Skip to content

Гарчиг руу орох

Библи юу өгүүлдэг вэ?

Библи юу өгүүлдэг вэ?

«Тэнгэр газар бүтээгдсэн нь ийн болой» (Эхлэл 2:4). Манай гараг хэрхэн үүссэнийг Библид ийнхүү дүгнэн бичжээ. Энэ нь шинжлэх ухааны баримттай тохирдог уу? Цөөн хэдэн жишээ үзье.

Эхэн: Сансар огторгуй, дэлхий бүтээгдсэн

Орчлон ертөнц эхлэлтэй юү?

Эхлэл 1:1«Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ» гэж байдаг.

1950-аад он хүртэл нэр хүндтэй олон эрдэмтэн орчлон ертөнцөд эхлэл байхгүй гэж үздэг байв. Гэвч орчлон ертөнц үнэн хэрэгтээ эхлэлтэй гэдгийг сүүлийн үеийн нээлтүүдэд үндэслэн шинжлэх ухааны ихэнх салбар хүлээн зөвшөөрдөг болжээ.

Дэлхий анх ямар харагддаг байсан бэ?

Эхлэл 1:2, 9-д дэлхий анх «ямар ч хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон», усаар бүрхэгдсэн байсан гэж бичсэн байдаг.

Энэ нь өнөөгийн шинжлэх ухааны нээлтүүдтэй тохирдог. Биологич Патрик Шигийн хэлснээр, манай гараг хамгийн анх амьсгалах хүчилтөрөгчгүй, ганц ч мод, ургамалгүй байжээ. Нэгэн сэтгүүлд «Дэлхий анх бүхэлдээ усаар бүрхэгдсэн, огт хуурай газаргүй байсныг сүүлийн үеийн судалгаа харуулдаг» гэж бичсэн байна («Astronomy»).

Агаар мандал цагийн аясаар хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Эхлэл 1:3–5-ыг үзвэл, гэрэл агаар мандлыг нэвтэлж дэлхий дээр тусахад гэрлийн эх үүсвэр болох нар, сар дэлхий дээрээс харагддаггүй байжээ. Бүр сүүлд л тодорхой ялгарч харагддаг болсон юм (Эхлэл 1:14–18).

Дэлхий дээрх амьтай бүхэн 6 өдөр буюу 144-хөн цагийн дотор бүтээгдсэн гэж Библид байдаггүй

Смитсоны хүрээлэн буй орчны судалгааны төвийн мэдээлснээр, гэрэл анх агаар мандлаар нэвтрэхдээ дэлхийн гадаргууд сарнисан байдалтай хүрч байжээ. Мөн «Агаар дахь метаны хий шинэхэн дэлхийг манан адил бүрхэж байсан» бөгөөд, хожим нь «метан манан арилж, тэнгэр цэнхэр өнгөтэй болсон» гэжээ.

Дэлхий дээр амьд биес ямар дарааллаар бий болсон бэ?

Эхлэл 1:20–27-д загас, шувуу, хуурай газрын амьтад, эцэст нь хүн бүтээгдсэн гэж байдаг. Эхлээд загас, түүнээс нэлээн хожуу анхны хөхтөн амьтад, бүр сүүлд хүн бий болсон гэж эрдэмтэд үздэг.

Амьд биес цаг хугацааны явцад огт өөрчлөгдөхгүй гэж Библид байдаггүй

Библид юу гэж байдаггүй вэ?

Библид бичсэн зүйл орчин үеийн шинжлэх ухааны нээлтээс хол зөрдөг гэж зарим хүн ярьдаг. Гэвч иймэрхүү яриа нь Библийг буруу ташаа ойлгосонтой холбоотой.

Орчлон ертөнц эсвэл манай дэлхий 6 000-хан жилийн настай гэж Библид байдаггүй. Харин «Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ» гэж тун энгийн тайлбарладаг (Эхлэл 1:1). «Эхэн» гэдэг нь яг хэзээ гэдгийг Библид тодорхой бичээгүй.

Дэлхий дээрх амьтай бүхэн 6 өдөр буюу 144-хөн цагийн дотор бүтээгдсэн гэж Библид байдаггүй. Харин «өдөр» гэдэг үгээр тодорхой хугацааг илэрхийлсэн. Жишээлбэл, «Ехова * Бурхан тэнгэр, газрыг бүтээсэн өдөр» гэж нэрлэгдсэн цаг хугацаанд манай дэлхий болон түүн дээрх амьтай бүхэн бүтээгджээ (Эхлэл 2:4, ШЕ). «Эхлэл» номын 1 дүгээр бүлэгт гардаг бүтээлийн зургаан «өдөр» ч энэ цаг үед хамаарна. Тэгэхээр, Бурхан дэлхий дээр амьдрах нөхцөлийг бүрдүүлж, дараа нь амьд биесийг бүтээсэн тэрхүү зургаан «өдөр» нь тус бүрдээ асар урт хугацаа юм.

Амьд биес цаг хугацааны явцад огт өөрчлөгдөхгүй гэж Библид байдаггүй. «Эхлэл» номд «амьтдыг төрөл төрлөөр нь» бүтээсэн гэж бичжээ (Эхлэл 1:24, 25). Библид гардаг энэхүү «төрөл» гэдэг үг нь шинжлэх ухаанд хэрэглэдэг нэр томьёоноос илүү өргөн утгатай. Тиймээс «төрөл» гэдэгт олон төрөл, зүйлийн амьтад багтдаг гэж ойлгож болно. Нэг «төрөл»-д багтдаг, нэг газар амьдарч байсан амьтад цагийн уртад тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байж болох юм.

Та юу гэж бодож байна вэ?

Орчлон ертөнц хэрхэн бий болсон, дэлхий анх ямар байсан, амьд биес хэрхэн үүссэн талаар Библид энгийн бөгөөд үнэн зөв бичсэн байдгийг дээр ярьсан. Тэгвэл энэ бүхнийг бүтээсэн Нэгний талаар Библид үнэн зөв бичсэн байдаг болов уу? «Британника нэвтэрхий толь»-д «Ер бусын үйл явдлын үр дүнд амьдрал үүссэн гэдэг ойлголт орчин үеийн шинжлэх ухааны нээлттэй зөрчилддөггүй» гэж бичжээ. *

^ д/м 17 Библийн эх бичигт Бурхны нэрийг Ехова гэсэн байдаг.

^ д/м 20 «Британника нэвтэрхий толь» амьд биес бүтээгдсэн гэсэн ойлголтыг дэмждэггүй.