Skip to content

Гарчиг руу орох

БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ

Би долоо бүдэрч байж сэхсэн хүн

Би долоо бүдэрч байж сэхсэн хүн
  • ТӨРСӨН ОН: 1953

  • УЛС: АВСТРАЛИ

  • ӨМНӨ НЬ: ПОРНОНД ДОНТСОН

ӨМНӨХ АМЬДРАЛ:

Манай аав 1949 онд Германаас Австралид цагаачилж ирсэн юм. Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн ажил хайж ирээд Викториа мужид суурьшсан юм билээ. Тэнд ээжтэй маань гэрлэж, 1953 онд би төрсөн.

Тэгээд хэдхэн жилийн дараа ээж маань Еховагийн Гэрчүүдтэй Библийн хичээл хийж эхэлсэн юм. Тийм учраас Библийн сургаал хар багаас минь миний ой тойнд үлдсэн. Гэвч аав маань ямар ч шашныг үздэггүй хүн байв. Аав зодож цохидог, чанга хашхичдаг болохоор ээж айдаг байсан. Ээж маань Библийн хичээлээ нууцаар хийсээр Библийн сургаалыг үнэлж эрхэмлэдэг болсон юм. Аавыг гадагшаа гарсан хойгуур дүү бид хоёрт сурсан зүйлээ ярьж өгдөг байж билээ. Ирээдүйд диваажин болох тухай, Библийн дагуу амьдарвал жаргалтай болдог тухай ярьж өгдөг байсан (Дуулал 37:10, 29; Исаиа 48:17).

Би 18-тайдаа аавынхаа харгис дээрэнгүй зангаас болж арга буюу гэрээсээ явсан юм. Ээжийн Библиэс зааж өгсөн бүхэнд итгэдэг байсан ч үнэ цэнийг нь ойлгодоггүй байж дээ. Тиймдээ ч тэр үү, Библийн дагуу амьдардаггүй байлаа. Би нүүрсний уурхайд цахилгаанчнаар оров. Тэгээд 20-тойдоо гэрлэж гурван жилийн дараа том охин маань төрсөн. Охиноо төрөхөд амьдралд юу чухал болохыг дахиад боддог болов. Гэр бүлд маань Библи хэрэгтэй гэж үзээд би нэг Еховагийн Гэрчтэй Библийн хичээл хийж эхэллээ. Гэвч миний эхнэр Гэрчүүдэд үнэхээр дургүй байсан юм. Тэгээд нэг удаа цуглаанд яваад ирсэн чинь эхнэр маань «Библийн хичээлээ боль эсвэл гэрээсээ яв» гэж тулгасан. Би яах ч аргагүй, эхнэрийнхээ шахалтад бууж өгөөд Гэрчүүдээс холбоогоо тасалсан юм. Зөв гэж мэдэж байсан зүйлээ дагаж амьдраагүйдээ хожим нь их харамссаж билээ.

Нэг өдөр хамт ажилладаг хүмүүс маань надад порно үзүүлэв. Нэг бодлын гоё, нэг бодлын ой гутмаар санагдсан. Их муухай, буруу зүйл хийсэн юм шиг санагдаж өөрийгөө буруутгасан. Би Библиэс юу юу мэдэж авлаа даа. Одоо намайг Бурхан шийтгэх байх даа гэж бодов. Гэвч садар самуун дүр зураг байнга нүдэнд өртдөг болохоор яваандаа юман чинээ тоохоо больж, порнонд бүр донтож орхисон.

Ээжийн минь надад заахыг хичээсэн ёс суртахууны хэм хэмжээнээс би улам бүр холдсоор 20 жил өнгөрсөн байлаа. Бузар булай юм боддог болохоор биеэ зохисгүй авч явдаг байв. Бүдүүлэг үг хэллэг хэрэглэж, шалиг заваан тоглоом тохуу хийдэг болж, бэлгийн харьцааны талаарх үзэл бодол маань гажуудсан. Эхнэртэй мөртлөө эмэгтэйчүүдтэй явалддаг байсан. Нэг өдөр толинд харж байхдаа «Би ямар муухай хүн бэ!» гэж бодлоо. Өөрийгөө үнэлж хүндэтгэхээ больж, өөрийгөө жигших болсон.

Гэр бүлээ алдаж, амьдрал маань сүйрсэн. Тэгэхэд би Еховад чин сэтгэлээсээ залбирч, энэ олон жилийн дараа дахиад Библийн хичээл хийдэг болсон юм. Тэр үед аав минь нас барчихсан, ээж минь баптисм хүртэж Еховагийн Гэрч болчихсон байлаа.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН:

Би Библид байдаг ёс суртахууны өндөр хэм хэмжээнээс тэс өөрөөр амьдарч ирсэн. Гэхдээ яг тэр үеэс л Бурхны амласан зүрх сэтгэлийн амар тайвныг мэдэрч үзье гэж хүссэн юм. Үг хэлээ засаж, уурлахгүй тайван байхыг хичээх болов. Бас мөрийтэй тоглох, архийг хэтрүүлэн уух, ажлынхаа эд зүйлээс хулгайлах зэрэг ёс суртахуунгүй юм хийдгээ больё гэж шийдлээ.

Намайг яагаад тэгж их өөрчлөгдөх гээд байсныг манай ажлынхан ойлгохгүй байлаа. Өмнө нь хийдэг байсан муухай зүйлсийг маань хийлгэх гэж намайг уруу татан гурван жил зовоосон. Өмнөх шигээ гэнэт уурлаж муухай үг хэлэхлээр Тэд: «Энэ чинь л жинхэнэ Жо мөн дөө» гэж бах нь ханасан янзтай хашхирцгаадаг байлаа. Ингэж хэлүүлэх болгонд сэтгэл өвдөж «Би ч бүтэхгүй хүн юм даа» гэж мөн ч олон удаа бодсон доо.

Манай ажлаар дүүрэн порно үздэг хүмүүс. Интернэтээр юмуу эсвэл порно сэтгүүл үздэг. Компьютероосоо бие бие рүүгээ садар самууны холбогдолтой зураг явуулна. Би ч өмнө нь ингэдэг л байсан. Порно үздэг донгоосоо салах гэж би маш их хичээсэн ч ажлынхан маань байнга уруу татна. Би тусламж дэмжлэг авах санаатай, Библи заадаг байсан хүндээ энэ тухайгаа ярьсан юм. Сэтгэлээ нээж ярихад минь намайг тэвчээртэй сонсож билээ. Библийн зүйл үзүүлж, энэ муухай зуршилтайгаа яаж тэмцэх тухай тайлбарлаад Еховагаас тусламж гуйн, шаргуу залбирч байгаарай гэсэн юм (Дуулал 119:37).

Нэг өдөр би ажлынхныгаа цуглуулж байгаад архинд донтсон хоёр нөхөрт пиво өгье гэсэн. Тэгсэн чинь бөөнөөрөө намайг эсэргүүцэж «Чи яах гээд байгаа юм бэ! Наад хоёр чинь архинаас гарах гэж тэмцэж байхад» гэж дайрлаа. Тэгэхэд нь би: «Би ч бас тэмцэж ядаж байна» гэсэн юм. Тэр өдрөөс хойш манай ажлынхан порно үзэхгүй гэж хичээж байгаа намайг уруу татаж зовоохоо больсон доо.

Ехова үнэхээр их тусалж дэмжсэн болохоор порно үзэх гэж донтохоо больсон. Би 1999 онд баптисм хүртэж, Еховагийн Гэрч болсон юм. Ехова надад хүн шиг сайхан амьдрах боломж дахиад өгсөнд нь их талархаж явдаг.

Миний олон жил дурлаж явсан зүйлийг Ехова яагаад үзэн яддагийг би одоо ойлгодог. Порногийн хор уршгаас намайг Ехова хайрын сэтгэлтэй аав шиг хамгаалж байжээ. «Бүх зүрхээрээ ЭЗЭНД итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно» гэж Сургаалт үгс 3:5, 6-д байдаг үг үнэхээр үнэн. Библийн хэм хэмжээ бидэнд хамгаалалт болоод зогсохгүй эцэст нь заавал амжилтад хүргэдэг (Дуулал 1:1–3).

ОДОО:

Урьд нь би өөрийгөө жигшиж, үзэн яддаг байсан бол одоо өөрийгөө хүндэлж амар тайван байна. Би цэвэр ариун амьдарч Ехова Бурхныхаа өршөөл дэмжлэгийг мэдэрдэг. Би өөр шигээ Еховад хайртай Каролин гэдэг сайхан Гэрч бүсгүйтэй 2000 онд гэр бүл болсон. Орон гэрт маань амар тайван ноёлдог. Цэвэр ариун хайраар бялхсан дэлхий дахины гэр бүлд багтсан маань завшаан юм.