Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 1

Биеэ захирах

Биеэ захирах

ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?

Биеэ захирах гэдгээр дараахыг хэлнэ

  • хүссэнээ шууд хийхгүй байх

  • хүслээ хорьж дарах

  • хийх ёстойгоо хийж дуусгах

  • юуны түрүүнд бусдыг бодох

ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Биеэ захирдаг хүүхэд хорхой хүргэм зүйлийг тэвчдэг. Өөрөөр хэлбэл, хөгжилтэй, гоё харагдлаа ч муу юманд татагдахгүй. Харин биеэ захирдаггүй хүүхэд ...

  • түрэмгийлэх

  • сэтгэл гутралд орох

  • архи, тамхи, мансууруулах бодист донтох

  • буруу хооллох зуршилтай болох магадлалтай

Нэгэн судалгааны дүнг үзвэл, биеэ захирдаг хүүхэд харьцангуй эрүүл чийрэг, мөнгө санхүүгийн асуудалгүй, хууль журам сахидаг иргэн болж төлөвшдөг ажээ. Энэ талаар Пеннсилванийн их сургуулийн профессор Анжела Дакуорт: «Биеэ захирах нь илүүднэ гэж байхгүй» гэж хэлжээ.

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Үгүй гэж хэлээд хэлсэндээ хүрч сураарай.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «“За” бол “за”, “үгүй” бол “үгүй” бай» (Матай 5:37).

Хүүхэд олны дэргэд орилж чарлан аав ээжийгээ буулт хийхэд хүргэж мэднэ. Хэрэв хүссэнээр нь буугаад өгвөл уурлаж хашхираад л зөвшөөрүүлж болдог юм байна гэж ойлгоно.

Нөгөөтээгүүр, эцэг эх «үгүй» гэж хэлчихээд хэлсэндээ хүрдэг бол хүүхэд хүссэн болгоноо авах боломжгүй гэсэн амьдралын чухал үнэнийг ойлгоно. «Үнэнийг хэлэхэд, хүссэн бүхнээ авах боломжгүй гэдгийг ойлгосон хүн илүү жаргалтай байдаг. Хүссэн болгоноо гартаа оруулах боломжгүй гэдгийг заадаг аав ээж, үр хүүхдээ хайрладаг гэсэн үг» гэж доктор Дэйвид Волш бичжээ *.

Үр хүүхдэдээ «үгүй» гэж хэлэх нь түүнийг ирээдүйд мансууруулах бодис, гэр бүл болохоос өмнөх бэлгийн харьцаа, бусад хор уршигтай үйлдэлд «үгүй» гэж хэлэхэд нь сургаж байгаа хэрэг юм.

Сайн ба муугийн эцсийн үр дүнг ойлгуулаарай.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хүн юу тарьснаа хурааж авдаг» (Галат 6:7).

Биеэ захираагүй үйлдэл болгон үр дагавартайг хүүхэд ойлгож ухаарсан байх хэрэгтэй. Жишээ нь, хүү тань юм л бол уурладаг бол найз нөхөдгүй хоцорно. Харин бухимдсан үедээ тэвчээртэй, хүлээцтэй байдаг бол найз нөхөд нь түүнд татагдана. Биеэ барьж сурвал үр дүн нь дандаа сайн байдгийг ойлгуулаарай.

Чухал юмыг түрүүлж хийхийг заагаарай.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Илүү чухал юмыг магадал» (Филиппой 1:10).

Биеэ захирах гэдгээр зөвхөн муугаас хол явахыг хэлэхгүй. Сэтгэлд таатай, хөгжилтэй биш байлаа ч хийх ёстойгоо хийхийг бас хэлнэ. Хүүхэд чухал гэсэн зүйлээ тодорхойлж, түүнийгээ эхлээд хийж хэвших ёстой. Жишээ нь, тоглож наадахаасаа урьтаад хичээлээ хийдэг болох хэрэгтэй.

Зөв үлгэр дуурайл болоорой.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Миний хийснийг хийгээсэй гэсэндээ би та нарт жишээ үзүүлсэн» (Ёохан 13:15).

Таныг уурлаж бухимдсан үедээ яадгийг хүүхэд харж байдаг. Тиймээс биеэ захирахын сайн талыг хүүхдэдээ харуулаарай. Жишээ нь хүүхэд тэвчээрийг тань бартал аашилбал та яадаг вэ? Уурладаг уу? Тайван байдаг уу?

^ д/м 20 «No: Why Kids—of All Ages—Need to Hear It and Ways Parents Can Say It» гэсэн номоос авав.