувцаслахыг хэлэхгүй. Өөрийгөө болон бусдыг хүндэлж байна аа гэсэн үг» гэж Моника ярьсан юм.