Эхлэл 19:1–38

  • Тэнгэрийн элчүүд Лоттой уулзав (1-11)

  • Лотыг гэрийнхэнтэй нь явахыг ятгав (12-22)

  • Содом, Гоморраг устгав (23-29)

    • Лотын эхнэр давсан багана болов (26)

  • Лот болон түүний охид (30-38)

    • Моабчууд, аммончуудын гарал үүсэл (37, 38)

19  Оройн хэрд хоёр тэнгэрийн элчийг Содомд ирэхэд Лот Содомын дааман хаалганы дэргэд сууж байлаа. Лот тэднийг хараад уулзахаар босож сөхөрч мөргөв.  Лот: «Эзэнтнүүд минь, зарцынхаа гэрт очно уу. Би та нарыг гэртээ хонуулж хөлийг тань угаалгая. Та нар өглөө эрт босоод аян замдаа гараарай» гэсэнд тэд: «Үгүй, бид хотын талбайд хононо» гэжээ.  Гэвч Лот тэднийг шалсанд тэд гэр лүү нь хамт явлаа. Лот тэдэнд зориулж зоог бэлдэж, исгээгүй талх барьсан бөгөөд тэд зооглов.  Тэднийг унтаж амрах гэж байтал Содом хотын эрчүүд хүүхэд хөгшид гэлтгүй бүгдээрээ гэрийг нь тойрон бүчив.  Тэд Лотыг дуудаж «Өнөө орой танайд ирсэн эрчүүд хаана байна вэ? Гаргаад ир. Бид тэдэнтэй хурьцъя» гэцгээж байлаа.  Лот тэдэнтэй ярилцахаар гараад хаалгаа хааж зогсов.  Тэгээд «Ах дүү нар минь, та нараас гуйя. Бузар муу юм битгий хийгээч.  Эр хүнтэй хавьтаж үзээгүй хоёр охин надад бий. Тэднийг та нарт гаргаж өгье. Тэгээд та нар юу хүссэнээ хий. Харин энэ эрчүүдэд бүү хүр. Энэ хүмүүс аюулгүй хоноглох гэж манайд ирсэн юм» гэжээ.  Тэгтэл тэд: «Холдож үз» гээд «Энэ нэг цагаач юу хийхийг бид нарт заана гэнэ ээ! Тэгвэл наадуулаас чинь илүүгээр чамайг болгоод өгье л дөө» гэцгээв. Тэгээд Лот руу дайрч, мөн хаалгыг нь эвдэх гэв. 10  Тэгэхэд гэрт байсан эрчүүд гараа сунган Лотыг татаж оруулаад хаалгаа хаажээ. 11  Тэгээд гадаа байсан эрчүүдийг хөгшин залуу гэлгүй юу ч харахгүй болгосонд тэд хаалгыг олох гэсээр арга ядав. 12  Гэрт байсан эрчүүд Лотод «Танайхнаас хэн хэн энэ хотод байдаг вэ? Хүргэд, хөвгүүд, охид гээд өөртэйгөө хамаатай бүх хүнээ энэ хотоос гарга. 13  Бид энэ газрыг устгах гэж байна. Яагаад гэвэл энэ хотынхноос болж зовж байгаа хүмүүсийн чанга хашхирахыг Ехова сонссон. Иймээс Ехова энэ хотыг устгуулахаар биднийг явуулсан юм» гэлээ. 14  Ингээд Лот явж, охидтой нь гэрлэх гэж байсан хүргэддээ «Алив түргэл! Энэ хотоос гарцгаа. Ехова энэ хотыг устгах гэж байна» гэж дахин дахин хэлсэн боловч хүргэд нь түүнийг тоглож байна гэж боджээ. 15  Үүр цайж байхад тэнгэрийн элчүүд Лотыг яаруулан «Нүгэлт энэ хотынхонтой хамт устгагдахгүйн тулд энд байгаа эхнэр, хоёр охиноо аваад яв!» гэлээ. 16  Лотыг тээнэгэлзээд удсанд өнөөх эрчүүд Лот болон эхнэр, охидынх нь гараас зууран авч гадагш гаргаад хотын гадна аваачив. Учир нь Ехова түүнийг өрөвдсөн юм. 17  Өнөөх эрчүүд тэднийг хотоос гаргамагцаа «Амиа аврахын тулд зугт! Эргэж бүү хар. Иорданы ай саваас гартлаа амсхийж болохгүй. Устгагдахгүйн тулд уулархаг нутаг руу зугт» гэж хэлэв. 18  Лот тэдэнд «Ехова, намайг тийшээ бүү явуулаач. 19  Боол тань таны таалалд нийцэж, та амийг минь аварч их сайхан сэтгэл гаргасан* билээ. Гэвч би уулархаг нутаг руу зугтаж чадахгүй нь. Яагаад гэвэл гамшиг тохиолдож, би амиа алдах вий гэж айж байна. 20  Энэ хот ойрхон юм байна. Би энэ хот руу явъя. Тэгээд ч жижиг юм. Намайг энэ хот руу явуулж болохгүй юм уу? Жижиг хот юм байна шүү дээ. Тэгээд би амь гарна» гэж гуйжээ. 21  Тэгэхэд тэрбээр: «За, чиний хүссэнээр болъё. Чиний хэлсэн тэр хотыг би устгахгүй. 22  Тийшээ хурдан яв. Чамайг тэнд хүрэхээс нааш би юу ч хийх аргагүй байна» гэж хэлэв. Иймээс энэ хотыг Зоар* гэж нэрлэжээ. 23  Нар мандсан хойно Лотыг Зоарт ирэхэд 24  Ехова Содом, Гоморрагийн дээр хүхэр, галаар бороо оруулав. Ехова үүнийг тэнгэрээс буулгажээ. 25  Ийнхүү Бурхан энэ хотуудыг, Иорданы ай савыг тэр чигт нь бүх оршин суугч, ургамал ногоотой нь устгав. 26  Харин Лотын ард явсан эхнэр нь эргэж хараад давсан багана болжээ. 27  Абрахам өглөө эрт босоод өмнө нь Еховатай ярьж байсан газар луугаа явав. 28  Абрахамыг Содом, Гоморра болон Иорданы ай савыг бүхэлд нь харахад зуухнаас гарч байгаа мэт өтгөн утаа баагьж байх нь тэр. 29  Бурхан Иорданы ай сав дахь хотууд буюу Лотын амьдарч байсан хотуудыг устгахдаа Абрахамыг бодож Лотыг тэндээс гаргасан юм. 30  Лот Зоарт амьдрахаас айсан тул хожим нь хоёр охинтойгоо Зоараас өгсөн явж уулархаг нутагт суух болжээ. Тэгээд хоёр охинтойгоо агуйд амьдрах болов. 31  Том охин нь дүүдээ «Аав хөгширчээ. Бас ертөнцийн жам ёсоор бидэнтэй хавьтах эр хүн энэ газар алга. 32  Тэгэхээр аавд дарс уулгаж байгаад аавтай унтаж үр удмаа залгуулъя» гэж хэлжээ. 33  Тэр оройдоо тэд аавдаа дарс уулгасаар согтоожээ. Том охин нь аавтайгаа унтав. Харин аав нь охиныхоо хэзээ хэвтэж, хэзээ боссоныг мэдсэнгүй. 34  Маргааш нь эгч нь дүүдээ «Өнгөрсөн шөнө би аавтай унтсан. Өнөө орой хоёулаа бас дарс уулгая. Тэгээд чи аавтай унт. Ингэж үр удмаа залгуулъя» гэжээ. 35  Тэгээд тэр орой ч бас аавдаа дарс уулгасаар согтоов. Бага охин нь аавтайгаа унтжээ. Харин аав нь охиныхоо хэзээ хэвтэж, хэзээ боссоныг мэдсэнгүй. 36  Ийнхүү Лотын хоёр охин эцгээсээ жирэмсэлжээ. 37  Том охин нь хүү төрүүлж, Моаб гэдэг нэр өгөв. Хүү нь өнөөгийн моабчуудын өвөг болжээ. 38  Бага охин нь бас хүү төрүүлж, Бен-Амми гэдэг нэр өгөв. Хүү нь өнөөгийн аммончуудын өвөг болсон юм.

Зүүлт

буюу үнэнчээр хайрласан
«Жижиг» гэсэн утгатай.