Skip to content

Гарчиг руу орох

ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛЫН НУУЦ

Хойд эцэг эхэд тулгардаг бэрхшээл

Хойд эцэг эхэд тулгардаг бэрхшээл

АВСТРАЛИД АМЬДАРДАГ МАРГАРЕТ * ГЭДЭГ ЭМЭГТЭЙ: «Нөхрийн маань өмнөх эхнэр хүүхдүүддээ миний үгэнд орох хэрэггүй, бүр миний хэлснээр, шүдээ угаах хэрэггүй гэсэн байна билээ». Ийм хагалан бутаргах явуулга гэр бүлд нь их зовлон тарьдаг гэж Маргарет үздэг аж.

Хойд эцэг эхэд бусад хүнд тохиолддоггүй бэрхшээл тулгардаг. * Дагавар хүүхдээ төрсөн эцэг, эхтэй нь уулзуулах, хүүхдийн хүмүүжил болон мөнгө төгрөгний гэх мэтийн асуудлаар төрсөн эхтэй нь харьцах хэрэг гардаг. Хамаатан садан, найз нөхөд тэр бүр хүлээж авахгүй байж болох юм. Иймэрхүү бэрхшээлийг даван туулахад тус болох Библийн зөвлөгөөг авч үзье.

1. ХҮҮХДИЙН ТӨРСӨН ЭХТЭЙ ХАРЬЦАХ

Намибид амьдардаг Жүдит гэдэг эмэгтэй: «Хүүхдүүдийн маань төрсөн эх нь намайг ердөө л аавынх нь эхнэр болохоос ээж биш, биднээс төрсөн хүүхдийг дүүгээ гэж бодох хэрэггүй гэж хэлсэн байсан. Би их гомдож билээ. Би дагавар хүүхдүүдээ төрсөн хүүхдүүд шигээ л санадаг» гэж ярьсан юм.

Судлаачдын үздэгээр, шинэ гэр бүлийн эв нэгдэлд сөргөөр нөлөөлж болох хүчин зүйл нь хүүхдийн төрсөн эцэг юм уу эхтэй харьцах явдал аж. Харьцааны асуудал ихэнхдээ төрсөн болон хойд эхэд хамгийн хүнд тусдаг байна. Яах нь зүйтэй вэ?

Шийдэх арга: «Алтан дунджийг» олох. Төрсөн эцэг эхээс нь бүрмөсөн холдуулж хөндийрүүлбэл хүүхдэд сэтгэл санааны хохирол учирдаг. * «Төрсөн» эцэг эх нь хүүхдийн хувьд онцгой байр суурь эзэлдэг (Сургаалт үгс 23:22, 25). Гэхдээ түрүүчийн нөхөр юм уу эхнэрээ одоогийнхоо гэр бүлийн амьдралд хэтэрхий их оролцуулбал ханьд тань таагүй байна. Уур бухимдлыг нь ч хүргэж мэднэ. Тиймээс өмнөх нөхөр юм уу эхнэрээсээ холбоогоо бүрмөсөн таслахгүй ч, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө ухаалгаар тодорхой зааг тавих нь зүйтэй.

ЭЦЭГ ЭХЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ

  • Өмнөх нөхөр юм уу эхнэртэйгээ, гол нь, хүүхдийнхээ талаар ярилцаж, бусад сэдвийг хөндөхгүй байвал сайн. Тухайлбал, хүүхэдтэйгээ тогтсон цагт утсаар ярьж байж болох эсэхийг ярилцаж болно. Энэ нь хааяа юм уу орой үдэш гэнэт утасдахаас илүү үр дүнтэй.

  • Хэрэв та хүүхдийнхээ асран хамгаалагч биш бол утсаар ярих, захиа, мессеж, и-мэйл бичих зэргээр байнгын харьцаатай байж болох юм (Дэд хууль 6:6, 7). Техник хэрэгслээр дүрсээ харж байгаад хүүхэдтэйгээ харьцдаг хүмүүс ч байдаг. Хүүхдээ сайн мэддэг болбол хүмүүжилд нь бодож байснаасаа илүү сайнаар нөлөөлнө.

ХЭРЭВ ТА ХОЙД ЭЭЖ БОЛ

  • Төрсөн эх үрийн харьцааг бүрмөсөн таслах санаагүй гэдгээ тодорхой илэрхийлж, дагавар хүүхдийнхээ эхэд «энэрэнгүй» хандаарай (1 Петр 3:8). Хүүхдийнх нь амьдралд юу тохиолдож байгааг мэдэгдэж, болж өгвөл, сайн юм дуулгаж байгаарай (Сургаалт үгс 16:24). Асууж зөвлөх юм гарвал лавлаж, хэлж тайлбарлаж өгөхөд нь талархаж байгаарай.

  • Төрсөн эхийнх нь дэргэд хүүхэдтэй нь хэт дотно харьцахгүй байхыг бодоорой. АНУ-д амьдардаг Бэвэрли гэдэг эмэгтэй: «Бага хүүхдүүд маань намайг ээж гэж дууддаг болсон юм л даа. Аав бид хоёр нь ч дуртай байлаа. Гэхдээ төрсөн эхийнх нь юм уу хамаатнуудынх нь дэргэд тэгж дуудуулахгүй байхаар шийдсэн. Үүнээс хойш тэр эмэгтэй бид хоёрын харьцаа сайжирч, хүүхдүүдээ сургуулийн урлагийн үзлэгт оролцоход нь тусалж, сургуулийнх нь зугаалгад хамт явсан» гэж туршлагаасаа хуваалцжээ.

Та хүүхдийнхээ хүмүүжилд бодож байгаагаасаа илүү нөлөөлж болох юм

ТӨРСӨН БОЛОН ХОЙД ЭЦЭГ ЭХЭД ТУСТАЙ ЗӨВЛӨГӨӨ

    Эелдэг, хүндэтгэлтэй харьцаа эвтэй байхад тустай

  • Хүүхдийн дэргэд, тусдаа амьдардаг юм уу хойд эцэг эхийг нь хэзээ ч битгий муу хэлээрэй. Томчууд иймэрхүү үг хэлчих гээд байдаг. Харин хүүхдэд ийм үг тун таагүй сонсогддог. Хэлсэн үг тань хэзээ, яаж нөгөө хүний чихэнд хүрэхийг мэдэх аргагүй (Номлогчийн үгс 10:20). Хэрэв таныг хүүхдийн төрсөн эх муу хэлснийг хүүхдээсээ сонсвол, юуны түрүүнд, хүүхдийнхээ сэтгэлийг бодоорой. Жишээ нь, «Ийм юм сонсоход чамд муухай санагдсан байлгүй. Ээж нь надад уурласан байж л дээ. Ер нь, хүн уурлахлаараа бодлогогүй ярьчихдаг юм» гэж хэлж болох юм.

  • Болж өгвөл, төрсөн болон хойд эцэг эхийн аль аль нь хүмүүжлийн асуудлаар хүүхдүүдэд адилхан шаардлага тавих нь зүйтэй. Ингэх аргагүй бол нөгөө эцэг эхийг нь эвгүй байдалд оруулахгүйгээр учрыг тайлбарлаарай. Дараах жишээг бодож үзье.

    Хойд эх: Жорж, нойтон алчуураа дэлгэж тавиад хатаагаарай.

    Жорж: Манай ээжийн гэрт бид алчуураа зүгээр л орхичихдог. Ээж өөрөө хатаачихдаг юм.

    Хойд эх (уурлан): Тэгээд л та нар ийм залхуу байдаг юм байна л даа.

    Үүнээс өөрөөр яаж эвтэйхэн харьцаж болох байсан бэ?

    Хойд эх (тайвнаар): Энд хүн бүр өөрөө алчуураа хатаадаг юм аа.

  • Төрсөн эх нь хүүхэдтэйгээ байхаар тохирсон үед хүүхдийг нь оролцуулах ямар нэг юм төлөвлөх хэрэггүй (Матай 7:12). Гарцаагүй давхцаж таарвал хүүхдэд хэлэхээсээ өмнө төрсөн эхтэй нь ярьж, зөвшөөрөх эсэхийг нь асуугаарай.

ОРОЛДООД ҮЗ: Дараагийн удаа ханийнхаа өмнөх эхнэртэй эсвэл түрүүчийн нөхрийнхөө эхнэртэй уулзахдаа дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.

  1. Ярихдаа нүд рүү нь харж, инээмсэглээрэй. Санаа алдах, мөрөө хавчих, харц буруулах гэх мэтийн үйлдэл битгий хийгээрэй.

  2. Танай нутагт хүнтэй харьцахдаа нэрийг нь хэлэхийг эелдэг нөхөрсөг байгаагийн шинж гэж үздэг бол мэндлэхдээ нэрийг нь хэлээрэй.

  3. Хоёулхнаа бус, өөр хүмүүс бас байлаа гэхэд яриандаа оролцуулаарай.

2. НАСАНД ХҮРСЭН ДАГАВАР ХҮҮХЭДТЭЙ ХАРЬЦАХ

Нэг эмэгтэйн нөхөр нь хүүхдүүдийнхээ талд орж, хүүхдүүд нь тэр эмэгтэйтэй эвгүй харьцдагийг хүлээн зөвшөөрдөггүй аж. Тэр эмэгтэй: «Миний уур их хүрдэг» гэж хэлснийг нэгэн номд бичжээ («Step Wars»). Яавал насанд хүрсэн дагавар хүүхдүүдтэйгээ ч, ханьтайгаа ч эвтэйхэн харьцаж байх вэ?

Шийдэх арга: Сэтгэлийг нь ойлгох. Библид «Хэн ч өөрийн ашгийг бүү эр, харин бусдынхыг эрэг» гэж байдаг (1 Коринт 10:24). Бусдын сэтгэлийг ойлгож харьцахыг хичээгээрэй. Насанд хүрсэн хүүхэд ч эцэг эхийнхээ хайр халамжийг хүсдэг. Хойд эцэг юм уу эхдээ нааштай хандвал төрсөн эцэг, эхээсээ урвасан юм шиг санагдаж болох юм. Нөгөөтэйгүүр, эцэг эхчүүд ч хүүхдээ шүүмжилбэл өөрөөсөө хөндийрүүлчих байх гэж санаа зовдог байж болох юм.

Дагавар хүүхэдтэйгээ дотносох гэж хүчлэхийн оронд хүлээцтэй байвал яваандаа тантай харьцдаг болно. Ер нь, хайрлуулах гэж хүнийг албадах нь ухаалаг явдал биш ээ (Соломоны дуун 8:4). Тиймээс дагавар хүүхэдтэйгээ дотносъё гэвэл ухаалаг байж, асуудалд бодитой хандаарай.

Тантай эвгүй харьцдаг байлаа ч, санасан бодсон бүхнээ хэлэх хэрэггүй (Сургаалт үгс 29:11). Хэл амаа захирахад хэцүү байвал Израилийн хаан Давидын адилаар «Өө, ЭЗЭН, аманд минь манаач тавиач. Уруулын минь хаалгыг сахиач» гэж залбираарай (Дуулал 141:3).

Хэрэв дагавар хүүхдүүдийнхээ төрж өссөн гэрт амьдрахаар бол, төрсөн гэр нь хүүхдэд дотно сайхан санагддагийг бодож үзээд гэрийг нь, ялангуяа, өрөөг нь аль болох өөрчлөхгүй байхыг хичээгээрэй. Боломжтой бол, өөр байр сууцанд орж болно.

ОРОЛДООД ҮЗ: Насанд хүрсэн дагавар хүүхдүүд тань үргэлж бүдүүлэг, хүндэтгэлгүй харьцдаг бол энэ талаар ханьтайгаа ярилцаж, анхааралтай сонсоорой. Хүүхдүүдийнхээ энэ занг зас гэж шаардах хэрэггүй. Харин хоёр биеэ ойлгодог байхыг хичээгээрэй. Хамгийн гол нь, та хоёр «адил санаатай байвал» бэрхшээлийг шийдэх арга олдоно (2 Коринт 13:11).

Хүүхдүүдийг алаг үзэхгүй байхыг хичээгээрэй

3. ХАМААТАН САДАН, НАЙЗ НӨХӨДТЭЙ НЬ ХАРЬЦАХ

Канадад амьдардаг Мариан гэдэг эмэгтэй дагавар хүүхдүүдтэй аж. Тэрбээр: «Аав ээж хоёр миний хүүд байнга бэлэг өгдөг ч нөхрийн маань хүүхдүүдэд өгдөггүй байв. Нөхөр бид хоёр өөрсдөө бэлэг авч өгнө л дөө. Гэвч заримдаа мөнгө хүрдэггүй байсан» гэж хэлжээ.

Шийдэх арга: Одоогийн гэр бүлээ эн тэргүүнд тавиарай. Шинээр зохиож байгаа гэр бүл тань танд хэчнээн чухал болохыг хамаатан садан, найз нөхдөдөө хэлээрэй (1 Тимот 5:8). Гэр бүлийн тань шинэ гишүүдийг хамаатнууд, найзууд тань шууд л элэгсэг дотно хүлээж авна гэж битгий бодоорой. Гэхдээ эелдэг, шударга хандахыг тэднээс хүсэж болно. Тухайлбал, хүүхдүүдэд ялгавартай хандаж, алаг үзвэл гомдох вий гэж санаа зовж байгаагаа хэлээрэй.

Хүүхдүүдээ өвөө эмээтэй нь холбоотой байлгаарай. Англид амьдардаг Сьюзан гэдэг эмэгтэй: «Би анхны нөхрөө нас барснаас хойш 18 сарын дараа дахин гэрлэхэд эцэг эхэд нь шинэ нөхрийг минь хүлээн авах амаргүй байсан. Гэхдээ тэдэнтэй илүү дотно харьцахыг хичээдэг болсон. Хүүхдүүдээ эмээ өвөөтэй нь утсаар яриулдаг, хайрлаж халамжилдагт нь талархаж явдгаа хэлдэг. Үүний ачаар одоо бид сайхан харьцаатай байна» гэж туршлагаасаа хуваалцсан юм.

ОРОЛДООД ҮЗ: Хамаатан садан, найз нөхдийн чухам хэнтэй нь харьцахад хамгийн хэцүү байдгийг бодож үзээд яавал сайн харьцаатай, эвтэй байж болохыг ханьтайгаа ярилцаарай.

Хойд эцэг, эх, дагавар хүүхдүүдэд хамаатан садангийн хүмүүстэй харьцах амаргүй байдаг. Гэхдээ Библийн зөвлөгөөг хэрэгжүүлбэл ач тусыг нь хүртэж, танай «гэр орон мэргэн ухаанаар сүндэрлэж, оюун ухаанаар тогт[оно]» (Сургаалт үгс 24:3).

^ Нэрийг өөрчлөв.

^ Энэ өгүүллээр хойд эцэг эхийн аль алинд нь хамаатай зарчим, зөвлөгөөг хэлэлцэх боловч дэс дарааг хадгалж, ойлгоход хялбар болгох үүднээс харилцааны асуудлыг хойд эхийн байр сууринаас голлон тайлбарлав.

^ Өмнөх нөхөр юм уу эхнэр тань үг хэлээр дайрч доромжлох гэх мэтээр зохисгүй авир гаргадаг бол гэр бүлээ аюулгүй байлгахын тулд онцын шаардлагагүй үед харьцахгүй байх нь зүйтэй болов уу.

БОДОЖ ҮЗЭЭРЭЙ.

  • Яавал нөхрийнхөө өмнөх эхнэртэй эвтэй байх вэ?

  • Хэдий муу санаа өвөрлөөгүй ч хамаатнууд, найзууд маань манай гэр бүлийн эв нэгдэлд сөргөөр нөлөөлж болзошгүй бол яах нь зүйтэй вэ?