Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 6

Ёс суртахуун

Ёс суртахуун

ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?

Ёс суртахуунтай хүмүүс юу нь зөв, юу нь буруу вэ гэдгийг сайн мэддэг. Тэд баттай зарчимд үндэслэсэн зөв буруугийн хэм хэмжээг баримталдаг учраас ямар ч үед, хүний нүднээс далдуур ч зөвийг үйлддэг.

ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Хүүхэд ангийн хүүхдүүд, сонсдог дуу хөгжим, кино, зурагтын нэвтрүүлэг зэргээс зөв буруугийн хэмжүүрийн талаар худал мэдээлэл авдаг. Эдгээрээс болоод зөв буруугийн талаарх заалгасан зүйлдээ хүүхэд эргэлздэг.

Өсвөр насны хүүхдүүдэд дээрх зүйлс их нөлөөлдөг. «Энэ үед нь үеийнх нь хүүхдүүд өөрсөдтэйгөө адилхан болгох гэж дарамталдгийг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл муугаар нөлөөлдгийг хүүхэд мэддэг байх хэрэгтэй. Бас найз нөхөд нь дургүйцсэн ч хүүхэд эрхэмлэдэг зүйлдээ тулгуурлан шийдвэр гаргаж чаддаг байх ёстой» гэж нэгэн номд бичжээ (Beyond the Big Talk). Ийм чухал зүйлийг өсвөр насанд хүрэхээс нь өмнө заах учиртай.

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Юу нь зөв, юу нь буруу болохыг тодорхой заагаарай.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Төлөвшсөн хүн оюун ухаанаа байнга дайчлан зөв бурууг ялгаж сурсан байдаг» (Еврей 5:14).

  • Зөв бурууг тодорхойлсон үг хэллэг хэлж байгаарай. Өдөр тутам тохиолддог зүйлийг жишээ болгон ашиглаарай. Юуг шударга, шударга бус, ямар занг үнэнч, үнэнч бус, ямар хүнийг сэтгэл сайтай, эсвэл сэтгэл муутай гэх вэ гэдгийг хэлж ярьж байгаарай. Ингэвэл хүүхэд тань яваандаа зөв юмыг хийж, буруу юмыг хийхээ болино.

  • Шалтгааныг нь тайлбарлаарай. «Үнэнч шударга байх нь яагаад зөв бэ? Худлаа ярьдаг хүнд бусад нь яагаад дургүй байдаг вэ? Хулгай хийх нь яагаад буруу вэ?» гэж асуугаарай. Эргэцүүлж бодуулдаг бол зөв буруугийн мэдрэмж нь хөгжинө.

  • Ёс суртахууны хэм хэмжээг баримтлах нь яагаад зөв байдгийг хэлж байгаарай. Ингэж хэлж болно: «Чамайг үнэнч шударга байвал хүмүүс чамд итгэнэ» гэх юм уу «Чамайг сайхан сэтгэлтэй байвал хүмүүс чамтай найзална» гээрэй.

Гэр бүлээрээ ёс суртахууны хэм хэмжээг баримталдгаа харуулаарай.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Өөрсдийгөө баталж бай» (2 Коринт 13:5).

  • Ёс суртахууны хэм хэмжээг гэр бүлээрээ баримталдаг бол чин сэтгэлээсээ ингэж хэлнэ:

    • «Манай гэрийнхэн худлаа ярьдаггүй»

    • «Бид хүмүүсийг цохиж авдаггүй, өөдөөс нь чанга хашхирдаггүй»

    • «Бид бусдад хатуу ширүүн үг хэлдэггүй, гутаан доромжилдоггүй»

Энэ бол зүгээр нэг дүрэм журам биш, гэр бүлээрээ баримтлах ёстой хэм хэмжээ гэдгийг хүүхэд ойлгох учиртай.

  • Гэр бүлээрээ баримталдаг хэм хэмжээний талаар хүүхэдтэйгээ байнга ярилцаарай. Өдөр тутам тохиолддог явдлыг жишээ болгон ашиглаарай. Зурагтаар гардаг эсвэл сургууль дээр тааралддаг хүмүүсийн хэм хэмжээг гэрийнхээ баримталдаг хэм хэмжээтэй харьцуулж болох юм. «Манайх ийм асуудалд яаж ханддаг билээ? Чи яах байсан бэ?» гэж хүүхдээсээ асуугаарай.

Зөв юм хийх урам зоригийг нь бадраагаарай.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хүний мөсөөр сайн бай» (1 Петр 3:16).

  • Биеэ зөв авч явсан бол магтаарай. Хүүхэд ямар зөв юм хийснийг, яагаад зөв байсныг нь хэлж магтаарай. Жишээ нь, «Чи өнөөдөр шударга байлаа. Би чамаар бахархаж байна» гэж хэлж болно. Хэрэв буруу юм хийгээд хэргээ хүлээсэн бол зэмлэхээсээ өмнө магтаарай.

  • Буруу юм хийсэн бол зэмлээрэй. Хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээж сурахад нь хүүхдэдээ туслаарай. Хүүхэд ямар буруу юм хийснээ, гэр бүлийн баримталдаг хэм хэмжээнээс хэр зөрснийг ойлгох ёстой. Зарим аав ээж хүүхдийнхээ урмыг хугалахгүй гэсэндээ буруу хэрэг хийснийг нь хэлдэггүй. Гэхдээ ямар буруу юм хийснийг нь, яагаад буруу байсныг нь хүүхдэдээ хэлдэг бол хүний мөсөөр сайн байж, хожим нь буруу юмнаас хол явна.