Skip to content

Библид гардаг эмэгтэйчүүдээс юу сурах вэ?

Библид гардаг эмэгтэйчүүдээс юу сурах вэ?

Библид юу гэж байдаг вэ?

 Библид гардаг эмэгтэйчүүдээс ихийг сурч болно (Ром 15:4; 2 Тимот 3:16, 17). Энэ өгүүллээр, заримынх нь тухай авч үзье. Тэдэнд тохиолдсон явдал бидэнд сургамжтай (1 Коринт 10:11; Еврей 6:12).

  Абигаил

 Абигаил гэж хэн бэ? Набал хэмээх баян чинээлэг, хахир хатуу хүний эхнэр байсан. Харин тэрбээр хэрсүү, даруухан, гоо үзэсгэлэнтэй, Еховад таалагддаг сайхан зан чанартай эмэгтэй байв (1 Самуел 25:3).

 Библид юу гэж байдаг вэ? Абигаил ухаалаг байж гэрийнхнийхээ амийг аварсан. Абигаил Набал хоёр Израйлын ирээдүйн хаан Давидын зугтан орогнож байсан нутагт амьдарч байв. Давид болон түүний зарц нар тэнд байхдаа Набалын хонин сүргийг дээрэмчдээс хамгаалдаг байжээ. Гэвч Давидыг эрчүүдээ явуулан Набалаас хоол хүнс гуйхад Набал бүдүүлэг загнан гуйлтыг нь биелүүлэхээс татгалзсан. Ихэд уурласан Давид эрчүүдээ дагуулан Набал болон гэрийнх нь бүх эрчүүдийг хөнөөхөөр хөдлөв (1 Самуел 25:10–12, 22).

 Абигаил нөхрийнхөө яасныг сонсоод яаран хөдлөв. Эхлээд зарц нараараа Давид болон дайчдад нь хоол хүнс хүргүүлээд дараа нь өөрөө Давид руу очиж өршөөл эрсэн (1 Самуел 25:14–19, 24–31). Давид Абигаилын явуулсан бэлгийг хараад даруу зантайг нь анзаараад ухаалаг зөвлөгөөг нь сонсоод Бурхан буруу зүйл хийхээс нь хамгаалж түүнийг явуулсныг ойлгожээ (1 Самуел 25:32, 33). Тэр явдлаас хойш удалгүй Набал үхэв. Тэгээд Абигаил Давидын эхнэр болсон юм (1 Самуел 25:37–41).

 Юу сурах вэ? Абигаил гоо үзэсгэлэнтэй, баян хэдий ч өөрийгөө их юманд боддоггүй байсан. Амар тайвныг тогтоохын тулд өөрөө ямар ч буруугүй хэр нь дуртайяа уучлал гуйсан. Абигаил тайван, зоригтой, самбаатай байж хурцадмал байдлыг эвтэйхэн намжаасан.

  Дебора

 Дебора гэж хэн бэ? Израйлын Бурхан Еховагийн санаа зорилгыг ард түмэнд нь илчилдэг зөнч. Мөн Бурхнаар удирдуулан хүмүүсийн хоорондын асуудлыг шийддэг байв (Шүүгчид 4:4, 5).

 Библид юу гэж байдаг вэ? Зөнч Дебора Бурхны үйлчлэгчдэд зоригтой тусалдаг байв. Тэрбээр Бурхны заавраар Баракийг дуудаад Израйлын армийг удирдан дарлагч канаанчууд руу дайлаар морд хэмээн хэлдэг (Шүүгчид 4:6, 7). Барак хамт явахыг гуйхад нь Дебора айлгүй түүнтэй хамт явсан (Шүүгчид 4:8, 9).

 Израйлчууд Бурхны тусламжтайгаар ялалт байгуулахад Дебора Барак хоёр тэр үйл явдлын талаар дуу дуулсан. Тэр дууны зарим хэсгийг Дебора зохиосон бололтой. Канаанчуудыг бут цохиход Иаел гэдэг өөр нэг зоригт эмэгтэй чухал үүрэг гүйцэтгэснийг уг дуунд дурджээ (Шүүгчид 5-р бүлэг).

 Юу сурах вэ? Дебора бусдын төлөө эрх ашгаа хойш тавьдаг, зоригт эмэгтэй байв. Бурханд таалагдах зөв юм хийхийг хүмүүст уриалдаг байжээ. Тэгээд зөвийг үйлдэхэд нь харамгүй магтдаг байв.

  •  Деборагийн талаар илүү ихийг мэдье гэвэл «I Arose as a Mother in Israel» өгүүллийг үзээрэй (англи).

  Делила

 Делила гэж хэн бэ? Израйлын шүүгч Самсоны хайртай бүсгүй (Шүүгчид 16:4, 5).

 Библид юу гэж байдаг вэ? Делила Филистийн ноёдоос мөнгө аван Самсоноос урвасан. Бурхан израйлчуудыг филистчүүдийн дарлалаас чөлөөлөхийн тулд Самсоныг сонгож ер бусын хүч өгчээ. Филистчүүд түүнийг дийлж чадахгүй байсан учир ноёд нь Делилагаар туслуулахаар болсон байна (Шүүгчид 13:5).

 Самсоны хүч чадлын нууцыг мэдэх гэж филистчүүд Делилад мөнгө өгөхөөр болов. Делила ч зөвшөөрч хэд хэдэн удаа оролдсоны эцэст Самсоны нууцыг мэджээ (Шүүгчид 16:15–17). Тэгээд филистчүүдэд хэлэхэд тэд Самсоныг барьж аваад шоронд хорьжээ (Шүүгчид 16:18–21).

 Юу сурах вэ? Делилагийн түүх бидэнд сануулга болдог. Тэрбээр шуналд автан амин хувиа бодож Ехова Бурхны үйлчлэгчид үнэнч бус хандан түүнийг мэхэлсэн.

  Ева

 Ева гэж хэн бэ? Анхны эмэгтэй.

 Библид юу гэж байдаг вэ? Ева Бурхны өгсөн маш тодорхой тушаалыг зөрчжээ. Нөхөр Адамынхаа адилаар тэрбээр сонгох эрх чөлөөтэй төгс хүн байсан. Хайр, мэргэн ухаан гэх мэт Бурхны зан чанаруудыг хөгжүүлэх чадвартай байв (Эхлэл 1:27). Нэг модны жимснээс идвэл үхнэ гэж Бурхан Адамд хэлснийг мэдэж байлаа. Гэхдээ Ева тэр модны жимснээс идсэн ч үхэхгүй гэсэн үгэнд хууртжээ. Тэр байтугай Бурханд захирагдахгүй бол илүү сайхан амьдарна гэж бодсон. Тэгээд тэр жимсийг өөрөө ч идсэн, нөхөртөө ч өгсөн (Эхлэл 3:1–6; 1 Тимот 2:14).

 Юу сурах вэ? Зохисгүй юм хүсэх нь хэчнээн аюултайг түүнд тохиолдсон явдлаас ойлгож болно. Тэрбээр Бурхны тодорхой тушаалыг үл тоомсорлон, авах ёсгүй юмыг авах гэж шунасан (Эхлэл 3:6; 1 Ёохан 2:16).

  Естер

 Естер гэж хэн бэ? Персийн хаан Ахашверошийн хатнаа болгон сонгосон иудей эмэгтэй.

 Библид юу гэж байдаг вэ? Естер хатан боломжоо ашиглан хоморголон устгагдах гэж байсан элэг нэгт ард түмнээ аварсан. Персийн эзэнт гүрэнд амьдардаг бүх иудейчүүдийг устгах зарлиг гарч, өдөр судар нь товлогдсоныг тэрбээр олж мэджээ. Энэ хорон төлөвлөгөөг ерөнхий сайд Хаман зохиосон байлаа (Естер 3:13–15; 4:1, 5). Естер авга ах Мордехаинхаа дэмжлэгтэйгээр, амь насаа золин байж хаан Ахашверошт тэрхүү төлөвлөгөөг илчилсэн (Естер 4:10–16; 7:1–10). Тиймээс Ахашверош хаан иудейчүүдэд өөрсдийгөө хамгаалах эрх олгох тухай шинэ зарлиг гаргахыг Естер Мордехаи хоёрт зөвшөөрсөн. Үүний дүнд иудейчүүд дайснаа бүрэн даржээ (Естер 8:5–11; 9:16, 17).

 Юу сурах вэ? Естер хатан зоригтой, даруу, хэр чадлаа мэддэг байхын гайхалтай жишээ үзүүлжээ (Дуулал 31:24; Филиппой 2:3). Тэрбээр гоо үзэсгэлэнтэй, өндөр байр суурьтай байсан ч бусдын зөвлөгөө, тусламжийг дуртайяа авсан. Нөхрийнхөө эвийг олоод хүндэтгэлтэй, зоригтой ярьсан. Тэр үед иудейчүүдэд аюул нүүрлээд байсан ч тэрбээр өөрийгөө тэдний нэг хэмээн зоригтой илчилсэн.

  Иаел

 Иаел гэж хэн бэ? Харь хүн Хеберийн эхнэр. Бурхны ард түмний төлөө зориг гарган тэмцсэн.

 Библид юу гэж байдаг вэ? Иаел майханд нь канаанчуудын цэргийн жанжин Сисера ирэхэд шийдэмгий алхам хийсэн. Сисера Израйлын армид ялагдан нуугдах газар хайж явахад нь Иаел түүнийг сайхан амар гээд майхандаа урьж оруулдаг. Тэгээд унтаж байхад нь алсан (Шүүгчид 4:17–21).

 Ийнхүү «ЭЗЭН Сисераг нэгэн эмэгтэйн гарт тушаана» гэсэн Деборагийн зөгнөл биелжээ (Шүүгчид 4:9). Иаел ийм чухал үүрэг гүйцэтгэж «эмэгтэйчүүдийн дотроос хамгийн ерөөлтэй» хэмээн магтуулсан (Шүүгчид 5:24).

 Юу сурах вэ? Иаел санаачилгатай, эр зоригтой байсан. Бурхан зөгнөлөө биелүүлэхийн тулд үйл явдлыг зөв тийш нь эргүүлдгийг энэ явдлаас мэдэж болно.

  Иезебел

 Иезебел гэж хэн бэ? Израйлын хаан Ахабын эхнэр. Канаанчуудын бурхан Баалыг шүтдэг харь хүн байсан.

 Библид юу гэж байдаг вэ? Иезебел хатан харгис, дарангуй, цэвдэг сэтгэлтэй хүн байжээ. Тэрбээр садар самуун явдалд автсан Баалын шүтлэгийг түгээн дэлгэрүүлж, жинхэнэ Бурхан Еховаг шүтдэг хүмүүсийг устгахыг зорьж байв (Хаадын дээд 18:4, 13; 19:1–3).

 Тэрбээр хүслээ биелүүлэхийн тулд худал ярьж, хүн алахаас буцдаггүй байлаа (Хаадын дээд 21:8–16). Бурхны зөгнөсөнчлөн Иезебел аймшигтайгаар үхсэн бөгөөд оршуулагдаагүй (Хаадын дээд 21:23; Хаадын дэд 9:10, 32–37).

 Юу сурах вэ? Иезебелийн түүх бидэнд сануулга болдог. Тэрбээр ёс суртахуунаа уландаа гишгэсэн, ичгүүр сонжуургүй хүн байсан. Тийм учраас эрээ цээргүй, завхай зайдан, цадиггүй эмэгтэйг түүнтэй жишдэг болсон.

  Леа

 Леа гэж хэн бэ? Иаковын анхны эхнэр. Дүү Рахел нь бас Иаковын эхнэр (Эхлэл 29:20–29).

 Библид юу гэж байдаг вэ? Леа Иаковт зургаан хүү төрүүлж өгчээ (Рут 4:11). Уг нь Иаков Леатай биш Рахелтай гэрлэх бодолтой байсан. Гэсэн ч охидын эцэг Лабан Рахелын оронд Леаг түүнтэй гэрлүүлсэн байв. Лабанд мэхлэгдсэнээ мэдээд Иаков түүн дээр очиход тэрбээр нутгийнх нь заншлаар эгчээс нь түрүүлж дүүг нь гэрлүүлэх ёсгүй гэж тайлбарлав. Иаков долоо хоногийн дараа Рахелтай гэрлэжээ (Эхлэл 29:26–28).

 Иаков Леагаас илүү Рахелд хайртай байв (Эхлэл 29:30). Тиймээс Леа дүүдээ атаархан Иаковын хайрыг татахын тулд өрсөлдөх болов. Бурхан Леагийн сэтгэлийг ойлгон түүнийг ивээж зургаан хүү, нэг охин хайрлажээ (Эхлэл 29:31).

 Юу сурах вэ? Леа Бурханд найдаж залбирдаг байсан. Гэр бүлд нь олон бэрхшээл тулгарсан ч Бурхан өөрт нь тусалж байгааг тод хардаг байлаа (Эхлэл 29:32–35; 30:20). Олон эхнэртэй байх заншил хор уршигтайг уг түүх харуулдаг. Бурхан энэ заншлыг нэг хэсэг зөвшөөрсөн. Гэхдээ анх гэр бүлийг бий болгохдоо нэг хүн нэг л эхнэртэй байх ёстой гэсэн хэм хэмжээ тогтоосон (Матай 19:4–6).

  •  Леагийн талаар илүү ихийг мэдье гэвэл «Distressed Sisters Who ‘Built the House of Israel’» өгүүллийг үзээрэй (англи).

  •  Бурхан эрт үед яагаад олон эхнэртэй байхыг зөвшөөрснийг мэдье гэвэл «Does God Approve of Polygamy?» өгүүллийг үзээрэй (англи).

  Лотын эхнэр

 Лотын эхнэр гэж хэн бэ? Нөхөр, хоёр охины хамт Содом хотод амьдардаг, Библид нэрийг нь бичээгүй эмэгтэй (Эхлэл 19:1, 15).

 Библид юу гэж байдаг вэ? Лотын эхнэр Бурханд дуулгаваргүй загнасан. Садар самуун явдалд живсэн Содом болон ойролцоох хотуудыг нь Бурхан устгахаар болжээ. Харин тэнд амьдардаг шударга сайн Лот болон гэрийнхнийг нь Бурхан хайрласандаа аюулгүй газар луу зугтаалгахаар хоёр тэнгэрийн элчээ илгээдэг (Эхлэл 18:20; 19:1, 12, 13).

 Тэнгэрийн элчүүд Лотын гэрийнхэнд Содомоос зугт, эргэж бүү хар, эс бөгөөс үхнэ гэж анхааруулсан (Эхлэл 19:17). Гэвч «Лотын эхнэр эргэж харснаас болж, давсан багана болжээ» (Эхлэл 19:26).

 Юу сурах вэ? Эд хөрөнгийг хайрлах нь Бурханд дуулгаваргүй загнахад хүргэдгийг энэ түүх харуулдаг. Иймээс Есүс «Лотын эхнэрт юу тохиолдсоныг санагтун» хэмээн анхааруулсан (Лук 17:32).

  Магдалын Мариа

 Магдалын Мариа гэж хэн бэ? Есүсийн үнэнч шавь.

 Библид юу гэж байдаг вэ? Есүс болон шавь нартай нь хамт явсан эмэгтэйчүүдийн дунд Магдалын Мариа байсан. Тэрбээр бусдынхаа хэрэгцээг хангахад эд мөнгөө өгөөмрөөр зориулсан юм (Лук 8:1–3). Мариа Есүсийг үхэн үхтэл нь дагаж, тарчлаах шонд хадуулахад нь ч хажууд нь байсан. Амилсан Есүсийг анх харах завшаан эдэлсэн хүмүүсийн нэг байв (Ёохан 20:11–18).

 Юу сурах вэ? Магдалын Мариа эд мөнгөөр Есүсийн ажлыг дэмжиж эцсээ хүртэл үнэнч дагалдагч нь байсан.

  Мариа (Есүсийн эх)

 Мариа гэж хэн бэ? Онгон байхдаа гайхамшгаар жирэмсэлж Бурхны Хүү Есүсийг төрүүлсэн иудей бүсгүй.

 Библид юу гэж байдаг вэ? Мариа даруу байж Бурхны хүслийг биелүүлсэн. Мариаг Иосефтой сүй тавьсны дараа нэг тэнгэрийн элч үзэгдэн түүнийг жирэмсэлж, хүн болгоны хүсэн хүлээсэн Мессиаг төрүүлнэ гэж хэлжээ (Лук 1:26–33). Тэрбээр энэ даалгаврыг дуртайяа хүлээн авсан. Мариа Иосеф хоёр Есүсийг төрснөөс хойш дөрвөн хүү, мөн багаар бодоход хоёр охинтой болсон. Тэгэхээр Мариа насан туршдаа онгон байгаагүй юм (Матай 13:55, 56). Бурхны Хүүг төрүүлэх хосгүй завшаан эдэлсэн нь үнэн. Гэхдээ Есүсийг дэлхий дээр үйлчилж байхад ч, Христийн эртний дагалдагчдын хуралд байхдаа ч тэрбээр магтуулж хүндэтгүүлэх гэдэггүй байсан. Бусад нь ч түүнд тэгж хандаж байгаагүй.

 Юу сурах вэ? Мариа хүндтэй үүрэг даалгаврыг дуртайяа хүлээн авсан үнэнч эмэгтэй байв. Мөн Судрыг маш сайн мэддэг байжээ. Мариа Лук 1:46–55-д байдаг үгийг хэлэхдээ Еврей Судраас 20 орчим удаа эш татсан гэдэг тооцоо бий.

  •  Мариагийн талаар илүү ихийг мэдье гэвэл «What Mary’s Example Can Teach Us» өгүүллийг үзээрэй (англи).

  Мариа (Лазар Марта хоёрын дүү)

 Мариа гэж хэн бэ? Есүсийн дотнын андуудын нэг. Ах эгч нь ч Есүсийн найз байжээ.

 Библид юу гэж байдаг вэ? Мариа Есүсийг Бурхны хүү гэдэгт итгэн, хийсэн бүхэнд нь талархдагаа олон удаа илэрхийлсэн. Есүс Лазарыг үхүүлэхгүй байх чадалтай гэдэгт бат итгэж байв. Ахыг нь амилуулахад хажууд нь байсан. Нэгэн удаа Мариа Есүсийн яриаг сонсож байтал эгч нь гэрийн ажилд тусалсангүй хэмээн зэмлэдэг. Харин Бурхны тухай мэдлэгийг илүү чухалд үзсэн түүнийг Есүс магтан сайшаасан (Лук 10:38–42).

 Бас нэг удаа Мариа «их үнэтэй, анхилуун үнэрт тосоор» Есүсийн хөл толгойг тосолж өгөөмөр хандсан (Матай 26:6, 7). Тэнд байсан хүмүүс хайран юм үрлээ гэж дургүйцдэг. Харин Есүс түүнийг өмөөрч «Сайн мэдээ дэлхийн хаана ч тунхаглагдсан, энэ эмэгтэйн юу хийснийг дурсаж ярина гэдгийг би та нарт батлан хэлье» хэмээсэн (Матай 24:14; 26:8–13).

 Юу сурах вэ? Мариа бат итгэлтэй, Бурханд үйлчлэхийг эн тэргүүнд тавьдаг байв. Есүсийн төлөө юугаа ч зориулахаас буцаагүй нь түүнийг ихэд хүндэлдэг даруу зантай эмэгтэй байсныг нь харуулдаг.

  Марта

 Марта гэж хэн бэ? Лазарын дүү, Мариагийн эгч. Тэд Иерусалимын ойролцоох Бетан гэдэг тосгонд амьдардаг байжээ.

 Библид юу гэж байдаг вэ? Марта Есүсийн дотнын найзуудын нэг байсан. «Марта Мариа Лазар гуравт Есүс хайртай байжээ» (Ёохан 11:5). Тэрбээр маш зочломтгой эмэгтэй байв. Нэг удаа Есүс тэднийд зочлох үед Мариа Есүсийн үгийг сонсож, Марта гэрийн ажлаа хийж байлаа. Мариаг өөрт нь тусалсангүй хэмээн Мартаг гомдоллоход Есүс эвтэйхнээр үзэл бодлыг нь засдаг (Лук 10:38–42).

 Ахыгаа өвдөхөд Есүсийг эдгээж чадна гэдэгт итгэлтэй байсан Марта Мариа хоёр хэл хүргүүлдэг (Ёохан 11:3, 21). Гэвч Лазар нас барав. Мартагийн Есүст хэлсэн үгнээс үхсэн хүн амилна гэсэн Библийн амлалтад, мөн ахыг нь амилуулах чадалтай гэдэгт бат итгэж байсан нь харагддаг (Ёохан 11:20–27).

 Юу сурах вэ? Марта зочломтгой, ажилсаг, зөвлөгөөг хүлээж авдаг хүн байсан. Сэтгэл санаагаа чөлөөтэй илэрхийлж, итгэл үнэмшлээ ний нуугүй ярьдаг байв.

  •  Мартагийн талаар илүү ихийг мэдье гэвэл «Би итгэдэг» өгүүллийг үзээрэй.

  Мириам

 Мириам гэж хэн бэ? Мосе Аарон хоёрын эгч, Библид дурдсан анхны зөнч эмэгтэй.

 Библид юу гэж байдаг вэ? Зөнч учраас Бурхны үгийг хүмүүст дамжуулдаг байв. Тэрбээр чухал үүрэг гүйцэтгэдэг байсан бөгөөд Бурхан Египетийн армийг Улаан тэнгист устгасны дараа израйл эрчүүдтэй хамт ялалтын дууг дуулсан (Египетээс гарсан нь 15:1, 20, 21).

 Хожим нь Мириам Аарон хоёр бардам загнаж, Мосед атаархсанаасаа болж түүнийг шүүмжлэв. Бурхан «үүнийг сонсоод» тэднийг хатуу зэмлэжээ (Тооллого 12:1–9). Бурхан уяман өвчтэй болгосноос харвал Мосег шүүмжилсэн яриаг Мириам эхлүүлсэн бололтой. Мосе Мириамыг эдгээж өгөхийг гуйхад Бурхан эдгээдэг. Мириам долоо хоногийн турш тусгаарлагдаад Израйлын хуаран руу буцаж очсон (Тооллого 12:10–15).

 Мириам зэмлэлийг хүлээн авч засарсныг Библид бичжээ. Хэдэн зууны дараа Бурхан израйлчуудад «Би та нарын өмнө Мосе, Аарон, Мириам нарыг илгээсэн» хэмээн Мириамын гүйцэтгэсэн үүргийг онцолдог (Мика 6:4).

 Юу сурах вэ? Үйлчлэгчид нь нэг нэгнийхээ талаар юу ярьж байгааг Бурхан анхааралтай сонсдог нь энэ түүхээс харагддаг. Мөн Бурхныг баярлуулъя гэвэл бусдын нэр хүндийг унагаж мэдэх бардам зан, атаархлаас зайлсхийх ёстойг мэдэж болно.

  Рахаб

 Рахаб гэж хэн бэ? Канааны Иерихо хотод амьдардаг янхан эмэгтэй. Хожим нь Ехова Бурхны үйлчлэгч болсон.

 Библид юу гэж байдаг вэ? Рахаб Канаан нутгийг тандахаар ирсэн хоёр израйл туршуулыг нуусан. Тэрбээр Израйлын Бурхан Ехова ард түмнээ Египетээс гаргаж аморичуудын дайралтаас хамгаалсныг дуулсан ажээ.

 Рахаб туршуулуудад тусалсан бөгөөд Иерихог эзлэхдээ өөрийнх нь болон гэрийнхнийх нь амийг өршөөхийг гуйсан. Туршуулууд нэг болзолтойгоор гуйлтыг нь биелүүлэхээр болжээ. Рахаб нууцыг хадгалах, израйлчуудыг Иерихо руу довтлон ирэхэд гэрийнхэнтэйгээ гэртээ байх, таних тэмдэг болгон цонхоороо улаан уяа унжуулах ёстой байв. Рахаб хэлсэн бүхнийг нь биелүүлж гэрийнхэнтэйгээ амьд үлдсэн.

 Хожим нь Рахаб израйл хүнтэй гэрлэж Давид хаан болон Есүс Христийн элэнц эх болжээ (Иошуа 2:1–24; 6:25; Матай 1:5, 6, 16).

 Юу сурах вэ? Рахабыг бат итгэлтэй байхын гайхалтай жишээ үзүүлсэн гэж Библид бичсэн байдаг (Еврей 11:30, 31; Яаков 2:25). Түүний түүхээс Бурхан хэнийг ч алаг үздэггүй, ууч сэтгэлтэй бөгөөд урьд нь яаж амьдарч байснаас үл хамааран өөрт нь итгэж найддаг хүнийг ивээдэг гэдгийг мэдэж болно.

  •  Рахабын талаар илүү ихийг мэдье гэвэл «She Was ‘Declared Righteous by Works’» өгүүллийг үзээрэй (англи).

  Рахел

 Рахел гэж хэн бэ? Лабаны охин, Иаковын хайртай эхнэр.

 Библид юу гэж байдаг вэ? Рахел Иаковтай гэрлээд хоёр хүү төрүүлжээ. Хөвгүүд нь Иаковын бусад хөвгүүний хамт Израйлын 12 овгийн өвөг дээдэс болсон. Рахел эцгийнхээ хонийг хариулж явахдаа ирээдүйн нөхөр Иаковтай учирчээ (Эхлэл 29:9, 10). Рахел эгч Леагаасаа «үзэсгэлэнтэй» байсан (Эхлэл 29:17).

 Рахелд дурласан Иаков түүнтэй гэрлэхийн тулд 7 жил ажиллахаар болсон (Эхлэл 29:18). Гэсэн ч Лабан түүнийг мэхлэн Леатай гэрлүүлсэн. Дараа нь Рахелтай гэрлэхийг зөвшөөрчээ (Эхлэл 29:25–27).

 Иаков Рахел болон хүүхдүүдийг нь Леа болон хүүхдүүдээс нь илүү хайрладаг байв (Эхлэл 37:3; 44:20, 27–29). Үүний улмаас Рахел Леа хоёр хоорондоо өрсөлддөг байжээ (Эхлэл 29:30; 30:1, 15).

 Юу сурах вэ? Бурхан залбирлыг нь сонсоно гэж итгээд зовлонг тэвчсэн (Эхлэл 30:22–24). Энэ түүх олон эхнэртэй байх нь гэр бүлд зовлон авчирдгийг тодорхой харуулдаг. Эр хүн зөвхөн нэг эхнэртэй байх ёстой гэсэн гэрлэлтийн талаарх Бурхны тогтоосон анхны хэм хэмжээ үнэхээр зөв гэдгийг Рахелын амьдралаас мэдэж болдог (Матай 19:4–6).

  •  Рахелын талаар илүү ихийг мэдье гэвэл «Distressed Sisters Who ‘Built the House of Israel’» өгүүллийг үзээрэй (англи).

  •  Бурхан эрт үед эрчүүдэд яагаад олон эхнэртэй байхыг зөвшөөрснийг мэдье гэвэл «Does God Approve of Polygamy?» өгүүллийг үзээрэй (англи).

  Ребека

 Ребека гэж хэн бэ? Исаакийн эхнэр, ихэр ах дүү Есав Иаковын ээж.

 Библид юу гэж байдаг вэ? Ребека Бурхны хүслийг ямар ч үед биелүүлдэг байв. Худгаас ус татаж байхад нь нэгэн хүн ирж уух ус гуйжээ. Ребека түүнд тэр даруй ус өгөөд зогсохгүй, тэмээнүүдийг нь ч усалдаг (Эхлэл 24:15–20). Тэр хүн Абрахамын хүү Исаакт эхнэр хайж алс холоос ирсэн зарц нь байв (Эхлэл 24:2–4). Бурхнаас ивээл гуйн залбирчээ. Тэгээд ажилч хичээнгүй, зочломтгой зантай Ребекаг ажиглаад Бурхан энэ эмэгтэйг Исаакт эхнэр болгохоор сонгосныг, залбирлынхаа хариуг авснаа ойлгожээ (Эхлэл 24:10–14, 21, 27).

 Абрахамын зарц ямар хэргээр ирснийг Ребека мэдмэгцээ Исаакийн эхнэр болохоор түүнтэй хамт явдаг (Эхлэл 24:57–59). Хожим нь Ребека ихэр хөвгүүд төрүүлжээ. Ах Есав нь дүү Иаковтаа зарцлагдана хэмээн Бурхан түүнд хэлж байсан (Эхлэл 25:23). Исаак ууган хүү Есаваа ерөөх гэхэд Бурхны санаа зорилгыг мэдэж байсан Ребека чадах бүхнээ хийн Иаковыг ерөөлгөдөг (Эхлэл 27:1–17).

 Юу сурах вэ? Ребека даруу, ажилсаг, зочломтгой хүн байв. Тийм учраас сайн эхнэр, халамжтай ээж, жинхэнэ Бурхны үнэнч үйлчлэгч болсон.

  •  Ребекагийн талаар илүү ихийг мэдье гэвэл «I Am Willing to Go» өгүүллийг үзээрэй (англи).

  Рут

 Рут гэж хэн бэ? Бурхад болон төрсөн нутгаа орхиж Еховад үйлчлэхээр Израйлд ирсэн моаб эмэгтэй.

 Библид юу гэж байдаг вэ? Рут хадам эх Наомидаа дэндүү хайртай байжээ. Израйлд өлсгөлөн болоход Наоми нөхөр, хоёр хүүтэйгээ хамт Моаб нутагт ирж суурьшсан. Хөвгүүд нь Рут, Орпа гэдэг моаб эмэгтэйчүүдтэй гэрлэв. Хожим нь Наомигийн нөхөр, хоёр хүү нь нас барахад тэд бэлэвсэрчээ.

 Израйлд нүүрлэсэн өлсгөлөнгийн дараа Наоми нутаг буцахаар болоход Рут Орпа хоёр ч бас түүнтэй хамт явна гэдэг. Наоми тэднийг гэр лүүгээ буц гэж ятгасан. Тэгэхэд Орпа буцжээ (Рут 1:1–6, 15). Харин Рут хадам эхээ орхисонгүй. Наомиг хайрладаг тэрбээр түүний Бурхан Еховад үйлчлэхийг хүсжээ (Рут 1:16, 17; 2:11).

 Рут үнэнч, ажилсаг бэр байсан болохоор удалгүй Наомигийн төрсөн нутаг Бетлехемд байхдаа олны хайр хүндэтгэлийг хүлээжээ. Тариалангийн талбайтай Боаз хэмээх чинээлэг эр Рутын тухай дуулаад биширч Наоми тэр хоёрыг хоол хүнсээр хангав (Рут 2:5–7, 20). Хожим нь Рут Боазтай гэрлэснээр Давид хаан болон Есүс Христийн элэнц эх болжээ (Матай 1:5, 6, 16).

 Юу сурах вэ? Наоми болон Еховад хайртай байсан учраас Рут төрсөн нутаг, гэр бүлээ орхин таньж мэдэхгүй газар луу явдаг. Хүнд үед ч шаргуу ажиллан, Бурханд болон хадам ээждээ үнэнч байсан.

  Сара

 Сара гэж хэн бэ? Абрахамын эхнэр, Исаакийн ээж.

 Библид юу гэж байдаг вэ? Бурхан Абрахамыг ерөөн агуу үндэстэн болгохоо амлажээ. Тэгээд Ур хотоо орхиж Канаан нутаг руу яв гэдэг. Сара энэ амлалтад итгэсэн учраас цэцэглэн хөгжсөн Ур хот дахь тохь тухтай гэр орноо орхисон (Эхлэл 12:1–5). Тэгэхэд 60 гарч байсан бололтой. Тэр үеэс эхлэн тэд майханд сууж нүүдэллэн амьдрах болсон.

 Нүүдэллэн амьдрах нь Сарад аюултай байсан боловч Бурхны зааврыг биелүүлдэг нөхрөө дагаж явсан (Эхлэл 12:10, 15). Тэрбээр үр хүүхэдгүйдээ шаналдаг байлаа. Гэтэл Бурхан Абрахамын үр удмыг ивээхээ амладаг (Эхлэл 12:7; 13:15; 15:18; 16:1, 2, 15). Сара Абрахамын хүүхдийг төрүүлнэ хэмээн Бурхан хожим нь батлан хэлсэн. Хүүхэд төрүүлэх нас нь аль хэдийн өнгөрсөн ч хүү төрүүлсэн. Тэр үед Сара 90, Абрахам 100 настай байв (Эхлэл 17:17; 21:2–5). Тэд хүүдээ Исаак гэдэг нэр өгчээ.

 Юу сурах вэ? Бурхны амлалт биелэх боломжгүй санагдлаа ч биелнэ гэдэгт огт эргэлзэх учиргүйг Сарагийн жишээнээс мэдэж болно (Еврей 11:11). Мөн эхнэр хүн нөхрөө хүндлэх нь хэчнээн чухал болох нь харагддаг (1 Петр 3:5, 6).

  •  Сарагийн талаар илүү ихийг мэдье гэвэл «What a Beautiful Woman You Are», «God Called Her ‘Princess’» гэсэн өгүүллүүдийг үзээрэй (англи).

  Ханна

 Ханна гэж хэн бэ? Елканагийн эхнэр, эртний Израйлын агуу зөнч Самуелын ээж (1 Самуел 1:1, 2, 4–7).

 Библид юу гэж байдаг вэ? Хүүсэр байсан Ханна Бурхнаас тайвшрал эрсэн. Нөхөр Елкана нь Пенинна гэдэг бас нэг эхнэртэй байсан. Пенинна олон хүүхэдтэй, харин гэрлээд нэлээд хэдэн жил болсон Ханна хүүхэдгүй байлаа. Үүнээс нь болоод Пенинна доромжилдог байсан ч Ханна Бурхнаас тайвшрал эрэн залбирдаг байв. Хэрэв хүү хайрлавал түүнийгээ өөрт нь өгч израйлчуудын мөргөлийн асарт үйлчлүүлнэ хэмээн тангараглажээ (1 Самуел 1:11).

 Бурхан залбиралд нь хариулж Ханна Самуел гэдэг хүү төрүүлэв. Тэрбээр амлалтаа биелүүлж, Самуелыг жаахан байхад нь мөргөлийн асарт үйлчлүүлэхээр авч очсон (1 Самуел 1:27, 28). Ханна жил болгон ханцуйгүй бяцхан хүрэм хийгээд Самуелд аваачиж өгдөг байв. Хожим нь Бурхан Ханнад гурван хүү, хоёр охин нэмж хайрлажээ (1 Самуел 2:18–21).

 Юу сурах вэ? Ханна чин сэтгэлээсээ залбирдаг байсны ачаар бэрхшээлийг даван туулсан. 1 Самуел 2:1–10-т байдаг Бурханд талархсан залбирлаас нь хэр бат итгэлтэй байсан нь харагддаг.

  •  Ханнагийн талаар илүү ихийг мэдье гэвэл «Тэрээр Бурханд сэтгэлээ уудалсан» өгүүллийг үзээрэй.

  •  Бурхан эрт үед эрчүүдэд яагаад олон эхнэртэй байхыг зөвшөөрснийг мэдье гэвэл «Does God Approve of Polygamy?» өгүүллийг үзээрэй (англи).

  Шуламмит бүсгүй

 Шуламмит бүсгүй гэж хэн бэ? «Соломоны дуун» номын гол баатар, хөдөөний хөөрхөн охин. Библид нэрийг нь бичээгүй.

 Библид юу гэж байдаг вэ? Шуламмит бүсгүй хайртай хоньчин залуудаа чин үнэнч байсан (Соломоны дуун 2:16). Баян чинээлэг Соломон хаан дэндүү хөөрхөн түүнд дурлаж хайрыг нь татах гэж оролджээ (Соломоны дуун 7:6). Хүмүүс Соломон хааныг сонгохыг ятгасан ч шуламмит бүсгүй эгэл жирийн хоньчин залуугаа л үнэнчээр хайрласан (Соломоны дуун 3:5; 7:10; 8:6).

 Юу сурах вэ? Олны анхаарлыг татахаар үзэсгэлэн төгөлдөр ч өөрийгөө их юманд бодолгүй, даруу байсан. Үеийнхнийхээ ятгалгад автах юм уу эд баялаг, алдар нэрд шунаж хайртай хүнээсээ урваагүй. Сэтгэл хөдлөлөө барьж, ёс суртахууны хувьд цэвэр хэвээр байсан.

 Он цагийн хэлхээ

  1.  Ева

  2. Үер болов (МЭӨ 2370 он)

  3.  Сара

  4.  Лотын эхнэр

  5.  Ребека

  6.  Леа

  7.  Рахел

  8. Египетээс гарав (МЭӨ 1513 он)

  9.  Мириам

  10.  Рахаб

  11.  Рут

  12.  Дебора

  13.  Иаел

  14.  Делила

  15.  Ханна

  16. Израйл хаантай болов (МЭӨ 1117 он)

  17.  Абигаил

  18.  Шуламмит бүсгүй

  19.  Иезебел

  20.  Естер

  21.  Мариа (Есүсийн эх)

  22. Есүс баптисм хүртэв (МЭ 29 он)

  23.  Марта

  24.  Мариа (Лазар Марта хоёрын дүү)

  25.  Магдалын Мариа

  26. Есүс нас барав (МЭ 33 он)