Skip to content

Гарчиг руу орох

Тэд сайн дураараа үйлчилдэг—Мадагаскарт

Тэд сайн дураараа үйлчилдэг—Мадагаскарт

«ЭХЛЭГЧ хэрэгтэй газар үйлчилдэг найзуудынхаа яриаг сонсоод тэдэн шиг баяр хөөртэй болохыг үнэхээр хүссэн» гэж 27 настай Сийлвена гэдэг эхлэгч ярьсан юм. «Гэхдээ би чадахгүй байх гэж айж байсан» хэмээн нэмж хэлсэн.

Та бас Сийлвена шиг өөрийгөө голдог уу? Дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчлэхийн хүслэн болдог мөртлөө зорилгоо биелүүлж чадах эсэхдээ эргэлздэг үү? Тийм бол бүү шантраарай! Олон мянган Гэрч Еховагийн ачаар саадыг даваад үйлчлэлээ өргөжүүлж чадсан. Ехова тэдний өмнө хэрхэн зам нээснийг мэдэхийн тулд дэлхийн дөрөв дэх том арал Мадагаскараар аялъя.

Африкийн энэ үржил шимтэй, өргөн уудам нутагт Библийг эрхэмлэдэг хүн олон бий. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 11 орны * 70 гаруй дэлгэрүүлэгч энд иржээ. Түүнчлэн Хаант төрийн тухай сайн мэдээг түгээхийн тулд хаашаа ч нүүхэд бэлэн байдаг орон нутгийн дэлгэрүүлэгчид цөөнгүй. Заримтай нь танилцъя.

АЙДСАА ЯЛЖ, УРАМ ЗОРИГ ОРСОН НЬ

Пэрийн Лүүи хоёр

Гучаад настай Лүүи Пэрийн хоёр Францаас Мадагаскарт нүүж очжээ. Тэд аль эртнээс хилийн чанадад нүүж очоод үйлчлэх тухай боддог байсан ч эхнэр Пэрийн нь тээнэгэлзээд байжээ. Тэрээр: «Би таньж мэдэхгүй газар луу явахаас айж байсан. Аав ээж, хурлынхан, гэр орон, дассан газар, хэвшил болсон бүхнээ орхино гэхээр сэтгэл тавгүй байсан. Миний хувьд хамгийн гол саад энэ байсан» гэж ярьсан юм. Харин 2012 онд зориг шулуудаж Лүүи Пэрийн хоёр нүүжээ. Гаргасан шийдвэрийнхээ талаар юү гэж боддог бол? «Ехова яаж удирдаж, тусалж байгааг биеэрээ үзэхээр итгэл бэхэждэг юм байна. Мадагаскарт очиж дэлгэрүүлсээр анхны Дурсах цуглаантайгаа золгосон юм. Тэнд 10 суралцагч маань ирсэн гээд бод доо!» гэж Пэрийн ярьж байна.

Янз бүрийн бэрхшээл тулгарсан ч Мадагаскарт үйлчилсээр байхад нь юу тус болсон бол? Еховад залбирч, тэвчих хүч гуйжээ (Флп. 4:13). Лүүи: «Ехова залбиралд маань хариулж, “амар тайвныг” өгч байгааг бид мэдэрсэн. Энд үйлчлэхийн жаргалыг голлон анхаарч байсан. Бас Францад байдаг найзууд маань э-мэил, захиа бичин бууж өгөхгүй байхыг уриалж байсан» гэжээ (Флп. 4:6, 7; 2 Кор. 4:7).

Ехова тэвчээртэй байсан Лүүи Пэрийн хоёрыг арвин ихээр ивээжээ. Лүүи: «Бид хоёр Францад 2014 оны 10 дугаар сард Христиан хосуудад зориулсан Библийн сургуульд * сурсан. Тэнд сурсан маань Еховагийн өгсөн мартагдашгүй бэлэг байсан» гэж ярив. Тэд сургуулиа төгсөөд Мадагаскарт томилогдсондоо ихэд баярлажээ.

«БИД ТА НАРААРАА БАХАРХАНА!»

Надийн Дидьеэ хоёр

Дидьеэ Надийн хоёр 2010 онд 50 гарч байхдаа Францаас Мадагаскарт нүүж иржээ. Дидьеэ: «Бид хоёр залуу байхдаа эхлэгчээр үйлчилдэг байв. Дараа нь 3 хүүхэдтэй болсон. Тэднийгээ өсөж том болохоор нь гадаадад үйлчлэх тухай боддог болсон» гэв. Надийн: «Хүүхдүүдээсээ хол байна гэхээр яахаа мэдэхгүй байсан. Харин хүүхдүүд маань бидэнд “Хэрвээ та хоёр гадаадад хэрэгцээ ихтэй газар нүүж очоод үйлчилбэл бид та нараараа бахархана!” гэж хэлсэн. Энэ үгэнд нь урамшаад нүүсэн. Хүүхдүүдээсээ хол байдаг ч гэсэн байнга ярих боломжтой нь хэчнээн сайхан бэ!» хэмээн баяр хөөрөө хуваалцсан.

Малагас хэл сурах нь Дидьеэ Надийн хоёрын хувьд амаргүй байв. «Бид хоёр 20-той залуучууд биш шүү дээ» гэж Надийн инээмсэглэн хэллээ. Гэхдээ л амжилт гаргаж чаджээ. Нууц нь юү вэ? Эхлээд франц хэлний хурлын гишүүн болов. Хожим нь малагас хэлний хуралд шилжсэн байна. Надийн: «Дэлгэрүүлж явахад таардаг хүмүүсийн дунд Библи судлах дуртай хүн олон байдаг. Биднийг очихоор их баярладаг юм. Эхэндээ ч зүүдэлж байна гэж боддог байлаа. Би энд эхлэгчээр үйлчлэх их дуртай. Өглөө босоод “Ямар гоё вэ! Би өнөөдөр дэлгэрүүлнэ!” гэж өөртөө хэлдэг» гэлээ.

Дидьеэ малагас хэл анх сурч байсан үеэ дурсах болгондоо инээмсэглэдэг. «Би цуглаан хөтөлдөг байсан мөртлөө итгэл нэгтнүүдийнхээ хариултыг ойлгодоггүй байв. Хэлдэг ганц үг маань “Баярлалаа”. Хариулт хэлсэн нэг эгчид “Баярлалаа” гэсэн чинь хариулт нь буруу гэдгийг ард нь сууж байсан хүмүүс надад дохио зангаагаар ойлгуулав. Тэгэхээр нь би өөр нэг ахыг бушуухан сонголоо. Тэр ах зөв хариулсан байлгүй дээ» хэмээн ярьсан юм.

ДУРТАЙЯА ХҮЛЭЭЖ АВСАН НЬ

Тээри Надиа хоёр 2005 оны чуулганд суугаад «Бурхныг алдаршуулах зорилго тавиарай» гэдэг кино үзжээ. Библид үндэслэсэн, Тимотын тухай энэ киног үзээд сэтгэл нь хөдөлж, дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчлэх хүсэлтэй болжээ. Тээри: «Кино дуусахад бүгд алга ташив. Тэр үед би эхнэрийнхээ чихэнд шивнэн: “Одоо хоёулаа яах вэ?” гэж асуулаа. Эхнэр маань бас тэгж бодож байсан юм билээ» хэмээн ярив. Удалгүй тэд алхам алхмаар зорилгоо биелүүлж эхэлжээ. Надиа: «Эд хогшлоо хассаар дөрвөн чемоданд багтахаар болгосон» гэж дурсав.

Зүүн: Надиа ба түүний ээж Маари Маадлен; Баруун: Тээри

Тэд Мадагаскарт 2006 онд иржээ. Ирсэн цагаасаа л баяр хөөртэй үйлчилж эхэлсэн байна. «Уулзсан хүмүүс маань бидэнд баяр баясгалан бэлэглэдэг» гэж Надиа хэлэв.

Гэтэл 6 жилийн дараа нэг асуудал гарчээ. Францад амьдардаг Надиагийн ээж Маари Маадлен унаад гараа хугалж, толгойгоо гэмтээчихэв. Тээри Надиа хоёр, эмчтэй нь зөвлөлдөөд ээжийгээ өөр дээрээ авахаар болжээ. Ээж нь 80 гарч байсан ч тэдний хүсэлтийг дуртайяа хүлээж авав. Тэрээр хилийн чанадад хэрхэн амьдарч байгаагаа ярихдаа «Зарим юманд дасахад хэцүү л байдаг юм. Гэхдээ чадал муутай ч хуралдаа хэрэгтэй хүн гэдгээ ойлгодог. Хамгийн гол нь хүүхдүүд маань энд үр өгөөжтэй үйлчилж байгаад би их баярладаг» гэсэн юм.

«ЕХОВА ТУСАЛЖ БАЙГААГ БИ ОЙЛГОСОН»

Рийн тандрүи хэлээр илтгэл тавьж байна

Рийн бол 20 гарч яваа Гэрч залуу юм. Тэрээр Мадагаскарын зүүн хэсэгт байдаг үржил шим ихтэй Алоотра Мангүрү хэмээх газар төрж өсжээ. Сурлага сайтай учир их сургуульд орох хүсэлтэй байсан ч Библи судлаад бодлоо өөрчилжээ. Рийн: «Би төгсөх шалгалтаа эрт өгөхөөр бэлдэж байхдаа “Сүүлийн шалгалтаа өгчихөөд эхлэгч болно” гэж Еховад амласан» гэсэн юм. Хэлсэндээ ч хүрчээ. Цагийн ажилд орж, өөр нэг эхлэгч залуутай хамт амьдран, эхлэгчээр үйлчлэх болсон байна. Тэрээр: «Энэ бол миний гаргасан хамгийн зөв шийдвэр» гэлээ.

Гэвч карьер хөөх тухай бодохгүй байгаа Рийнийг гэрийнхэн нь ойлгохгүй байлаа. Рийн: «Аав, авга ах, эмээгийн дүү гээд бүгдээрээ л намайг дээд сургуульд ор гэж ятгаж байсан. Гэлээ ч би эхлэгчийн үйлчлэлийг юугаар ч солихыг хүсээгүй» гэж ярьсан юм. Удалгүй Рийн хэрэгцээ ихтэй газар үйлчлэхийг хүсдэг болжээ. Хүслээ биелүүлэхэд нь юү нөлөөлсөн бол? «Манай гэрт хулгай ороод хамаг юмыг маань авчихсан. Энэ явдлаас болоод би Есүсийн хэлсэн “Тэнгэрт эд хөрөнгө хураа” гэдэг үгийг нухацтай бодсон. Тэгээд тэнгэрт эд хөрөнгө хураахын тулд илүү их хөдөлмөрлөхөөр шийдсэн» гэжээ (Мат. 6:19, 20). Рийн Мадагаскарын өмнөд хэсэгт, төрсөн нутгаас нь 1 300 километрийн алсад байдаг цөлөрхүү мужид нүүж очсон байна. Тэр нь антандрүичүүдийн өлгий нутаг юм. Яагаад тэр нутгийг сонгох болов?

Гэрт нь хулгай орохоос сарын өмнө хоёр антандрүи эрэгтэйтэй Библийн хичээл хийж эхэлжээ. Тэдний хэлээр хэдэн үг хэлж сурсан бөгөөд антандрүи хүмүүст Хаант төрийн тухай мэдээ дуулгах юм сан гэж боджээ. Рийн: «Тандрүи хэлтнүүдийн нутагт нүүж очиход туслаач гэж би Еховагаас гуйсан» гэж ярьсан юм.

Рийнийг нүүж очсон даруйд саад бэрхшээл тулгарав. Ажил олж чадсангүй. Нэг эрэгтэй: «Энд яах гэж ирсэн юм бэ? Эндхийн хүмүүс ажил олохын тулд танай нутагт очдог юм!» гэжээ. Хоёр 7 хоногийн дараа Рийн бүсийн чуулганд суухаар явав. Мөнгө нь барагдаад, цаашдаа яахаа ч мэдэхгүй болсон байлаа. Чуулганы сүүлчийн өдөр нэг ах Рийний хүрэмний халаасанд юм шургуулчихав. Маш их мөнгө байжээ. Рийн тэр мөнгөөрөө Антандрүи рүү буцаж очсоноор үл барам тараг зардаг болов. Рийн: «Яг хэрэгтэй үед Ехова тусалж байгааг би ойлгосон. Хүмүүст Еховагийн тухай мэдэхэд нь туслах ажлаа үргэлжлүүлэн хийх болсондоо баяртай байна!» хэмээн ярив. Хуралд нь ч хийх ажил их байжээ. Рийн цааш нь «Би 7 хоног бүр илтгэл тавих даалгавартай байсан. Еховагийн байгууллага намайг сургасан» гэлээ. Рийн Еховагийн тухай мэдэхийг хүсдэг тандрүи хэлтнүүдэд одоо ч Хаант төрийн тухай сайн мэдээ түгээсээр явна.

«ҮНЭНИЙ БУРХАНААР ЕРӨӨГДӨНӨ»

«Дэлхий дээр ерөөгдсөн [«ивээл хүртэхийг хичээдэг», ШЕ] хүн нь үнэний Бурханаар ерөөгдөнө» гэж Ехова батлан хэлдэг (Ис. 65:16). Үйлчлэлээ өргөжүүлэхэд тулгардаг саад бэрхшээлийг давах гэж нөр их хөдөлмөрлөдөг хүн Еховагийн ивээлийг хүртэнэ. Энэ өгүүллийн эхэнд гарсан Сийлвенаг аваад үзье. Тэрээр хэрэгцээ ихтэй газар үйлчилж чадахгүй гэж өөрийгөө голж байсан шүү дээ. Яагаад тэгж бодсон бэ? «Зүүн хөл маань баруунаасаа 9 сантиметрээр богино болохоор би доголж явдаг. Тэгээд амархан ядарчихдаг юм» гэж Сийлвена ярьсан юм.

(Зүүнээс баруун) Сийлвена Доратин Сильви Анн гурав. Доратины баптисм хүртсэн өдөр

Сийлвена 2014 онд хурлынхаа эхлэгч Сильви Анн гэдэг охинтой нийлж хотоосоо 85 километрийн зайтай орших жижигхэн тосгонд нүүж очжээ. Саад тотгор учирсан ч Сийлвенагийн мөрөөдөл биелж гайхалтай ивээл хүртжээ! «Шинэ үйлчлэлээ эхлээд ганцхан жил болж байтал надтай Библи судалдаг Доратин гэдэг залуухан ээж дүүргийн чуулган дээр баптисм хүртсэн» гэж Сийлвена дурсаж байна.

«БИ ЧАМД ТУСАЛНА»

Хэрэгцээ ихтэй газар очиж үйлчилдэг, бат итгэлтэй энэ хүмүүсийн жишээнээс юу ойлгож болох вэ? Үйлчлэлээ өргөжүүлэхийн тулд аливаа саад тотгорыг давахыг хичээвэл «Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална» хэмээсэн Еховагийн амлалт үнэн гэдгийг биеэрээ үзэх нь тодорхой байна (Ис. 41:10). Үүний дүнд Еховатай улам дотносно. Бас нутагтаа эсвэл гадаадад хэрэгцээ ихтэй газар сайн дураараа үйлчилбэл шинэ ертөнцөд Бурхны даалгах ажлыг хийхэд бэлэн болно. Дээр дурдсан Дидьеэ: «Хэрэгцээ ихтэй газар үйлчилбэл ирээдүйд бэлтгэгдэж байгаа хэрэг!» гэсэн юм. Улам олон хүн бэлтгэгдэх болтугай!

^ д/м 4 АНУ, Гваделуп, Герман, Их Британи, Канад, Люксембург, Франц, Чех, Швед, Швейцари, Шинэ Каледоноос иржээ.

^ д/м 8 Одоо Сайн мэдээ тунхаглагчийн сургууль болсон. Ийм сургууль эх оронд нь болон өөр улсад эх хэлээр нь зохион байгуулагдах бол гадаадад бүрэн цагаар үйлчилж байгаа хүн ч шаардлага хангасан тохиолдолд анкет бөглөж болно.