Skip to content

Гарчиг руу орох

Таны мэдлэгт

Таны мэдлэгт

Библи бичигдэж байх үед хүмүүс сар, жил хэзээ эхлэхийг хэрхэн мэддэг байсан бэ?

АМЛАСАН ГАЗАРТ амьдардаг байсан еврейчүүд газар хагалж тариалах үед шинэ он эхэлж байна гэж тооцдог байсан бөгөөд энэ нь одоогийнхоор 9, 10-р сар юм.

Сарны тооллын нэг жил нь 12 сараас бүрддэг бөгөөд сар бүр нь 29 юм уу 30 хоногтой. Сарны тооллын нэг жил нарны тооллынхоос арай богино байдаг. Энэ зөрүүг зохицуулахын тулд хүмүүс янз янзын арга хэрэглэдэг байсан. Жишээ нь, оны сүүлд өдрүүд юм уу сарыг нэмдэг байсан бололтой. Ийм аргачлал хэрэглэсэний ачаар хуанли нь үр тарих, ургац хураах цагтай тохирдог байжээ.

Харин Мосегийн үед Бурхан ард түмэндээ хаврын Абиб буюу Нисан сараас шүтлэгийн жил эхлэхийг хэлсэн (Ег. 12:2; 13:4). Энэ сард арвайн ургацаа хурааж, ургацын баяр тэмдэглэдэг байв (Ег. 23:15, 16).

Эмил Шүрэр гэдэг эрдэмтэн нэг номдоо ийнхүү бичжээ. «Сар нэмэх эсэхийг шийдэх нь маш энгийн байсан. Нисан сарын бүтэн сар гардаг өдөр (Нисан сарын 14) тэмдэглэдэг Дээгүүр өнгөрөх баяр заавал хаврын өдөр шөнө тэнцэх өдрөөс хойно болох ёстой. ... Тэгэхээр Дээгүүр өнгөрөх баяр хаврын өдөр шөнө тэнцэх өдрөөс өмнө болох гээд байгааг оны эцсээр мэдвэл Нисан сар гарахаас өмнө [13-р] сарыг нэмдэг байв» («The History of the Jewish People in the Age of Jesus Christ, (175 B.C.–A.D. 135)»).

Еховагийн Гэрчүүд хавар буюу еврей хуанлийн Нисан сарын 14-нд болдог Эзний оройн зоог тэмдэглэх өдрийг энэ аргачлалын дагуу тогтоодог. Тэгээд энэ өдрийг дэлхий дахины хурлуудад урьдчилан мэдэгддэг.

Гэхдээ еврейчүүд сар хэзээ дуусаж, дараагийн сар эхлэхийг яаж мэддэг байсан бэ? Өнөөдөр бол бид хэвлэмэл хуанли юм уу утсандаа суулгасан апп-аас харчихна. Харин Библи бичигдэж байх үед ийм амар байгаагүй.

Дэлхийд буусан үерийн тухай бичсэнийг үзвэл тухайн үед нэг сар 30 хоног үргэлжилдэг байжээ (Эх. 7:11, 24; 8:3, 4). Харин хожим нь еврейчүүд нэг сарыг заавал 30 хоногтой гэж үздэггүй байв. Еврей хуанлиар бол шинэ хавирган сар гарахад дараагийн сар эхэлсэн гэж үздэг байжээ. Ингэж тооцвол нэг сар 29 юм уу 30 хоногтой болно.

Давид ч, Ионатан ч «Маргааш шинэ сарын баяр» гэж хэлж байсан (1 Сам. 20:5, 18). Тэгэхээр МЭӨ 11-р зуун гэхэд сар хэзээ эхлэхийг урьдчилан тооцдог байсан бололтой. Гэхдээ израйлчууд шинэ сар хэзээ эхлэхийг хэрхэн мэддэг байсан бэ? Ам дамжин ирсэн иудейн хууль болон ёс заншлын эмхэтгэл болох «Мишна»-д зарим мэдээлэл бий. Энэ мэдээллийг үзвэл иудейчүүдийг Вавилоноос ирснээс хойш Иудейн дээд шүүх сар хэзээ эхлэхийг тогтоодог байсан. Жилийн турш баярууд тохиодог долоон сар болгоны 30 дахь өдөр дээд шүүх цугларч шинэ сар хэзээ эхлэхийг тогтоодог байв. Юунд үндэслэдэг байсан бэ?

Иерусалимын эргэн тойрны өндөрлөг газруудад байрласан хүмүүс шөнийн тэнгэрийг ажиглаж байдаг. Тэд шинэ хавирган сар харангуут дээд шүүхэд мэдэгдэнэ. Дээд шүүхийнхэн тэднээс мэдээлэл аваад шинэ сар гарсныг баттай гэж үзвэл дараагийн сар эхэлснийг зарладаг. Гэтэл үүлтэй юм уу манантай байгаад харуулууд хавирган сар хараагүй бол яах вэ? Тухайн сарыг 30 хоногтой гэж үзээд маргааш нь шинэ сар эхэлнэ.

Иерусалимын ойролцоох Чидун уулын орой дээр гал асааж шинэ сар эхэлснийг мэдэгддэг байсныг «Мишна»-д тайлбарлажээ. Энэ мэдээг түгээхийн тулд Израйл даяар өндөрлөг газруудад гал асаадаг. Хожим нь элч нарыг илгээдэг болсон. Ийнхүү Иерусалим болон бусад газрын иудейчүүд шинэ сар хэзээ эхэлснийг мэдээд баяруудаа нэгэн зэрэг тэмдэглэдэг байв.

Аль сард ямар баяр болдог байсныг, бас цаг агаар ямар байсныг доорх еврей хуанлиас үзээрэй.