Ёоханд илчилсэн нь 11:1–19

  • Хоёр гэрч (1-13)

    • Таар өмсөж, 1 260 хоногийн турш зөгнөнө (3)

    • Алуулна, оршуулагдахгүй (7-10)

    • Бүтэн гурав, бас хагас өдрийн дараа амилсан (11, 12)

  • Хоёр дахь гамшиг, дараа нь гурав дахь нь (14)

  • Долоо дахь бүрээ (15-19)

    • Бурхны маань болон түүний Христийн Хаант төр (15)

    • Дэлхийг устгагчдыг устгана (18)

11  Надад хулсан саваа* өгөв. Тэрээр: «Бос. Бурхны сүмийн ариун газар, тахилын ширээг хэмж. Бурхныг шүтэж байгаа хүмүүсийг тоол.  Харин ариун газрын гаднах талбайг орхи. Бүү хэмж. Учир нь үүнийг үндэстнүүдэд өгсөн юм. Ариун хот 42 сарын турш тэдний хөлд гишгэгдэнэ.  Би хоёр гэрчээ явуулна. Тэд таар өмсөж, 1 260 хоногийн турш зөгнөнө» гэж хэлэв.  Тэднийг хоёр чидун мод, хоёр дэнгээр бэлгэддэг. Тэд дэлхийн Эзний өмнө зогсож байна.  Хэн нэгэн тэднийг хорлохыг хүсвэл тэд амнаасаа гал гаргаж устгана. Хэн нэгэн тэднийг хорлохыг хүсвэл ингэж хөнөөгдөх ёстой.  Тэд зөгнөх хугацаандаа бороо оруулахгүйн тулд тэнгэрийг хаах эрхтэй. Усыг цус болгох, хүссэн үедээ газар дээр янз бүрийн гамшиг буулгах эрхтэй.  Тэднийг гэрчилж дуусахад ёроолгүй нүхнээс гарч ирсэн араатан тэдэнтэй дайтаж дийлээд ална.  Тэдний цогцос агуу хотын гол гудамжинд байх юм. Тэр хот нь Содом болон Египетийг бэлгэддэг. Тэдний Эзэн ч тэнд шонд хадуулсан.  Олон үндэстэн, олон овог, олон хэлтэн, олон ард түмнээс бүрдэх хүмүүс цогцсыг нь бүтэн гурван өдөр, бас хагас өдөр харах бөгөөд оршуулахыг зөвшөөрөхгүй. 10  Дэлхийд амьдардаг хүмүүс тэднийг үхсэнд баярлаж, найр хийж, бие биедээ бэлэг явуулна. Учир нь хоёр зөнч дэлхийд амьдардаг хүмүүсийг зовоож байсан юм. 11  Бүтэн гурван өдөр, бас хагас өдрийн дараа Бурхан амь өгдөг хүчийг тэдэнд оруулахад тэд хөл дээрээ бослоо. Тэднийг харж байсан хүмүүс маш их айв. 12  Тэнгэрээс дуу гарч «Нааш ир» гэж хэлэхэд тэд үүлэн дундуур явсаар тэнгэрт гарав. Дайснууд нь тэднийг харлаа. 13  Тэр цагт газар хүчтэй хөдөлж, хотын аравны нэг нурлаа. Газар хөдлөхөд 7 000 хүн үхэв. Үлдсэн хүмүүс айдаст автаж, тэнгэрийн Бурхныг алдаршуулав. 14  Хоёр дахь гамшиг өнгөрлөө. Гурав дахь нь даруй болно. 15  Долоо дахь тэнгэрийн элч бүрээгээ үлээв. Тэнгэрт чанга дуу гарч «Бурхны маань болон түүний Христийн Хаант төр хүн төрөлхтнийг захирч эхэллээ. Тэрээр үүрд мөнх хаанчилна» гэж хэлэв. 16  Бурхны өмнө өөрсдийнхөө сэнтийд сууж байсан 24 ахлагч сөгдөж, Бурхныг шүтэв. 17  Тэд: «Байгаа бөгөөд байсан, Төгс хүчит Ехова* Бурхан минь ээ, бид танд талархдаг. Учир нь та хэмжээлшгүй хүчээ авч, хаанчилж эхэллээ. 18  Гэхдээ үндэстнүүд уурласан. Та хилэгнэсэн. Үхсэн хүмүүсийг шүүх, зөнч боолууд, ариун хүмүүс, нэрнээс тань эмээдэг их бага хүмүүсийг шагнах товлосон цаг болжээ. Бас дэлхийг устгагчдыг устгах цаг болжээ» гэцгээв. 19  Тэнгэр дэх Бурхны сүмийн ариун газар нээгдсэн байв. Гэрээний авдар сүмийн ариун газар байгааг би үзэв. Тэгтэл аянга гялбаж, дуу чимээ гарч, тэнгэр нижигнэн, газар хөдөлж, их мөндөр буулаа.

Зүүлт

Эсвэл «хэмжих саваа»
Үгийн тайлбарыг үзнэ үү.