Skip to content

Гарчиг руу орох

Онцлох Сэдэв

Хүмүүс дэлхийгээ сүйрүүлчих юм биш биз?

Хүмүүс дэлхийгээ сүйрүүлчих юм биш биз?

«Нэг үеийнхэн явж нөгөө үеийнхэн ирсээр байвч дэлхий ертөнц үүрд үлддэг»—(СОЛОМОН ХААН, МЭӨ XI ЗУУН) *

Библийг бичигчдийн нэг нь дэлхий мөнхөд байдгийг хүний ахархан амьдралтай ийнхүү харьцуулж бичжээ. Нээрээ ч, мянга мянган жилийн турш нэг үеийнхэн явж нөгөө үеийнхэн ирсээр байгаа боловч дэлхий маань амьдралыг тэтгэсээр байна.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа том өөрчлөлт шинэчлэлтийн эрин үе эхэлсэн. 70 жилийн дотор зам тээвэр, харилцаа холбоо, техник технологи асар хурдан хөгжсөний үрээр эдийн засаг урьд өмнө байгаагүйгээр их өөрчлөгдсөн. Хүмүүс төсөөлж ч байгаагүй юмаа эдэлж хэрэглэх болсон. Энэ хугацаанд дэлхийн хүн ам бараг гурав дахин өслөө.

Гэхдээ ололт амжилт хор уршгийг дагуулав. Хүмүүсийн үйл ажиллагаа байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан гэж олон хүн үздэг. Хүн төрөлхтөн дэлхийгээ их өөрчлөх болсон Антропоцен гэдэг геологийн шинэ эрин үе эхэлсэн гэж зарим эрдэмтэн үздэг.

Хүмүүс дэлхийгээ сүйрүүлэх үе ирнэ гэж Библид зөгнөсөн байсан (Илчлэлт 11:18). Энэ зөгнөл бидний нүдэн дээр биелж байна. Хүмүүс дэлхийгээ хэр зэрэг сүйрүүлэх бол? Нөхөн сэргээх аргагүй болох уу? Бүрмөсөн сүйрүүлчих юм биш биз?

НӨХӨН СЭРГЭЭХ АРГАГҮЙ БОЛОХ УУ?

Дэлхий маань нөхөн сэргэх аргагүй болох уу? Цаг уурын өөрчлөлтийн хор хохирлыг урьдчилан тооцоолох тун амаргүй гэж эрдэмтэд үзэж байна. Цаг уурын гэнэтийн өөрчлөлтөөс болж дэлхийг донсолгосон гай гамшиг болох вий гэхээс тэд айдаг.

Антарктид тивийн баруун хэсэгт орших мөсөн бүрхүүлийг жишээ болгон авъя. Дэлхий дулаарсаар байвал энэ мөсөн бүрхүүл зогсолтгүй хайлна гэж зарим хүн үздэг. Учир нь гэвэл, нарны туяа мөсөнд ойдог. Мөс хайлах тусам далайн ус ил гардаг. Харин ус нарны туяаг арай бага ойлгодог. Далайн гадаргуу дулааныг илүү их шингээж, улмаар бүр их мөс хайлна. Ингэснээр мөс хайлахыг зогсоох аргагүй болж мэдэх юм. Далайн усны түвшин нэмэгдвэл олон зуун сая хүний аминд хүрэх гамшиг нүүрлэнэ.

БАЙГАЛЬ ОРЧИН МААНЬ ДОРОЙТСООР

Хүмүүс дэлхийд нүүрлээд байгаа аюулаас сэргийлэх янз бүрийн төлөвлөгөө боловсруулсаар ирсэн. Дэлхийн нөөц баялгийг шавхахгүйгээр эдийн засаг нийгмийг хөгжүүлэх тухай их ярьдаг. Энэ бодлогын үр дүн юу байв?

Харамсалтай нь, хүмүүс байгалийн баялгийг хэтрүүлэн ашигласаар байна. Энэ байдлыг зогсоох арга байна уу? Нэг экологич: «Ний нуугүй хэлэхэд бид байгалиа яаж хамгаалахаа мэддэггүй» гэжээ. Библид «Алхаж байгаа хүн ч алхаагаа чиглүүлэх мэдэлгүй» гэж бичсэн нь хүн төрөлхтний өнөөгийн байдалтай тохирч байна (Иеремиа 10:23, ШЕ).

Гэхдээ бүхнийг бүтээсэн Бурхан дэлхийг бүрмөсөн сүйрүүлэхийг хүмүүст зөвшөөрөхгүй гэж Библид байдаг. «Газар дэлхийг [Бурхан] хүний хөвгүүдэд өгсөн» гэж Дуулал 115:16-д бичжээ. Дэлхий бол тэнгэрийн Эцгийн маань бидэнд өгсөн «төгс бэлэг» юм (Иаков 1:17). Бурхан бидэнд түр зуурын, хугацаа нь дуусах бэлэг өгнө гэж үү? Дэлхийг яаж бүтээснээс нь харвал үгүй гэдэг нь тодорхой.

БҮТЭЭГЧИЙН САНАА ЗОРИЛГО

Бурхан хайраа шингээн дэлхийг яаж бүтээснийг Библийн «Эхлэл» номд тодорхой бичсэн байдаг. Дэлхий эхлээд «ямар ч хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон, гүний гадаргуу дээгүүр нь харанхуй бүрхэж» байлаа. Гэхдээ амийг тэтгэгч «ус» байсан гэж дурдсаныг онцлууштай (Эхлэл 1:2). Бурхан: «Гэрэл бий болог!» гэжээ (Эхлэл 1:3). Нарны туяа агаар мандлыг нэвтэрч дэлхийн гадаргуу дээр анх удаа гэрэл тусжээ. Дараа нь хуурай газар болон далай тэнгисийг бий болгосон (Эхлэл 1:9, 10). Үүний дараа «ногоо, үрт ургамал, үрт жимсний модыг» ургуулав (Эхлэл 1:12). Ийнхүү амьдрахад зайлшгүй хэрэгтэй фотосинтез зэргийн урвалыг эргэлтэд оруулахад бэлэн болсон юм. Ийм их бэлтгэл хийсний гол учир шалтгаан юу байв аа?

Зөнч Исаиагийн хэлсэн дараах үг энэ асуултад хариулдаг. «Тэр бол газрыг бий болгосон Бурхан юм. Тэр газрыг хоосноор бүтээгээгүй бөгөөд хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн билээ» (Исаиа 45:18). Бурхан хүмүүсийг орон гэр болсон дэлхий дээр нь мөнх амьдруулахыг зорьжээ.

Харин хүмүүс энэ сайхан бэлгийг хайрлан хамгаалахын оронд сүйрүүлж байгаа нь даанч тоогүй. Гэхдээ Бурхны санаа зорилго өөрчлөгдөөгүй. Эрт цагт хэлсэн ийм үг байдаг. «Бурхан бол худал хэлдэг хүн биш, гэмшин харамсдаг хүний хүү ч биш. Тэрээр айлдчихаад, Тэр түүнийгээ хийхгүй гэж үү?» (Тооллого 23:19). Бурхан хүмүүсийн гараар дэлхийг юү ч үгүй сүйрүүлэхгүй. Харин ч удахгүй «дэлхийг устгагчдыг устгана» (Илчлэлт 11:18).

ДЭЛХИЙ БОЛ МӨНХӨД БИДНИЙ ГЭР

«Ууланд айлдсан номлол»-доо Есүс Христ: «Дөлгөөн хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд дэлхийг өвлөн авах болно» гэсэн (Матай 5:5). Мөн уг номлолдоо дэлхийг сүйрлээс юу аврахыг бас хэлжээ. «Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» гэж залбирахыг Есүс дагалдагчдадаа захисан. Тийм ээ, Бурхны Хаанчлал буюу засгийн газар дэлхийн талаарх Бурхны санаа зорилгыг биелүүлнэ (Матай 6:10).

Хаанчлалын хийж бүтээх ажлын талаар Бурхан: «Харагтун, Би бүх юмыг шинэ болгож байна» гэж тунхаглажээ (Илчлэлт 21:5). Бурхан дэлхийн оронд өөр гариг бүтээх үү? Үгүй. Ингэх шаардлага байхгүй. Харин «дэлхийг устгагчдыг» буюу өнөөгийн нийгэм, засгийн газруудыг хална. Тэгээд оронд нь «шинэ тэнгэр» буюу тэнгэр дэх шинэ төр засгаар «шинэ газрыг» буюу Бурханд дуулгавартай хүмүүсийг удирдуулна (Илчлэлт 21:1).

Бурхан байгаль орчныг эргээд хэвэнд нь оруулж нөөц баялгийг нь нөхөн дүүргэнэ. Бурхны юу хийхийг Библид «Та газар дэлхийд айлчилж, түүнийг бялхуулдаг. Та түүнийг ихэд баяжуулдаг» гэж зөгнөжээ. Бурхны ивээлээр дэлхий маань хоол хүнсээр элбэг дэлбэг, цаг уурын таатай нөхцөл бүрдсэн диваажин болно (Дуулал 65:9–13).

Энэтхэгийн шашны удирдагч Мохандас Ганди: «Дэлхий бүх хүний хэрэгцээг хангах чадалтай, харин бүх хүний шуналыг хангах чадалгүй» гэжээ (Гандигийн нарийн бичиг Пяарэлалын дуртгалаас). Бурхны Хаанчлал дэлхийд тулгараад байгаа бүх бэрхшээлийн цаад шалтгаан болох хүмүүсийн үзэл бодлыг өөрчилнө. Хаанчлалын захиргаан дор хүн хүнээ «хорлохгүй» бас дэлхийгээ «устгахгүй» гэж зөнч Исаиа бичжээ (Исаиа 11:9). Ирээдүйд гэлтгүй өнөө үед янз бүрийн ахуй амьдралтай хүмүүс Бурхны өндөр хэм хэмжээний дагуу амьдарч сурч байна. Тэд Бурхныг болон өрөөл бусдыг хайрлан энэрч, талархах сэтгэлтэй байж, байгаль орчноо арчлан хамгаалж, Бүтээгчийнхээ санаж зорьсны дагуу амьдардаг болж байна. Ийнхүү диваажинд амьдрах бэлтгэлээ базааж байгаа юм (Номлогчийн үгс 12:13; Матай 22:37–39; Колоссай 3:15).

Ийм сайхан дэлхий сүйрэх учиргүй

«Эхлэл» номд байдаг бүтээлийн тухай тэмдэглэл «Бурхан Өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ» гэсэн үгээр төгсдөг (Эхлэл 1:31). Бурхны хувьд дэлхий хэмжээлшгүй их үнэ цэнэтэй. Тиймээс дэлхийг хэзээ ч, хэнээр ч сүйрүүлэхгүй. Хүн төрөлхтний гэр болсон дэлхийн ирээдүй, халамжтай Бүтээгч Ехова Бурхны гарт байгаа гэж бодохлоор хэчнээн тайвшрам бэ! Бурхан: «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» гэж амласан (Дуулал 37:29). Дэлхийг өөрийнхөө мөнхийн гэр гэж дуудах «зөв шударга» хүмүүсийн тоонд та бас багтах болтугай.

^ д/м 3 Библийн Номлогчийн үгс 1:4-өөс иш татав.