Skip to content

Гарчиг руу орох

Таны мэдлэгт

Таны мэдлэгт

Есүс шиг шонд хадуулсан хүмүүсийг иудейчүүдийн аргаар оршуулахыг ромчууд зөвшөөрдөг байсан уу?

ХОЁР гэмт хэрэгтний дунд, шонд цовдлуулж цаазлуулсан Есүсийн түүхийг олон хүн мэддэг (Мат. 27:35–38). Гэхдээ дараа нь Есүсийн шарилыг бэлдээд булшинд тавьсан үнэн зөв эсэх талаар маргадаг хүмүүс бий (Марк 15:42–46).

Сайн мэдээний дөрвөн номыг шүүмжилдэг зарим хүн цаазлагдсан хүнийг булшинд оршуулах зэрэг хүндэтгэлтэй аргаар нутаглуулахыг ромчууд зөвшөөрдөг байсанд эргэлздэг. Шүүмжлэгчдийн ингэж эргэлздэгийн учрыг Ариел Сабар гэдэг сэтгүүлч тайлбарлан «Смитсониан» сэтгүүлд ийнхүү бичжээ. «Зөвхөн нийгмийн хог шаар болсон хүмүүсийг шийтгэхдээ цовдолдог байсан ба хэрэв ромчууд ийм хүмүүсийг хүндэтгэлтэй байдлаар оршуулахыг зөвшөөрсөн гэж бодохоор хөх инээд хүрмээр гэж зарим судлаачид үздэг». Ромчууд ял авсан гэмт хэрэгтнийг аль болох доромжлохыг бодож, цогцсыг нь амьтны хоол болгон ихэвчлэн шон дээр өлгөөтэй байлгадаг байв. Дараа нь цогцсыг нийтийн булш руу хаядаг байлаа.

Харин цаазын ял авсан зарим нэг иудейчүүдийг нутаглуулдаг байсныг археологичид олж мэджээ. I зуунд цаазлагдсан нэг хүний ясыг 1968 онд олсон байна. Тэдгээрийг Иерусалимын ойролцоо иудей гэр бүлийн булшнаас олжээ. Яснууд хайрцагт байв. Тэдгээрийн дунд 11,5 сантиметр урттай төмөр хадаасаар модон самбарт нэвт хадсан өсгийний яс байсан. Сабар: «Есүсийн шарилыг булшинд оршуулсан гэж Библид бичсэн дээр үүссэн олон жилийн маргааныг шийдэхэд Иехоканан гэдэг хүний энэ өсгийний ясны олдвор тус болсон» гэжээ. Үнэхээр ч «Иехокананы өсгийний яс нь цовдлогдсон хүний цогцсыг иудейчүүдийн аргаар оршуулахыг ромчууд Есүсийн үед зөвшөөрч байсны нэг жишээ юм».

Энэ өсгийний ясанд үндэслэн Есүсийн тавхайн яг хаана нь хадсан талаар янз янзын санаа оноо байдаг ч нэг зүйл тодорхой. Цаазлуулсан зарим хэрэгтнийг зүгээр нийтийн булшинд хаячихаагүй, харин оршуулдаг байжээ. Тэгэхээр Есүсийн шарилыг булшинд тавьж оршуулсан гэж Библид бичсэн нь үнэн зөв бөгөөд бат нот мэдээлэл юм.

Хамгийн гол нь Есүсийн шарилыг баян хүний булшинд оршуулна гэж Ехова зөгнөсөн бөгөөд Еховагийн үг биелэхэд хэн ч саад болохгүй (Ис. 53:9; 55:11).