Skip to content

Библи өөр хоорондоо зөрчилддөг үү?

Библи өөр хоорондоо зөрчилддөг үү?

Библид юу гэж байдаг вэ?

 Өөр хоорондоо зөрчилддөггүй. Библи бүхэлдээ уялдан зохицдог. Хэдийгээр Библийн зарим зүйл өөр хоорондоо зөрчилддөг юм шиг санагддаг ч, дараах зарчмуудаас аль нэгийг эсвэл хэдийг нь хэрэгжүүлж үзвэл тэдгээр зүйлийг зөв ойлгож болно.

  1.   Хам сэдэвтэй нь холбож үзэх. Аливаа зохиолчийн бичсэн зүйлийг хам сэдэвтэй нь холбож авч үзэхгүй бол өөр хоорондоо зөрчилддөг юм шиг санагдаж болох юм.

  2.   Зохиолчийнх нь зүгээс бодож үзэх. Хүмүүс харсан зүйлээ үнэн зөв тайлбарлаж болох ч, яг ижилхэн үгээр илэрхийлэх юм уу нэг бүрчлэн дурдахгүй.

  3.   Түүхэн баримтууд болон тухайн үеийн зан заншлыг анхаарах.

  4.   Тухайн үгийг шууд утгаар хэрэглэсэн үү, шилжсэн утгаар хэрэглэсэн үү гэдгийг ялгаж салгах.

  5.   Хүний гардан хийгээгүй ажлыг тухайн хүнд хамааруулсан байж болохыг ойлгох. a

  6.   Үнэн зөв орчуулгатай Библи унших.

  7.   Библийн зүйлийг шашны хуурамч сургаалтай холбож ойлгохгүй байх.

 Өөр хоорондоо зөрчилдөж байгаа юм шиг санагддаг Библийн зүйлүүдийг дээрх зарчмуудын дагуу хэрхэн зөв ойлгож болохыг авч үзье.

1-р зарчим: Хам сэдвийг нь харах

  Бурхан долоо дахь өдөр амарсан юм бол яаж ажилласаар байна вэ? Эхлэл номд байдаг бүтээлийн тухай түүхийн хам сэдвийг үзвэл, Бурхны «хийж бүтээсэн ажил нь дууссан учир долоо дахь өдөртөө Тэрээр амарчээ» гэж бичсэн байдаг. Энэ зүйлд гарч буй ажил гэдгээр Бурхны дэлхий дээр хийж бүтээсэн бүхнийг хэлдэг (Эхлэл 2:2–4). Есүс үүнийг үгүйсгээгүй ч Бурхан «одоо болтол ажилласаар байна» гэж хэлсэн байдаг (Иохан 5:17). Энд тэрээр, Бурхны хийдэг бусад ажлуудынх нь тухай ярьж байсан. Бурхан хүмүүсээр Библийг бичүүлэхдээ ариун сүнсээрээ удирдсан нь, хүн төрөлхтөнд санаа тавьж, удирдан чиглүүлдэг нь Түүний хийдэг ажлуудын нэг хэсэг юм. (Дуулал 20:6; 105:5; 2 Петр 1:21).

2, 3-р зарчим: Бичсэн хүнийх нь үзэл бодол ба түүхэн баримтыг анхаарах

  Сохор хүнийг Есүс хаана эдгээсэн бэ? Лук номд, Есүс «Иериход ойртон ирэх үед» нэгэн сохор хүнийг эдгээсэн гэж бичсэн байхад Матай номд хоёр сохор хүний тухай дурдаж, уг үйл явдал Есүсийг «Иерихогоос гарч явахад» болсноор бичжээ (Лук 18:35–43; Матай 20:29–34). Үнэндээ, эдгээр хоёр зүйлийг бичигчид нь тэрхүү үйл явдлыг өөр өөр талаас нь харж, нэгнийхээ бичээгүй зүйлийг бичсэн байна. Тэнд хоёр хүн байсан гэж Матай тодорхой бичжээ. Харин Лук, Есүсийн анхаарч байсан нэгэн сохор хүнийг онцолсон. Газар зүйн хувьд, Есүсийг амьдарч байх үеийн Иерихо нь хоёр хотоос бүрддэг байсныг археологичид илрүүлжээ. Нэг нь Ромын үед баригдсан шинэ Иерихо, нөгөө нь тэндээс километр хагасын зайтай орших иудейчүүдийн амьдардаг эртний Иерихо хот байв. Тиймээс, Есүс энэ гайхамшгийг үйлдэхдээ хоёр хотын дунд байсан бололтой.

4-р зарчим: Шууд болон шилжсэн утгатай үг хэллэг хэрэглэсэн байдгийг бодож үзэх

  Дэлхий сүйрэх үү? Библид байдаг Номлогчийн үгс номын 1:4-т «дэлхий ертөнц үүрд үлддэг» гэж байдаг. Харин өөр зүйлд «аливаа бодисууд нь галд устгагдах бөгөөд газар ... шатаагдана» гэж бий (2 Петр 3:10). Тэгвэл эдгээр зүйл хоорондоо зөрчилддөг үү? Библид «газар», «дэлхий» гэдэг үгийг шууд утгаар ч, шилжсэн утгаар ч хэрэглэх нь байдаг. Шууд утгаараа манай гаргийг, шилжсэн утгаараа дэлхий дээр амьдран буй хүмүүсийг хэлдэг (Эхлэл 1:1; 11:1). Тиймээс 2 Петр 3:10-т «газар шатаагдана» гэдгээр дэлхий ертөнцийг биш, харин «бурханлаг бус хүмүүсийн сүйрлийн» тухай хэлжээ (2 Петр 3:7).

5-р зарчим: Үйл явдлыг хэнд хамааруулсныг бодох

  Зуутын даргын гуйлтыг Капернаумд байгаа Есүст хэн хүргэсэн бэ? Матай 8:5, 6-д бичсэнээр зуутын дарга өөрөө Есүс рүү ирсэн гэж байдаг. Харин Лук 7:3-т Есүст гуйлтаа уламжлуулахаар иудейчүүдийн ахлагчдыг явуулсан тухай гардаг. Хоорондоо зөрчилдөж байгаа юм шиг санагдах эдгээр зүйлийг дараах байдлаар ойлгож болох юм. Зуутын дарга анх хүсэлтээ гаргаад ахлагчдыг төлөөлөгчөө болгон явуулжээ.

6-р зарчим: Үнэн зөв орчуулгыг сонгох

  Хүмүүс бүгдээрээ нүгэлтэй юү? Библид бичсэнээр хүмүүс бүгдээрээ анхны хүн Адамаас нүгэл өвлөн авсан билээ (Ром 5:12). Харин зарим орчуулгад сайн хүн «нүгэл үйлддэггүй» гэж байдаг нь эдгээр зүйлийг хоорондоо зөрчилдөж буй мэт санагдуулдаг (1 Иохан 3:6). Хэдий тийм ч, 1 Иохан 3:6-д хэрэглэсэн «нүгэл үйлдэх» гэдэг үйл үг нь грек эх хэлнээ, үргэлжилж буй үйлдлийг заасан одоо цаг дээр байдаг аж. Өвлөж авсан, зугтах аргагүй нүгэл нь Бурхны хуулийг зориудаар зөрчин байнга үйлддэг нүглээс ялгаатай. Тиймээс, энэ зүйлийг зөв ойлгуулах үүднээс зарим орчуулгад «нүгэл давтан үйлддэггүй» гэсэн үг ашиглажээ («Phillips» орчуулга).

7-р зарчим: Шашны сургаалыг биш Библийг анхаарах

  Есүс Бурхантай эн тэнцүү юү? Эсвэл Бурхныхаас доогуур байр суурьтай юу? Есүс нэгэн удаа «Би болон Эцэг нэг юм» гэж хэлсэн. Мөн тэрээр «Эцэг Надаас илүү аугаа юм» гэж хэлсэн удаатай (Иохан 10:30; 14:28). Тэгвэл эдгээр зүйл хоорондоо зөрчилддөг болов уу? Эдгээрийг шууд Гурвалын сургаалтай холбож ойлгохын оронд Ехова Есүс хоёрын тухай Библид чухам юу гэж байдгийг мэдвэл зөв ойлгож чадна. Библид, Еховаг Есүсийн Эцэг төдийхнөөр бус Есүсийн шүтдэг цорын ганц Бурхан хэмээн бичсэн байдаг (Матай 4:10; Марк 15:34; Иохан 17:3; 20:17; 2 Коринт 1:3). Тиймээс Есүс Бурхантай эн тэнцүү биш юм.

 Есүс «Би болон Эцэг нэг юм» гэж хэлэхээсээ өмнө Эцэг Ехова Бурхантайгаа санаа зорилго нэгтэй байдгаа ярьж байсан. Дараахан нь тэрээр: «Миний дотор Эцэг байгааг, Эцэгийн дотор Би байгааг та нар мэдэж, ойлгоно» гэжээ (Иохан 10:38). Есүс Эцэгтэйгээ эв нэгдэлтэй байдаг шигээ дагалдагчдаа мөн эвтэй байгаасай гээд «Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд Таны Надад өгсөн сүр жавхланг Би тэдэнд өгсөн билээ. Би тэдний дотор, Та Миний дотор байдаг» хэмээн Бурханд залбирчээ (Иохан 17:22, 23).

a Жишээлбэл, Британника нэвтэрхий тольд Таж Махалыг «Их Моголын эзэнт гүрний хаан шах Жахаан» барьсан гэж байдаг. Тус өгүүлэлд цааш нь, «энэ барилгыг барихын тулд 20 000 гаруй урчуудыг авчирсан» гэж байдаг. Үүнээс үзвэл шах Жахаан нь энэ ажилд биечлэн оролцоогүй байх нь.