Skip to content

Гарчиг руу орох

Өтөлсөн ч сайхнаараа

Өтөлсөн ч сайхнаараа

НАС ахина гэхлээр танд юу бодогддог вэ? Энэ тухай бодохоос айдаг хүн цөөнгүй. Нас ахихлаар зүс царай гундаж, юм мартаж санадаг, тамир тэнхээ муудаж, архаг хуучтай болдог болохоор арга ч үгүй биз.

Өтөлж яваа хүн болгон заавал ийм байна гэсэн үг биш ээ. Зарим хүн өтөлсөн хэр нь харьцангуй бие сайтай, ухаан санаа саруул явдаг. Анагаах ухааны хөгжил дэвшлийн ачаар зарим нь архаг өвчнөө эмчлүүлэх юм уу хянаж чаддаг. Зарим оронд хүмүүс эрүүл энх, урт удаан насалдгийн учир энэ юм.

Янз бүрийн бэрхшээл тулгардаг эсэхээс үл хамааран хүн өтөлсөн ч сайхнаараа байхыг хүсдэг. Тэгвэл яах хэрэгтэй вэ? Амьдралын энэ шинэ үед хэрхэн хандах, хэр бэлтгэлтэй байх, хэр дасах нь хувь хүнээс шалтгаална. Энэ талаарх энгийн бөгөөд амьдралд ойр Библийн зарчмыг авч үзье.

ДАРУУ БАЙГААРАЙ: «Даруу зан болбоос мэргэн ухаан» (Сургаалт үгс 11:2). Нас дээр гараад, хийдэг байсан зүйлээ хийж чадахгүй болсон гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй хүн байдаг. Харин хэр чадлаа мэддэг хүн «даруу зантай». Бразилд амьдардаг 93 настай Чарлз аливаад бодитоор ханддаг нэгэн. Тэрбээр: «Урт наслахлаар юм юм үзнэ. Цаг хугацааг ухрааж болох биш дээ» гэж ярьсан юм.

«Би ч хөгширлөө дөө. Одоо яалтай билээ» гээд бүр буугаад өгөх нь даруу байхын нэр биш. Ийм хандлага хүнийг ямар ч идэвхгүй болгодог. Сургаалт үгс 24:10-т «Хэрэв чи бэрх цагт сул дорой байваас хүч тэнхээ чинь сул аж» гэж байдаг. Даруу хүн өөдрөг байж, чадах бүхнээ хийдэг.

Италид амьдардаг 77-той Коррадо: «Машин бариад өгсүүр газар явахад араагаа солихоос биш машинаа унтраахгүй шүү дээ» гэжээ. Өтлөхийн хэрээр үзэл бодлоо өөрчлөх хэрэгтэй болдог. Коррадо эхнэртэйгээ гэрийн ажлаа хийхдээ өөрсдийгөө хэт их хүчилдэггүй ажээ. Өдөржингөө хамаг хүчээ барж эцэж цуцатлаа ажиллахын оронд жаахан амсхийгээд тайван ажилладаг гэнэ. Бразилд амьдардаг, 81 настай Мариан: «Би хурдаа тохируулж сурсан. Их ажил хийж байгаад жаахан амсхийж, суумаар бол суугаад, хэвтмээр бол хэвтээд ном унших юм уу хөгжим сонсдог. Би хэр хэмжээгээ мэддэг, ойлгодог болсон» хэмээн ярьжээ.

Дүн нуруутай байгаарай

ДҮН НУРУУТАЙ БАЙГААРАЙ: «Эмэгтэйчүүд зохистой хувцаслан өөрсдийгөө даруу, түвшин байдлаар чимэгтүн» (1 Тимот 2:9). Өөртөө зохисон цэвэрхэн, аятайхан хувцас өмсөхийг зохистой хувцаслах гэнэ. Канадад амьдардаг 74 настай Барбара: «Би цэвэр цэмцгэр харагдахыг хичээдэг. “Би л хөгшин” гэсэн шиг хааш яаш хувцаслахыг хүсдэггүй» гэжээ. Бразилд амьдардаг 91 настай Ферн: «Сэтгэл санаагаар өөдрөг байхын тулд би хааяа шинэ хувцас авч өмсдөг» гэсэн юм. Тэгвэл нас ахиж яваа эрэгтэйчүүд яах хэрэгтэй вэ? Бразилд амьдардаг 73 настай Антонио: «Би цэвэрхэн хувцас өмсөж, гоё сайхан харагдахыг хичээдэг» гэжээ. Бас хувийн ариун цэвэр сахих тухайд «өдөр бүр шүршүүрт орж, сахлаа хусдаг» гэж ярьсан юм.

Нөгөөтээгүүр, гадаад байдлаа хэтэрхий их анхаарвал «түвшин» буюу ухаалаг байж чадахгүйд хүрнэ. Өмнөд Солонгост амьдардаг 69 настай Бок-им аливаад дүн нуруутай ханддаг аж. Тэрбээр: «Залуу үеийнх шигээ хувцаслах нь надад одоо зохихгүй» гэжээ.

Өөдрөг байгаарай

ӨӨДРӨГ БАЙГААРАЙ: «Зовж шаналсан хүмүүсийн бүх л өдрүүд муу муухай. Харин хэний зүрх хөгжилтэй байна, түүнд найр наадам үл тасарна» (Сургаалт үгс 15:15). Хүн нас ахихын хэрээр залуу сайхан насаа, эрч хүчтэй, юм бүхнийг хийж чаддаг байсан үеэ дурсаад уйтгар гунигт автдаг. Ингэх нь ч аргагүй юм. Таагүй юм бодохгүй байхыг хичээгээрэй. Өнгөрсөн үеэ дурсаад байвал уйтгар гунигт автаж, одоо хийж чадах зүйлээ хийж чадахгүй юм шиг санана. Канадад амьдардаг 79 настай Жосеф: «Би хийж чаддаг байсан юмаа чадахгүй болчихсон гээд л гансраад байх дургүй. Харин ч одоо хийж чаддаг зүйлдээ баярладаг» хэмээн ярьсан юм.

Ном уншиж, шинэ юм сурах нь ухаан санааг тэлж, өөдрөг байхад тустай. Тийм учраас болж өгвөл ном уншиж, шинэ юм сурахыг бодоорой. Филиппинд амьдардаг 74 настай Эрнэсто уншчихмаар сонирхолтой ном хайж номын санд очдог гэнэ. Тэрбээр: «Би адал явдалтай ном унших дуртай. Гэртээ сууж байгаад ертөнцөөр аялах шиг болдог» гэж ярьсан юм. Шведэд амьдардаг 75 настай Лэннарт гадаад хэл сурах гэж хичээж байна.

Өгөөмөр байгаарай

ӨГӨӨМӨР БАЙГААРАЙ: «Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно» (Лук 6:38). Бусадтай байгаа юмаа хуваалцаж, цаг заваа зориулбал сэтгэл хангалуун, аз жаргалтай байна. Бразилд амьдардаг 85 настай Оза санаснаараа хөдөлж чаддаггүй ч хүнд тустай юм хийх гэж хичээдэг аж. Тэрбээр: «Би найзуудыгаа өвдсөн юм уу сэтгэл санаагаар унасан үед утсаар ярьдаг, захиа бичдэг. Заримдаа жижигхэн бэлэг явуулдаг. Өвчтэй байгаа хүмүүст хоол, десерт хийж өгдөг» гэжээ.

Өглөгч байвал бусад хүн дагаад өглөгч болно. Шведэд амьдардаг 66 настай Ян: «Хүнийг хайрлаж тустай юм хийвэл танд заавал хариу нь эргээд ирнэ» гэж хэлжээ. Өгөөмөр хүн бусдыг элэгсэг дотно, талархах сэтгэлтэй болгодог. Ийм хүмүүсээр хүрээлүүлэх сайхан.

НӨХӨРСӨГ БАЙГААРАЙ: «Зожиг хүн хувийн хүслээ эрж хайдаг ба хамаг саруул ухааны эсрэг тэрсэлнэ» (Сургаалт үгс 18:1, ШЕ). Ганцаараа баймаар санагдах үе хэнд ч байдаг. Гэхдээ битгий зожигроорой. Нигерид амьдардаг 72 настай Иносэнт найзуудтайгаа хамт байх дуртай. Тэрбээр: «Нас насны хүмүүстэй хамт байх сайхан» гэжээ. Шведэд амьдардаг 85-тай Бөөре: «Залуучуудтай хамт байхаар сэтгэлээрээ залуужчихдаг юм» гэсэн байна. Хааяа найз нөхдөө гэртээ урьж байх хэрэгтэй. Өмнөд Солонгост амьдардаг 72 настай Хан-сик: «Эхнэр бид хоёр хөгшин залуу гэлтгүй найз нөхдөө урьж хамт оройн хоол иддэг» гэж ярьжээ.

Нөхөрсөг байгаарай

Нөхөрсөг хүн ярих дуртай байдаг. Гэхдээ ганцаараа яриад байлгүй бусдыг сонсох хэрэгтэй. Хүмүүст санаа тавиарай. Мозамбикт амьдардаг, 71-тэй Элэна: «Би нөхөрсөг, бас бусдыг хүндэлдэг байхыг хичээдэг. Юунд дуртай, юу бодож санаж байгааг нь мэдэхийн тулд хэлэх үгийг нь сонсдог» гэж хэлжээ. Бразилд амьдардаг 73 настай Жузэ: «Хүн ер нь өөрийг нь сонсдог хүнд дуртай. Хүнийг ойлгодог, санаа тавьдаг, цагийг нь олоод урмыг үг хэлдэг, алиа хошин зантай хүнтэй хамт байх сайхан» гэжээ.

Бодсон санаснаа хэлэхдээ үг яриагаа «давсаар амт оруулсан мэт» байлгахыг хичээгээрэй (Колоссай 4:6). Үгээ бодож хүнийг урамшуулан зоригжуулаарай.

ТАЛАРХАХ СЭТГЭЛТЭЙ БАЙГААРАЙ: «Талархагтун» (Колоссай 3:15). Хүнээр туслуулсан бол баярлаж талархснаа илэрхийлээрэй. Талархлаа илэрхийлэх нь хүнтэй сайхан харьцаатай байхад тустай. Канадад амьдардаг, 74 настай, Марэ-Пол: «Саяхан манайх байшингаасаа нүүж байранд орсон юм. Нөхөр бид хоёрт найзууд маань их тус болсон. Тэдэндээ олигтой ч баярлалаа гэж хэлээгүй. Тэгээд талархлаа илэрхийлж захиа бичиж, заримыг нь хоолонд урьлаа» гэж ярьсан юм. Өмнөд Солонгост амьдардаг, 76 настай Жээ-вон өөрийг нь цуглаанд хүргэж өгдөг хүмүүст талархдаг аж. Тэрбээр: «Надад тусалдаг бүх хүнд би талархдаг. Заримдаа бензиных нь мөнгийг төлдөг. Бас талархлаа илэрхийлж зурвас бичээд жижигхэн бэлэг өгдөг» гэжээ.

Хамгийн гол нь, амьд байгаадаа талархах хэрэгтэй. «Үхсэн арслангаас амьд нохой дээр байдаг» (Номлогчийн үгс 9:4). Зөв хандлагатай, шинэ зүйлд амархан дасдаг бол өтөл насанд жаргана.

Талархах сэтгэлтэй байгаарай