Эхлэл 7:1–24

  • Хөвөгч авдарт оров (1-10)

  • Дэлхий үерт автав (11-24)

7  Тэгээд Ехова Ноад «Чи гэрийнхэнтэйгээ хөвөгч авдарт ор. Яагаад гэвэл би чамайг энэ үеийнхний дундаас үнэнч шударга хүн гэж үзсэн.  Чи цэвэр амьтны төрөл бүрээс долоог* эр эмээр нь, бузар амьтны төрөл бүрээс хоёрыг эр эмээр нь,  түүнчлэн тэнгэрийн шувуудаас долоог* эр эмээр нь авч ор. Тэгвэл амьтад устаж мөхөхгүй бөгөөд үржиж олшроод дэлхийгээр тархана.  Би долоон хоногийн дараа 40 өдөр, 40 шөнийн турш бороо оруулж, өөрийнхөө бүтээсэн амьтай бүхнийг газрын гадаргаас арчина» гэж айлджээ.  Ноа Еховагийн тушаасан бүхнийг биелүүлэв.  Ноаг 600 настай байхад дэлхий дээр үер буужээ.  Ноа эхнэр, хөвгүүд, бэрүүдтэйгээ үер буухаас өмнө хөвөгч авдарт орсон юм.  Цэвэр ба бузар бүх амьтан, жигүүртэн амьтад, газар дээр хөдөлдөг бүх амьтан  хос хосоороо буюу эр эмээрээ Ноа дээр очиж, хөвөгч авдар луу Бурхны Ноад хэлснээр оржээ. 10  Долоон хоногийн дараа дэлхий дээр үер буужээ. 11  Ноаг 600 нас хүрсэн тэр жилийн хоёр дахь сарын 17-ны өдөр буюу яг тэр өдөр тэнгэрийн бүх ус сад тавьж, тэнгэр дэх усны бүх хаалга нээгдэв. 12  Тэгээд 40 өдөр, 40 шөнийн турш дэлхий дээр бороо цутгажээ. 13  Тэр өдөр Ноа хөвгүүд буюу Шем, Хам, Иафет, бас эхнэр, гурван бэртэйгээ хөвөгч авдарт орсон билээ. 14  Бас бүх зэрлэг амьтан төрөл төрлөөрөө, бүх мал адгуус төрөл төрлөөрөө, хэвлээр явагч бүх амьтан төрөл төрлөөрөө, бүх нисдэг амьтан төрөл төрлөөрөө буюу бүх шувуу, бусад жигүүртэн амьтан орсон. 15  Амин амьсгалтай бүх амьтан хос хосоороо Ноагийн байсан авдарт орж байлаа. 16  Ийнхүү бүх амьтан эр эмээрээ Бурхны Ноад тушааснаар орсон юм. Ноаг орсны дараа Ехова хаалгыг нь хаав. 17  Дэлхий дээр 40 хоног үер буужээ. Ус нэмэгдсээр хөвөгч авдар газраас хөндийрч, нэлээн дээш өргөгдөв. 18  Ус улам бүр нэмэгдэж, газар дэлхий усанд автав. Харин авдар усны мандал дээгүүр хөвж байлаа. 19  Газар дэлхий бүхэлдээ усанд автсан учир тэнгэрийн доорх бүх өндөр уул далд оржээ. 20  Ус уулсаас дээш 15 тохой* болсон байлаа. 21  Иймд газар дэлхий дээрх хөдөлдөг, амьтай бүхэн буюу жигүүртэн амьтад, мал амьтад, зэрлэг амьтад, сүргээрээ амьдардаг амьтад болон нийт хүн төрөлхтөн устжээ. 22  Хуурай газар дээрх амин амьсгалтай бүхэн үхэв. 23  Бурхан ийнхүү хүн, мал адгуус, зэрлэг амьтан, хэвлээр явагч, тэнгэрийн шувууд гээд амьтай бүхнийг газрын хөрснөөс арчив. Тэднийг бүгдийг нь дэлхийгээс устгасан юм. Гагцхүү Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байсан бүхэн эсэн мэнд үлдэв. 24  Газар дэлхий усанд автсан хэвээр 150 хоножээ.

Зүүлт

Эсвэл «бүх цэвэр амьтнаас долоон хосыг» гэсэн бололтой.
Эсвэл «тэнгэрийн шувуудаас долоон хосыг» гэсэн бололтой.
1 тохой нь 44,5 см. Хавсралт Б14-ийг үзнэ үү.