Элчүүдийн үйлс 7:1–60

  • Иудейн дээд шүүхийн өмнө Стефан ярив (1-53)

    • Тэргүүнүүдийн үе (2-16)

    • Мосе удирдав; израйлчууд шүтээн шүтэв (17-43)

    • «Бурхан хүний барьсан өргөөнд оршдоггүй» (44-50)

  • Стефан руу чулуу шидлэв (54-60)

7  Тэгэхэд тэргүүн тахилч: «Энэ хүмүүсийн хэлж байгаа нь үнэн үү?» гэж асуув.  Стефан: «Ах дүү нар аа, ахмадууд аа, намайг сонсоно уу. Бидний өвөг Абрахамыг Харанд суурьшихаас өмнө Месопотамд байхад нь сүр жавхлант Бурхан үзэгдэж  “Төрөл садангаа орхин нутгаасаа гарч, миний зааж өгөх нутагт оч” гэж хэлсэн билээ.  Тэгэхэд Абрахам Халдейн нутгаас явж, Харанд суудаг болсон. Тэнд эцэг нь үхэхэд Бурхан түүнийг дахин нүүлгэж эдүгээ та бүхний сууж буй энэ нутагт ирүүлсэн боловч  энэ нутгаас алхам* ч газар өгөөгүй. Гэхдээ өөрт нь болон үр удамд нь энэ газрыг өвлүүлэхээ амласан. Харин тэр үед Абрахам хүүхэдгүй байв.  Бас үр удам нь хүний нутагт суух бөгөөд тэр нутгийнханд 400 жил боолчлогдон дарлагдахыг Бурхан хэлсэн.  Түүнчлэн, “Тэднийг боолчлох үндэстнийг би шүүнэ. Энэ явдлын дараа тэд тэндээс явж, энэ газар надад үйлчилнэ” хэмээжээ.  Дараа нь Бурхан Абрахамтай гэрээ байгуулахад Абрахам болон түүний удмын бүх эрэгтэй хүүхдийн хөвчийг таслах ёстой болсон. Тэгээд Абрахам Исаак гэдэг хүүтэй болоод найм дахь өдөр нь хөвчийг нь тасалсан. Исаак Иаковын, Иаков 12 овгийн тэргүүнүүдийн эцэг юм.  Овгийн тэргүүнүүд Иосефт атаархсандаа түүнийг Египетэд зардаг. Харин Бурхан түүнийг орхилгүй, 10  бүх зовлонгоос нь гэтэлгэн мэргэн ухаан хайрлаж, Египетийн хаан фараоны тааллыг олоход тусалсан. Фараон Иосефыг Египет болон гэрийнхээ захирагчаар томилсон. 11  Тэгтэл Египет, Канаан даяар өлсгөлөн болж, гай гамшигт нэрвэгдэж өвөг дээдэс маань идэх юмгүй болжээ. 12  Иаков Египет нутагт хоол хүнс байгааг дуулаад өвөг дээдсийг маань тийш нь анх удаа явуулдаг. 13  Хоёр дахь удаа явуулахад Иосеф өөрийгөө ах дүүдээ илчилсэн бөгөөд фараон Иосефын гэрийнхэнтэй танилцжээ. 14  Тэгээд Иосеф эцэг Иаковтаа хэл хүргүүлж, бүх төрөл төрөгсдөө тэр нутгаас дуудуулахад нийт 75 хүн ирсэн. 15  Иаков Египетэд ирж, тэндээ нас барсан. Өвөг дээдэс маань бас нас барсан. 16  Тэдний шарилыг Шехемд авчирч, Хаморын хөвгүүдээс Абрахамын худалдаж авсан булшинд тавьжээ. 17  Бурхан Абрахамд өгсөн амлалтаа биелүүлэх цаг ойртохын хэрээр Иаковын үр удам Египетэд өнөр өтгөн болж 18  Иосефыг мэддэггүй өөр хаан Египетийг захирах болов. 19  Тэр хаан зальжин арга хэрэглэж, үр хүүхдийг нь хөнөөхийн тулд өвөг дээдсийг маань албадан нялхсыг нь хаяулж байсан. 20  Тэр үед Мосе төрсөн бөгөөд Бурхны хувьд хөөрхөн хүү байлаа. Эцэг эх нь хүүгээ 3 сар гэртээ өсгөж бойжуулжээ. 21  Гэхдээ аргагүйн эрхэнд хаяхад нь фараоны охин олоод хүүгээ болгож авсан. 22  Ийнхүү Мосе египетчүүдийн бүх эрдмийг эзэмшиж, үг яриа сайтай, чадварлаг хүн болон өсжээ. 23  Мосе 40 хүрээд ах дүү нь болох Израйлын хөвгүүдийн аж амьдралыг сонирхох болов. 24  Египет хүн нэг израйл хүнд шударга бус хандахыг үзээд түүнийг өмгөөлж, өшөө аван египет хүнийг хөнөөжээ. 25  Бурхан ах дүү нарыг нь өөрөөр нь авруулна гэж Мосе бодсон ч тэд тэгж бодсонгүй. 26  Маргааш нь Мосе зодолдож байсан хоёр израйл хүнтэй таараад тэднийг эвлэрүүлэх гэсэндээ “Та нар чинь ах дүү шүү дээ. Юунд зодолдоно вэ?” гэхэд 27  зодож байсан хүн Мосег түлхэж “Хэн чамайг бидний удирдагч, шүүгч болгосон юм бэ? 28  Чи өчигдөр египет хүнийг хөнөөсөн шигээ намайг хөнөөх гээ юү?” гэжээ. 29  Энэ үгийг сонсоод Мосе зугтаж, Мидиан нутагт суурьшиж, хоёр хүүтэй болсон. 30  Дөчин жилийн дараа Синаи уулын ойролцоох цөлд нэгэн тэнгэрийн элч шатаж буй бутны дөл болон Мосед үзэгдэв. 31  Мосе үүнийг үзээд ихэд гайхаж учрыг нь олох гэж ойртон очтол Еховагийн* дуу гарч 32  “Би бол чиний өвөг дээдсийн Бурхан, Абрахам, Исаак, Иаковын Бурхан” гэх нь сонсогдов. Мосе айсандаа харж зүрхэлсэнгүй. 33  Ехова*: “Шаахайгаа тайл. Чиний зогсож байгаа газар бол ариун газар. 34  Миний ард түмэн Египетэд дарлагдаж байгааг би харж, ёолохыг нь сонссон. Би тэднийг аврахаар ирлээ. Би чамайг Египет рүү явуулна” гэж хэлдэг. 35  Урьд нь израйлчуудад гологдож “Хэн чамайг удирдагч, шүүгч болгосон юм бэ?” гэж хэлүүлж байсан энэ л Мосе руу Бурхан бутан дунд үзэгдэх тэнгэрийн элчээ явуулж удирдагч, аврагчаар томилсон билээ. 36  Тэгээд энэ хүн Египет, Улаан тэнгис, цөлд 40 жил гайхамшиг үйлдэж тэднийг удирдан Египетээс гаргасан. 37  Израйлын хөвгүүдэд “Бурхан ах дүүгийн чинь дундаас над шиг зөнчийг гаргаж ирнэ” гэж хэлсэн хүн бол Мосе билээ. 38  Синаи ууланд өөртэй нь ярьсан тэнгэрийн элч болон өвөг дээдэстэй маань хамт цөлд Израйлын ард түмний дунд байсан хүн бол Мосе юм. Тэрээр Бурхны амьд үгийг хүлээн авч та нарт дамжуулсан. 39  Өвөг дээдэс маань Мосед дуулгаваргүй загнаж, түүнээс нүүр буруулан, Египет рүү буцахын хүслэн болж 40  “Биднийг удирдах бурхан бүтээж өг. Учир нь Египет нутгаас биднийг гаргасан Мосе яасныг бид мэдэхгүй байна” гэж Ааронд хэлдэг. 41  Тэгээд тугал хийж, түүндээ тахил өргөн найр хийсэн. 42  Тиймээс Бурхан тэднээс нүүр буруулж, тэнгэрийн эрхсийг шүтэхэд нь саад хийгээгүй. Энэ талаар Зөнчдийн номонд “Израйлын гэр ээ, цөлд та нар 40 жил тахил өргөсөн ч энэ нь надад зориулсан юм биш байсан. Тийм биз дээ? 43  Харин та нар Молохын асар, Ромфа бурхны одыг авч явдаг байсан. Та нар эдгээрийг шүтэх гэж өөрсдөө хийсэн шүү дээ. Тиймээс би та нарыг Вавилоноос ч хол газар цөлнө” гэж бичсэн байдаг. 44  Өвөг дээдэс маань цөлд асартай* байсан. Бурхан Мосетой ярилцахдаа загварыг нь үзүүлж, тийм асар барихыг тушаасан билээ. 45  Энэ асрыг үр хүүхэд нь өвлөн эзэмшиж байгаад Бурхны хөөн гаргасан үндэстнүүдийн нутагт Иошуатай хамт авч очсон. Тэр асар Давидын үе хүртэл энд байсан. 46  Давид Бурхны тааллыг олсон бөгөөд Иаковын Бурханд орших газар барихыг хүссэн боловч 47  Бурханд өргөө барьсан нь Соломон байсан. 48  Гэхдээ Хамгийн дээд Бурхан хүний барьсан өргөөнд оршдоггүй шүү дээ. Энэ талаар нэгэн зөнч: 49  “Тэнгэр бол миний сэнтий, газар бол миний хөлийн гишгүүр. Та нар надад зориулж ямар өргөө барих вэ? Миний орших газар хаана байх вэ? гэж Ехова* хэлж байна. 50  Би өөрөө бүхнийг бүтээсэн шүү дээ” хэмээсэн байдаг. 51  Зүрх болон чихэндээ хөвч таслуулаагүй, зөрүүд та нар өвөг дээдсээ дуурайн Бурхны агуу хүчийг үргэлж эсэргүүцдэг. 52  Та нарын өвөг дээдэс зөнчдөөс хэнийг нь хавчаагүй вэ? Тэд шударга сайн нэгэн ирэхийг урьдаас хэлсэн зөнчдийг алсан. Эдүгээ та нар тэр шударга сайн нэгнээс урваж, түүнийг алсан билээ. 53  Та нар тэнгэрийн элчээр дамжуулж өгсөн Хуулийг хүлээн авсан атлаа сахиагүй» гэж хэллээ. 54  Үүнийг сонсоод тэд уурлан хилэгнэж, зэвүү нь хүрсэндээ шүдээ хавирч эхлэв. 55  Харин Стефан Бурхны агуу хүчээр удирдуулан тэнгэр ширтэж, Бурхны сүр жавхлан, Бурхны баруун талд зогсох Есүсийг үзээд 56  «Би тэнгэр нээгдэхийг, Бурхны баруун талд зогсож буй хүний Хүүг харж байна» гэж хэлтэл 57  тэд бүгдээрээ хамаг чадлаараа хашхирч, чихээ таглав. Тэгээд түүн рүү дайрч 58  хотоос гаргаад түүн рүү чулуу шидэлж эхлэв. Гэрчүүд Саул гэдэг залуугийн хөлд гадуур хувцсаа тавьсан байлаа. 59  Стефан чулуу шидүүлж байхдаа «Эзэн Есүс минь, танд би өөрийгөө даатгая» гэж хэлэв. 60  Тэгээд өвдөг сөхрөн чанга дуугаар «Ехова*, энэ нүглийнх нь төлөө эднийг бүү шийтгээрэй» гэж хэлээд амьсгал хураажээ.

Зүүлт

Үгч. «хөл тавих»
Үгийн тайлбарыг үзнэ үү.
Үгийн тайлбарыг үзнэ үү.
Үгч. «гэрчлэлийн асартай»
Үгийн тайлбарыг үзнэ үү.
Үгийн тайлбарыг үзнэ үү.