Skip to content

Гарчиг руу орох

ХОРЬДУГААР БҮЛЭГ

«Би итгэдэг»

«Би итгэдэг»

1. Гашуудаж буй Мартаг дүрслэн хэлнэ үү.

ТОМ чулуугаар тагласан, ахынх нь булш Мартагийн нүдэнд харагдсаар байлаа. Уй гашуу нь яг л тэр чулуу шиг хүнд, хүйтэн гэж жигтэйхэн. Хайртай ах Лазарыгаа нас барсан гэдэгт итгэж чадахгүй байлаа. Ахыгаа алдаж уй гашууд автсан тэрээр эмгэнэл илэрхийлэхээр ирж буй хүмүүсийг хүлээж авна. Энэ мэтээр дөрвөн өдөр нэг мэдэхэд өнгөрчээ.

2, 3. а) Есүстэй уулзахад Мартад ямар санагдсан бол оо? б) Есүст хэлсэн чухал үгийг нь бодвол Марта ямар хүн байсан бэ?

2 Мартагийн урд нэгэн хүн зогсож байлаа. Энэ хүн бол ах Лазарынх нь дотнын анд Есүс. Тэрээр ахыг нь аварч чадах байсан цорын ганц хүн юм. Тиймээс Есүсийг хараад Мартад харамсах сэтгэл төрсөн байж мэднэ. Гэхдээ уулан дээр байх Бетан гэдэг жижигхэн тосгон руу нь ирж явсан Есүстэй уулзаад дотор нь уужирлаа. Сайхан сэтгэлтэй, өрөвч зантай Есүсийг хараад Марта тайтгарчээ. Нас барсан хүн амилна гэсэн сайхан найдвараа тод санахад нь тус болсон нэг асуултыг Есүс түүнээс асуужээ. Марта Есүстэй ярилцахдаа «Та бол Христ, Бурхны Хүү, ертөнцөд ирэх ёстой нэгэн мөн гэдэгт би итгэдэг» гэж хэлдэг. Энэ бол Мартагийн хэлсэн хамгийн чухал үгнүүдийн нэг нь билээ (Ёох. 11:27).

3 Ийн хэлснийг нь бодвол Марта бахархмаар бат итгэлтэй хүн байжээ. Библид түүний тухай ихийг бичээгүй ч итгэлээ батжуулахад хэрэгтэй олон зүйлийг түүнээс сурч болно. Ингээд, Мартагийн тухай анх Библид хэрхэн дүрсэлснийг авч үзье.

«Санаа зовох юм даа»

4. Марта хэн хэнтэй амьдардаг байсан бэ? Тэд Есүстэй ямар харьцаатай байсан бэ?

4 Энэ явдал хэдэн сарын өмнө буюу Лазарыг эрүүл саруул, амьд ахуйд болсон юм. Бетанд байдаг Лазарын гэрт хамгийн хүндтэй зочин Есүс Христ ирэх гэж байлаа. Лазар Марта Мариа гурав ах дүү бөгөөд нэг дор амьдардаг байсан бололтой (Ёох. 11:5). Тэд гэр бүлтэй байсан эсэхийг мэдэх аргагүй. Юутай ч, тэд Есүсийн дотнын найзууд ажээ. Есүс эсэргүүцэл, дайсагнал ихтэй Иудейд сайн мэдээ тунхаглахдаа тэднийд буудаг байв. Өөрийг нь дэмждэг, тавтай сайхан байлгадаг тэдэнд Есүс их баярладаг байсан биз ээ.

5, 6. а) Есүсийг ирэхэд Марта яагаад тун завгүй байсан бэ? б) Есүсийг гэрт нь ирэхэд Мариа яасан бэ?

5 Марта зочин гийчнийг тав тухтай, элбэг дэлбэг байлгахыг туйлын их хичээдэг, ажилсаг эмэгтэй байлаа. Энэ удаа Есүсийг ирэхэд мөн л тийм байв. Хүндтэй зочиндоо зориулж, төрөл төрлийн идээ зоог бэлтгэхээр төлөвлөжээ. Есүсийг дагаж өөр хүмүүс ч ирсэн байж болох юм. Зочломтгой байх нь тэр үед тун чухал байсан. Зочныг халуун дотно угтаж үнсээд шаахайг нь тайлж хөлийг нь угаагаад толгойг нь анхилуун үнэрт тосоор тосолдог заншилтай байв (Лук 7:44–47-г уншина). Зочны байр, хоол ундыг тусгайлан бэлддэг.

6 Есүс ирэх нь гэж Марта Мариа хоёр их бэлджээ. Зарим хүний үздэгээр Мариа эгчээсээ илүү сэтгэлийн хөдөлгөөнтэй, аливааг нухацтай боддог хүн байв. Тэрээр эгчдээ тусалсан нь гарцаагүй. Гэхдээ Есүсийг ирэхэд Мариа хийж байсан ажлаа орхичихжээ. Есүс Лазарынд ирээд тэнд байсан хүмүүст сургаалаа айлдахыг хүсжээ. Есүс тухайн үеийн шашны удирдагчдаас өөр байсан учир эмэгтэйчүүдийг хүндэлдэг, тэдэнд гол сургаал буюу Бурхны Хаант төрийн тухай сургаалаа дуртайяа заадаг байв. Есүсээр заалгах завшаан олдсонд Мариа баярлаж, хөлд нь суугаад хэлж ярихыг нь анхааралтай сонсож байлаа.

7, 8. Марта яагаад бухимдсан бэ? Үүнийгээ хэрхэн илэрхийлсэн бэ?

7 Марта бухимдсан нь аргагүй биз ээ. Зочдодоо олон төрлийн хоол унд бэлтгэн юм юмыг амжуулах гэж ганцаараа зүтгэсээр Марта бүр ч их «санаа зовжээ». Нэг өрөөнөөс нөгөө өрөөнд орох зуураа, юу ч хийхгүй суух дүүгээ хараад бухимдаж, хөмсгөө зангидсан болов уу? Тэгсэн байсан ч гайхах хэрэггүй биз ээ. Ганцаараа тэр их ажлын ард гарах амаргүй шүү дээ.

8 Марта биеэ барьж чадсангүй. Есүсийн яриаг тасалж «Эзэн, дүү минь намайг энэ их ажилтай орхиод явсныг та харахгүй байна уу? Тусал гэж хэлээч» гэжээ (Лук 10:40). Шулуухан хэлсэн байгаа биз. Мартагийн асуултыг зарим орчуулгад «Танд хамаагүй юү?» гэж хөрвүүлсэн байдаг. Тэгээд Есүсээр дүү Мариадаа зөвлөгөө өгүүлэхийг хүсжээ.

9, 10. а) Есүс Мартад юу гэж хариулсан бэ? б) Есүс Мартаг хоол ундны хойноос явлаа гэж зэмлэсэн үү?

9 Харин Есүсийн хариу Мартагийн гайхлыг төрүүлсэн байх. Библи уншдаг олон хүнд ингэж санагддаг. Есүс аядуу зөөлнөөр «Марта, чи мөн ч олон юманд санаа зовох юм даа. Бидэнд олон юм хэрэггүй. Үнэндээ, ганц л байхад болно. Мариа чухал юмыг сонгожээ. Үүнийг нь хэн ч авч чадахгүй» гэлээ (Лук 10:41, 42). Есүсийн хэлсэн үг ямар учиртай юм бол? Бурхныг хайрлалгүй, эд материалыг эрхэмлэлээ гэж Мартаг зэмлэсэн хэрэг үү? Эсвэл хоол ундны хойноос явлаа гэж зэмлэв үү?

Марта «олон юманд санаа зовж» байсан ч зэмлэлийг даруухан хүлээж авсан

10 Үгүй ээ. Есүс Мартаг чин сэтгэл өвөрлөсөндөө ажилд дарагдан байгааг сайн ойлгож байлаа. Айлчин гийчнээ хүндлэн идээ ундаагаар зочлохыг Есүс буруу гэж үзээгүй. Матай өөрт нь зориулж гэртээ «том найр» хийхэд Есүс цааргалалгүй очсон билээ (Лук 5:29). Тэгэхээр, гол нь Марта хоол хийсэнд биш, юуг эн тэргүүнд тавьсанд байгаа юм. Тэрээр тансаг зоог бодож яваад хамгийн чухал юмыг умартсан ажээ. Тэр нь юу билээ?

Зочломтгой зантай Мартаг Есүс эрхэмлэн, чин сэтгэлтэй хүн гэж үздэг байв

11, 12. Есүс Мартагийн буруу бодлыг хэрхэн зассан бэ?

11 Ехова Бурхны цорын ганц Хүү Есүс үнэнийг заахаар Мартагийн гэрт ирсэн байлаа. Есүсээр үнэнийг заалгана гэдэг юу юунаас чухал. Тансаг хоол хийхээс ч чухал. Марта итгэлээ батжуулах ийм сайхан боломжийг алдаж байгаад Есүс харамссан нь эргэлзээгүй. Гэхдээ Есүс түүнийг албадаагүй юм. * Харин Мартагаас болж Мариаг ийм боломжоо алдаасай гэж Есүс огт хүсээгүй.

12 Тиймээс Есүс бухимдаж цухалдсан Мартаг аргадав уу гэлтэй нэрийг нь аядуухан хэлж, буруу бодлыг нь эвтэйхэн засжээ. Есүс түүнийг «олон юманд санаа зовох» хэрэггүй гэлээ. Үнэнийг заалгах боломжтой ийм чухал үед энгийн ганц хоёр хоол байхад л болно гэжээ. Тийм ч учраас «чухал юмыг» сонгосон Мариагаас «үүнийг нь авч чадахгүй» гэдгээ хэлжээ.

13. Есүс Мартагийн үзэл бодлыг зассан нь бидэнд ямар сургамжтай вэ?

13 Энэ түүх Христийн орчин үеийн дагалдагчдад ч их сургамжтай. «Бурхны тухай мэдэх» хамгийн чухал хэрэгцээгээ хангах нь амин чухал юм (Мат. 5:3). Мартаг дуурайн өгөөмөр, хөдөлмөрч байх нь зүйтэй ч дайлж цайлах гэж «олон юманд» хэтэрхий «санаа зовдог» бол хамгийн чухал юмыг орхигдуулна. Итгэл нэгтнүүдтэйгээ уулзаж учирдгийн маань гол зорилго найрлаж цэнгэхэд бус, харин бие биеийнхээ «итгэлээр урамшин зоригжиж», «Бурхны өгсөн бэлгийг хуваалцахад» оршдог (Ром 1:11, 12-ыг уншина). Жирийн хоол идэнгээ сэтгэл сэргээж, итгэл батжуулам яриа өрнүүлж болдог.

Хайрт ахаасаа хагацаад эргэн учрав

14. Мартаг алдаагаа зассан гэж яагаад үзэж болох вэ?

14 Марта Есүсийн үгийг ухаарч, алдаагаа зассан уу? Тэгсэн. Элч Ёохан Мартагийн ах Лазарын тухай бичихдээ «Марта Мариа Лазар гуравт Есүс хайртай байжээ» гэж эхэлсэн байдаг (Ёох. 11:5). Дээр ярилцсан үйл явдлаас хойш хэдэн сарын дараа болсон явдлыг бичихдээ ингэж хэлсэн. Тэгэхээр Марта биеэ өмөөрөөгүй, зэмлэн буруушаалаа гэж Есүст зэвүүцээгүй байх нь. Зэмлэлийг хүлээж авчээ. Энэ нь ч бидэнд үлгэр дуурайл болдог. Алдаа дутагдалгүй, огт зэмлүүлдэггүй хүн бидний дунд байхгүй шүү дээ.

15, 16. а) Ах нь өвдөхөд Марта яасан бэ? б) Марта Мариа хоёрын найдвар яагаад талаар болсон бэ?

15 Ахыгаа өвдөхөд Марта асарч сувилж, эдгэж тэнхрэхэд нь туслах гэж чадах бүхнээ хийсэн нь лав. Гэвч Лазарын бие дордсоор, хоёр дүү нь ээлжлэн асарсаар. Ахынхаа ядруу царайг хараад хамт туулсан жаргал зовлонгоо Марта олон удаа дурсаа биз ээ.

16 Ахдаа туслах аргагүй болсноо ойлгоод Марта Мариа хоёр Есүст «Эзэн, таны хайрладаг хүн өвчтэй байна» хэмээн хэл хүргүүлжээ. Есүс хоёр өдрийн зайтай газар сайн мэдээ дэлгэрүүлж байв (Ёох. 11:1, 3). Есүс ахыг нь хайрладаг бөгөөд ахынх нь төлөө чадах бүхнээ хийнэ гэдэгт тэд итгэж байлаа. Оройтоогүй байгаа дээр Есүсийг ирнэ гэж тэд найдсан болов уу? Хэрэв тэгж найдсан бол найдвар нь талаар болжээ. Лазар нас барав.

17. Марта юунд гайхсан бэ? Есүс ирж явааг мэдээд Марта яасан бэ?

17 Ахынхаа хойноос гашуудсан Марта Мариа хоёр оршуулганд нь бэлдэж, Бетан болон ойр хавийн газраас ирэх хүмүүсийн хөлд дарагдаж ажил ихтэй байв. Есүсээс хэл сураг байдаггүй. Марта үүнд их гайхсан байж болох юм. Гэтэл ах нь нас бараад дөрвөн өдөр болж байтал Есүс Бетан рүү ирж явааг Марта сонсжээ. Угийн шаламгай Марта гашуудан шаналж байсан ч Мариад хэлэлгүй Есүстэй уулзахаар яаран явлаа (Ёохан 11:18–20-ийг уншина).

18, 19. Марта юунд найддагаа хэлсэн бэ? Мартаг бат итгэлтэй хүн гэж хэлэхийн учир юу вэ?

18 Марта Есүсийг хараад «Эзэн, та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан» гэж хэлэв. Марта Мариа хоёр хэдэн өдөр ингэж боджээ. Гэхдээ Марта Есүсийг ямар нэг юм хийж чадна гэж найдаж, итгэж байлаа. Тэгээд «Таныг юу ч гуйсан, Бурхан өгнө гэж би одоо ч итгэдэг» гэв. Тэр даруй Есүс итгэлийг нь батжуулах үг хэллээ. «Ах чинь амилна» гэжээ (Ёох. 11:21–23).

19 Ирээдүйд хүмүүс амилах тухай хэллээ гэж Марта бодоод «Үхсэн хүмүүс эцсийн өдөр амилахад ах минь амилна гэдгийг би мэднэ» хэмээн өчив (Ёох. 11:24). Марта энэ сургаалд огт эргэлздэггүй ажээ. Сударт энэ талаар тодорхой бичсэн байтал Иудейн шашны зарим удирдагч, тодруулбал садукайчууд нас барсан хүн амилна гэдэг сургаалыг үгүйсгэдэг байв (Дан. 12:13; Марк 12:18). Харин Марта Есүсийг ийм сургаал заадаг төдийгүй нас барсан хүмүүсийг амилуулсныг мэддэг. Гэхдээ нас бараад удсан Лазар шиг хүнийг Есүс амилуулаагүй билээ. Чухам юу болохыг Марта мэдэхгүй байлаа.

20. Ёохан 11:25–27-д бичсэн Есүсийн хэлсэн мартагдашгүй үг ямар утгатай вэ? Марта юу гэж хариулсан бэ?

20 Тэгтэл Есүс: «Би амилуулдаг, амьдруулдаг нэгэн» хэмээн мартагдашгүй үг хэллээ. Тийм ээ, Ехова Бурхан нас барсан хүнийг амилуулах эрхийг Хүүдээ өгсөн бөгөөд Хүү нь ирээдүйд дэлхий даяар ийм гайхамшиг үйлдэнэ. Есүс Мартагаас «Чи үүнд итгэдэг үү?» гэж асуулаа. Мартагийн хариултаар энэ бүлгийг нэрлэсэн юм. Есүс бол Христ буюу Мессиа, Ехова Бурхны Хүү, зөнчдийн хэлсэн ертөнцөд ирэх ёстой нэгэн мөн гэдэгт итгэж байлаа (Ёох. 5:28, 29; 11:25–27-г уншина).

21, 22. а) Есүс гашуудаж байгаа хүмүүсийг ойлгодгоо хэрхэн харуулсан бэ? б) Лазар амилсныг дүрслэн хэлнэ үү.

21 Бат итгэлтэй Марта шиг хүмүүсийг Ехова Бурхан, түүний Хүү Есүс Христ үнэлдэг болов уу? Мартаг харсаар байхад ямар явдал болсныг бодвол энэ асуултын хариу тодорхой. Марта дүү рүүгээ яаран очдог. Есүсийг Мариа болон гашуудаж байгаа хүмүүстэй ярилцаж, ямар их шаналж байгааг Марта ажиглажээ. Үхлийн гашуун зовлонгоос болж нулимс унагахыг нь ч үзсэн. Тэгтэл Есүс Лазарыг тавьсан булшны чулууг холдуул гэж хэлэх нь Мартад сонсогдов (Ёох. 11:28–39).

22 Марта аливаад бодитой ханддаг хүн байлаа. Ах нь нас бараад дөрвөн өдөр болж байгаа учир үнэр орчихсон хэмээн хориглоход Есүс: «Хэрэв чи итгэвэл Бурхны алдрыг үзнэ гэж би чамд хэлээгүй бил үү?» гэжээ. Марта итгэсэн, итгээд Ехова Бурхны алдрыг үзсэн. Яг тэр мөчид Бурхан Лазарыг амилуулах хүч чадлыг Хүүдээ өгчээ! Энэ явдлыг Марта насан туршдаа санаж явсан нь лавтай. Есүс: «Лазар, гараад ир!» гэж чанга дуугаар хашхирахад хүн өндийн босоод хөдлөх чимээ булшнаас сонсогдож, өнөөх хүн гар, хөл нь боолттой ч булшны ам руу алгуурхан явсаар гарч ирэхэд Есүс: «Боолтыг нь тайлаад явуул» гэж хэлдэг. Марта Мариа хоёр гүйн очиж ахдаа тэврүүлэв (Ёохан 11:40–44-ийг уншина). Мартагийн зүрхэнд байсан бул хар чулуу алга болжээ!

Марта Есүст итгэсэн учир ахыгаа амилахыг харсан

23. Ехова Есүс хоёр танд зориулж юу бэлдэж байгаа вэ? Та яах хэрэгтэй вэ?

23 Нас барагсад амилна гэдэг бол гэнэн мөрөөдөл биш, Библийн баттай сургаал бөгөөд нас барсан хүн амилж байсан нь бодит явдал гэдгийг Лазарын түүх нотолдог (Иов 14:14, 15). Ехова Есүс хоёр Марта Мариа Лазар гурвыг шагнасан шигээ бат итгэлтэй хүмүүсийг шагнах дуртай. Хэрэв та итгэлээ батжуулбал танд зориулан бэлдсэн олон шагналыг хүртэнэ.

«Марта ... үйлчилж байлаа»

24. Библид Мартагийн тухай хамгийн сүүлд юу гэж бичсэн бэ?

24 Энэ явдлаас хойш Мартаг Библид нэг л удаа дурддаг. Есүсийн дэлхийд өнгөрүүлсэн амьдралын сүүлийн долоо хоногийн эхээр болсон явдалд Марта гардаг. Ямар зовлон туулахаа мэдэж байсан Есүс Бетанд байх тэдний гэрт буужээ. Тэндээс 3 км яваад Иерусалим ордог байв. Уяман өвчтэй байгаад эдгэсэн Симоны гэрт Есүс Лазар хоёр зоог барьдаг. Чухам энэ явдлыг тэмдэглэсэн хэсэгт, энэ бүлгийн гол баатрыг сүүлийн удаа дурдсан байдаг. Тэнд «Марта ... үйлчилж байлаа» гэжээ (Ёох. 12:2).

25. Орчин үеийн хуралд бат итгэлтэй Марта шиг эмэгтэйчүүд байдаг нь ивээл гэж үзэхийн учир юу вэ?

25 Аргагүй л ажилсаг эмэгтэй юм! Библид анх дурдахдаа ч, сүүлийн удаа дурдахдаа ч ажил хийж байсныг нь, хүмүүст санаа тавьж явдгийг нь бичжээ. Христийн дагалдагчдын хуралд өнөөдөр Марта шиг зоригтой, өгөөмөр, Еховагийн төлөө чадах бүхнээ хийдэг, бусдад туслах гэж явдаг бат итгэлтэй эмэгтэйчүүд байдаг нь маш том ивээл юм. Марта насан туршдаа бат итгэлтэй байсан биз ээ. Энэ нь тулгарах сорилтыг давахад нь тус болох байв.

26. Бат итгэлтэй Марта юуг давсан бэ?

26 Хэдхэн хоногийн дараа Марта хайртай Багш Есүсийнхээ тарчилж үхэхийг үзэх байлаа. Есүсийг хөнөөсөн хорон санаатнууд Лазарыг ч үгүй хийхээр шийджээ. Учир нь амилсан Лазарыг харсан олон хүн Есүст итгэдэг болсон билээ (Ёохан 12:9–11-ийг уншина). Эцэст нь, Марта Мариа Лазар гурвыг үхэл хагацуулсан нь дамжиггүй. Энэ явдал хэзээ, хэрхэн болсныг бид мэдэхгүй ч бат итгэлтэй Марта эцсээ хүртэл үнэнч байсан гэдэгт эргэлзэхгүй байж болно. Тиймээс итгэлийн жишээ болсон Мартаг дуурайх нь зүйтэй.

^ д/м 11 Нэгдүгээр зууны Иудейн нийгэмд эмэгтэйчүүд эрдэм номын мөр хөөдөггүй, гэр орны ажил хийхийг л голлон сурдаг байжээ. Тиймээс эмэгтэй хүн багш хүний хөлд суугаад юм сурах гэж оролдох нь Мартад хачин санагдсан байж болох юм.