Skip to content

Гарчиг руу орох

БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ

«Би догшин авиртай байсан»

«Би догшин авиртай байсан»
  • ТӨРСӨН ОН: 1960

  • УЛС: ФИНЛАНД

  • ӨМНӨ НЬ: ХҮНД МЕТАЛ ХАМТЛАГИЙН ДУУЧИН

ӨМНӨХ АМЬДРАЛ:

Би Турку гэдэг боомт хотын ажилчдын хороололд өссөн. Аав маань боксын аварга байсан болохоор дүү бид хоёр боксоор идэвхтэй хичээллэдэг байв. Сургуульд байхдаа, намайг өдсөн хэнтэй ч зодолдохоос буцдаггүй байлаа. Арван хэдтэйгээсээ танхай залуучуудтай нийлж, бүр ширүүн зодоон цохионд оролцдог болов. Бас энэ үеэс хүнд метал хөгжимд дурлаж, рок од болохыг мөрөөдөх боллоо.

Бөмбөр худалдан авч, хамтлаг байгуулаад удалгүй гоцлол дуучин нь болов. Би тайзан дээр балмад үйлдэл хийж үзэгчдийг алмайруулах дуртай байлаа. Манай хамтлаг түрэмгий авир, этгээд төрхөөрөө олонд танигдаж, удалгүй том тоглолт хийдэг болж, хэдэн цомог гаргаснаас сүүлийнх нь муугүй үнэлгээ авч билээ. Бид улам их амжилт гаргах зорилгоор 1980-аад оны сүүлээр АНУ-ыг зорилоо. Нью-Йорк, Лос-Анжелес хотод хэд хэдэн удаа тоглож, бас хөгжмийн ертөнцөд нөлөө бүхий хүмүүстэй ч холбоо тогтоов.

Хамтлагт байх сайхан байсан ч илүү утга учиртай амьдрах юмсан гэж хүсдэг байлаа. Хөгжмийн ертөнц миний бодож байснаас харгис хатуу хуультайг мэдээд, бас амьдралд хөнгөн хуумгай ханддагаа ухаараад их гонсойж билээ. Өөрийгөө муу хүн гэж бодож, тамд унахаас айдаг байв. Сэтгэлийг минь зовоож байсан олон асуултын хариуг мэдэх гэж янз бүрийн шашны ном зохиол уншдаг байлаа. Над шиг хүн Бурхны таалалд яавч нийцэхгүй гэж боддог ч Бурханд залбирч тусламж гуйдаг байв.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН:

Амьдралдаа нэмэр болгох гэж шууданд ажилладаг байлаа. Цуг ажилладаг нэг хүнийг Еховагийн Гэрч гэдгийг нь мэдээд их олон асуулт тавьж билээ. Бүх асуултад минь Библид үндэслэн, ойлгомжтой хариулсан нь миний сонирхлыг татаж, би тэр хүнээр Библийн хичээл заалгахаар болсон юм. Библийн хичээл хийгээд удаагүй байтал манай хамтлагт нэг газраас хамтран ажиллах санал ирүүлэв. Энэ ажил бүтвэл бид АНУ-д цомгоо гаргах байв. Ийм боломж дахиж олдохгүй гэдгийг би мэдэж байлаа.

Ингээд би дахиж ганц л цомог гаргачихаад Библийн зарчмыг тууштай баримталж амьдаръя гэж бодлоо. Үүнийгээ нөгөө Гэрчид хэлтэл тэрбээр тоймтой юм хэлэлгүй, харин намайг Матай 6:24-т байдаг Есүсийн үгийг уншаад үз гэлээ. Тэр зүйлд «Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй» гэж байв. Би энэ үгийн утгыг ухаараад их гайхаж билээ. Харин хэд хоногийн дараа Библийн багш маань гайхсан юм! Би Есүсийн шавь байхыг хүссэн учир хамтлагаасаа гарснаа хэлсэн юм.

Библи уншихад толинд харж байгаа мэт санагддаг байв (Иаков 1:22–25). Би бардам зантай, алдар нэрэнд ухаангүй дуртай, хараал хэлдэг, тамхи татдаг, архи их уудаг, зодоон хийдэг догшин авиртай хүн гэдгээ ухаарч билээ. Амьдралдаа Библийн зарчмыг баримталж сурах өдий байна даа гэж бодоод өөрийгөө их голдог ч засарч өөрчлөгдөхөд бэлэн байв (Ефес 4:22–24).

«Тэнгэрийн Эцгийнхээ өршөөнгүй сэтгэлтэйг, алдаж эндсэндээ чин сэтгэлээсээ гэмшсэн хүний сэтгэлийн шархыг анагаах хүсэлтэйг ойлгож ухаарсан»

Эхэндээ, урьдын буруу явдалдаа ихэд харамсаж, өөрийгөө зэмлэдэг байлаа. Харин Библийн багш маань намайг сэтгэл санаагаар дэмжиж байсан. Нэг удаа, Исаиа 1:18-д «Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно» гэж байдгийг уншуулж билээ. Библийн олон зүйлийг эргэцүүлж бодоод тэнгэрийн Эцгийнхээ өршөөнгүй сэтгэлтэйг, алдаж эндсэндээ чин сэтгэлээсээ гэмшсэн хүний сэтгэлийн шархыг анагаах хүсэлтэйг ойлгож ухаарсан.

Еховагийн тухай мэдлэг гүнзгийрч, хайр минь лавшрахын хэрээр Еховад амь амьдралаа зориулахыг хүсдэг болов (Дуулал 40:8). Ингээд 1992 онд Оросын Санкт-Петербург хотод болсон олон улсын чуулганаар баптисм хүртсэн юм.

ОДОО:

Еховад мөр зэрэгцэн үйлчилдэг олон сайхан нөхөдтэй болсон. Хөгжим бол Бурхны өгсөн бэлэг юм. Зав чөлөөгөөрөө найзуудтайгаа нийлж, христиан хүнд зохистой хөгжим тоглож, тэр бэлгийн сайхныг мэдэрдэг (Иаков 1:17). Кристина гэдэг сайхан бүсгүйтэй гэр бүл болсон минь Бурхнаас хүртсэн нэг том ивээл юм. Хань минь миний жаргал зовлонг хуваалцаж, сэтгэлийг минь ойлгодог эрхэм хүн.

Хэрэв би Еховагийн Гэрч болоогүй бол өдийд амьд явах байсан болов уу гэж бодогддог юм. Өмнө нь миний амьдралд болж бүтэхгүй юм их гардаг байсан. Харин одоо амьдрал тэгширч, би жинхэнэ ёсоор утга учиртай амьдарч явна.