Skip to content

Гарчиг руу орох

ОНЦЛОХ СЭДЭВ | ШИНЖЛЭХ УХААН ХӨГЖИЖ БИБЛИ ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ҮҮ?

Шинжлэх ухаан таны амьдралд яаж нөлөөлж байна вэ?

Шинжлэх ухаан таны амьдралд яаж нөлөөлж байна вэ?

«Ажиглалт, туршилт, хэмжилт хийх замаар гариг ертөнц, юмс үзэгдлийн шинж чанарыг дэс дараатай судлахыг шинжлэх ухаан гэдэг» хэмээн нэгэн тайлбар тольд тодорхойлжээ. Нээрээ ч, эрдэм шинжилгээний ажил их нарийн төвөгтэй, тэсвэр тэвчээр шаарддаг. Хэдэн сар жилээр туршилт, судалгаа хийгээд ч үр дүнд хүрэхгүй байх нь бий. Нөгөө талаас, хүн төрөлхтөнд ач тусаа өгсөн тохиолдол олон. Хэдэн жишээ дурдъя.

Европын нэг компани бат бөх хуванцар, сайн чанарын шүүлтүүрээр ус цэвэршүүлэх төхөөрөмж бүтээжээ. Уг төхөөрөмжийн ачаар бохир уснаас үүдэлтэй өвчин тусахгүй байх боломж бүрдсэн. Ийм ус цэвэршүүлэгч байгалийн гамшгийн үед, ялангуяа 2010 онд Гаитид болсон газар хөдлөлтийн үед их хэрэг болсон.

Дэлхийг тойрон эргэлдэж байдаг хиймэл дагуулын сүлжээ нь GPS буюу байршил тогтоох системийг үүсгэдэг. Эрдэмтэд энэхүү системийг анх цэрэг дайны зориулалтаар зохион бүтээсэн хэдий ч, орчин үед хүн бүхний хэрэглээ болжээ. GPS-ийн ачаар машины жолооч, онгоцны нисгэгч, бүр анчин, явган аялагч зорьсон газраа төвөггүй хүрдэг болсон.

Та гар утас, компьютер, интернет хэрэглэдэг үү? Анагаах ухааны сүүлийн үеийн ололт амжилтын ачаар бие тань сайжирч, эрүүл энх амьдарч байна уу? Та онгоцоор нисдэг үү? Хэрэв тийм бол шинжлэх ухаан таны амьдралд ч нөлөөлж байна гэсэн үг. Шинжлэх ухаан та бидний амьдралд үр шимээ өгчээ.

ОРЧИН ҮЕИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЦАР ХҮРЭЭ

Эрдэмтэд мэдлэгийнхээ цар хүрээг тэлэхийн тулд байгаль орчин, сансар огторгуйг улам гүнзгий судлах болжээ. Цөмийн физикчид атомын дотоод бүтцийг нарийн судалж байна. Одон орон судлаачид олон тэрбум жилийн өмнөхийг судалж орчлонт ертөнцийн гарал үүслийг тогтоох гэж хичээдэг. Зарим эрдэмтэн: «Бурхан байдаг бол, бидний судлаад байгаа үл үзэгдэх, хүрч очихын аргагүй газраас олдох л байсан» гэдэг.

Бурхан байхгүйг батлахыг оролддог алдартай эрдэмтэд ч байдаг. Тэд Амир Д. Акзелын нэрлэснээр «Бурхан байдаггүйг нотлох шинжлэх ухааны үндэстэй баримт» бий гэж боддог. Тухайлбал, алдартай нэг физикч: «Бурхан орчлонт ертөнцөд чухал үүрэг гүйцэтгэдгийн баталгаа огт байхгүй. Тэгэхлээр бурхан байхгүй гэсэн үг» гэж мэдэгджээ. Библид гардаг Бурхны үйлсийг зүгээр л «ид шид» «санамсаргүй тохиолдол» гэдэг хүмүүс бий. *

Дараах асуултыг бодоод үзээрэй. Эрдэмтэд Бурхан байхгүй гэж баттай хэлдэг нь гариг ертөнц, байгаль дэлхийн талаар хангалттай ихийг мэдсэн болохоор тэр үү? Үгүй. Шинжлэх ухаан үсрэнгүй хөгжсөн нь үнэн. Гэхдээ хариу нь олдоогүй, бүр хэзээ ч мэдэх аргагүй асуултууд байдгийг олон эрдэмтэн хүлээн зөвшөөрдөг. «Бид орчлонт ертөнцийг хэзээ ч бүрэн судалж чадахгүй» гэж Нобелийн шагналт физикч Стивен Вайнберг хэлжээ. Их Британийн нэрт профессор Мартин Рийс: «Хүний ухаан хүрэхгүй юм гэж бий» хэмээн бичжээ. Өчүүхэн жижиг эсээс өгсүүлээд асар том орчлонт ертөнцөд, орчин үеийн шинжлэх ухааны тайлбарлаж чадахгүй байгаа зүйл их бий. Тухайлбал:

  • Амьд эс дотор яг юу болдгийг биологичид бүрэн гүйцэд ойлгодоггүй. Эс энерги зарцуулж, уураг гаргаж, хуваагддагийн нарийн учир одоо болтол тайлагдаагүй.

  • Бидэнд хором тутамд нөлөөлдөг таталцлын хүч физикчдийн хувьд нууцлаг хэвээрээ байна. Дээшээ шидсэн чулуу яагаад эгц доошоо унадаг, сар яагаад тойрог замаасаа гардаггүйг тэд бүрэн тайлбарлаж чаддаггүй.

  • Сансар судлаачид орчлонт ертөнцийн 95 орчим хувь нь нүдэнд үл үзэгддэг, ямар ч багажаар олж илрүүлэх аргагүй гэдэг. Тэд энэ орон зайг хар матери, хар энерги гэж хоёр хувааж үздэг. Яг юу болох нь тогтоогдоогүй байна.

Эрдэмтдийг гайхашруулдаг өөр олон зүйл бий. Нэгэн алдартай нийтлэлч: «Бидний мэдэхгүй зүйл мэддэг зүйлээс маань их. Хүн юмыг судалж мэдэх тусам гайхан биширч илүү ихийг мэдэх хүсэлтэй болдог болохоос биш, явцуу үзэлтэй болох ёсгүй» гэжээ.

Хүмүүс Библи гэхээсээ илүү шинжлэх ухаан гэдэг болсон, Бурхан байхгүй нь шинжлэх ухаанаар батлагдсан гэж яаран бүү дүгнээрэй. Шилдэг эрдэмтэд хамгийн сүүлийн үеийн багаж хэрэгслээр ертөнцийг судлаад зах зухаас нь л мэддэг болсон. Тэгвэл тэдний олж илрүүлж чадахгүй байгаа Бурхныг үгүйсгэх нь зүйд нийцэх үү? Британика нэвтэрхий тольд, одон орон судлалын түүх хөгжлийн тухай нэгэн урт өгүүллийн төгсгөлд «Сансар огторгуй 4 000 орчим жилийн тэртээ вавилончуудын хувьд нууцлаг байсан. Бидэнд ч нууцлаг хэвээрээ байна» гэж бичжээ.

Юунд итгэхээ хүн бүр өөрөө шийдэх ёстой гэж Еховагийн Гэрчүүд үздэг. Бас «Та нарын ухаалаг байгааг бүх хүн мэдэг» гэсэн Библийн зарчмыг баримтлахыг хичээдэг (Филиппой 4:5, ШЕ). Та ч, Библи шинжлэх ухаан хоёр өөр хоорондоо хэрхэн тохирдгийг энэ сэтгүүлээс уншин нэгийг тунгаагаарай.

^ д/м 9 Бурхан бүхнийг зургаахан хоногт бүтээсэн, дэлхий бол орчлонт ертөнцийн төв гэх мэтчилэн, христийн сүмүүдийн заадаг зарим сургаалаас болж хүмүүс Библид итгэхээ больжээ. («Библи ба шинжлэх ухааны үндэстэй баримтууд» гэсэн хавсралтыг үзнэ үү.)