Skip to content

Гарчиг руу орох

Тэд сайн дураараа үйлчилдэг—Мьянмарт

Тэд сайн дураараа үйлчилдэг—Мьянмарт

«УРГАЦ арвин боловч ажилчид цөөн байна. Тиймээс ургацын Эзнээс ажилчдыг явуулахыг гуй» (Лук 10:2). Есүс энэ үгийг 2 000-аад жилийн өмнө хэлсэн ч өнөөгийн Мьянмарын нөхцөл байдлыг тод томруун дүрсэлсэн гэлтэй. Яагаад? Ердөө 4 200 дэлгэрүүлэгч Мьянмарын 55 сая хүнд сайн мэдээ түгээж байна.

«Ургацын Эзэн» Ехова газар газрын хэдэн зуун итгэл нэгтний маань сэтгэл зүрхийг хөдөлгөсөн учраас тэд бэлгэдлийн ургац хураах ажилд туслахаар Зүүн өмнөд Азийн энэ орныг зорин иржээ. Яагаад эх нутгаасаа явах болов? Мьянмар луу нүүхээр шийдэхэд нь юу нөлөөлсөн бэ? Ямар ивээл хүртэж байгаа бол? Сонирхоцгооё.

«ИРЭЭРЭЙ, ЭХЛЭГЧ ИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА!»

Японд эхлэгчээр үйлчилж байсан Казүхиро хэдэн жилийн өмнө татаж унасны улмаас эмнэлэгт хүргэгджээ. Эмч хоёр жил машин барихыг нь хориглоход хүнд цохилтод оров. Казүхиро: «Би эхлэгчээр үйлчлэх дуртай. Одоо яах вэ? Болимооргүй байна» хэмээн бодоод, эхлэгчээр тасралтгүй үйлчлэх арга зааж өгөөч гэж Еховагаас шаргуу гуйжээ.

Казүхиро Мари хоёр

Казүхиро: «Мьянмарт үйлчилдэг найз маань сарын дараа миний тухай дуулжээ. Тэгээд над руу залгаж “Мьянмарт голдуу автобусаар явж дэлгэрүүлдэг болохоор эхлэгчээр үйлчлэхэд машины хэрэг байхгүй!” гэлээ. Унадаг өвчтэй над шиг хүн Мьянмарт амьдарч чадах болов уу гэж би эмчээсээ асуув. Эмч юу гэж хэлсэн гээч! “Мьянмарын нэг мэдрэлийн эмч Японд ирсэн байгаа. Би таныг танилцуулж өгье. Өвчнөө хөдлөхөөр тэр эмч дээр очоорой” гэв. Тэгж хэлэхэд нь Ехова залбиралд минь хариулж байна гэж бодсон» хэмээн ярилаа.

Казүхиро эхнэртэйгээ хамт эхлэгчээр үйлчлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн э-мэилийг Мьянмар дахь салбар луу тэр даруй илгээжээ. Ердөө 5 хоногийн дараа салбараас хариу ирэв. «Ирээрэй, эхлэгч их хэрэгтэй байна!» гэсэн байлаа. Казүхиро болон түүний эхнэр Мари машинуудаа зараад, виз, онгоцны тийз авчээ. Одоо тэр хоёр Мандалай хотод дохионы хэлний бүлэгт баяр хөөртэй үйлчилж байна. Казүхиро: «Энэ явдлаас хойш бид хоёр “Өөрийн замыг ЭЗЭНд даатга, мөн Түүнд итгэж найд. Тэгвэл Тэр биелүүлж өгнө” гэсэн Бурхны амлалтад улам бүр итгэдэг болсон (Дуу. 37:5)» гэжээ.

ЕХОВА ЗАМ НЭЭДЭГ

Мьянмарт 2014 онд Еховагийн Гэрчүүдийн тусгай чуулган болсон юм. Чуулганд оролцохоор гадаадаас олон төлөөлөгч иржээ. Тэдний нэг нь АНУ-аас ирсэн 30 гаруй настай Моник гэдэг бүсгүй байв. Тэрээр: «Би чуулганд суучихаад буцаж явахдаа Еховад залбирч, цаашдаа яах хэрэгтэйгээ асуусан. Бас аав ээжтэйгээ ярилцсан. Мьянмарт очиж үйлчлэх нь зөв юм байна гэдгийг бүгдээрээ ойлгосон. Гэхдээ тодорхой хугацаа өнгөрсний дараа л эцсийн шийдээ гаргасан. Энэ хугацаанд би олон удаа залбирсан» гэж ярьсан юм. Үүнийхээ учрыг цааш нь ийн тайлбарлаж байна.

Моник Ли хоёр

«Есүс зардлаа тооцохыг дагалдагчдадаа зөвлөсөн байдаг. Тийм болохоор би өөрөөсөө “Миний мөнгө хүрэх болов уу? Тэнд очоод тэгтлээ их ажиллахгүйгээр өөрийгөө болгоод явж чадах уу?” гэж асуусан. Дэлхийн нөгөө бөөрөнд очиж амьдрах гэж байгаа шүү дээ. Гэтэл байгаа мөнгө маань хүрэхгүй болж таарлаа» гэв. Тэгээд яаж нүүсэн юм бол? (Лук 14:28).

Моник цааш нь «Нэг өдөр намайг захирал дуудав. Ажлаас халах нь, яана аа гэж бодсоор очлоо. Тэгтэл захирал намайг сайн ажилладаг гэж магтаад шагнал урамшуулал өгөхөөр болсныг хэлэв. Тэр нь яг хэрэг болоод байсан мөнгө байлаа! Ингэж л санхүүгийн асуудлаа шийдсэн юм» гэв.

Моник 2014 оны 12 дугаар сараас Мьянмарт үйлчилж эхэлжээ. Тэрээр ямар сэтгэгдэлтэй явдаг бол? «Би энд үйлчилж байгаадаа үнэхээр баяртай байна. Библийн гурван хичээлтэй. Нэг суралцагч маань 67 настай. Намайг очихоор инээмсэглэн хүрч ирээд, тэвэрч авдаг. Бурхны нэрийг Ехова гэдгийг анх мэдээд уйлж билээ. “Бурхны нэрийг Ехова гэдгийг анх удаа сонслоо. Чи надаас хамаагүй залуу ч гэсэн миний мэдээгүй хамгийн чухал зүйлийг мэдүүллээ” гэж хэлсэн. Би ч бас уйлсан. Хэрэгцээ ихтэй газар үйлчлэн, дэлгэрүүлэх ажлын амтыг ийм маягаар мэдрэхлээр жинхэнэ ёсоор сэтгэл хангалуун болдог» гэж ярьсан юм. Саяхан Моник Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд сурчээ.

2013 оны «Еховагийн Гэрчүүдийн жил тутмын ном»-нд Мьянмарын тухай гарсан билээ. Түүнээс хойш Мьянмарт үйлчлэх хүсэлтэй хүн олширчээ. Зүүн өмнөд Азид амьдардаг, 30 гарч яваа Ли гэдэг бүсгүй бүрэн цагийн ажилтай байв. Тэрээр «Жил тутмын ном»-ыг уншаад Мьянмарт үйлчлэх тухай бодох болжээ. «Би 2014 онд Янгонд болсон тусгай чуулганд суусан юм. Тэгж явахдаа, Мьянмарт хятад хэлний хэсэгт үйлчилдэг гэр бүлтэй танилцав. Би хятадаар ярьдаг болохоор тэндхийн хятад бүлэгт туслахаар шийдсэн. Тэгээд Мониктой хамт Мандалай руу нүүсэн. Еховагийн ачаар хоёулаа нэг сургуульд цагийн багшаар орж, ойрхон байранд амьдрахаар болсон. Маш их халуунаас гадна өөр таагүй зүйл байдаг ч би энд үйлчлэх дуртай. Мьянмарчууд энгийн даруухан амьдралтай, эелдэг хүмүүс. Тэд зав гаргаж байгаад сайн мэдээ сонсдог. Ехова ажлаа түргэлүүлж байгааг харахаар сэтгэл хөдөлдөг. Мандалайд ирсэн минь Еховагийн хүсэл гэж би боддог».

ЕХОВА ЗАЛБИРАЛД ХАРИУЛДАГ

Залбирал хүчтэй байдгийг дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчилдэг олон хүн биеэрээ үзжээ. 30 гаруй настай Жүмпэй, түүний эхнэр Нао нарын тухай ярилцъя. Тэд Японд байхдаа дохионы хуралд үйлчилдэг байжээ. Яагаад Мьянмар луу нүүсэн юм бол? Жүмпэй: «Эхнэр бид хоёр угаасаа л гадаадад үйлчилье гэсэн зорилготой байв. Манай дохионы хурлын нэг ах Мьянмар луу нүүсэн юм. Бид хоёрын хадгалсан мөнгө маш бага байсан ч 2010 оны 5 дугаар сард нүүсэн. Мьянмарын ах эгч нар халуун дотноор угтан авсан!» гэж ярьсан юм. Мьянмарын сонсголгүй хүмүүсийн талаар ярихдаа «Библийг маш их сонирхдог. Дохионы хэлээр видео үзүүлэхээр сонсголгүй хүмүүс их баярладаг. Энд ирээд Еховадаа үйлчилж байгаадаа баяртай байна!» гэсэн юм.

Нао Жүмпэй хоёр

Жүмпэй Нао хоёр мөнгөө яаж хүргэсэн бол? «Хадгалсан жаахан мөнгөө 3 жил хэрэглээд дууссан учир дараа жилийнхээ байрны түрээсийг төлж дийлэхгүйд хүрсэн. Эхнэр бид хоёр залбираад л байв. Тэгтэл салбараас гэнэт захиа ирлээ. Түр хугацаагаар тусгай эхлэгч болоорой гэсэн байсан! Бид Еховад найдсан. Үнэхээр орхидоггүй юм билээ. Бидэнд янз бүрээр санаа тавьдаг». Саяхан Жүмпэй Нао хоёр Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд сурсан байна.

ЕХОВА ХҮСЭЛ ТӨРҮҮЛДЭГ

40 гаруй настай Симоне бол итали хүн. Эхнэр Анна нь 30 гаруй настай бөгөөд шинэ зеланд эмэгтэй юм. Мьянмарт ирэхэд нь юу нөлөөлсөн юм бол? «Мьянмарын тухай бичсэн 2013 оны жил тутмын ном!» гэж Анна хариулж байна. Симоне: «Мьянмарт байх нь ховорхон завшаан. Эндхийн амьдрал үнэхээр энгийн. Еховагийн ажилд илүү их цаг гаргах боломжтой. Хэрэгцээ ихтэй газар үйлчлэхэд Ехова санаа тавьдгийг биеэрээ үзээд сэтгэл хөдөлж байна» гэв (Дуу. 121:5). Анна: «Би урьдынхаасаа ч илүү жаргалтай байна. Манайх цомхон айл. Нөхөртэйгөө хамт байх цаг нэмэгдсэн болохоор бие биеэ улам их хайрлаж, хүндэлдэг болсон. Бас олон сайхан найз нөхөдтэй болсон. Эндхийн хүмүүс Гэрчүүдийг гайхаж хачирхдаггүй. Үнэнийг их сонирхдог!» гэж ярив.

Симоне Анна хоёр

Үүнийгээ тайлбарлан: «Нэг өдөр би зах дээр явж байгаад оюутан охинд дэлгэрүүлж дахин уулзахаар тохирсон юм. Хэлсэн ёсоороо очсон чинь нөгөө охин найзыгаа авчирчихаж. Дараа нь уулзахад хэдэн найзтайгаа байж байлаа. Түүний дараа өмнөхөөсөө ч олон найзтайгаа хамт хүлээж байв. Одоо би тэдний 5-тай нь хичээл хийдэг» гэж ярьсан юм. Симоне: «Хүмүүс их найрсаг, сониуч. Үнэнийг сонирхдог хүн олон. Бүгдэд нь санаа тавих цаг гардаггүй» гэлээ.

Сачио Мизүхо хоёр

Мьянмар луу нүүх шийдвэрийг хэрхэн гаргасан бэ? Японоос ирсэн Мизүхо: «Миний нөхөр Сачио бид хоёр хэрэгцээ ихтэй газар үйлчлэх юм сан гэж дандаа боддог байсан ч хаашаа явахаа мэддэггүй байв. 2013 оны жил тутмын номноос Мьянмарын тухай уншаад сэтгэл их хөдөлсөн. Тэр үеэс Мьянмарт үйлчлэх боломжтой эсэхээ бодож эхэлсэн» гэсэн бол Сачио: «Бид хоёр тандах зорилгоор Мьянмарын хамгийн том хот Янгонд 7 хоног аялав. Энэ аяллын дараа нүүхээр шийдсэн» хэмээн ярив.

ТА ЯАХ ВЭ?

Жейн Даника Родни Жордан дөрөв

Австралиас Мьянмарт ирсэн Родни Жейн хоёр 50 гарч явна. Тэд 2010 оноос эхлэн хүү Жордан охин Даника нартайгаа хамт хэрэгцээ ихтэй газар үйлчилж байна. Родни: «Хүмүүс Бурхны тухай мэдэхийг үнэхээр их хүсдэгийг хараад сэтгэл хөдөлсөн. Хэрэгцээ ихтэй Мьянмар шиг газар үйлчилж үзэхийг би гэр бүлүүдэд уриалж байна» гэсэн юм. Яагаад? «Энд ирснээр бид Еховатай улам дотноссон. Энэ нь бидний хувьд юутай ч зүйрлэшгүй үнэ цэнтэй зүйл юм! Залуучууд утас, машин, ажил төрөл гэх мэтээс өөр юу ч бодохоо больчихож. Харин манай хүүхдүүд шинэ үг сураад завгүй байгаа. Библийг мэддэггүй хүмүүстэй яаж ярилцахыг, цуглаан дээр нутгийн хэлээр юу гэж хариулахаа сурч байна. Бурхны төлөө янз бүрийн чухал, сонирхолтой ажил хийгээд завгүй байдаг» хэмээн тайлбарлав.

Оливер Анна хоёр

АНУ-аас ирсэн Оливер 30 хол давжээ. «Таньж мэдэхгүй газар Еховад үйлчлэхээр маш их юм сурдаг. Дассан бүхнээ орхиод өөр газар нүүж очихоор итгэл батжиж, ямар ч үед Еховад найддаг болдог юм байна. Огт танихгүй ч итгэл үнэмшил нэгтэй хүмүүстэй хамт үйлчилснээр Бурхны Хаант төрөөс илүү чухал юм энэ ертөнцөд байхгүйг ойлгосон» гэж энэ залуу ярьж байна. Өнөөдөр Оливер, эхнэр Аннатайгаа хятад хэлний хэсэгт идэвх зүтгэлтэй үйлчилж байна.

Трейзел

Австралиас ирсэн, 50 гарч яваа Трейзел бол 2004 оноос Мьянмарт үйлчилж байгаа эмэгтэй юм. Тэрээр: «Боломж бололцоотой хүмүүст хэлэхэд, хэрэгцээ ихтэй газар үйлчлээрэй. Та тийм хүсэлтэй бол Ехова хичээл зүтгэлийг тань заавал ивээнэ. Үүнийг би өөрөө үзсэн. Ингэж амьдарна гэж зүүдэлж ч байгаагүй. Энэ бол миний амьдралын хамгийн аз жаргалтай, сэтгэл хангалуун үе» гэж ярьсан юм.

Газар газраас Мьянмарт ирж үйлчилж буй хүмүүсийн халуун сэтгэлийн үгийг та уншлаа. Еховагийн Гэрч байдаггүй нутаг оронд амьдардаг чин сэтгэлтэй хүмүүст туслах талаар бодож үзээрэй. «Мьянмарт ирж бидэнд туслаач» гэж итгэл нэгтнүүд тань уриалж байна.