Skip to content

Гарчиг руу орох

Та хүнийг гадаад үзэмжээр нь ялгаварлахгүй харьцаж чадах уу?

Та хүнийг гадаад үзэмжээр нь ялгаварлахгүй харьцаж чадах уу?

КАНАДАД амьдардаг Еховагийн Гэрч Доон гудамжны хүмүүст дэлгэрүүлэхийн тулд онцгой хүчин чармайлт гаргадаг нэгэн. Доон: «Би Пийтр гэдэг орон гэргүй хүнтэй танилцсан юм. Миний уулзсан гудамжны хүмүүсийн дотроос хамгийн бохир заваан нь байлаа. Хүний дургүйг хүргэж өөрөөсөө холдуулахдаа гарамгай хүн байв. Хүмүүс түүнд туслахыг олон удаа оролдсон ч гэсэн ерөөсөө хүлээж аваагүй» гэж ярьсан юм. Гэсэн хэдий ч Доон энэ хүнд 14 жил тэвчээртэй хандаж сайхан сэтгэл гаргажээ.

Нэг өдөр Пийтр түүнээс «Чи яасан салдаггүй, нойтон хамуу шиг амьтан бэ? Амар заяа үзүүлээд өгөөч. Надаар яах гээд байгаа юм бэ?» гэж асуужээ. Доон Пийтрийн сэтгэлийг хөдөлгөхийн тулд Библийн 3 зүйлийг эвтэйхэн үзүүлэв. Эхлээд, Пийтрээс Бурхан нэртэй юү гэж асуугаад Дуулал 83:18-ыг уншууллаа. Дараа нь яагаад түүнтэй зууралдаад байгаагаа тайлбарлахын тулд Ром 10:13, 14-ийг үзүүлэв. Тэнд «Эзэний нэрээр дуудах хэн ч аврагдах болно» гэсэн байлаа. Хамгийн сүүлд нь Матай 9:36-г уншиж өгснийхөө дараа одоо өөрөө унш даа гээд Пийтрт өгөв. Энэ зүйлд «Хүмүүсийг хараад [Есүс] өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан байлаа» гэж байдаг. Үүнийг уншаад Пийтр нулимс унаган «Би энэ хонинуудын нэг нь, тийм ээ?» гэж асуужээ.

Пийтр өөрчлөгдөж эхлэв. Усанд орж, сахлаа нямбай засаж, Дооны өгсөн хувцаснаас өмсжээ. Цаашдаа байнга ингэж явдаг болов.

Пийтр өдрийн тэмдэглэл хөтөлдөг байв. Тэмдэглэлийнх нь эхний хэсэгт таагүй, баргар зүйлийг бичсэн байдаг бол гэрэл гэгээтэй, өөдрөг зүйлийг сүүлийн хэсгээс олж болно. Жишээлбэл «Би өнөөдөр Бурхны нэрийг мэдэж авлаа. Одоо би залбирахдаа Еховад залбирна. Бурхны нэрийг мэднэ гэдэг ямар сайхан юм бэ. Ехова дотны Найз чинь болно, хэзээ ч юу ч болж байсан чамайг дандаа сонсоно гэж Доон хэлсэн» хэмээн бичжээ.

Пийтр сүүлчийн үгээ эгч дүү хоёртоо зориулжээ. Тэрээр ийн бичсэн байна.

«Өнөөдөр бие тааруухан байна. Хадан гэртээ харих цаг минь болсон бололтой. Гэхдээ өнөөдөр сүүлчийн өдөр минь байлаа ч гэсэн би найзтайгаа [Доонтой] диваажинд уулзахаа мэдэж байна. Та хоёр минь үүнийг уншиж байгаа бол би байхгүй болсон гэсэн үг. Миний оршуулган дээр нэг танихгүй эрэгтэй ирвэл уулзаарай. Энэ жижигхэн цэнхэр номыг та хоёр уншаарай [Тэрээр олон жилийн өмнө авч байсан «Мөнхийн амь руу хөтлөх үнэн» гэдэг Библи судлах гарын авлагын тухай ярьж байна]. * Найзтайгаа диваажинд дахин уулзахыг минь энд бичсэн байгаа. Би үүнд үнэхээр итгэдэг. Та хоёртоо хайртай шүү. Пийтр».

Оршуулгын дараа Пийтрийн эгч Үүми: «Хоёр жилийн өмнө Пийтр надтай холбоо барьсан. Тийм олон жилийн дараа жаргалтай байхыг нь анх удаа харсан. Бүр инээмсэглэж байсан» гэжээ. Тэрээр Доонтой уулзаад «Би тэр номыг уншина аа. Дүүгийн минь сэтгэлийг хөдөлгөсөн ямар ч зүйл ер бусын байж таарна» гэж ярьжээ. Бас саяхан гарсан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номыг Еховагийн Гэрчүүдтэй хамт судлахаар болсон байна.

Та ч бас хүнийг гадаад үзэмжээр нь ялгалгүй жинхэнэ ёсоор хайрлаж, тэвчээртэй хандаж чадна (1 Тим. 2:3, 4). Тэгдэг бол гаднаа сайхан биш ч дотроо сайхан Пийтр шиг хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж болох юм. Хүний зүрхийг хардаг Бурхан чин сэтгэлтэй хүмүүсийн зүрхэнд үнэний үрийг ургуулна гэдэгт итгэх хэрэгтэй (1 Сам. 16:7; Иох. 6:44).

^ д/м 7 Еховагийн Гэрчүүдийн хэвлэл. Одоо хэвлэхээ больсон.