Skip to content

Гарчиг руу орох

Тэд сайн дураараа үйлчилдэг—Бразилд

Тэд сайн дураараа үйлчилдэг—Бразилд

ОДОО 30 настай Рубя (1) хэдэн жилийн өмнө Бразилын өмнөд хэсгийн жижигхэн хуралд байнгын эхлэгчээр үйлчилдэг Сандрагийнд (2) очжээ. Үзэж харсан юм нь түүний гайхшралыг төрүүлж, амьдралаа өөрчлөхөд хүргэсэн гэнэ. Юу болсон юм бол? Рубягаас өөрөөс нь асууя.

«БИ ЧИХЭНДЭЭ Ч ИТГЭЭГҮЙ»

«Сандра намайг дагуулан нэг суралцагчийндаа очиж Библийн хичээл хийсэн юм. Хичээлийн дундуур тэр суралцагч: „Сандра, манай ажлын гурван охин Библи заалгах юмсан гээд байсан. Тэгэхлээр нь би, та гурав ээлжээ болтол хүлээх л хэрэгтэй дээ. Энэ жилдээ амжихгүй л байх даа гэж хэлсэн“ гэдэг байгаа. Би чихэндээ ч итгээгүй. Еховагийн тухай мэдэхийг хүсдэг хүмүүс бүр дугаарлаад хүлээдэг байх нь! Манай хуралд бол арай хийж ганц Библийн хичээлтэй болдог. Сандрагийн суралцагчтай хичээл хийж байхдаа энэ жижигхэн хотод ирж, хүмүүст тусалъя гэсэн бодол төрсөн. Тэгээд удаа ч үгүй, амьдарч байсан том хотоосоо нүүж, Сандрагийн үйлчилдэг жижиг хотод очсон юм».

Рубя санасандаа хүрсэн болов уу? Тэрбээр: «Энд нүүж ирээд хоёр сар болоход 15 Библийн хичээлтэй болсон. Хүмүүс Сандраг хүлээдэг шиг, надтай хичээл хийх гээд хүлээдэг гэвэл итгэх үү?» гэжээ.

ЯАЖ ҮЙЛЧИЛЖ БАЙГААГАА БОДСОН НЬ

20 гаран настай Диего (3) Бразилийн өмнөд хэсэгт байдаг Прудентополис хэмээх жижиг хотод амьдардаг эхлэгчдийн гэрт очжээ. Мартагдашгүй энэ аялал сэтгэлийг нь хөдөлгөж, Еховад яаж үйлчилдгээ бодоход хүргэв. Тэрбээр: «Би зүгээр л урсгалаар явж, дэлгэрүүлэх ажилд бага цаг зарцуулдаг байлаа. Гэхдээ тэр хоёр эхлэгчтэй уулзан тэдний сонинг сонсож, баяр хөөртэй байгааг нь ажиглаад, дэлгэрүүлэх ажилд ямар хайнга ханддагаа анзаарсан юм. Хэчнээн жаргалтай, баяр баясгалантай байгааг нь хараад, би ч бас тэдэн шиг утга учиртай амьдрахыг хүссэн» гэж ярьсан юм. Энэ аяллын дараа Диего эхлэгч болжээ.

Залуу христиан та ч бас Диеготой адил дэлгэрүүлэх ажилд оролцож, цуглаанд явдаг нь лавтай. Гэхдээ дэлгэрүүлэх ажил сэтгэл хөдөлгөм сайхан ажил гэж санагддаггүй бол яах вэ? Дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй газар үйлчлэхийн баяр хөөрийг эдлэхийн тулд амьдралаа өөрчлөөд үзвэл ямар вэ? Одоогийн тав тухтай амьдралаа орхиход хэцүү санагдах нь мэдээжийн хэрэг. Гэхдээ ийм амьдрал сонгосон залуу хүн олон байдаг юм шүү. Тэд зориг гарган, хүсэл зорилгоо өөрчлөөд Еховад бүхнээ зориулан үйлчилдэг. Одоо Брүногийн тухай ярилцъя.

УРЛАГТ ЗҮТГЭХ ҮҮ, БУРХАНД ҮЙЛЧЛЭХ ҮҮ?

28 настай Брүно (4) хэдэн жилийн өмнө, хөгжмийн алдартай сургуульд сурч байсан бөгөөд найрал хөгжмийн удирдаач болох зорилготой байсан аж. Үнэхээр ч, амжилттай суралцаж байсан учраас олон удаа урилгаар симфони найрал хөгжим удирджээ. Тэрбээр гайхалтай хөгжимчин, удирдаач болох ирээдүйтэй байв. Брүно: «Гэхдээ л амьдралд маань нэг зүйл дутуу байх шиг санагдсан. Би Еховад өөрийгөө зориулсан мөртлөө байгаа бүхнээ өгөөгүйгээ мэдэж байсан юм. Үүнээс болоод сэтгэл минь зовдог байв. Тэгээд юу бодож санаж явдгаа Еховад хэлж залбирсан. Бас хурлынхаа туршлагатай ах нартай ярилцсан. Нухацтай бодож үзээд дэлгэрүүлэх ажлаа хөгжмөөс дээгүүр тавихаар шийдэж, хөгжмийн сургуулиа орхин дэлгэрүүлэгч хэрэгтэй газар нүүхээр болсон» хэмээн ярьсан юм. Ингэж шийдсэнийх нь үр дүн ямар байсан бэ?

Брүно, Сан Паулугаас 260 километрт орших 7 000 хүнтэй Гуапиара хэмээх хот руу нүүжээ. Энэ нь түүний хувьд томоохон өөрчлөлт байлаа. Тэрбээр: «Жимсний цэцэрлэг, ногооны талбайтай ч гэсэн зурагт, хөргөгч, интернетгүй жижигхэн байшинд орсон юм!» гэжээ. Брүно тэндхийн жижиг хуралд үйлчилдэг бөгөөд долоо хоногт нэг удаа ном хэвлэл, идэж уух юмаа цүнхэлж аваад мотоциклоороо хөдөө явж дэлгэрүүлдэг аж. Тэнд сайн мэдээ сонсоогүй хүн олон байдаг гэнэ. Брүно: «Би хамгийн ихдээ 18 хүнтэй Библийн хичээл хийдэг. Амьдралаа өөрчилж байгаа тэднийгээ хараад их баярладаг» гээд цааш нь «Амьдралд минь дутагдаж байсан тэр зүйлээ олсон. Хаанчлалыг тэргүүнд тавихаас өөр, сэтгэл хангалуун болгодог зүйл байдаггүй юм билээ. Хэрэв урлаг хөөгөөд явсан бол өдийд ийм их жаргалтай амьдрахгүй байх байсан» хэмээн ярилаа. Брүно Гуапиарад байхдаа яаж мөнгө олдог байсан юм бол? Тэрбээр инээмсэглэн «Гитарын хичээл заагаад» гэж хариулсан. Ямар ч байсан мэргэжлээ орхиогүй аж.

«ТЭГЭЭД Л ҮЛДЧИХСЭН»

Одоо 30 шахаж яваа Марианагийн (5) амьдрал зарим талаараа Брүногийнхтой төстэй ажээ. Хуульчийн мэргэжилтэй тэрбээр цалин сайтай ажил хийдэг ч сэтгэл дундуур явдаг байв. Мариана: «„Салхины хойноос хөөцөлдөөд“ байх шиг санагдсан» гэсэн юм (Ном. 1:17). Олон Гэрч түүнд эхлэгч болохыг зөвлөдөг байжээ. Мариана энэ тухай сайн бодсоны эцэст Бьянка (6), Каролин (7), Жулиана (8) гэдэг гурван найзынхаа хамт гэрээсээ хэдэн мянган километр хол байдаг, Боливи улстай хил залгаа оршдог Барра ду Бугрис хотод үйлчлэхээр шийджээ. Тэгээд яасан бэ?

Мариана: «Би гурван сар болоод харих санаатай байлаа. Тэр хугацаанд 15 хүнтэй Библийн хичээл хийдэг болсон байв! Сүнслэгээр өсөхөд нь суралцагчдадаа туслах хэрэгтэй байсан болохоор явах гэж байгаагаа хэлж зүрхлээгүй юм. Тэгээд л үлдчихсэн» гэж ярьжээ. Нөгөө гурван найз нь ч бас үлдсэн. Марианагийн амьдрал урьдынхаасаа илүү утга учиртай болсон болов уу? Тэрбээр: «Ехова надаар дамжуулан хүмүүст үнэнийг мэдүүлж, амьдралаа сайжруулахад нь тусалж байгааг харах сайхан. Цаг зав, хүч хөдөлмөрөө жинхэнэ үр ашигтай ажилд зориулж байгаагаа мэдэхлээрээ сэтгэл хангалуун болдог» гэжээ. Каролин: «Еховадаа чадлынхаа хэрээр үйлчиллээ гэж бодохлоор орой орондоо орохдоо баяр хөөртэй байдаг. Би суралцагчдадаа яаж туслахаа л боддог. Тэднийхээ сүнслэгээр өсөж байгааг харах гоё шүү. „[Ехова] сайн гэдгийг амсаж үз“ гэдэг үгийн үнэнийг биеэрээ мэдэрч байна» гэж хэлсэн. Гурван найз нь ч санал нэг байдаг (Дуу. 34:8).

Хаанчлалын тухай сайн мэдээг алслагдсан газар дэлгэрүүлж, «сайн дураараа үйлчилдэг» залуучууд олон болж байгааг Ехова хараад хэчнээн их баярладаг бол! (Дуу. 110:3; Сур. 27:11). Ийм хүмүүс арвин их ивээл хүртдэг (Сур. 10:22).