Skip to content

Гарчиг руу орох

БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ

Би өөрийгөө, бас эмэгтэй хүнийг хүндэтгэдэг болсон

Би өөрийгөө, бас эмэгтэй хүнийг хүндэтгэдэг болсон
  • ТӨРСӨН ОН: 1960

  • УЛС: ФРАНЦ

  • ӨМНӨ НЬ: ШИРҮҮН АВИРТАЙ, ХАР ТАМХИНД ДОНТСОН, ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ХҮНДЭТГЭДЭГГҮЙ БАЙСАН

ӨМНӨХ АМЬДРАЛ:

Би Францын зүүн хойд хэсэг дэх Мюлүүз хотын гэмт хэргээрээ зартай ажилчны хороололд төрсөн. Бага нас минь гэр бүлийн хэрүүл маргаан, зодоон цохион дунд өнгөрсөн юм. Манай гэрийнхэн эмэгтэй хүнийг дорд үзэж, бараг харьцдаггүй байсан. Тийм болохоор тэд гал тогоонд л байх ёстой, эрчүүд, хүүхдүүдийг асран халамжлах л үүрэгтэй гэсэн үзэлтэй болсон.

Амьдрал хэцүү байсан. Намайг аравтай байхад аав маань архи их уудгаасаа болоод нас барсан юм. Таван жилийн дараа ах маань амиа хорлосон. Тэр жил гэрт маань нэг аллага болохыг би нүдээрээ харсан. Үнэхээр их цочирдсон. Гэрийнхэн маань надад, биеэ хамгаалахын тулд хутга, буу яаж хэрэглэхийг зааж өгсөн. Сэтгэл санаа тавгүй байсан болохоор би архинд орсон. Бас биеэрээ дүүрэн шивээс хийлгэсэн.

Би 16 настайдаа өдөрт 10–15 шил шар айраг уудаг, мансууруулах бодис хэрэглэдэг болсон. Мөнгө олохын тулд төмрийн хаягдал зарж, хулгай хийдэг болов. 17 настайдаа би шоронд орсон. Хулгай, зодооны хэргээр 18 удаа ял эдэлсэн.

20-иод настайдаа би бүр дордсон. Өдөрт 20 ширхэг марихуан татаж, героин болон бусад хориотой бодис хэрэглэдэг байлаа. Хэтрүүлээд хэд хэдэн удаа үхэхээ шахаж билээ. Хар тамхи зардаг болж, байнга буутай, хутгатай явдаг болов. Нэг удаа, би нэг хүнийг буудтал, аз болж, тэлээнийх нь арлыг оносон юм даа! 24-тэй байхад ээж маань нас барлаа. Миний ааш аяг авах юмгүй болсон. Гудамжинд явж байгаа хүмүүс намайг хараад айдаг байсан. Зодоон цохионоос болоод хагас, бүтэн сайныг би цагдаагийн хэлтэс дээр эсвэл эмнэлэгт шархаа оёулж өнгөрөөдөг байв.

Би 28 насандаа гэрлэв. Эхнэрээ хүндэтгэдэггүй байсан. Дандаа гар хүрдэг байлаа. Цагийг хамт өнгөөрөөдөггүй байв. Хулгайлсан үнэт эдлэлээ түүнд өгч байвал боллоо гэж боддог байсан. Гэтэл огт санаанд оромгүй юм болов. Эхнэр маань Еховагийн Гэрчүүдтэй Библи судалж эхэллээ. Эхний хичээлээсээ л тамхи татахаа, хулгайн мөнгө авахаа больсон. Миний авчирсан үнэт эдлэлийг буцааж өгсөн. Би галзууртлаа уурлан, Библийн хичээл хийхийг нь болиулах гэж оролддог байсан. Нүүр рүү нь тамхины утаа үлээж тохуурхан, ойр хавийнхаа хүмүүст дооглож ярьдаг байв.

Нэг орой би согтуудаа гэртээ гал тавьчихав. Эхнэр маань намайг бас таван настай охиноо аварсан юм. Ухаан ороод би хийсэн хэрэгтээ гэмшиж билээ. Бурхан намайг хэзээ ч уучлахгүй гэж үнэн сэтгэлээсээ бодсон. Нэг лам: «муу хүн тамд унана» гэж хэлж байсныг санасан юм. Сэтгэцийн эмч надад «Танд хийх өөр эмчилгээ алга. Та яагаад ч засрахгүй» гэж хэлж билээ.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН:

Дараа нь бид гурав аав ээжийндээ байв. Гэрчүүд эхнэртэй минь уулзахаар ирэхэд би тэднээс «Бурхан миний бүх нүглийг уучлах болов уу?» гэж асуулаа. Тэгтэл Библиэс, 1 Коринт 6:9–11-ийг үзүүлэв. Энэ зүйлд, Бурханд таалагддаггүй үйл хэргийг жагсааж бичээд «Та нарын зарим нь тийм байсан» гэсэн байв. Би өөрчлөгдөж болох юм байна гэж ойлгосон. Гэрчүүд 1 Иохан 4:8-ийг үзүүлж, Бурхан таныг хайрладаг гэж хэлж тайвшруулж билээ. Би их урамшиж, долоо хоногт хоёр удаа Библийн хичээл хийе гэлээ. Тэгээд цуглаанд явж, Еховад залбирдаг болов.

Сарын дотор хар тамхинаас, архинаас гарлаа. Дотор минь дайн өрнөх шиг л болов. Аймаар зүүд зүүдэлж, толгой их өвдөж, шөрмөс татна. Их зовсон. Гэхдээ Ехова гараас минь атгаад намайг тэнхрүүлж байгааг би мэдэрч байв. Паулынх шиг сэтгэгдэл надад төрж байсан. Бурхны өгдөг тусламжийн тухай Паул: «Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна» гэж хэлсэн шүү дээ (Филиппой 4:13). Би яваандаа тамхинаас гарсан (2 Коринт 7:1).

Библийн ачаар би амьдралд хөлөө олж, гэр бүл маань жаргалтай болсон. Би эхнэртээ өөрөөр ханддаг боллоо. Түүнийгээ илүү их хүндэтгэдэг, эелдэг байж, баярлаж талархсанаа илэрхийлдэг болсон. Сайн аав байхыг хичээдэг болсон. Библийг нэг жил судлаад эхнэртэйгээ адил, Еховад өөрийгөө зориулж баптисм хүртсэн.

ОДОО:

Библийн зарчим намайг аварсан гэдэгт би итгэлтэй байдаг. Гэрч биш хамаатнууд маань хүртэл, «Библи байгаагүй бол чи аль хэдийн, мансууруулах бодисдоо хордоод эсвэл зодолдож байгаад үхэх байсан» гэж хэлдэг юм.

Библийн ачаар би ханьдаа хайртай, бас халамжтай аав болсон. Айл шиг айл болсон доо (Ефес 5:25; 6:4). Юу ч байсан, хамтарч хийнэ. Би эхнэрээ гал тогоонд хорихоо больсон. Бүрэн цагаар үйлчлэхэд нь тус нэмэр болж байгаа. Хурлын ахлагчийн үүргээ биелүүлэхэд эхнэр минь тусалж дэмждэг.

Ехова Бурхны хайр, нигүүлсэл миний амьдралыг өөрчилсөн. Урьдын над шиг утга учиргүй амьдарч байгаа, засаршгүй гэмээр хүмүүст би Еховагийн сайхан зан чанарын тухай ярих чин эрмэлзэлтэй явдаг. Утга учиртай, цэвэр ариун амьдрахад Библи хүн бүрд тусалдгийг би мэднэ. Библийн ачаар эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй, бусдыг, бас өөрийгөө хүндэтгэж сурсан.