Skip to content

Гарчиг руу орох

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ

Тэрээр алдаанаасаа сургамж авсан

Тэрээр алдаанаасаа сургамж авсан

1, 2. а) Иона өөртөө болон өрөөлд ямар гай тарьсан бэ? б) Ионад тохиолдсон явдлаас юу сурах вэ?

ИОНА бүхнийг мартаад нам гүм газар очихыг хэчнээн их хүснэ гээч! Чихэнд чийртэй чимээ хаа сайгүй сонсдоно. Догшин шуурга тавьж, далай асар хүчтэй давалгаална. Хайр найргүй нүдэх давалгаанд усан онгоц ийш тийш шидэгдэнэ. Модон их бие нь чахран дуугарч юу юугүй салж унах нь уу гэлтэй. Онгоцоо живүүлэхгүйн тулд амь өрсөн тэмцэж буй далайчдын орилолдох чимээ бүр ч аймшигтай сонсогдоно. Тун удахгүй өөрөөс нь болж тэд үхэх гэж байгааг Иона мэдэж байлаа.

2 Тэрээр яаж яваад ийм хүнд байдалд орчихов оо? Бурхныхаа тушаалыг санаатайгаар зөрчжээ. Чухам юу хийсэн юм бол? Засаршгүй алдаа гаргасан уу? Ионад тохиолдсон явдлаас сурах юм их бий. Бат итгэлтэй хүн ч алдаа гаргадгийг, бас алдаагаа засаж болдгийг мэдэж авъя.

Галилын зөнч

3-5. а) Хүмүүс Ионаг ямар хүн гэж боддог вэ? б) Ионагийн амьдрал ахуйн талаар Библиэс юу мэдэж болох вэ? (Зүүлт үзнэ үү). в) Ионагийн хувьд зөнч байх нь яагаад амаргүй байсан бэ?

Иона гэж сонсоод дутагдлыг нь шууд санадаг хүн цөөнгүй бий. Жишээ нь дуулгаваргүй, зөрүүд гэж боддог. Гэхдээ түүнийг тийм хүн төдийхнөөр дүгнэчихэж болохгүй. Ионаг зөв юм хийдэггүй, үнэнч бус байсан бол Ехова зөнчөө болгож, хариуцлагатай үүрэг оноох байсан гэж үү?

Иона олон сайхан зан чанартай хүн байсан

4 Библид Ионагийн амьдрал ахуйн талаар тийм ч их бичээгүй (Хаадын дэд 14:25-ыг уншина). Тэрээр Гат-хеферт өсчээ. Энэ нь Ионагаас хойш 800 жилийн дараа төрсөн Есүсийн өссөн Назараас дөрөвхөн километрийн зайтай хот ажээ. * Иона Израйлын хойд хаант улсын хаан II Иеробоамын үед зөнч байжээ. Елиа нас бараад олон жил өнгөрсөн байв. Халааг нь авсан Елиша ч Иеробоамын эцгийг хаан байхад нас баржээ. Елиа Елиша хоёр Еховагийн тусламжаар Баалын шүтлэгийг Израйлаас устгасан. Гэтэл израйлчууд дахин тэрсэлжээ. Хаан нь «ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлддэг» байлаа (Хаадын дэд 14:24). Тийм учраас Ионагийн хувьд зөнч байх амаргүй байсан нь дамжиггүй. Гэсэн ч тэрээр үнэнч тууштай үйлчилсэн.

5 Харин нэгэн өдөр Ионагийн амьдралыг өөрчлөх гэнэтийн явдал болов. Еховагаас туйлын хэцүү даалгавар авчээ. Ямар даалгавар авсан юм бол?

«Босож, агуу их хот Ниневе уруу оч»

6. Ехова Ионад ямар даалгавар өгсөн бэ? Иона яагаад айж зүрхшээсэн бэ?

6 Ехова Ионад «Босож, агуу их хот Ниневе уруу очиж, түүний эсрэг хашхир. Учир нь тэдний бузар булай нь Миний өмнө илэрхий гарч ирлээ» гэж хэлэв (Иона 1:2). Иона үүнийг сонсоод айж зүрхшээсэнд гайхах хэрэггүй. Ниневе хот зүүн зүгт 800 километр зайтай байжээ. Явган явахад бараг нэг сар болдог байв. Гэхдээ Иона хол зам туулахаас халширсан юм биш ээ. Харгис догшин, хэрцгий балмад ассиричуудад Еховагийн шүүх мэдээг тунхаглана гээд бод доо! Бурхны ард түмэн шүүх мэдээнд хайхрамжгүй хандаж байхад харь үндэстэн сонсоно гэж үү? Хожим нь «цуст хот» гэдгээрээ алдарших «агуу их хот Ниневед» Бурхны ганц үйлчлэгч юу хийж чадах вэ? (Нах. 3:1, 7).

7, 8. а) Иона яагаад зугтахаар шийдсэн бэ? б) Ионаг аймхай хулчгар хүн байсан гэж яагаад дүгнэх ёсгүй вэ?

7 Ионад дээрх бодлууд төрж байсан биз ээ. Юутай ч тэрээр зугтжээ. Ехова зүүн зүг рүү явахыг тушаасан ч тэрээр баруун зүг рүү явсан. Иоппа гэдэг боомт хотод очиж, Таршиш руу явах усан онгоцонд суулаа. Таршиш хот одоогийн Испани улсын нутагт байсан гэж зарим эрдэмтэн үздэг. Хэрэв тийм бол Ниневегээс 3 500 километр зайтай газар луу зугтсан гэсэн үг. Усан онгоцоор Их тэнгисийн нөгөө эрэгт хүрэхэд жил болдог байв. Иона Еховагийн өгсөн даалгаврыг биелүүлэхээс халширч, өөр тийшээ зугтахаар эрс шийджээ (Иона 1:3-ыг уншина).

8 Тэрээр аймхай хулчгар хүн байсан уу? Ионаг эр зориггүй хүн гэж яаран дүгнэх учиргүй. Хожим нь гайхалтай эр зориг гаргаж байсныг нь бид үзнэ. Иона бидний нэгэн адил төгс бус хүн байсан учраас янз бүрийн дутагдалтайгаа тэмцэж явсан (Дуу. 51:5). Тэгээд ч айдас хүйдэст автдаггүй хүн байдаггүй шүү дээ!

9. Еховагаас авсан даалгавраа биелүүлэхэд заримдаа яагаад амаргүй санагддаг вэ? Ийм үед юуг санах хэрэгтэй вэ?

9 Заримдаа Еховагийн өгсөн даалгаврыг биелүүлэхэд хэцүү, тэр байтугай боломжгүй мэт санагддаг. Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглахаас айж зүрхшээх үе бий (Мат. 24:14). «Бурханд бүх юм боломжтой» хэмээн Есүсийн хэлсэн чухал үгийг бид мартчих гээд байдаг талтай (Марк 10:27). Тийм учраас бид Ионаг яагаад айж зүрхшээснийг сайн ойлгодог. Тэрээр зугтаад ямар үр дагавар амссан бэ?

Дуулгаваргүй зөнчөө Ехова сахилгажуулсан нь

10, 11. а) Усан онгоц далайн эргээс хөдлөхөд Ионад юу гэж бодогдсон байж болох вэ? б) Усан онгоц болон далайчид ямар аюулд өртсөн бэ?

10 Ионаг усан онгоцонд суугаад холын аянд гарах гэж байна гээд төсөөлөөрэй. Финикийн ачааны онгоц байсан бололтой. Далайчид аян замдаа гарахад бэлдэж дор бүрнээ ажиллаж буйг Иона сонирхон харна. Усан онгоц далайн эргээс алгуурхнаар холдох тусам айж түгшсэн зүйл нь ард хоцорсон мэт санагджээ. Гэтэл гэнэт тэнгэр бүрхэв.

11 Догшин шуурга дэгдэхэд, орчин үеийн хөлөг онгоц ч тэсэхийн аргагүй асар хүчтэй давалгаа нөмрөх нь тэр. Тийм хүчтэй давалгаанд модон онгоц удаан тэсэх нь юу л бол. Далайн шуургыг Ехова дэгдээж байгааг Иона мэдсэн болов уу? Энэ талаар Библид байдаггүй. Гэхдээ «ЭЗЭН далайд хүчит салхи илгээсэн» гэж хожим нь бичжээ. Далайчид айсандаа бурхдаасаа тусламж гуйн хашхирлаа. Бурхад нь тусалж чадахгүйг Иона мэдэж байв (Лев. 19:4). Тэрээр: «Хөлөг онгоц сүйрэхэд хүрэв» гэжээ (Иона 1:4). Бурхнаасаа зугтаж яваа Иона тусламж гуйн залбирч зүрхлэх болов уу?

12. а) Шуурганаар унтсан Ионаг яагаад шүүмжлэх ёсгүй вэ? (Зүүлт үзнэ үү). б) Ехова шуурга дэгдээснийхээ шалтгааныг яаж мэдүүлсэн бэ?

12 Иона юу ч хийж чадахгүйгээ ойлгоод «хөлөг онгоцны доод хэсэгт орж хэвтээд, гүн нойрсжээ». * Онгоцны ахмад Ионаг олж, сэрээгээд бусдын адил бурхандаа хандан залбир гэв. Шуурга ер бусын хүчтэйг анзаарсан далайчид энэ бүхэн хэнээс болж байгааг мэдэх гэж «шавга татсанд уг шавга Иона дээр унав». Ехова Ионагаас болж шуурга дэгдээж, шавгыг ч түүн дээр буулгажээ (Иона 1:5–7-г уншина).

13. а) Иона ямар үнэнийг илчилсэн бэ? б) Иона далайчдад юу гэж хэлсэн бэ? Яагаад?

13 Иона далайчдад бүх үнэнээ илчилжээ. Төгс хүчит Бурхан Еховагийн үйлчлэгч гэдгээ хэлэв. Бурхнаасаа зугтаж яваа учраас энэ бүхэн болж байгааг ч хэлж өгчээ. Далайчид айх гайхах нь зэрэгцэв. Тэгээд эсэн мэнд гарахын тулд яах хэрэгтэйг Ионагаас асуув. Тэрээр юу гэж хариулах бол? Иона тэс хүйтэн, зах хязгаар нь харагдахгүй далайд живнэ гэхээс айн чичирнэ. Гэхдээ мэдсээр байж тэднийг үхүүлж яаж чадах билээ? Тийм учраас тэдэнд «Намайг барьж аваад, далай уруу хая. Тэгвэл далай та нарын төлөө намжина. Учир нь та нарын энэ хүчтэй шуурга надаас болж байгаа гэдгийг би мэднэ» гэлээ (Иона 1:12).

14, 15. а) Бат итгэлтэй Ионаг бид яаж дуурайх вэ? б) Далайчид Ионагийн үгийг сонсоод яасан бэ?

14 Аймхай хулчгар хүнээс ийм зориг гарна гэж үү? Тийм эгзэгтэй мөчид эр зориг гаргаж, хувиа хичээгээгүй үйлчлэгчээ хараад Ехова баярласан нь лавтай. Иона үнэхээр бат итгэлтэй хүн байжээ. Бид бусдын эрх ашгийг боддог бол Ионаг дуурайж байна гэсэн үг (Ёох. 13:34, 35). Та бусдад тусламжийн гараа сунгадаг уу? Жишээлбэл гачигдаж яваа нэгнээ хэрэгтэй зүйлээр нь хангадаг уу? Гуньж гутарсан, хагацал зовлон үзсэн нэгэндээ өмөг түшиг болдог уу? Бурхантай танилцахад нь бусдад тусалдаг уу? Итгэл нэгтэндээ урам зориг хайрладаг уу? Энэ бүхнийг хийхэд Ехова хэчнээн их баярладаг гээч!

15 Ионагийн үгийг сонсоод далайчдын сэтгэл хөдөлсөн бололтой. Тиймээс хүсэлтийг нь хүлээж авсангүй. Шуурга сөрж хамаг чадлаараа онгоцоо сэлүүрдэхийг оролдсон ч дийлсэнгүй. Шуурга улам бүр ширүүссэн тул Ионаг ус руу шидэхээс өөр аргагүй болов. Тэд Ионагийн Бурхан Еховагаас өршөөл гуйн залбираад түүнийг далай руу шиджээ (Иона 1:13–15).

Далайчид Ионаг хэлснийх нь дагуу далай руу шиджээ

Иона өршөөл хүртэж, аврагдсан нь

16, 17. Далай руу шидэгдсэний дараа Ионад юу тохиолдсон бэ? (Зураг үзнэ үү).

16 Усан онгоц холдон холдсоор. Иона ширүүн давалгаанд живж үхэхгүйн тулд амь өрсөн тэмцэнэ. Гэвч хүчтэй давалгаанд дийлдэн живж эхлэх нь тэр. Усны гүн рүү доошлох тусам ямар ч найдвар байхгүй мэт санагдана.

17 Тэр үед юу бодож байснаа Иона хожим нь бичжээ. Туулж өнгөрүүлсэн амьдрал нь нүднийх нь өмнүүр жирэлзээд өнгөрөв. Дуулгаваргүй загнаснаасаа болж Еховагийн сайшаалыг үүрд алдлаа гэж боджээ. Живэн живсээр далайн ёроолд орших «уулсын бэлд» хүрч, толгойг нь замаг орооход яг л булшиндаа орж байгаа юм шиг санагджээ (Иона 2:2–6-г уншина).

18, 19. Далайн гүнд Ионад юу тохиолдсон бэ? Ямар амьтан байсан бэ? Эдгээр үйл явдлын цаана хэн байсан бэ? (Зүүлт үзнэ үү).

18 Гэхдээ байзаарай! Асар том бараан дүрс хөдлөх шиг болов. Тэгснээ өөрийг нь чиглээд ирлээ. Амаа том гэгч нь ангайлгаад залгичихав!

Ехова «Ионаг залгиулахаар аварга загасыг бэлдсэн»

19 Ингээд л бүх юм дууслаа гэж Иона бодсон биз ээ. Гэтэл гайхалтай юм болов. Амьтны ходоодонд орсон хэр нь гэмтэж бэртсэнгүй, амьсгаа нь ч давчдахгүй байлаа. Үхэхээс өөр замгүй байсан боловч амьд байх нь тэр! Хэсэг хугацааны дараа Ехова Бурхнаа биширчээ. Яагаад гэвэл Бурхан нь түүнийг «залгиулахаар аварга загасыг бэлдсэн» байв * (Иона 1:17).

20. Аварга загасны гэдсэн дотор залбирснаас нь Ионагийн талаар юу мэдэж болох вэ?

20 Хэдэн цаг өнгөрөв. Хэзээ ч үзэж байгаагүй түнэр харанхуйд Иона элдвийг бодож Ехова Бурхандаа залбирчээ. Юу гэж залбирсан нь «Иона» номны 2 дугаар бүлэгт байдаг бөгөөд эндээс Ионагийн талаар ихийг мэдэж болдог. Тэрээр «Дуулал» номноос олон удаа эш татсаныг бодож үзвэл Судрыг маш сайн мэддэг байжээ. Бас талархах сэтгэлтэй хүн байсан нь харагддаг. Иона залбирлынхаа төгсгөлд «Би талархлын дуугаар Танд тахил өргөнө. Юу тангарагласнаа би биелүүлнэ. Аврал ЭЗЭНээс ирдэг юм» гэжээ (Иона 2:9).

21. Иона авралын талаар юу ойлгосон бэ? Бид юуг санаж явах ёстой вэ?

21 Иона «загасны гэдсэнд» байхдаа нэг чухал зүйлийг ойлгожээ. Ехова хэнийг ч, хэзээ ч, хаана ч аварч чаддаг (Иона 1:17). Ехова авраагүй бол Иона аварга загасны гэдсэнд гурван өдөр гурван шөнө амьд байж чадах байсан гэж үү? Бурхан бидний «амь амьсгалыг ... мутартаа атгаж барьдгийг» санаж явцгаая (Дан. 5:23). Амьд байгаа маань Бурхны л ач. Та үүнд талархдаг уу? Еховад дуулгавартай байдаг бол талархдагаа харуулж байна гэсэн үг.

22, 23. а) Ионагийн талархах сэтгэлтэй эсэх нь хэрхэн шалгагдсан бэ? б) Алдаа гаргасан үедээ Ионаг яаж дуурайх вэ?

22 Иона Еховад дуулгавартай байж талархлаа илэрхийлсэн үү? Тийм ээ. Гурван өдөр гурван шөнийн дараа загас «бөөлжин Ионаг хуурай газар гаргав» (Иона 2:10). Иона далайн эрэг рүү сэлэх хэрэггүй байсан гээд бод доо! Гэхдээ хаана байгаагаа мэдэж, хаашаа явахаа бодох хэрэгтэй байсан нь ойлгомжтой. Тун удалгүй Ионагийн талархах сэтгэлтэй эсэх нь шалгагдав. «ЭЗЭНий үг Ионад хоёр дахь удаагаа ирж, “Босож, их хот Ниневе уруу очиж, Миний чамд айлдах гэж байгаа тунхгийг тунхагла” гэжээ» (Иона 3:1, 2). Үүнийг сонсоод Иона яасан бэ?

23 Тэрээр эргэлзэж тээнэгэлзсэнгүй. «Иона босож, ЭЗЭНий үгийн дагуу Ниневед очив» (Иона 3:3). Алдаанаасаа сургамж авч Еховаг дуулгавартай дагажээ. Ийм сайхан жишээ үзүүлсэн Ионаг дуурайх нь зүйтэй. Бид бүгдээрээ нүгэлтэй учраас алдаж энддэг (Ром 3:23). Гэхдээ үүнээсээ болоод Бурханд үйлчлэхээ болих уу? Эсвэл алдаанаасаа сургамж аваад Бурхандаа дуулгавартай байх уу?

24, 25. а) Иона амьд байхдаа ямар ивээл хүртсэн бэ? б) Иона ирээдүйд юуны тухай мэдэх вэ?

24 Ехова дуулгавартай Ионаг ивээсэн. Яаж? Юуны түрүүнд, далайчид амьд үлдсэнийг Иона мэдэв. Эр зориг гаргаж, далай руу шидэгдсэнийх нь дараа шуурга намжжээ. Далайчид «ихэд эмээсэн» учраас хуурамч бурхаддаа бус, харин Еховад тахил өргөсөн аж (Иона 1:15, 16).

25 Хожим нь Иона бүр ч том ивээл хүртсэн. Есүс булшинд буюу Шеолд байх үеэ Ионагийн загасны гэдсэнд байсан үетэй зүйрлэжээ (Матай 12:38–40-ийг уншина). Иона дэлхий дээр амилсныхаа дараа үүнийг сонсоод хэчнээн их баярлах бол! (Ёох. 5:28, 29). Ехова таныг ч бас ивээхэд бэлэн байдаг. Та Ионаг дуурайн алдаанаасаа сургамж авч, дуулгавартай байж, эрх ашгаа хойш нь тавьдаг уу?

^ д/м 4 Иона Галилын зөнч билээ. Фарисайчууд Есүст «Судрыг судлаад ямар ч зөнч Галилаас гарахгүйг мэдэж ав» хэмээн дээрэнгүй хэлж байсныг онцлууштай (Ёох. 7:52). Тэд эрдэм боловсролгүй хүмүүсийн нутаг Галилаас зөнч гарах боломжгүй гэж боддог байсан бололтой. Тийм учраас фарисайчууд дээрх үгийг ор үндэсгүй хэлсэн гэж Библийн орчуулагч, судлаачид үздэг. Энэ нь үнэн бол фарисайчууд түүхийг ч, зөгнөлийг ч үл тоомсорлодог байсан гэсэн үг (Ис. 9:1, 2).

^ д/м 12 Иона бөх гэгч нь унтаж байсныг «Септуагинт» орчуулгад онцолсон байдаг. Түүнийг хурхирсан гэж бичжээ. Өөрийнх нь ч, өрөөл бусдын ч амь нас хутганы ирэн дээр байхад Иона яагаад унтсан бэ? Хэнэггүй царайлсан хэрэг үү? Үгүй. Сэтгэл нь гүн хямарсан хүн өөрийн эрхгүй нойрондоо дийлддэгийг саная. Жишээлбэл Есүсийг Гетсемани цэцэрлэгт шаналж байхад Петр Яаков Ёохан гурав «уй гунигаасаа болж» унтчихсан шүү дээ (Лук 22:45).

^ д/м 19 «Загас» гэж орчуулсан еврей үгийг «далайн мангас», «аварга загас» хэмээн грек хэл рүү буулгадаг. Яг ямар амьтан байсныг тодорхой хэлэх аргагүй ч Газрын дундад тэнгист хүнийг бүтнээр нь залгих чадалтай аварга загас байдаг нь тогтоогджээ. Бусад далай тэнгист үүнээс ч том загас бий. Халиман аварга загас л гэхэд дунджаар 15 метр урт байдаг!