Skip to content

Гарчиг руу орох

Бүрнет Симон Ийстн Кейлеб дөрөв

Тэд сайн дураараа үйлчилдэг—Ази, номхон далайн орнуудад

Тэд сайн дураараа үйлчилдэг—Ази, номхон далайн орнуудад

РЕНЕЙ одоо 30 гаруй настай. Австралид Гэрч гэр бүлд өссөн энэ бүсгүй: «Манайх хаана л дэлгэрүүлэгч хэрэгтэй байна, тэнд нүүж очдог байлаа. Аав ээж хоёр маань юмыг сонирхолтой, сэтгэл хөдөлгөм, хөгжилтэй хийдэг байсан! Би өөрөө хоёр хүүхэдтэй болоод тэднийг бас тэгж өсгөхийг хүссэн» хэмээн ярьсан юм.

Ренейгийн нөхөр Шейн бас адилхан зорилготой байжээ. Одоо 40 орчим настай тэрбээр: «Хоёр дахь хүүхдээ гарсны дараа бид “Харуулын цамхаг” сэтгүүлээс Гэрч гэр бүлийн тухай уншлаа. Тэднийх Тонгагийн арлуудад дэлгэрүүлэхээр дарвуулт онгоцоороо Номхон далайн зүүн өмнө зүгийг зорьсон гэдэг. Энэ өгүүллийг уншаад Австрали, Шинэ Зеландын салбаруудад захидал бичиж дэлгэрүүлэгч хаана хэрэгтэй байгааг асуулаа. * Хариуд нь биднийг Тонга руу нүүж очихыг зөвлөсөн байв. Бидний уншсан яг тэр газар байсан!» гэв.

Жейкоб, Реней, Скай, Шейн

Шейн Реней хоёр, хүү Жейкоб, охин Скайтайгаа Тонгад нүүж очоод дөрвөн жилийн дараа үймээн самууны улмаас Австрали руу буцжээ. Гэлээ ч үйлчлэлээ өргөжүүлэх зорилгоо орхисонгүй. Ингээд 2011 онд Австралиас зүүн тийш 1 500 километр зайтай оршдог Норфолк Арал хэмээх Номхон далайн нэг жижиг аралд нүүж очжээ. Үр дүн нь юу байсан бол? Одоо 14-тэй Жейкоб: «Ехова бидэнд санаа тавиад зогсохгүй, дэлгэрүүлэх ажлыг маань сонирхолтой болгодог!» гэж хэлсэн юм.

ГЭР БҮЛЭЭРЭЭ ҮЙЛЧЛЭХ ЗОРИЛГО ТАВИХ НЬ

Шейнийхтэй адил өөр олон гэр бүл дэлгэрүүлэгч хэрэгтэй газар сайн дураараа үйлчилж байна. Тэд ямар учраас нүүх болов?

«Сайн мэдээг сонирхдог хүн олон байсан. Бид тэдэнтэй Библийн хичээл тогтмол хийхийг хүссэн юм» —Бүрнет

Бүрнет Симон хоёр 30 гаруй настай. Том хүү Ийстн нь 12, бага хүү Кейлэб нь 9 настай. Тэднийх Австралийн Квинсландын алс хязгаарт оршдог Бүрктаун хэмээх жижиг хотод нүүж очжээ. Бүрнет: «Гэрчүүд гурав, дөрвөн жилд ганцхан удаа ирж дэлгэрүүлдэг байлаа. Сайн мэдээг сонирхдог хүн олон байсан. Бид тэдэнтэй Библийн хичээл тогтмол хийхийг хүссэн юм» гэж ярьж байна.

Жим, Жек, Марк, Карен

Одоо 50 гарч яваа Марк Карен хоёр Австралийн Сидней хотын ойролцоох хурлуудад үйлчилдэг байжээ. Дараа нь гурван хүүхэд Жессика Жим Жек нартайгаа Умард Хязгаарт байдаг Нүүлэнбой гэдэг уурхайн хотхонд амьдрах болов. Марк: «Би хүмүүст хайртай. Тийм болохоор хаана хүн хүч хэрэгтэй байна, тэнд очиж хурлын төлөө, дэлгэрүүлэх ажлын төлөө чадах бүхнээ хийхийг хүссэн» гэлээ. Харин Карен нүүх дургүй байжээ. «Гэхдээ Марк, бас бусад хүн намайг зоригжуулсан. Би үзээд алдахаар шийдсэн. Тэгж шийдсэндээ одоо баяртай байна!» гэж Карен ярьж байна.

Бенжамин, Жейд, Брия, Каролин

Бенжамин Каролин хоёр 2011 онд сургуулийн өмнөх насны охид болох Жейд Брия хоёроо аваад Австралийн Квинсландаас Тимор Лесте гэдэг газарт очжээ. Тэр нь Индонезийн арлуудад хамаарагдах Тимор арлын нэг жижиг хэсэг юм. Бенжамин: «Каролин бид хоёр өмнө нь Тимор Лестед тусгай эхлэгчээр үйлчилж байлаа. Тэндхийн дэлгэрүүлэх ажил гайхалтай сайхан. Ах дүү нар маань ч түшигтэй хүмүүс байв. Тэндээс явах болоход зүрх шимширч байсан. Тэгээд эргэж ирнэ гэж хатуу шийдсэн юм. Хүүхдүүдээ төрөхөд төлөвлөгөөгөө хойшлуулсан ч огт өөрчлөөгүй» гэж ярив. Каролин: «Бид миссионерууд, бетелчид, тусгай эхлэгчид гээд арвин баялаг туршлагатай хүмүүсийн дунд хүүхдүүдээ өсгөхийг хүссэн» хэмээн нэмж хэлсэн юм.

НҮҮДЭЛ СУУДАЛД БЭЛДЭХ НЬ

Есүс дагалдагчдаасаа «Та нарын хэн чинь цамхаг барья гэж хүсвэл, ... суугаад зардлыг нь тооцоолдоггүй вэ?» гэж асуужээ (Лук 14:28). Өөр нутаг оронд очиж амьдрах бодолтой гэр бүлүүд ч бас сайтар төлөвлөх нь чухал. Юуг анхаарах хэрэгтэй вэ?

БУРХАНТАЙ ТОГТООСОН ХАРЬЦАА: «Бид бусдад үйлчлэхийг хүссэн болохоос, тээр болохыг хүсээгүй. Тийм учраас нүүхээсээ өмнө Бурхантай улам дотно болохыг их хичээсэн. Дэлгэрүүлэх ажил, хурлын үйл хэрэгт түлхүү оролцдог байсан» гэж Бенжамин ярьж байна.

Дээр дурдсан Жейкоб: «Норфолк Арал руу нүүхээсээ өмнө манайх “Харуулын цамхаг”, “Сэрцгээ!” сэтгүүлээс дэлгэрүүлэгч хэрэгтэй газар нүүж очсон гэр бүлүүдийн тухай уншсан. Тэдэнд ямар бэрхшээл тулгарч байсан, Ехова яаж санаа тавьж байсныг хоорондоо ярилцдаг байсан» гэж ярилаа. «Би маш их залбирсан. Ганцаараа ч залбирсан, ээж аавтайгаа ч залбирсан» хэмээн Жейкобын дүү 11 настай Скай нэмж хэллээ.

СЭТГЭЛ ЗҮЙ: «Манайх төрөл төрөгсөд, дотны найз нөхөдтэйгөө ойрхон амьдардаг, бас би нутагтаа хайртай байсан болохоор тэндээ байгаад байж болох л байсан. Гэхдээ би үлдэх тухайгаа биш, харин нүүвэл манай гэр бүлд ямар ач тустайг бодсон» гэж Реней ярьсан юм.

АХУЙ СОЁЛ: Шинэ орчинд өөрсдийгөө бэлдэхийн тулд эрэл хайгуул, судалгаа хийдэг гэр бүл олон байдаг. Марк: «Бид Нүүлэнбойгийн тухай мэдээллийг чадах ядахаараа олж уншсан. Тэндхийн ах дүү нар маань хотынхоо сонины хуулбаруудыг илгээсэн болохоор нутгийн хүмүүсийн тухай, ахуй соёлынх нь талаар бага сага ойлголттой болсон» гэв.

Норфолк Аралд амьдарч буй Шейн: «Хамгийн гол нь би Гэрч хүнд байх ёстой зан чанарыг их анхаарсан. Хэрвээ би юманд сэтгэлээсээ ханддаг, дөлгөөн, үнэнч шударга, ажилсаг байвал дэлхийн хаана ч амьдарч чадна гэж бодсон» гэж ярилаа.

БЭРХШЭЭЛИЙГ ДАВАХ НЬ

Хэрэгцээ ихтэй газар үйлчлээд амжилт олж буй Гэрчүүд гэнэтийн таагүй зүйл тохиолдоход уян хатан, өөдрөг байх нь чухал гэдгийг сануулж байна. Тэдний яриаг сонирхъё.

Реней: «Би шинэ нөхцөлд дасан зохицож, аргаа өөрчилж сурсан. Жишээ нь, Норфолк Арлын ойролцоо далайн шуурга болбол ачааны усан онгоц ирдэггүй. Тийм үед хоол хүнс нүдний гэм болж, үнэ нь тэнгэрт хадчихдаг болохоор би хүнсээ нөөцөлдөг болсон» гэлээ. Нөхөр Шейн нь: «Бас 7 хоногийнхоо төсөвт багтааж амьдарч сурсан» хэмээн нэмж хэлэв.

Тэдний хүү Жейкоб өөр нэг бэрхшээлийн тухай ярихдаа «Шинэ хурал маань долоохон гишүүнтэй байсан. Бүгдээрээ том хүмүүс. Миний насны хүүхэд нэг ч байгаагүй! Гэхдээ би ахмад хүмүүстэй хамт дэлгэрүүлсээр байгаад найз болсон» гэв.

Одоо 21-тэй Жимд адилхан асуудал тулгарчээ. «Нүүлэнбойд хамгийн ойр хурал 725 километр зайтай. Тийм болохоор бид чуулганы ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийг хичээдэг. Эрт очдог. Бас ах эгч нартай цагийг хамт өнгөрөөдөг. Энэ мөчүүдээ тэр жилийн онцлох үйл явдал гэж боддог!» хэмээн ярьсан юм.

«ЭНД ИРСЭНДЭЭ МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНА!»

«ЭЗЭНий ерөөл баян болгодог» гэж Библид байдаг (Сур. 10:22). Дэлхий даяар тоо томшгүй олон Гэрч хэрэгцээ ихтэй газар сайн дураараа очиж үйлчлэн, дээрх үгийн үнэнийг өөрийн биеэр үзэж байна.

Марк: «Энд нүүж ирсэн нь манай хүүхдүүдэд их хэрэг болсон. Энэ бол хамгийн том ивээл. Хаанчлалыг эн тэргүүнд тавьдаг хүмүүст Ехова санаа тавьдаг гэдэгт том хүүхдүүд маань эргэлзэлгүй итгэдэг болсон. Тийм итгэлийг худалдаж авч чадахгүй шүү дээ» гэв.

Шейн: «Би эхнэр хүүхдүүдтэйгээ маш дотно болсон. Ехова өөрсдийнх нь төлөө юу хийснийг ярихыг нь сонсохлоороо би сэтгэл ханагар байдаг» гэсэн бол хүү Жейкоб нь: «Надад их хөгжилтэй байдаг. Энд ирсэндээ маш их баяртай байна!» хэмээн нэмж хэллээ.

^ д/м 3 Австрали, Шинэ Зеланд дахь салбарууд 2012 онд нэгдэж Австралази салбар болсон.