Skip to content

Гарчиг руу орох

ОНЦЛОХ СЭДЭВ | ДӨРВӨН МОРЬТОН​—Дөрвөн морьтоны яваа нь танд хэрхэн нөлөөлж байна вэ?

Дөрвөн морьтон гэж хэн хэн бэ?

Дөрвөн морьтон гэж хэн хэн бэ?

Дөрвөн морьтон аймшиг төрүүлэм, үл мэдэгдэх нэгэн мэт санагдаж болох юм. Гэхдээ үнэндээ тийм байх албагүй. Яагаад? Учир нь Библи болон өнөөгийн түүхийг үзвэл морьтон бүр юуг бэлгэддэгийг ойлгож болно. Тэдний морилон явах нь дэлхий дээр гамшгийг эхлүүлсэн хэдий ч, нөгөөтээгүүр та болон таны гэр бүлд сайн мэдээ юм. Яагаад ингэж хэлж болох вэ? Эхлээд, морьтнууд хэн хэн болохыг нэг нэгээр нь авч үзье.

ЦАГААН МОРЬ УНАСАН НЭГЭН

Иохан үзэгдлийнхээ тухай ийн өгүүлэв. «Би цагаан морь харлаа. Цагаан морийг унасан нэгэн нумтай байв. Түүнд титэм өгсөн байлаа. Тэрээр ялахын тулд ялсаар явлаа» (Илчлэл 6:2).

Цагаан морь унасан нэгэн хэн бэ? Илчлэл номын төгсгөл хэсэгт энэ тэнгэрлэг морьтныг «Бурхны Үг» хэмээн нэрлэж хэн болохыг нь бидэнд ойлгуулдаг (Илчлэл 19:11–13). Үг гэдэг цолоор Бурхныг төлөөлж ярьдаг Есүсийг хэлдэг (Ёохан 1:1, 14). Түүнээс гадна, түүнийг «хаадын Хаан, эздийн Эзэн» болон «Итгэмжит, Үнэн» гэдэг (Илчлэл 19:16). Тэрбээр дайтагч-хааны эрхтэй бөгөөд эрх мэдлээ урвуулах юм уу хэтрүүлж ашиглахгүй. Гэхдээ зарим асуулт гарч ирнэ.

Есүст дайтах эрхийг хэн өгсөн бэ? (Илчлэл 6:2). «Эртний Нэгэн» буюу Ехова Бурхнаас * «эрх мэдэл, сүр жавхлан ба хаанчлалыг» авсан «Хүний Хүүг» зөнч Даниел ер бусын аргаар үзжээ (Даниел 7:13, 14). Тиймээс захирах, шүүх хүч болон эрхийг Есүст өгсөн нь Төгс хүчит Бурхан юм. Цагаан морь нь Бурхны хүүгийн хийх шударга дайныг бэлгэддэг. Учир нь Библид шударга ёсыг цагаан өнгөөр бэлгэдэх нь цөөнгүй бий (Илчлэл 3:4; 7:9, 13, 14).

Морьтнууд хэзээнээс давхиж эхэлсэн бэ? Эхний морьтон Есүс титмээ авсны дараа давхиж эхэлснийг анхаараарай (Илчлэл 6:2). Тэгвэл Есүс хэзээ тэнгэрт титмээ авсан бэ? Дэлхий дээрх амьдралаа дуусгаад тэнгэр лүү буцангуутаа аваагүй. Тодорхой хугацаанд хүлээсэн гэж Библид бичигдсэн байдаг (Еврей 10:12, 13). Есүс шавь нартаа тэрхүү хүлээх хугацаа нь дуусаж тэнгэрт захирч эхлэх цагийг ойлгох аргыг зааж өгсөн. Тэрбээр өөрийг нь захирч эхлэхэд дэлхийн байдал огцом муудна гэж хэлсэн. Дайн дажин, хоол хүнсний хомсдол, цар тахал их гарах ажээ (Матай 24:3, 7; Лук 21:10, 11). 1914 онд Дэлхийн I дайн дэгдэхэд, хүн төрөлхтөн «Эцсийн өдрүүд» хэмээн Библид нэрлэсэн гамшгийн үе рүү орсон нь тодорхой болсон (2 Тимот 3:1–5).

Гэхдээ Есүсийг 1914 онд титмээ авсны дараа дэлхийн байдал яагаад сайнаар биш, муугаар эргэсэн бэ? Учир нь тэр үед Есүс дэлхий дээр биш, тэнгэрт захирч эхэлсэн. Тэгээд тэнгэрт дайн болж, шинээр Хаан болсон Михаел хэмээгдэх Есүс Сатан болон түүний чөтгөрүүдийг дэлхий рүү хаясан (Илчлэл 12:7–9, 12). Ингээд дэлхий орчимд хоригдсон Сатан өөрт нь бага хугацаа үлдсэнийг ойлгоод их уур уцаартай байна. Үнэндээ Бурхан удахгүй Сатаныг устгаж, дэлхийн талаарх санаа зорилгоо биелүүлнэ (Матай 6:10). Одоо өөр гурван морьтны тухай авч үзье. Тэгвэл бид «Эцсийн өдрүүдэд» амьдарч байгаагаа илүү сайн ойлгоно. Эхний морьтон тодорхой нэгнийг зааж байгаа бол, араас нь гарч ирж байгаа гурван морьтон хүний нийгмийг хамарсан дэлхий дахины нөхцөл байдлыг илэрхийлж байна.

УЛААН МОРЬ УНАСАН НЭГЭН

«Гал улаан өнгөтэй өөр морь гарч ирлээ. Хүмүүсийг бие биеэр нь хөнөөлгөхийн тулд дэлхийн энх тайвныг үгүй хийх эрхийг энэ морийг унасан нэгэнд өгсөн ажээ. Түүнд том илд өгсөн байлаа» (Илчлэл 6:4).

Энэ морьтон дайныг бэлгэддэг. Тэрбээр зөвхөн хэд хэдэн улс орны биш, дэлхий дахины энх тайвныг үгүй хийх эрхийг авсан гэж Библид бичсэн байдаг. 1914 онд, түүхэнд анх удаа дэлхий дахиныг хамарсан дайн болсон. Үүнээс хойш удалгүй бүр их хор хөнөөлтэй Дэлхийн II дайн болсон. Зарим таамаглалаар бол, 1914 оноос хойш дайн мөргөлдөөнөөс болж амиа алсан хүний тоо 100 саяыг хол давжээ! Түүнээс гадна, тоо томшгүй олон хүн эрүүл мэндээрээ бүрмөсөн хохирсон байдаг.

Дайн дажин өнөөгийн үеийг хэрхэн тодотгож байна бэ? Хүн төрөлхтөн түүхэнд анх удаагаа бүх хүний амийг хөнөөх чадал бүхий зэвсэгтэй болсон бололтой. НҮБ гэх мэтийн энх тайвныг тогтооно гэдэг байгууллагууд хүртэл улаан морьтны давхилтыг зогсоож чадахгүй л байна.

ХАР МОРЬ УНАСАН НЭГЭН

«Би хар морь харлаа. Энэ морийг унасан нэгэн гартаа хос жинлүүртэй байв. Дөрвөн амьд бүтээлийн дундаас нэг дуу гарч, “Нэг денараар нэг кварт буудай, нэг денараар гурван кварт арвай. Тос ба дарсыг бүү сүйтгэ” гэхийг би сонссон юм» (Илчлэл 6:5, 6).

Энэ морьтон өлсгөлөнг бэлгэддэг. Хүнсний хомсдол хэт гаарсан учраас нэг кварт (0,7 кг) буудайг авъя гэхэд 1-р зууны нэг бүтэн өдрийн хөлс болох нэг денарыг төлөх ёстой байгааг дүрсэлж байна (Матай 20:2). Ижил хэмжээний мөнгөөр, хүнсний хувьд арай дорд үзэгдэж байсан арвайн 3 квартыг (2,1 кг) авах боломжтой. Олон ам бүлтэй гэр бүлд хаанаа ч хүрэхгүй хэмжээ байгаа биз? Бас тухайн цаг үе болон тухайн соёлд өдөр бүр хэрэглэж байсан оливын тос болон дарсыг ч хэмнэх хэрэгтэйг сануулсан байна.

1914 оноос хойш хар морь унасан нэгэн давхиж байгаагийн шинж тэмдэг харагдаж байна уу? Тийм ээ! 20-р зуунд 70 сая орчим хүн өлсгөлөнгөөс болж нас баржээ. Нэгэн мэргэжилтэн «2012–2014 оны байдлаар 805 сая хүн буюу дэлхийн хүн амын есөн хүний нэг нь хэрэгцээнээсээ хамаагүй бага шим тэжээл авч байна» гэж дүгнэсэн байдаг. Өөр нэгэн тайланд «Өлсгөлөнгөөс болж нас барсан хүний тоо нь ДОХ, хумхаа, сүрьеэгээс болж нас барсан хүний тоог нийлүүлснээс их» гэж бичжээ. Хүн төрөлхтөн өлсгөлөнг арилгахын тулд хичээж байгаа ч харь морь унасан нэгэн давхисаар л байна.

ЗЭВХИЙ СААРАЛ МОРЬ УНАСАН НЭГЭН

«Би зэвхий саарал морь харлаа. Энэ морийг унасан нэгний нэрийг Үхэл гэдэг бөгөөд түүний ард холгүйхэн Булш дагаж байлаа. Дэлхийн дөрөвний нэгийг урт илд, өлсгөлөн, хөнөөлт тахал болон зэрлэг араатнуудаар хөнөөх эрхийг тэдэнд өгчээ» (Илчлэл 6:8).

Дөрөв дэх морьтон нь өвчин эмгэг юм уу бусад шалтгаанаас болсон үхлийг бэлгэддэг. 1914 он өнгөрөөд удаагүй байхад Испани томуунаас болж олон арван мянган хүн амь алдсан. Тэр үеийн дэлхийн хүн амын гуравны нэг болох 500 сая орчим хүн энэ өвчин туссан гэдэг.

Гэхдээ Испани томуу нь дөнгөж эхлэл байжээ. 20-р зуунд олон зуун сая хүн салхин цэцгээс болж амь алдсан гэж үздэг. Анагаах ухааны салбарт судалгаа шинжилгээ өргөн хүрээтэй хийгдэж байгаа ч өнөөг хүртэл олон хүн ДОХ, сүрьеэ, хумхаанаас болж амь алдсаар л байна.

Дайн, өлсгөлөн, тахлын үр дүн нь бүгд адилхан үхэл юм. Булш хүмүүсийн найдварыг алдуулж, илүү олон хүний амийг авсаар байна.

ГЭГЭЭЛЭГ ИРЭЭДҮЙ ХҮЛЭЭЖ БАЙНА

Асуудал бэрхшээлээр дүүрсэн энэ цаг үе удахгүй дуусна. Есүс 1914 онд Сатаныг дэлхий рүү хаяж, «ялсаар явлаа» гэснийг санаарай. Есүсийн ялалт тэр үед дуусаагүй (Илчлэл 6:2; 12:9, 12). Удахгүй Хармагедоноор Сатаны үр нөлөөг арилгаж, Диаволыг дэмждэг хүмүүсийг устгана (Илчлэл 20:1–3). Есүс бусад гурван морьтныг зогсоох төдийгүй тэдний учруулсан хор хөнөөлийг сайнаар эргүүлнэ. Чухам яаж? Библид энэ талаарх амлалт бий.

Дайны оронд энх тайван ноёлно. Ехова «дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоодог. Тэр нумыг хугалан, жадыг хоёр хэсэгт хуваана» (Дуулал 46:9). Энх тайвныг хайрлагчид «элбэг амар амгалангаар баярлана» (Дуулал 37:11).

Өлсгөлөнгийн оронд хоол хүнс элбэг дэлбэг болно. «Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байх» болно (Дуулал 72:16).

Есүс бусад гурван морьтны учруулсан хор хөнөөлийг сайнаар эргүүлнэ.

Өвчин болон үхлээс болж зовохын оронд төгс эрүүл болж мөнх амьдарна. Бурхан «тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Цаашид үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно» (Илчлэл 21:4).

Есүс дэлхий дээр байхдаа өөрийнх нь захиргаан дор дэлхийн байдал ямар сайхан болохыг урьдчилан харуулсан. Тэрбээр хүмүүстэй эелдэг зөөлөн харьцаж, олон мянган хүнийг гайхамшгаар хооллож, өвчтэй хүмүүсийг эдгээж, бүр нас барагсдыг амилуулсан (Матай 12:15; 14:19–21; 26:52; Ёохан 11:43, 44).

Энэ морьтнуудыг давхиж дуусах үед хэрхэн бэлэн байхыг Еховагийн Гэрчүүд Библиэс мэдүүлж танд тусална. Та энэ тухай илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?

^ Ехова бол Библид гардаг Бурхны нэр.