Ёоханы бичсэн сайн мэдээ 13:1–38

  • Есүс шавь нарынхаа хөлийг угаав (1-20)

  • Юудас урвахыг Есүс тодорхойлов (21-30)

  • Шинэ тушаал (31-35)

    • «Та нар бие биеэ хайрладаг бол» (35)

  • Петрийн үгүйсгэхийг зөгнөв (36-38)

13  Дээгүүр өнгөрөх баяр болох гэж байв. Есүс энэ ертөнцийг орхиж, Эцэгтээ очих цаг нь болсныг мэдэж байлаа. Есүс хайртай дагалдагчдаа амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл хайрласан юм.  Бүгдээрээ оройн зоог барьж байлаа. Диавол Есүсийг барьж өгөх бодлыг Симоны хүү Искариот Юудаст төрүүлсэн байв.  Эцэг нь бүх юмыг өөрт нь даатгасныг, мөн Бурхны байдаг газраас ирээд буцах гэж байгаагаа мэдэж байсан Есүс  босож, гадуур хувцсаа тайлаад алчуур авч бүслэв.  Тэгээд саванд ус хийгээд шавь нарынхаа хөлийг угааж, бүсэлсэн алчуураараа арчиж эхлэв.  Ингээд Петр гэгддэг Симон руу очиход тэрээр: «Эзэн, та миний хөлийг угаах гэж үү?» гэлээ.  Есүс: «Миний юу хийж байгааг чи одоо ойлгохгүй. Хожим ойлгоно» гэхэд  Петр: «Би хэзээ ч танаар хөлөө угаалгахгүй» гэж өчив. Тэгэхээр нь Есүс: «Надаар угаалгахгүй бол чи надад хамаагүй болно» гэжээ.  Петр гэгддэг Симон: «Эзэн, тэгвэл зөвхөн хөлөө биш, гар, толгойгоо бас угаалгая» гэв. 10  Есүс түүнд «Биеэ угаасан хүн хөлөө л угаалгахад болно. Тэгээд бүх бие нь цэвэр болно. Та нар цэвэр байгаа. Гэхдээ бүгдээрээ биш шүү» гэж хэллээ. 11  Учир нь Есүс өөрийг нь барьж өгөх хүнийг мэдэж байв. Тиймээс «Та нар бүгдээрээ цэвэр биш шүү» хэмээжээ. 12  Есүс тэдний хөлийг угаасны дараа гадуур хувцсаа өмсөн ширээнд тухлан суугаад «Та нарын хөлийг яагаад угаасныг ойлгож байна уу? 13  Та нар намайг “Багш”, “Эзэн” гэдэг. Энэ нь ч зөв. Би бол Багш, Эзэн. 14  Би Эзэн, Багш мөртлөө та нарын хөлийг угаасан бол та нар бас нэг нэгнийхээ хөлийг угаах ёстой*. 15  Миний хийснийг хийгээсэй гэсэндээ би та нарт жишээ үзүүлсэн. 16  Боол эзнээсээ, илгээгдсэн нэгэн нь илгээсэн нэгнээс агуу биш гэдгийг батлан хэлье. 17  Та нар эдгээрийг мэдээд зогсохгүй үйлддэг бол жаргалтай байна. 18  Та нарыг бүгдийг нь хэлсэн юм биш ээ. Би сонгосон хүмүүсээ мэднэ. Гэхдээ “Надтай хамт талх идэж байгаа нэгэн надаас урвасан*” гэж сударт бичсэн нь биелэх ёстой учир ийм явдал болсон. 19  Үүнийг биелэх цагт намайг тэр мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд биелэхээс нь өмнө одоо хэлж байна. 20  Би батлан хэлье. Миний явуулсан хэнийг ч хүлээж авдаг хүн намайг бас хүлээн авч байгаа хэрэг. Намайг хүлээж авдаг хүн намайг явуулсан Нэгнийг бас хүлээн авч байгаа хэрэг» гэж өгүүлэв. 21  Ийн өгүүлээд Есүс ихэд шаналж, «Би батлан хэлье. Та нарын нэг надаас урвана» хэмээн шулуухан хэлэв. 22  Хэний тухай хэлснийг ойлгоогүй шавь нар нь бие биеэ харцгаав. 23  Есүсийн дэргэд нэг шавь нь сууж байлаа. Есүс түүнд илүү хайртай байв. 24  Тиймээс Петр гэгддэг Симон түүн рүү толгой дохиж «Хэний тухай яриад байгааг хэлээч» гэжээ. 25  Өнөөх шавь Есүсийн чээжийг налж «Эзэн, та хэнийг хэлж байна вэ?» гэлээ. 26  Есүс: «Би энэ талхыг дүрээд хэнд өгнө, тэр нь мөн» хэмээв. Тэгээд дүрсэн талхаа Искариот Симоны хүү Юудаст өгөв. 27  Юудас талхыг авахад Сатан түүнийг эзэмдэв. Тиймээс Есүс түүнд «Хийж байгаагаа түргэн хий» гэжээ. 28  Харин зоог барьж байсан хүмүүсийн хэн нь ч энэ үгийн учрыг ойлгосонгүй. 29  Юудас мөнгөний хайрцаг хариуцдаг учраас Есүс түүнд «Баяраар хэрэглэх юм ав», эсвэл «Ядууст юм өг» гэж хэлж байна даа хэмээн зарим нь боджээ. 30  Юудас талх аваад тэр даруй гарч одов. Тэгэхэд шөнө байлаа. 31  Юудасыг явсны дараа Есүс: «Одоо хүний Хүү алдаршина. Хүүгийнхээ улмаас Бурхан алдаршина. 32  Бурхан өөрөө Хүүгээ алдаршуулна, даруй алдаршуулна. 33  Балчир хүүхдүүд ээ, би та нартай хамт хэсэг зуур байна. Та нар намайг хайна. “Миний очих газар та нар очиж чадахгүй” гэж иудейчүүдэд хэлснээ та нарт ч хэлье. 34  Бие биеэ хайрла гэсэн шинэ тушаалыг би өгч байна. Би та нарыг яаж хайрласны адил та нар бие биеэ тийн хайрла. 35  Та нар бие биеэ хайрладаг бол үүгээр тань бүх хүн та нарыг миний шавь гэж мэднэ» хэмээн захижээ. 36  Петр гэгддэг Симон: «Эзэн, та хаашаа явах юм бэ?» гэхэд Есүс: «Миний явах газар чи одоо очиж чадахгүй. Харин хожим очно» гэв. 37  Петр: «Эзэн, яагаад одоо чадахгүй гэж? Таны төлөө би амиа ч өгнө» гэхэд 38  Есүс: «Чи миний төлөө амиа өгнө гэж үү? Би чамд батлан хэлье. Чи намайг гурвантаа үгүйсгэхээс нааш азарган тахиа донгодохгүй» хэмээлээ.

Зүүлт

Эсвэл «үүрэгтэй»
Үгч. «миний эсрэг өсгийгөө өргөсөн»