Skip to content

Гарчиг руу орох

НАЙМДУГААР БҮЛЭГ

Сэтгэл нь гонсойсон ч бат итгэлтэй байсан

Сэтгэл нь гонсойсон ч бат итгэлтэй байсан

1. Шило яагаад уй гашууд автсан бэ?

САМУЕЛЫН сэтгэл түгшиж байв. Шило хот нулимсан далай болжээ. Уй гашууд автсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийн бархиран уйлах чимээ энд тэндгүй сонсогдоно. Хайртай дотны хүмүүс нь дайнд яваад эргэж ирсэнгүй. Израйлчууд филистчүүдтэй тулалдаад 4 000 цэргээ алдаад байлаа. Тэгтэл удалгүй дахин 30 000 цэрэг дайны талбарт амь үрэгджээ (1 Сам. 4:1, 2, 10).

2, 3. Ямар золгүй явдлууд болсон бэ?

2 Энэ бол ар араасаа цуварсан золгүй явдлын зөвхөн нэг нь байв. Израйлчууд гэрээний авдрыг аваад филистчүүдтэй тулалдахаар Шилогоос цэргийн цуваагаар хөдлөхөд тэргүүн тахилч Елийн үл бүтэх хөвгүүд Хофни Финехас нар хамт явжээ. Гэрээний авдар мөргөлийн асрын ариунаас ариун газарт байсан бөгөөд Ехова ард түмэнтэйгээ хамт байгааг төлөөлдөг байжээ. Израйлчууд гэрээний авдрыг авч явбал ялна гэж бодсон нь мунхаг хэрэг байлаа. Гэрээний авдраа филистчүүдэд булаалгаж, Хофни Финехас хоёр алагдав (1 Сам. 4:3–11).

3 Шилогийн мөргөлийн асарт хэдэн зууны турш байсан гэрээний авдар харь үндэстний гарт оржээ. Үүнийг сонсоод 98 настай Ели сандалнаасаа гэдрэгээ унаж нас нөгчив. Бэр нь тэр өдөр бэлэвсэрч, төрөхийн хүндрэлээс болоод нас баржээ. Амьсгал хураахынхаа өмнө «Алдар нь Израилиас салав» гэж хэлэв. Үнэхээр ч Шило хот өмнөх шигээ биш болжээ (1 Сам. 4:12–22).

4. Энэ бүлгээр юу үзэх вэ?

4 Ийм хүнд хэцүү үеийг Самуел яаж давсан бэ? Еховагийн сайшаалыг алдсан элэг нэгтнүүддээ тусалж чадахаар бат итгэлтэй байсан уу? Бидэнд бас итгэлийг маань сорьсон янз бүрийн бэрхшээл тулгарч мэднэ. Тийм үед яах хэрэгтэйг Самуелаас сурцгаая.

Тэрээр «шударга зөвийг мэдүүлсэн»

5, 6. Библид Самуелын тухай нэг хэсэгтээ гардаггүй ч юуг онцлон бичсэн байдаг вэ? Самуел 20 жилийн турш юу хийж байсан бол?

5 Дээрх үйл явдлууд өрнөсний дараа Самуелын тухай Библид нэг хэсэгтээ гардаггүй. Харин филистчүүд гэрээний авдраас болж яаж зовсныг, израйлчууд руу хэрхэн буцааж явуулсныг нь онцлон бичсэн байдаг. Үүнээс хойших 20 жилийн хугацаанд юу болсныг Библид бичээгүй. Гэхдээ дараа нь болсон үйл явдлыг бичсэн байдаг бөгөөд тэнд Самуелын тухай дахин гардаг (1 Сам. 7:2). Тэгвэл тэр 20 жилийн хугацаанд Самуел юу хийж байсан бол? Библиэс хариуг нь мэдэх боломжтой.

Хайртай хүмүүсээсээ хагацсан элэг нэгтнүүдээ Самуел хэрхэн тайвшруулсан бол?

6 Израйлчуудыг филистчүүдтэй тулалдахаас бүр өмнө «Самуелын үг Израиль даяар тархаж» байв хэмээн Библид бий (1 Сам. 4:1). Бас 20 жилийн дараа ч хэвшсэн ёсоороо жил бүр Израйлын 3 хотод очиж ард түмнээ эргэж тойрон, хэргийг нь шүүдэг байв. Тэгээд Рамад байдаг гэртээ буцаж ирдэг байжээ (1 Сам. 7:15–17). Тийм учраас Самуел тэр хорин жилийн турш Еховад үйлчилж их ажил амжуулжээ.

Самуел 20 жилийн турш юу хийснийг Библид бичээгүй ч Еховад үйлчилж ихийг амжуулсан

7, 8. а) Самуел 20 жилийн дараа ард түмэндээ юу гэж хэлсэн бэ? б) Израйлчууд Самуелын сануулгыг хэрхэн хүлээн авсан бэ?

7 Елийн хөвгүүдийн ёс бус, бузар булай явдлаас болж хүмүүс Еховад итгэхээ больжээ. Олон хүн шүтээн шүтдэг болсон бололтой. Самуел израйлчуудыг Еховатай дотно болгохын тулд 20 жил нөр их хөдөлмөрлөснийхөө дараа ийн хэлжээ. «Хэрэв та нар бүх зүрх сэтгэлээрээ ЭЗЭНд эргэн хандаж байгаа бол, та нар дотроосоо харийн бурхад болон Аштаротыг зайлуулан, зүрх сэтгэлээ ЭЗЭНд хандуулан, зөвхөн Түүнд л үйлчил. ЭЗЭН та нарыг филистчүүдийн гараас аварна» (1 Сам. 7:3).

8 Израйлчууд «филистчүүдийн гарт» дарлуулж, эцэж туйлдсан байлаа. Филистчүүдэд ялагдаж эрхшээлд нь орсон байв. Харин Ехова руу эргэж ирвэл нөхцөл байдал сайжрахыг Самуел тэдэнд сануулжээ. Тэд түүнийг сонссон уу? «Израилийн хөвгүүд Баалууд болон Аштаротыг зайлуулан, зөвхөн ЭЗЭНд үйлчлэв». Самуел ихэд баярлаж Иерусалимын хойд талын Мизпа гэдэг уулархаг газар израйлчуудыг цуглууллаа. Тэд шүтээн шүтдэг байсандаа гэмшиж мацаг барьжээ (1 Самуел 7:4–6-г уншина).

Бурхны ард түмнийг Мизпад цуглахад филистчүүд тэднийг эрхшээлдээ оруулахаар иржээ

9. Филистчүүд яасан бэ? Аюул нүүрлэж байгааг мэдээд Бурхны ард түмэн яасан бэ?

9 Израйлчууд Мизпад цугласныг филистчүүд сонсжээ. Тэгээд Бурхны ард түмнийг устгахаар цэргүүдээ явууллаа. Аюул нүүрлэж байгааг мэдсэн израйлчууд айж түгшин Еховад залбирч өгөхийг Самуелаас гуйжээ. Тэрээр ард түмнийхээ төлөө залбирч тахил өргөж байтал Филистийн арми Мизпад тулж ирлээ. Тэгтэл Ехова Самуелын залбиралд хариулж «филистчүүдийн дээрээс хүчит аянга буулгажээ» (1 Сам. 7:7–10).

10, 11. а) Филистчүүдийн дээрээс буулгасан Еховагийн аянга жирийн биш байсан нь юунаас харагддаг вэ? б) Мизпад эхэлсэн тулалдааны үр дүн юу байсан бэ?

10 Филистчүүд жирийн аянга нүргэлэхийг сонсоод айхаар хүмүүс байсан уу? Үгүй. Тэд хал үзсэн эрэлхэг дайчид байсан шүү дээ. Тэгэхлээр энэ «хүчит аянга» жирийн нэг аянга биш байжээ. Чих дөжирөм чанга байсан юм болов уу? Эсвэл тэнгэр цэлмэг байхад гэнэт дуугарсан уу? Уул толгод дамжин цуурайтсан уу? Юутай ч филистчүүд айж тэвджээ. Довтолж байсан арми хормын дотор зугтах нь тэр. Израйлчууд Мизпагаас гарч Иерусалимын баруун өмнөд нутаг хүртэл тэднийг элдэн хөөсөөр бут цохижээ (1 Сам. 7:11).

11 Энэ нь израйлчуудын хувьд онцгой ялалт байлаа. Самуелыг шүүгч байх үед Филистийн армийн хүч суларч, улам доройтжээ. Израйлчууд хотуудаа нэг нэгээр нь буцаан авав (1 Сам. 7:13, 14).

12. Самуел яаж «шударга зөвийг мэдүүлж» байсан бэ? Юуны ачаар үргэлж хичээл зүтгэлтэй байсан бэ?

12 «Шударга зөвийг мэдүүлж» байсан үнэнч шүүгчид, зөнчдийн тухай элч Паул бичихдээ Самуелыг дурджээ (Евр. 11:32, 33). Үнэхээр ч Самуел Еховагийн хувьд зөв, сайн гэж тооцогддог бүхнийг хийхээс гадна бусдад зөв юм хийхийг уриалдаг байсан. Сэтгэл гонсойлгох юм бишгүй гарсан ч Еховаг тэвчээртэй хүлээж, тууштай үйлчилжээ. Үүнийхээ үрээр үргэлж хичээл зүтгэлтэй байдаг байв. Бас талархлаа илэрхийлдэг байжээ. Жишээ нь Мизпагийн тулалдаанд ялалт байгуулсны дараа Самуел Еховад зориулан хөшөө босгов. Энэ нь Ехова ард түмнээ аварсныг хойч үеийнхэндээ сануулах зорилготой байлаа (1 Сам. 7:12).

13. а) Самуелыг дуурайн ямар зан чанартай болох хэрэгтэй вэ? б) Эдгээр зан чанарыг хэзээнээс төлөвшүүлэх хэрэгтэй вэ?

13 Та «шударга зөвийг мэдүүлмээр» байна уу? Тийм бол Самуел шиг талархах сэтгэлтэй, тэвчээртэй, даруу болоорой (1 Петр 5:6-г уншина). Бид бүгдээрээ ийм хүн болохыг хичээх ёстой биш гэж үү? Самуел багаасаа эдгээр зан чанарыг төлөвшүүлсэн учраас сэтгэл гонсойлгосон олон бэрхшээлийг давж чадсан.

«Таны хөвгүүд ч таны замаар явахгүй байна»

14, 15. а) Самуел «өндөр настай» болсон хойноо сэтгэл шаналгасан ямар асуудалтай тулгарсан бэ? б) Самуел Ели шиг хариуцлагагүй эцэг байсан уу? Тайлбарлана уу.

14 Самуел «өндөр настай» болжээ. Тэр үед Самуелын хоёр хүү Иоел, Абиа насанд хүрсэн байлаа. Самуел тэдэнд итгэл хүлээлгэн «шүүгчид болгон томилов». Харамсалтай нь тэд эцгийнхээ итгэлийг хөсөрдүүлжээ. Эцэг нь үнэнч шударга байсан ч хөвгүүд нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, шударга ёсыг гуйвуулж, хахууль авдаг байв (1 Сам. 8:1–3).

15 Нэгэн өдөр Израйлын ахлагчид Самуелд гомдоллон «Таны хөвгүүд ч таны замаар явахгүй байна» гэжээ (1 Сам. 8:4, 5). Самуел үүнийг мэдэж байсан болов уу? Библид энэ тухай байдаггүй. Гэхдээ Самуел Ели шиг хариуцлагагүй эцэг байгаагүй. Ели ёс журамгүй хөвгүүдээ сахилгажуулалгүй, Еховагаас дээгүүр тавьсан. Тийм учраас Ехова түүнийг зэмлэж, эцэст нь шийтгэсэн (1 Сам. 2:27–29). Харин Самуелыг тэгж буруутгаагүй.

Тэрслүү хөвгүүд нь сэтгэлийг нь гонсойлгоход Самуел юуны ачаар үнэнч хэвээрээ байсан бэ?

16. Хүүхэд нь дуулгаваргүй байвал эцэг эхчүүд яаж зовдог вэ? Самуел эцэг эхчүүдэд ямар үлгэр дуурайл үлдээсэн бэ?

16 Самуел хөвгүүдийнхээ тухай сонсоод ичиж, санаа нь зовж, сэтгэлээр унасан биз ээ. Түүний сэтгэлийг ойлгодог эцэг эхчүүд олон бий. Өнөө үед эцэг эхдээ захирагддаггүй, дур зоргоороо авирладаг хүүхдүүд хаа сайгүй болжээ (2 Тимот 3:1–5-ыг уншина). Үүнээс болж зовж шаналж яваа эцэг эхчүүдэд Самуел үлгэр дуурайл болдог. Хөвгүүд нь Еховад үнэнч бус болсон ч тэрээр үнэнч хэвээрээ байсан. Эцэг эхчүүд ээ, та нар хүүхдэдээ хэчнээн зааж сургаж, сахилга батын арга хэмжээ авсан ч сонсохгүй байвал битгий сэтгэлээр унаарай. Үлгэр жишээ үзүүлдэг бол хэзээ нэгэн цагт хүчтэй нөлөөлнө гэдгийг санаарай. Та нар ч тэнгэрийн Эцэг Еховагаа Самуелын адилаар баярлуулах боломжтой шүү дээ.

«Биднийг захирах хааныг бидэнд томилж өгнө үү?»

17. Израйлын ахлагчид Самуелаас юу шаардсан бэ? Самуелд ямар санагдсан бэ?

17 Самуелын хөвгүүдийн шунахай, аминч зан юунд хүргэсэн бэ? Израйлын ахлагчид: «Одоо бусад улсуудын адилаар биднийг захирах хааныг бидэнд томилж өгнө үү?» гэж Самуелд хэлжээ. Өөрийг нь голж байгаа юм шиг санагдсан болов уу? Тэрээр олон арван жил Еховагийн төлөөлөгч болж тэднийг шүүж байсан шүү дээ. Харин одоо тэд шүүгчээ голж хаантай болохыг хүсжээ. Хөрш зэргэлдээх улс үндэстнүүд хаантай байсан учраас тэдэн шиг болохыг хүссэн хэрэг байв. Энэ нь Самуелд ямар санагдсан бэ? «Самуелын сэтгэлд нийцсэнгүй» гэж Библид бий (1 Сам. 8:5, 6).

18. Ехова Самуелыг хэрхэн тайвшруулсан бэ? Израйлчуудын нүгэл хэр ноцтой байсан бэ?

18 Самуелыг энэ талаар залбирахад Ехова юу гэж хариулсан бэ? «Ард олны чамд өгүүлэх бүхний талаарх тэдний дуу хоолойг сонсогтун. Учир нь тэд чамайг үл хэрэгсэж байгаа юм биш, харин тэднийг захирах хаан байхаас Намайг эсэргүүцэж байгаа хэрэг юм» гэв. Үүнийг сонсоод Самуел тайвширсан биз ээ. Израйлчууд үнэн хэрэгтээ Төгс хүчит Бурхныг доромжилсон юм! Ехова тэдэнд хүмүүн хаантай болбол ямар үр дагавар амсахыг нь Самуелаар хэлүүлжээ. Гэлээ ч тэд: «Үгүй. Харин биднийг захирах хаан байх ёстой» гэж шаарджээ. Самуел Еховаг үргэлж дуулгавартай дагадаг байсан учраас Еховагийн сонгосон хааныг тослохоор явав (1 Сам. 8:7–19).

19, 20. а) Саулыг хаанаар тосол гэсэн Еховагийн даалгаврыг Самуел ямар сэтгэлээр биелүүлсэн бэ? б) Самуел элэг нэгтнүүддээ хэрхэн тусалсан бэ?

19 Самуел даалгавраа ямар сэтгэлээр биелүүлсэн бэ? Үүрэг төдий хийсэн үү? Гуньж гутарснаасаа болоод уурлаж хорссон уу? Олон хүн тэгэх байсан байх. Гэхдээ Самуел тэгээгүй. Саулыг тосолж Еховагийн сонгосон хаан гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн. Шинэ хааныгаа үнсэж, захирагдахад бэлэн гэдгээ харуулав. Тэгээд ард түмэндээ «ЭЗЭНий сонгосон энэ хүнийг та нар харж байна уу? Үнэхээр бүх ард түмний дунд энэ хүнтэй эн зэрэгцэх хүн үгүй билээ» гэж хэлсэн (1 Сам. 10:1, 24).

20 Самуел Еховагийн сонгосон хүнээс өө сэв хайгаагүй. Харин сайхан зан чанарыг нь олж харжээ. Урваж шарвадаг ард түмнийхээ магтаал хүндлэлийг хүлээхийг бус Бурхандаа үнэнч байхыг Самуел голлон анхаардаг байв (1 Сам. 12:1–4). Бас даалгавраа үнэнчээр биелүүлсэн. Еховад үргэлж үнэнч байхыг ард түмэндээ уриалж, Еховатай тогтоосон харьцаандаа сэв суулгахгүйн тулд яах ёстойг нь зааж зөвлөжээ. Израйлчуудын сэтгэл хөдөлж, Бурхнаас өршөөл гуйн залбирч өгөхийг Самуелаас гуйлаа. Тэрээр: «Би та нарын төлөө залбирахгүйгээс болж ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэх нь надаас хол байг. Харин би та нарт сайн зөв замыг заана» хэмээжээ (1 Сам. 12:21–24).

Бид бусдад атаархаж, уурлах ёсгүйг Самуелын жишээ харуулдаг

21. Танаас өөр хүн хариуцлагатай үүрэг хүлээхээр болбол Самуелын жишээг санах нь ямар тустай вэ?

21 Танаас өөр хүн хариуцлагатай үүрэг хүлээж эсвэл онцгой завшаан эдлэхээр болоход та гуньж гутарч байсан уу? Бид бусдад атаархаж, уурлах ёсгүйг Самуелын жишээ харуулдаг (Сургаалт үгс 14:30-ийг уншина). Бурхан үйлчлэгч бүрдээ тохирсон ажил өгч, янз бүрээр ивээдэг.

«Чи хэдий хүртэл Саулын хойноос гашуудах юм бэ?»

22. Самуел Саулын сайхан зан чанарыг олж харсан нь яагаад зөв байсан бэ?

22 Самуел Саулын сайхан зан чанарыг олж харжээ. Үнэхээр ч Саул онцгой хүн байсан. Өндөр нуруутай, нүдэнд дулаахан, эр зоригтой, сэргэлэн цовоо, хамгийн гол нь даруу байв (1 Сам. 10:22, 23, 27). Саулд бас нэг үнэтэй бэлэг байсан нь сонгох эрх чөлөө юм. Энэ нь яаж амьдарч, юу хийхээ өөрөө шийдэх чадвар билээ (Д.хууль 30:19). Саул энэ чадвараа зөв ашигласан уу?

23. Саул хамгийн түрүүнд ямар зан чанараа гээсэн бэ? Биеэ тоодог болсон нь юунаас харагддаг вэ?

23 Эрх мэдэлтэй болсон хүн хамгийн түрүүнд даруу зангаа гээчихдэг талтай. Саул хаан болоод удаа ч үгүй байхдаа биеэ тоож эхэлсэн нь харамсалтай. Самуелаар дамжуулж Еховагийн өгсөн тушаалыг дагаагүй. Жишээ нь Саул тэвчээргүй загнаж Самуелын өргөх ёстой байсан тахилыг өргөжээ. Самуел түүнийг хатуу зэмлэж, үр удам нь хаан ширээг өвлөхгүйг зөгнөв. Саул сургамж авахын оронд улам дуулгаваргүй болжээ (1 Сам. 13:8, 9, 13, 14).

24. а) Саул амалекчуудтай дайтахдаа Еховагийн тушаалыг хэрхэн зөрчсөн бэ? б) Самуелыг зэмлэхэд Саул яасан бэ? Ехова ямар шийдвэр гаргасан бэ?

24 Амалекчууд руу дайлаар мордохыг Ехова Самуелаар дамжуулж Саулд тушаадаг. Амалекчуудын хорон хаан Агагийг алах ёстой байлаа. Гэвч Саул амийг нь хэлтрүүлээд зогсохгүй «устгахаар зориулагдсан юмнуудаас шилмэлийг нь» үлдээжээ. Самуел түүнийг зэмлэхээр ирэхэд Саулын үнэн нүүр царай нь илэрхий болов. Зэмлэлийг сонсохын оронд өөрийгөө өмөөрч, хэргээ булзааруулж, бусдад буруугаа тохжээ. Бас Еховад тахил өргөхийн тулд олзноос авсан мэтээр тайлбарлаж шийтгэлээс мултрахыг оролдов. Тийм учраас Самуел: «Харагтун, дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү» хэмээжээ. Тэрээр зоригтой байж Саулыг зэмлэн буруушааж, Еховагийн шийдвэрийг хэлэв. Ехова Саулыг хаан ширээнээс нь зайлуулж илүү сайн хүнийг хаан болгохоор шийджээ * (1 Сам. 15:1–33).

25, 26. а) Самуел яагаад Саулын төлөө гашуудсан бэ? Ехова зөнчийнхөө үзэл бодлыг яаж зассан бэ? б) Самуел Иессийнд очоод юу ойлгосон бэ?

25 Самуел Саулын үйлдсэн нүглүүдийг бодон гүнээ шаналж шөнөжингөө уйлан Еховад залбирчээ. Бас Саулын төлөө «ихэд гашуудаж байв». Уг нь Саул их ирээдүйтэй, сэтгэл татам зан чанартай хүн байсан юм. Ихийг хийж бүтээх хүн гэж бодож байсан ч итгэл найдвар нь ийнхүү талаар болжээ. Саул танигдахын аргагүй өөр хүн болсон байлаа. Еховад тэрсэлж, сайхан зан чанаруудаа гээжээ. Самуел Саултай дахин уулзахыг хүссэнгүй. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Ехова Самуелыг тайвшруулж, үзэл бодлыг нь засав. Ехова: «Би Саулыг Израилийн хаан байлгахаас нэгэнт татгалзсан учир чи хэдий хүртэл Саулын хойноос гашуудах юм бэ? Эвэртээ тос дүүргэн явагтун. Би чамайг Бетлехемийн хүн Иесси уруу илгээе. Учир нь Би түүний хөвгүүдийн дундаас Өөртөө хааныг сонгосон билээ» гэв (1 Сам. 15:34, 35; 16:1).

26 Еховагийн санаа зорилго гүйцэлдэх нь төгс бус хүний үнэнч байх эсэхээс шалтгаалдаггүй. Нэг үйлчлэгч нь үнэнч бус болбол Ехова өөр үйлчлэгчээ сонгоод санаж зорьсноо биелүүлдэг. Үүнийг ухаарсан Самуел Саулын хойноос харамсахаа больжээ. Еховагийн хэлсэн ёсоор Бетлехем рүү явж Иессийнд очлоо. Иессийн хөвгүүд бие бялдар, царай зүс сайтай байв. Гэхдээ хүнийг гаднах байдлаар нь дүгнэж болохгүйг Ехова Самуелд ойлгуулжээ (1 Самуел 16:7-г уншина). Тэгээд Самуел Иессийн отгон хүү Давидыг авчрууллаа. Ехова түүнийг сонгосон байв.

Сэтгэл гонсойлгом ямар ч асуудлыг Ехова шийдэж чаддаг, бүр ивээл болгон хувиргаж чаддагийг Самуел ойлгожээ

27. а) Самуелын итгэл юуны ачаар бэхэжсэн бэ? б) Самуел ямар сайхан жишээ үзүүлсэн гэж та боддог вэ?

27 Ехова Саулын оронд Давидыг сонгосон нь үнэхээр зөв байсныг Самуел насныхаа эцэст бүр сайн ойлгожээ. Саул Давидад атаархаж хорссондоо алахыг санаархах болов. Бас Еховад тэрсэлж засаршгүй хүн болжээ. Харин Давид эр зоригтой, бат итгэлтэй, үнэнч шударга хүн болохоо батлав. Өтөл буурал Самуелын итгэл улам бэхжиж байлаа. Сэтгэл гонсойлгом ямар ч асуудлыг Ехова шийдэж чаддаг, бүр ивээл болгон хувиргаж чаддагийг тэрээр ойлгожээ. Самуел бараг 100 насалж, Бурханд үнэнч байхын гайхалтай жишээ үзүүлсэн юм. Бат итгэлтэй Самуелыг нас барахад Израйл даяараа гашууджээ. Еховагийн орчин үеийн үйлчлэгчид бид өөрсдөөсөө «Би бат итгэлтэй Самуелыг дуурайдаг бил үү?» гэж асууцгаая.

^ д/м 24 Агаг хааныг Самуел цаазалжээ. Хорон муу тэр хаан ч, түүний гэрийнхэн ч өршөөл хүртэх зохисгүй хүмүүс байв. Хэдэн зууны дараа, Бурхны ард түмнийг үндсээр нь устгахыг оролдсон Хаман нь Агаг хааны удмын хүн байсан бололтой (Естер 8:3; энэ номны 15, 16-р бүлгийг үзээрэй).