Skip to content

Тэд сайн дураараа үйлчилдэг—Болгарт

Тэд сайн дураараа үйлчилдэг—Болгарт

 Болгарын Еховагийн Гэрчүүд хичээл зүтгэл гарган Бурхны тухай болон Библийн үнэнийг хүмүүст заадаг. Тэдэнд туслах зорилготой өөр улс орны хэдэн зуун итгэл нэгтэн нь 2000 оноос хойш тэнд нүүж очсон. Тэдэнд ямар бэрхшээл учирсан бэ? Гэхдээ сайн үр дүнтэй байсан гэхийн учир юу вэ? Болгарт очоод дэлгэрүүлж байгаа зарим хүний сэтгэгдлийг сонирхъё.

Зорилго тавьсан нь

 Англид амьдардаг байсан Даррен: «Бид дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй улсад үйлчлэхийг дандаа л бодож байсан. Дон гэдэг Гэрч эмэгтэйтэй гэрлэснийхээ дараа орос хэлтэй хүмүүст Библи заахын тулд Лондонд суурьшсан. Хэд хэдэн удаа гадаад руу нүүе гэж төлөвлөсөн ч ямар нэгэн саад гардаг байв. Тэгээд бүр нүүхээ болъё гэж бараг шийдсэн байлаа. Гэтэл нөхцөл байдал өөрчлөгдөж, мөрөөдлөө биелүүлэх боломжтой болсноо нэг найзтайгаа ярилцаж байхдаа ойлгосон» гэж ярьжээ. Тэгээд Даррен Дон хоёр дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй, нүүж очих боломжтой улсыг хайж эхэлсэн. Тэд 2011 онд Болгар луу нүүжээ.

Даррен Дон хоёр

 Эхэндээ гадаадад үйлчлэх тухай огт бодож байгаагүй хүмүүс гадаадад үйлчилж буй хүмүүс аз жаргалтай, сэтгэл хангалуун байдгийг хараад ийм зорилго тавьсан. Нөхөр Лукатайгаа Италид амьдарч байсан Жиада: «Би Өмнөд Америк, Африкт үйлчилдэг жаргалтай, идэвх зүтгэлтэй Гэрчүүдтэй уулзсан. Тэдний ярьсан түүх болон баяр баясгалантай байгаа нь миний сэтгэлийг хөдөлгөсөн. Тиймээс би зорилгоо өөрчилсөн» гэжээ.

Лука Жиада хоёр

 Томаш Вероника нар охин Клара, хүү Матиаштайгаа 2015 онд Чехээс Болгар луу нүүжээ. Нүүснийх нь учир юу вэ? Томаш: «Бид гадаадад очоод үйлчилж байгаа хамаатан садан, итгэл нэгтнүүдтэйгээ ярьсан юм. Тэд ямар их баяр хөөртэй байсан гээч! Тэгээд бид гэр бүлээрээ гадаадад үйлчлэх тухай ярилцсан» гэж ярьжээ. Энэ гэр бүл одоо Болгарын Монтана хотод баяр хөөртэй үйлчилж байна.

Клара, Томаш, Вероника, Матиаш

 Линда бас Болгарт нүүж очсон. Тэрбээр: «Би олон жилийн өмнө Эквадорт аялж байхдаа гадаадаас нүүж ирээд дэлгэрүүлж байгаа Гэрчүүдтэй уулзсан юм. Тэгээд хэзээ нэгэн цагт хэрэгцээ ихтэй газар үйлчилнэ дээ гэж боддог болсон» гэж ярьжээ. Петтери Надиа гэдэг Финландаас нүүж очсон хос: «Манай хуралд хэрэгцээ ихтэй газар нүүж очоод хүмүүст Библи зааж байсан туршлагатай Гэрчүүд байсан. Тэд гадаадад үйлчилж байснаа дурсан их л баяр хөөртэй ярьдаг байлаа. Үнэхээр сайхан он жилүүд байсан гэдэг» гэж ярьсан юм.

Линда

Надиа Петтери хоёр

Урьдчилан төлөвлөх нь

 Гадаадад үйлчлэхийг хүсэж байгаа бол сайн төлөвлөгөө гаргах нь маш чухал (Лук 14:28–30). Бельгид амьдарч байсан Нэлэ: «Би өөр улсад үйлчлэхийг нухацтай боддог боллоо. Тэгээд залбирч байгаад энэ тухай бичсэн өгүүллүүдийг хайж олоод судалсан юм. Нүүхээсээ өмнө юу юу хийх хэрэгтэйгээ мэдэж авч байж билээ» гэжээ.

Нэлэ (баруун талд)

 Кристиан Ирмина хоёр Польшоос Болгар луу нүүгээд 9 жил гаруй болж байна. Нүүхээсээ өмнө болгар хэлний бүлгийн цуглаанд суудаг байсан нь их тус болсон гэж тэд боддог. Бүлгийнхэн тэр хоёрт урам зориг өгч, хэл сурахад нь тусалжээ. Кристиан Ирмина хоёр: «Өөрт нь үйлчлэхэд бэлэн байх л юм бол Ехова үлдсэнийг нь зохицуулдаг. Үүнийг мэдрээд их сайхан байсан. Еховад “Би энд байна. Намайг явуулаач” гэж хэлбэл өмнө нь хэзээ ч хийж чадахгүй гэж бодож байсан зүйлээ ч хийж чадна» гэжээ (Исаиа 6:8).

Кристиан Ирмина хоёр

 Швейцараас Болгарт нүүж очсон Рето Корнелиа гэдэг гэр бүлийн хоёр бэлтгэлээ базааж, мөнгө хуримтлуулахын тулд илүү энгийн амьдрахаар шийдсэн. «Нүүхээсээ жилийн өмнө ямархуу газар гэдгийг нь мэдэхийн тулд долоо хоногийн хугацаагаар Болгарт очсон юм. Тэнд уулзсан туршлагатай миссионер эхнэр нөхөр хоёр бидэнд хэрэгтэй зөвлөгөө өгсөн» гэжээ. Рето Корнелиа хоёр зөвлөгөөнүүдийг нь дагажээ. Одоог хүртэл 20 гаруй жил Болгарт үйлчилж байна.

Корнелиа Рето хоёр Лука, Яанник гэдэг хөвгүүдтэйгээ

Бэрхшээлийг даван гарах нь

 Өөр улсад нүүж очсон хүмүүс шинэ нөхцөлд дасах хэрэгтэй. Олон ч бэрхшээл тулгарна (Үйлс 16:9, 10; 1 Коринт 9:19–23). Ихэнх хүний хувьд хамгийн хэцүү нь хэл сурах. Дээр дурдсан Лука: «Бид цуглаан дээр чин сэтгэлээсээ хариулах дуртай. Харин эхнэр бид хоёр Болгар хэлээр энгийн нэг өгүүлбэр зохиож сурах гэж хэсэгтээ л зовсон доо. Хүүхэд болсон юм шиг л санагддаг байв. Болгар хүүхдүүдийн хариулт бид хоёрынхоос хавьгүй дээр байж билээ» гэжээ.

 Германаас ирсэн Равил: «Хэл сурах нь үнэхээр ядаргаатай. Гэхдээ би өөртөө “Алдаа гаргасан ч битгий санаа зов. Хошигноод өнгөрөөгөөрэй” гэж хэлдэг байв. Би иймэрхүү зүйлийг бэрхшээл бус Еховад өргөх ариун үйлчлэлийн нэг хэсэг гэж үзэж ирсэн» хэмээн ярьсан юм.

Равил Лили хоёр

 Дээр дурдсан Линда «Би угаасаа хэл сурах авьяасгүй. Болгар хэл сурах амаргүй болохоор олон ч удаа бууж өгмөөр санагдсан. Хүмүүстэй ярьж чадахгүй, юу ярьж байгааг нь ч ойлгохгүй хүн ганцаарддаг. Еховатай дотно байхын тулд би бүх юмаа швед хэлээр судалдаг байлаа. Хайртай ах дүүсийнхээ тусламжтайгаар болгар хэлийг арай гэж сурсан даа» гэжээ.

 Хамаатан садан, найз нөхдөө санана гэдэг бас нэг хүнд даваа. Нөхөр Яннистайгаа хамт Болгарт нүүж ирсэн Ева: «Эхэндээ би их ганцаарддаг байлаа. Тиймээс хамаатан садан, найз нөхөдтэйгөө тогтмол холбоо барьж, хурлынхантайгаа ч найз нөхөд болохыг хичээсэн. Ингэсээр байгаад ганцаардахаа больсон доо» гэжээ.

Яннис Ева хоёр

 Бас өөр бэрхшээл ч бий. Швейцараас нүүж ирсэн Роберт Лиана хоёр: «Хэл сурах, шинэ соёлд дасах нь бид хоёрын хувьд тун амаргүй байсан. Бас өвлийг ийм хүйтэн болдог чинээ санаагүй шүү» гэжээ. Гэхдээ хошин зантай, өөдрөг үзэлтэй тулдаа Болгарт 14 жил үнэнчээр үйлчилж байна.

Роберт Лиана хоёр

Ивээл хүртсэн нь

 Лили хэрэгцээ ихтэй газар очиж үйлчлэхийг идэвхтэй уриалдаг. Тэрбээр: «Би гадаадад үйлчлээд Еховаг илүү их таньж мэдэж байна. Хэрэв нүүгээгүй бол ийм боломж гарахгүй байв. Хүмүүст туслах тусам Еховатай улам дотносож, баяр хөөртэй, сэтгэл хангалуун байна» гэжээ. Нөхөр Равил нь эхнэрийнхээ ярьсантай санал нэг. Тэрбээр: «Энэ бол хамгийн сайхан амьдрал. Библийн үнэнийг заах арвин их туршлагатай, идэвх зүтгэлтэй олон орны Христийн дагалдагчидтай танилцах хосгүй боломжийг олгодог. Би тэднээс их юм сурсан» гэжээ.

 Еховад үйлчлэх чин хүсэлтэй олон хүний ачаар «Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээ ... дэлхий даяар тунхаглагдаж» байна (Матай 24:14). Сайн дураараа Болгарт ирсэн хүмүүсийг Ехова арвин их ивээсэн. Ехова зүрхнийх нь хүсэл, зорилго төлөвлөгөөг биелүүлж байгааг тэд биеэрээ амсаж байна (Дуулал 20:1–4).