Ёоханы бичсэн сайн мэдээ 1:1–51

  • Үг нь хүн болсон (1-18)

  • Баптисм хүртээгч Ёоханы гэрчлэл (19-28)

  • Есүс бол Бурхны Хурга (29-34)

  • Есүсийн анхны шавь нар (35-42)

  • Филип ба Натанел (43-51)

1  Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан. Үг нь бурхан* байсан бөгөөд  эхэнд Бурхантай хамт байв.  Бүх юмыг бүтээхэд тэрээр оролцсон бөгөөд түүний оролцоогүйгээр бүтээгдсэн юм нэг ч байхгүй. Бүтээгдсэн зүйлийг  амьтай болгоход тэрээр оролцсон. Түүний амь хүмүүсийн хувьд гэрэл болсон юм.  Гэрэл харанхуйд гэрэлтэж байгаа бөгөөд харанхуй нь гэрлийг дийлсэнгүй.  Бурхан нэг хүнийг төлөөлөгчөө болгон явуулсан бөгөөд түүнийг Ёохан гэдэг байв.  Энэ хүн бол гэрлийг гэрчилж, бүх хүнд итгэхэд нь туслах зорилгоор ирсэн гэрч юм.  Тэрээр өөрөө гэрэл биш, харин гэрлийн гэрч юм.  Бүх хүнийг гэрэлтүүлэх жинхэнэ гэрэл дэлхийд ирэх гэж байв. 10  Бурхан бүхнийг бүтээхдээ түүнийг оролцуулсан бөгөөд хүмүүсийн* дунд тэр нь байлаа. Гэвч хүмүүс* түүнийг таньсангүй. 11  Өөрийнхөө хүмүүс рүү ирэхэд тэд түүнийг хүлээж авсангүй. 12  Харин нэрэнд нь итгэж байсан учир өөрийг нь хүлээж авсан хүмүүст тэрээр Бурхны хүүхэд болох эрхийг өгсөн. 13  Тэд хүнээс бус, эцэг эхийн хүслээр бус, харин Бурхны хүслээр төрсөн юм. 14  Үг нь хүн болж бидэн рүү ирсэн бөгөөд бид түүний алдрыг харсан. Энэ нь хүн болж төрсөн цорын ганц хүүгийн алдар юм. Хүү Эцэг шигээ үргэлж нигүүлсэнгүй байдаг бөгөөд үнэнийг ярьдаг байв. 15  (Ёохан: «Миний араас ирж яваа нэгэн надаас агуу бөгөөд надаас өмнө байсан юм» хэмээн хашхирч, түүний тухай гэрчилсэн) 16  Үргэлж нигүүлсэнгүй байдаг Хүү биднийг арвин их нигүүлссэн. 17  Учир нь Бурхан Мосегоор дамжуулан Хууль өгсөн бол Есүс Христээр дамжуулан нигүүлссэн, бас үнэнийг илчилсэн. 18  Хэн ч, хэзээ ч Бурхныг хараагүй. Харин Эцгийн өвөр дээрх* цорын ганц хүү буюу бурхан* Эцгийг таниулсан юм. 19  Иудейчүүд Иерусалимаас тахилчид болон левичүүдийг Ёо⁠хан руу явуулан «Та хэн бэ?» гэж асуулгахад тэрээр ийн гэрчилж 20  «Би бол Христ биш» гэж шууд хариулсан юм. 21  Тэгэхэд тэд: «Тэгвэл Елиа юм уу?» гэхэд «Үгүй» гэжээ. «Зөнч үү?» гэхэд «Үгүй» хэмээжээ. 22  Тэгэхээр нь өнөөх хүмүүс: «Тэгвэл та хэн юм бэ? Биднийг явуулсан хүмүүст юу гэж хэлэх болж байна вэ? Өөрийнхөө талаар яриач» гэжээ. 23  Ёохан: «Би бол зөнч Исаиагийн хэлсэн “Еховагийн* замыг тэгшил” гэж цөлд хашхирах нэгний дуу юм» гэж хэлэв. 24  Тэднийг фарисайчууд илгээсэн байлаа. 25  Тэд Ёоханаас «Та Христ биш, Елиа биш, зөнч ч биш юм бол яагаад баптисм хүртээдэг юм бэ?» гэж асуухад 26  Ёохан: «Би усаар баптисм хүртээдэг. Та нарын мэдэхгүй нэг хүн дунд чинь байна. 27  Би бол араас минь ирж байгаа нэгний шаахайн сурыг ч тайлах хүндтэй хүн биш ээ» гэж хариулав. 28  Энэ явдал Иорданы цаадах Бетанд Ёохан баптисм хүртээж байх үед болжээ. 29  Маргааш нь Ёохан өөр лүү нь ирж яваа Есүсийг хараад «Ертөнцийн нүглийг арилгах Бурхны Хургыг харагтун! 30  Энэ хүний тухай би: “Миний араас ирж яваа нэгэн надаас агуу бөгөөд надаас өмнө байсан юм” гэж хэлсэн. 31  Би түүний хэн болохыг мэдэхгүй байсан ч усаар баптисм хүртээж байгаа минь түүнийг израйлчуудад илчлэх гэснийх юм» гэжээ. 32  Ёохан бас нэг явдлыг гэрчлэн «Бурхны агуу хүч тэнгэрээс тагтаа мэт буун ирж түүн дээр тогтохыг би харсан. 33  Би түүнийг мэдэхгүй байсан ч усаар баптисм хүртээлгэхээр намайг илгээсэн нэгэн надад “Агуу хүч хэний дээр буун ирж тогтоно, тэр нь агуу хүчээр баптисм хүртээгч мөн” гэсэн билээ. 34  Би үүнийг харсан. Энэ бол Бурхны Хүү гэдгийг би гэрчилж байна» гэжээ. 35  Маргааш нь Ёохан хоёр шавьтайгаа дахиад зогсож байхдаа 36  Есүсийг явж байхыг хараад «Бурхны Хургыг харагтун!» гэжээ. 37  Ийн хэлэхийг сонсоод хоёр шавь нь Есүсийг дагалаа. 38  Есүс эргэж хараад «Та нар яах гээ вэ?» гэхэд тэд: «Рабби (орчуулбал «Багш»), та хаана буусан юм бэ?» гэлээ. 39  Есүс тэдэнд «Очоод хар» гэв. Аравдугаар* цаг болж байлаа. Тэд хамт явж хаана буусныг нь очиж үзээд тэнд хонов. 40  Ёоханы хэлэхийг сонсоод Есүсийг дагасан хоёр хүний нэг нь Петр гэгддэг Симоны дүү Андрей байлаа. 41  Тэрээр эхлээд ах Симоныгоо олж уулзан «Бид Мессиаг (орчуулбал «Христ») оллоо» хэмээгээд 42  Есүс рүү дагуулан очив. Есүс Симоныг хараад «Чи бол Ёоханы хүү Симон, чамайг Кеф (орчуулбал «Петр») гэе» гэж хэлэв. 43  Дараа өдөр нь Есүс Галил руу явахаар болов. Есүс Филиптэй тааралдаад «Намайг дага» гэжээ. 44  Филип бол Андрей Петр хоёрын нутаг Бетсайдагийн хүн юм. 45  Филип явж Натанелийг олоод «Хуульд Мосегийн бичсэн, бас зөнчдийн бичсэн нэгнийг бид оллоо. Тэр бол Назар хотын Иосефийн хүү Есүс юм байна» гэжээ. 46  Харин Натанел түүнд «Назараас ийм хүн гарна гэж үү?» гэхэд Филип «Очоод өөрөө хар л даа» гэв. 47  Есүс өөр лүү нь ирж яваа Натанелыг хараад «Заль мэхгүй, жинхэнэ израйл хүнийг хар даа» гэлээ. 48  Натанел: «Та намайг яаж мэддэг юм бэ?» гэхэд Есүс: «Филип чамайг дуудахаас өмнө инжрийн модон доор байхыг чинь би харсан» гэлээ. 49  Тэгэхэд Натанел: «Рабби, та бол Бурхны Хүү, Израйлын Хаан» гэхэд 50  Есүс: «Инжрийн модон доор байхад чинь харсан гэж хэлсэн болохоор чи итгэв үү? Үүнээс агуу зүйлийг чи үзэх болно» гээд 51  «Би та бүгдэд батлан хэлье. Тэнгэр нээгдэж, Бурхны тэнгэрийн элчүүд хүний Хүү рүү бууж ирээд өгсөхийг та нар харна» гэж нэмж хэлэв.

Зүүлт

Эсвэл «бурхан шиг нэгэн»
Үгч. «дэлхийн»
Үгч. «дэлхий»
Бурхан онцгойлон сайшаадаг гэсэн үг.
Эсвэл «бурхан шиг нэгэн»
Үгийн тайлбарыг үзнэ үү.
16 цагийн орчим