Элчүүдийн үйлс 10:1–48

  • Корнелийн үзсэн үзэгдэл (1-8)

  • Ариусгасан амьтдыг Петр гайхамшгаар үзэв (9-16)

  • Петр Корнелийнд ирэв (17-33)

  • Петр харь үндэстэнд сайн мэдээ тунхаглав (34-43)

    • «Бурхан хэнийг ч алаг үздэггүй» (34, 35)

  • Харь үндэстнүүд агуу хүчийг хүлээн авч баптисм хүртэв (44-48)

10  «Италийнхан» хэмээх цэргийн ангийн дарга* Корнел гэгч хүн Цезариад байв.  Тэрээр сүсэг бишрэлтэй хүн бөгөөд гэрийнхэн нь ч Бурхнаас эмээдэг ажээ. Корнел Бурханд байнга залбирдаг, их өглөгч хүн байлаа.  Өдрийн есдүгээр цагийн* орчим Бурхны тэнгэрийн элч үзэгдэж «Корнел!» гэж дуудав.  Корнел түүнийг хараад айсандаа «Эзэн, та яах гэв?» гэж асуухад тэнгэрийн элч: «Бур⁠хан залбирлыг чинь таалан сонссон бөгөөд ядууст тусалдгийг чинь ажиглан харсан.  Тиймээс одоо Иоппа руу хүн явуулж Петр гэгддэг Симоныг гэртээ авчруул.  Тэрээр тэнгисийн хажууд гэр нь байдаг арьсчин Симоныд байгаа» гэж хэлэв.  Тэнгэрийн элчийг явмагц Корнел хоёр зарц болон сүсэг бишрэлтэй нэгэн цэргээ дуудаж  болсон явдлыг бүгдийг нь ярьж өгөөд Иоппа руу явуулжээ.  Тэд явсаар маргааш нь Иоппад дөхөж очих үед буюу зургаадугаар цагийн* орчим Петр залбирах гэж байшингийн дээвэр дээр гарчээ. 10  Тэрээр ихэд өлсөж, юм идэхийг хүсэж байв. Хүмүүсийг хоол хийж байх зуур Петр гайхамшгаар үзэгдэл үзэв. 11  Тэнгэр нээгдэж, дөрвөн үзүүрээсээ татагдсан том бүтээлэг мэт зүйл газардаж харагдлаа. 12  Дотор нь бүх төрлийн дөрвөн хөлт амьтан, хэвлээр явагч, тэнгэрийн шувууд байв. 13  Тэгтэл «Петр ээ, бос. Нядлаад ид!» гэх дуу гарав. 14  Харин Петр: «Эзэн минь, би идэхгүй. Би бузар юм огт идэж байгаагүй» гэхэд 15  өнөөх дуу дахин гарч «Бурхны ариусгасан юмыг бузар гэхээ боль» гэж хэлэв. 16  Тэр дуу гурав дахь удаа сонсогдоход Петрт үзэгдсэн юм тэр даруй тэнгэр өөд хөөрөн оджээ. 17  Петр үзсэн үзэгдлийнхээ учрыг олж ядан байх зуур Корнелийн явуулсан хүмүүс Симоны гэрийг сурагласаар үүдэнд нь ирээд 18  Петр гэгддэг Симон гэрт нь байгаа эсэхийг гэрийн эзнээс асуужээ. 19  Харин Петр үзсэн зүйлээ эргэцүүлэн бодож байтал Бурхан агуу хүчээрээ заавар өгүүлж, «Чамайг гурван хүн хайж байна. 20  Доошоо буугаад тэдэнтэй яв. Би тэднийг явуулсан тул эргэлзэх хэрэггүй» гэжээ. 21  Петр шатаар бууж өнөөх хүмүүс дээр очоод «Хайж байгаа хүн чинь би байна. Та нар ямар хэргээр ирээ вэ?» гэж асуулаа. 22  Тэд: «Иудейчүүдийн дунд ихэд хүндлэгддэг, Бурхнаас эмээдэг, шударга сайн Корнел гэдэг цэргийн дарга байдаг юм. Таныг гэртээ урьж ирүүлээд, хэлэх үгийг тань сонсохыг Бурхан тэнгэрийн элчээрээ түүнд хэлүүлсэн билээ» гэв. 23  Ингээд Петр тэднийг гэрт оруулж, хонуулжээ. Маргааш нь Петр тэдэнтэй явахад Иоппагийн хэдэн шавь дагаж явжээ. 24  Дараагийн өдөр нь Петр Цезариад хүрч ирэв. Тэднийг хүлээж байсан Корнел төрөл садан болон дотны найзуудаа гэртээ цуглуулсан байлаа. 25  Петрийг ирэхэд Корнел угтан авч сөхөрч суугаад мөргөхөд 26  Петр: «Та бос, бос. Би бусадтай адил жирийн хүн шүү дээ» гэж хэлээд татаж босгон 27  Корнелтэй ярилцаж явсаар дотогш ороход тэнд олон хүн цугласан байв. 28  Петр тэдэнд «Иудей хүн өөр үндэстэнтэй харьцах юм уу гэрт нь очихыг иудейчүүдийн хуульд хориглосон байдгийг та нар сайн мэднэ шүү дээ. Гэхдээ ямар ч хүнийг бузар гэж үзэх ёсгүйг Бурхан надад ойлгуулсан. 29  Тиймээс намайг дуудахад би шууд ирлээ. Намайг дуудуулсан тань ямар учиртай юм бэ?» гэжээ. 30  Тэгэхэд Корнел: «Дөрвөн өдрийн өмнө өдийд буюу есдүгээр цагт* би гэртээ залбирч байтал гэрэл цацарсан хувцастай хүн үзэгдэж, 31  “Корнел, Бурхан залбирлыг чинь таалан сонссон бөгөөд ядууст тусалдгийг чинь ажиглан харсан. 32  Тиймээс одоо Иоппа руу хүн явуулж Петр гэгддэг Симоныг дуудаж ирүүл. Тэрээр тэнгисийн хажууд амьдардаг арьсчин Симоны гэрт байгаа” гэж хэлсэн юм. 33  Тэр даруй би тан руу хүн явуулсан. Таны ирсэн нь их сайн хэрэг боллоо. Бидэнд хэлүүлэхээр Еховагийн* тушаасан бүхнийг сонсох гэж бид Бурхны өмнө цуглаад байна» гэж хэллээ. 34  Тэгэхэд Петр: «Бурхан хэнийг ч алаг үздэггүй. 35  Харин ямар ч үндэстэн өөрөөс нь эмээ⁠дэг, зөв юм хийдэг бол таалдаг юм байна гэдгийг би одоо үнэхээр сайн ойлголоо. 36  Бүгдийн Эзэн Есүс Христийн ачаар амар тайван* байх тухай сайн мэдээг Бурхан Израйлын хөвгүүдэд хүргүүлсэн юм. 37  Баптисм хүртэхийг Ёохан тунхагласнаас хойш Галилаас эхлээд Иудей даяар хүмүүс юун тухай ярьж байсныг та нар мэднэ. 38  Назарын Есүс гэж хэн болох, Бурхан хэрхэн Есүсийг агуу хүчээрээ тосолж, хүч чадал хайрласан тухай, Есүс нутаг орноор явж сайн үйл хийж, Диаволд эзэмдүүлсэн хүмүүсийг Бурхны тусламжаар эдгээж байсан тухай олон түмэн ярьж байсан. 39  Бид бол иудейчүүдийн нутаг болон Иерусалимд Есүсийн үйлдсэн бүхнийг үзсэн гэрчүүд юм. Харин хүмүүс түүнийг шонд хадаж алсан. 40  Гурав дахь өдөр нь Бурхан түүнийг амилуулж, Есүс хүмүүст үзэгдсэн. 41  Гэхдээ бүх хүнд үзэгдээгүй. Харин Бурхны урьдаас томилсон гэрчүүд буюу бидэнд үзэгдсэн билээ. Амилсных нь дараа бид түүнтэй хамт идэж уусан юм. 42  Түүнчлэн, амьд болон үхсэн хүмүүсийг шүүлгэхээр Бурхан өөрийг нь томилсон гэж тунхаглаж, сайтар гэрчлэхийг тэрээр бидэнд тушаасан билээ. 43  Есүст итгэдэг хүн бүрийн нүглийг Бурхан Есүсийн нэрээр уучилна гэж бүх зөнч гэрчилсэн» гэж ярив. 44  Петрийн ярихыг сонсож байсан хүмүүст Бурхан агуу хүчээ өгчээ. 45  Ийнхүү Бурхан харь үндэстний хүмүүст агуу хүчээ өгснийг Петртэй хамт ирсэн иудей шавь нар* үзээд гайхав. 46  Харь үндэстнүүд өөр өөр хэлээр ярьж, Бурхныг магтан алдаршуулж байлаа. 47  Тэгэхэд Петр: «Бурхан бидэнд өгсөн шигээ энэ хүмүүст ч агуу хүчээ өглөө. Тэгэхээр, тэднийг баптисм хүртэж болохгүй гэж хэн хориглох билээ?» гээд 48  Есүс Христийн нэрээр* баптисм хүртэхийг тэдэнд тушаав. Тэд өөрсөдтэй нь хамт хэд хонохыг Петрээс хүсжээ.

Зүүлт

Эсвэл «зуутын дарга»
15 цагийн орчим
12 цагийн орчим
15 цагийн орчим
Үгийн тайлбарыг үзнэ үү.
Бурхантай эвлэрэхийг хэлсэн.
Үгч. «хөвч хөндүүлсэн, үнэнч итгэгчид»
Мт 28:19-ийн зүүлтийг үзнэ үү.