Skip to content

Гарчиг руу орох

ХЭСЭГ 1

Ханьтайгаа жаргалтай амьдрахад Бурхан тусалдаг

Ханьтайгаа жаргалтай амьдрахад Бурхан тусалдаг

«Бүтээгч анхнаасаа тэднийг эр, эмээр нь бүтээсэн» (Матай 19:4).

Ехова * Бурхан гэр бүлийг санаачилсан. Бурхан эмэгтэй хүн бүтээгээд «Адамд авчирч өгөв» гэж Библид бичсэн байдаг. Адам ихэд баярлан «Энэ бол яснаас минь авсан яс, махнаас минь тасалсан мах» гэж хэлжээ (Эхлэл 2:22, 23). Ехова нөхөр эхнэрүүдийг жаргалтай амьдраасай гэж одоо ч хүсдэг.

Ер нь, хүн гэрлэхдээ бүх юмыг сайн сайхнаар төсөөлдөг. Гэхдээ бие биедээ үнэхээр хайртай нөхөр эхнэрүүдэд ч бэрхшээл тулгардаг (1 Коринт 7:28). Та энэ товхимлоос Библийн зарчмуудыг мэдэж аваарай. Эдгээр зарчмыг дагавал гэр бүлээрээ жаргалтай амьдарна (Дуулал 19:8–11).

1 ЕХОВАГИЙН ОНООСОН ҮҮРГИЙГ БИЕЛҮҮЛЭХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? Нөхөр бол өрхийн тэргүүн (Ефес 5:23).

Хэрэв та өрхийн тэргүүн бол эхнэрээ халамжлах үүргийг Еховагаас авсан хэрэг (1 Петр 3:7). Бурхан эмэгтэй хүнийг ханьдаа тусалж байгаасай гэж бүтээсэн бөгөөд эхнэрээ хайрлаж, хүндэтгэхийг нөхөр хүнээс хүсдэг (Эхлэл 2:18). Нөхөр хүн эхнэрээ үнэн голоосоо хайрлаж, хүсэл сонирхлыг нь өөрийнхөөсөө дээгүүр тавих учиртай (Ефес 5:25–29).

Хэрэв та эхнэр бол нөхрөө гүнээ хүндэтгэж, үүргээ биелүүлэхэд нь туслаасай гэж Ехова танаас хүсдэг (1 Коринт 11:3; Ефес 5:33). Нөхрийнхөө гаргасан шийдвэрийг дэмжиж, түшиг болж яваарай (Колоссай 3:18). Ийм эмэгтэй эр нөхөртөө ч, Ехова Бурханд ч сайхан харагддаг (1 Петр 3:1–6).

ЗӨВЛӨГӨӨ

  • «Би яавал илүү сайн нөхөр (эхнэр) байх вэ?» гэж ханиасаа асуугаарай. Юу хэлэхийг нь анхааралтай сонсоод илүү сайн хань байхын төлөө чадах бүхнээ хийгээрэй.

  • Тэвчээртэй байгаарай. Яавал хань тань сэтгэл хангалуун байдгийг мэдэхэд цаг хугацаа хэрэгтэй.

2 ХАНИЙНХАА СЭТГЭЛИЙГ БОДОХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? Ханийнхаа хүсэл сонирхлыг харгалзан үзэх хэрэгтэй (Филиппой 2:3, 4). Ехова үйлчлэгчдээсээ «бүх хүнд эелдэг зөөлөн хандахыг» хүсдэгийг санаж, ханиа эрхэмлэн хүндэтгэж байгаарай (2 Тимот 2:24). «Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг бол мэргэн хүний хэл илааршлыг авчирдаг» гэдэг. Тиймээс хэлэх үгээ сайтар бодоорой (Сургаалт үгс 12:18). Ханиа хайрлаж, энэрэнгүй хандахад Ехова ариун сүнсээрээ тусална (Галат 5:22, 23; Колоссай 4:6).

ЗӨВЛӨГӨӨ

  • Чухал асуудлыг ханьтайгаа ярилцахаасаа өмнө Бурханд залбирч, тайван, наанатай цаанатай хандахад туслахыг гуйгаарай.

  • Юуг, яаж хэлэхээ сайн бодоорой.

3 НЭГ БАГ БАЙХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? Гэрлэсэн хүн ханьтайгаа «нэг бие» болдог (Матай 19:5). Гэхдээ хоёр өөр хүн учраас санал зөрөх үе гарч мэднэ. Тиймээс бодол, сэтгэл нэгтэй байж сурах хэрэгтэй (Филиппой 2:2). Шийдвэр гаргахдаа эвтэй байх нь чухал. «Зөвлөлдөн ярилцвал төлөвлөгөө хэрэгждэг» гэж Библид байдаг (Сургаалт үгс 20:18, ШЕ). Чухал асуудлаар хамтын шийдвэр гаргахдаа Библийн зарчмыг удирдлага болгоорой (Сургаалт үгс 8:32, 33).

ЗӨВЛӨГӨӨ

  • Ханьтайгаа саналаа төдийгүй сэтгэлээ хуваалцаарай.

  • Шийдвэр гаргахаасаа өмнө ханьтайгаа ярилцаарай.

^ д/м 4 Библид бичсэнээр Бурхны нэрийг Ехова гэдэг.