Матайн бичсэн сайн мэдээ 4:1–25

  • Сатан Есүсийг сорив (1-11)

  • Есүс сайн мэдээ түгээх ажлаа Галилаас эхлэв (12-17)

  • Анхны шавь нар (18-22)

  • Есүс сайн мэдээ тунхаглав, заав, эдгээв (23-25)

4  Есүс Бурхны агуу хүчээр удирдуулан цөлд очиход Диавол түүнийг сорив.  Есүс 40 өдөр, 40 шөнө мацаг бариад өлссөн байлаа.  Соригч ирээд Есүсийг сорин «Хэрэв чи Бурхны хүү юм бол энэ чулуунуудад “Талх бол” гэж хэл л дээ» гэхэд  Есүс: «“Амьд явахын тулд хүн зөвхөн талх идэх бус, Еховагийн* хэлсэн үг бүрийг дагах ёстой” гэж бичсэн байдаг» хэмээн хариулав.  Тэгтэл Диавол Есүсийг ариун хотод авчраад сүмийн орой дээр зогсоож,  «Хэрэв чи Бурхны хүү юм бол доошоо үсэр. Учир нь “Бурхны тушаалаар тэнгэрийн элчүүд чамайг тосоод авна. Тиймээс чи хөлөө чулуунд цохихгүй” гэж бичсэн байдаг шүү дээ» гэхэд нь  Есүс: «“Ехова* Бурхнаа сорих ёсгүй” гэж бас бичсэн байдаг» гэж хариулжээ.  Дараа нь Диавол түүнийг маш өндөр ууланд аваачаад дэлхийн бүх улс гүрнийг эд баялагтай нь үзүүлж  «Надад ганц удаа мөргөвөл энэ бүхнийг чамд өгье» гэлээ. 10  Тэгэхэд нь Есүс: «Зайл, Сатан аа! “Чи Ехова* Бурхнаа л шүтэх ёстой. Гагцхүү түүнд үйлчлэх ёстой” хэмээн бичсэн байдаг» гэхэд 11  Диавол түүнийг орхин оджээ. Тэнгэрийн элчүүд ирж Есүст үйлчлэв. 12  Ёоханыг баригдсан гэж дуулаад Есүс Галил руу буцав. 13  Тэгээд Назараас явж Зебулун болон Нафталийн нутаг дахь нуурын ойролцоох Капернаумд суурьшлаа. 14  Ийнхүү Исаиагаар хэлүүлсэн Бурхны үг биелжээ. 15  Исаиа: «Иорданы нөгөө эрэг дэх, тэнгисийн зам дагуух, харь үндэстнүүд суудаг Галилын Зебулун болон Нафталийн суугчид аа! 16  Харанхуйд суугч хүмүүс агуу гэрлийг үзэж, үхлийн сүүдэр туссан нутагт буй хүмүүс дээр гэрэл цацарлаа» хэмээжээ. 17  Тэр цагаас Есүс: «Гэмшигтүн. Учир нь Бурхны Хаант төр ойрхон байна» гэж тунхаглаж эхлэв. 18  Есүс Галил нуурын эргээр явахдаа нууранд тор тавьж буй ах дүү Петр гэгддэг Симон болон Андрей хоёрыг харав. Тэд загасчин ажээ. 19  Есүс: «Намайг дага. Би та нарыг хүмүүсийн загасчин болгоё» гэхэд 20  тэд тэр даруй тороо орхиод түүнийг дагав. 21  Есүс цааш явж байхдаа Зебедэйн хөвгүүд буюу ах дүү Яаков Ёохан хоёрыг бас харлаа. Завин дотроо эцэг Зебедэйтэйгээ хамт тороо сэлбэж байгаа тэднийг дуудахад 22  тэр даруй эцгээ завьтай нь орхиод Есүсийг дагажээ. 23  Тэгээд Есүс Галил даяар явж, синагогуудад* очин сургаал айлдаж, Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглаж, элдэв төрлийн өвчтэй хүмүүсийг эдгээж байлаа. 24  Есүсийн тухай яриа Сири даяар түгжээ. Ард олон чөтгөрт эзэмдүүлсэн, саажсан, татаж унадаг гэх зэргийн янз бүрийн өвчтэй, зовж буй бүх хүнийг авчрахад Есүс эдгээв. 25  Улмаар Галил, Декапол, Иерусалим, Иудей болон Иорданы зүүн эргийн олон хүн Есүсийг дагажээ.

Зүүлт

Үгийн тайлбарыг үзнэ үү.
Үгийн тайлбарыг үзнэ үү.
Үгийн тайлбарыг үзнэ үү.
Иудейчүүдийн шүтлэгийн газар