Элчүүдийн үйлс 11:1–30

  • Петр элчүүдэд тайлбарлав (1-18)

  • Барнаб Саул хоёр Сирийн Антиохт (19-26)

    • Шавь нар Христийн дагалдагчид гэгдэх болов (26)

  • Агаб өлсгөлөн болно гэж зөгнөв (27-30)

11  Харь үндэстний хүмүүс ч Бурхны үгийг хүлээж авсан тухай Иудейд байсан элчүүд, дагалдагчид сонсжээ.  Петрийг Иерусалимд буцаж ирэхэд хөвч таслахыг дэмждэг хүмүүс түүнийг шүүмжлэн  «Чи хөвч таслуулаагүй хүмүүсийн гэрт очиж, тэдэнтэй хамт хоол идсэн байна» гэхэд  Петр болсон явдлыг дэлгэрэнгүй тайлбарлав.  «Би Иоппа хотод залбирч байхдаа гайхамшгаар үзэгдэл үзсэн юм. Дөрвөн үзүүрээсээ татагдсан том бүтээлэг мэт зүйл тэнгэрээс бууж өмнө минь газардсан.  Сайн хартал дотор нь дөрвөн хөлт болон зэрлэг амьтан, хэвлээр явагч, тэнгэрийн шувууд байх юм.  Бас “Петр ээ, бос. Нядлаад ид!” гэх дуу сонсогдсон.  Тэгэхээр нь, би: “Эзэн минь, яалаа гэж. Би бузар юм амандаа огт хийж байгаагүй” гэж хэллээ.  Тэр дуу тэнгэрээс хоёр дахь удаа гарч “Бурхны ариусгасан юмыг бузар гэхээ боль” гэж хэлсэн. 10  Өнөөх дуу гурав дахь удаа сонсогдоход бүх юм тэнгэр өөд хөөрөн одсон юм. 11  Яг тэр мөчид гурван хүн, буусан айлын минь үүдэнд зогсож байлаа. Нэгэн хүн намайг дуудуулахаар тэднийг Цезариагаас явуулсан юм байжээ. 12  Бурхан надад агуу хүчээрээ заавар өгч, эргэлзэж тээнэгэлзэхгүйгээр тэдэнтэй хамт явахыг тушаасан. Энэ зургаан хүн надтай хамт явсан. Тэгээд бид нэг айлд очсон билээ. 13  Тэр хүнийг гэртээ байхад нь тэнгэрийн элч үзэгдэж “Иоппа руу хүн явуулж, Петр гэгддэг Симоныг урьж ирүүл. 14  Чамайг болон гэрийнхэн чинь яавал аврагдахыг тэрээр хэлж өгнө” гэсэн ажээ. 15  Гэхдээ намайг ярьж эхэлтэл Бурхан агуу хүчээ анх бидэнд өгсөн шигээ тэдэнд бас өгөв. 16  Тэгэхэд би Эзний хэлснийг санасан юм. Эзэн: “Ёохан та нарт усаар баптисм хүртээсэн. Гэхдээ та нар Бурхны агуу хүчээр баптисм хүртэнэ” гэсэн билээ. 17  Тиймээс, Эзэн Есүс Христэд итгэсэн бидэнд өгсөн бэлгээ тэдэнд ч бас өгсөн Бурханд би яаж саад хийх билээ?» гэж хэлэв. 18  Үүнийг сонсоод тэд шүүмжлэхээ больж, «Тэгэхээр, Бурхан харь үндэстний хүмүүст ч гэмшиж, амийн зам дээр гарах боломж олгожээ» гэж хэлэн Бурхныг алдаршуулав. 19  Стефаныг хавчсанаар эхэлсэн харгис хавчлагын улмаас тарж явсан хүмүүс Финики, Кипр, Антиох хүртэл явжээ. Тэд сайн мэдээг иудейчүүдэд л тунхаглаж байлаа. 20  Гэхдээ Кипр, Күрений зарим хүн Антиохт ирээд грек хэлтэй хүмүүстэй ярилцаж, Эзэн Есүсийн тухай сайн мэдээ тунхаглажээ. 21  Ехова* агуу хүчээрээ тэдэнд тусалж байсан учир тун олон хүн Эзэнд итгэж, дагалдагч болов. 22  Иерусалим дахь хурлынхан тэдний тухай сонсоод Барнабыг Антиох руу явуулжээ. 23  Тэрээр очоод Бурхан тэднийг нигүүлсэлдээ багтаасанд баярлаж, Эзэнд тууштай үйлчлэхийг бүгдэд нь уриалжээ. 24  Барнаб өөрөө ч Бурхны агуу хүчээр удирдуулдаг, бат итгэлтэй, сайн хүн байв. Ингээд олон хүн Эзэнд итгэдэг болсон учир 25  Барнаб Саулыг хайхаар Тарс руу явав. 26  Түүнийг олж уулзаад Антиохт дагуулж ирлээ. Тэд бүтэн жилийн турш хурлынхантай цуглаж, олон хүнд заажээ. Антиох дахь дагалдагчид Бурхны удирдлагаар анх удаа Христийн дагалдагчид гэгдэх болжээ. 27  Тэр үед хэдэн зөнч Иерусалимаас Антиохт ирэв. 28  Тэдний нэг Агаб бүх газрыг хамрах өлсгөлөн болохыг Бурхны агуу хүчээр удирдуулан хэлжээ. Энэ өлсгөлөн Клавдийн үед болсон юм. 29  Шавь нар Иудей дэх ах дүүдээ чадах чинээгээрээ туслахаар болж 30  цуглуулсан юмаа Барнаб Саул хоёрт өгч ахлагчид руу явууллаа.

Зүүлт

Үгийн тайлбарыг үзнэ үү.