Ёоханы бичсэн сайн мэдээ 8:12–59

  • Эцэг нь Есүсийг гэрчилдэг (12-30)

    • Есүс бол «ертөнцийн гэрэл» (12)

  • Абрахамын хүүхдүүд (31-41)

    • «Үнэн та нарыг чөлөөлнө» (32)

  • Диаволын хүүхдүүд (42-47)

  • Есүс ба Абрахам (48-59)

8  12  Есүс дахин тэдэнд хандаж «Би бол ертөнцийн гэрэл. Намайг дагадаг хэн ч харанхуйд явахгүй, харин амь руу хөтлөх гэрлийг олж авна» гэхэд 13  фарисайчууд: «Та ганцаараа өөрийгөө гэрчилж байгаа учраас бид итгэхгүй» хэмээв. 14  Есүс тэдэнд «Би өөрийгөө гэрчиллээ ч энэ нь худал биш. Яагаад гэвэл би хаанаас ирснээ, хаашаа явж байгаагаа мэддэг. Харин та нар намайг хаанаас ирснийг, хаашаа явж байгааг мэдэхгүй. 15  Та нар хүний үзлээр* шүүдэг. Би хэнийг ч, хэзээ ч шүүдэггүй. 16  Гэхдээ шүүлээ гэхэд шударга шүүнэ. Учир нь би ганцаараа биш. Намайг илгээсэн Эцэг надтай хамт байдаг. 17  Танай Хуульд ч “Хоёр хүн гэрчилбэл үнэн” гэж бичсэн байдаг. 18  Би өөрийгөө гэрчилдэг, намайг илгээсэн Эцэг бас намайг гэрчилдэг» хэмээжээ. 19  Тэгэхэд тэд: «Тэгвэл тэр Эцэг чинь хаана байгаа юм бэ?» гэхэд Есүс: «Та нар намайг ч, Эцгийг минь ч мэдэхгүй байна. Намайг мэдсэн бол Эцгийг минь ч мэдэх байсан» гэж хэлэв. 20  Есүс сүмд очиж сургаал айлдахдаа эрдэнэсийн сан байдаг газар энэ бүхнийг ярьжээ. Гэхдээ хэн ч түүнийг барьсангүй. Учир нь цаг нь хараахан болоогүй байжээ. 21  Есүс дахин тэдэнд хандаж «Би явна. Та нар намайг хайх боловч нүгэлтэй хэвээрээ үхнэ. Миний очих газар та нар очиж чадахгүй» хэмээв. 22  Иудейчүүд үүнийг сонсоод «Энэ хүн: “Миний очих газар та нар очиж чадахгүй” гэх юм. Амиа хорлох гээгүй байгаа?» гэлцэв. 23  Есүс яриагаа үргэлжлүүлэн «Та нар бол газрынх, харин би дээрээс ирсэн. Та нар энэ ертөнцийнх, би энэ ертөнцийнх биш. 24  Тиймээс би: “Та нар нүгэлтэй хэвээрээ үхнэ” гэж хэлсэн юм. Намайг ирэх ёстой тэр нэгэн гэдэгт итгэхгүй бол та нар нүгэлтэй хэвээрээ үхнэ» гэжээ. 25  Тэд: «Та хэн юм бэ?» гэхэд Есүс: «Та нартай ярихын хэрэг байна уу даа? 26  Та нарт хэлэх юм их байна. Шүүх хэрэг олон байна. Үнэндээ, намайг ертөнц рүү илгээсэн, худал ярьдаггүй тэр Нэгнээс дуулснаа би ярьж байна» гэжээ. 27  Эцгийнхээ тухай ярьсныг нь тэд ойлгоогүй ажээ. 28  Есүс тэдэнд «Та нар хүний Хүүг шонд хадсаныхаа* дараа намайг тэр мөн гэдгийг, санаан зоргоор юу ч хийдэггүйг ойлгоно. Харин Эцгийнхээ сургасны дагуу би энэ бүхнийг ярьдаг. 29  Намайг илгээсэн Нэгэн надтай хамт байдаг. Би үргэлж таалалд нь нийцүүлдэг учир ганцааранг минь орхиогүй» гэжээ. 30  Ийн ярихад олон хүн түүнд итгэв. 31  Дараа нь Есүс өөрт нь итгэсэн иудейчүүдэд «Хэрэв та нар хэлснийг минь биелүүлдэг бол миний дагалдагч үнэхээр мөн бөгөөд 32  үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө» гэж хэлжээ. 33  Гэтэл бусад нь: «Бид Абрахамын үр сад. Хэнд ч, хэзээ ч боолчлогдож явсангүй. “Та нар чөлөөлөгдөнө” гэсэн тань ямар учиртай юм бэ?» гэцгээв. 34  Есүс: «Би та нарт батлан хэлье. Нүгэл үйлддэг хүн бүр нүглийн боол. 35  Түүнээс гадна, боол эзнийхээ гэрт үүрд мөнхөд байдаггүй. Харин эзний хүү үүрд мөнхөд байдаг. 36  Тиймээс Хүү та нарыг чөлөөлбөл та нар жинхэнэ ёсоор чөлөөлөгдөнө. 37  Та нар бол Абрахамын үр сад мөн. Гэхдээ та нар сургаалыг минь хүлээж аваагүй учир намайг алахыг санаархаж байна. 38  Би Эцэгтэйгээ байхдаа юу харснаа ярьдаг. Та нар эцгээсээ юу сонссоноо хийдэг» гэж хариулав. 39  Харин тэд: «Бидний эцэг бол Абрахам» гэхэд Есүс: «Та нар Абрахамын хүүхдүүд байсан бол үлгэр дуурайллыг нь дагах байсан. 40  Гэтэл та нар Бурхнаас сонссон үнэнийг ярьсан намайг алах гэж байна. Абрахам хэзээ ч ийм юм хийгээгүй. 41  Та нар эцгийнхээ хийдгийг хийж байна» гэхэд тэд: «Бид бутач хүүхдүүд биш. Бид Бурхан хэмээх нэг Эцэгтэй» гэжээ. 42  Есүс тэдэнд «Бурхан та нарын Эцэг байсан бол та нар намайг хайрлах байсан. Учир нь Бурхан намайг илгээсэн бөгөөд би ирчихээд байна. Би өөрийн дураар ирээгүй, харин тэр Нэгэн намайг илгээсэн. 43  Та нар миний сургаалыг хүлээж авах хүсэлгүй учраас яриаг минь ойлгохгүй байна. 44  Та нарын эцэг бол Диавол. Та нар эцгийнхээ хүслийг биелүүлдэг. Диавол Бурхны талаар худал хэлсэн тэр үеэс алуурчин болсон бөгөөд үнэнээс холдсон. Яагаад гэвэл Диавол үнэнд дургүй. Тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг учраас худал ярих нь түүний үнэн чанар юм. 45  Харин би та нарт үнэний тухай ярьдаг учраас та нар надад итгэдэггүй. 46  Хэн чинь миний нүгэлтэйг батлах вэ? Үнэний тухай ярьж байхад та нар яагаад итгэхгүй байгаа юм бэ? 47  Бурхны хүн Бурхны үгийг сонсдог. Та нар Бурхных биш учир намайг сонсдоггүй» гэжээ. 48  Тэгэхэд иудейчүүд: «“Та бол самари хүн бөгөөд танд чөтгөр шүглэсэн” гэсэн маань зөв байжээ» гэцгээв. 49  Есүс тэдэнд «Надад чөтгөр шүглээгүй. Би Эцгээ алдаршуулдаг, харин та нар намайг доромжилдог. 50  Гэхдээ би өөрийгөө алдаршуулахыг хүсдэггүй. Намайг алдаршуулахыг хүсдэг Нэгэн бий. Тэр бол шүүгч юм. 51  Миний сургаалыг дагадаг хүн хэзээ ч үхэхгүй гэж батлан хэлье» хэмээжээ. 52  Иудейчүүд: «Танд чөтгөр шүглэснийг одоо баттай мэдэж авлаа. Абрахам ч, зөнчид ч үхсэн. Харин та: “Миний сургаалыг дагадаг хүн хэзээ ч үхэхгүй” гэлээ. 53  Та бидний эцэг Абрахамаас агуу юм уу? Абрахам ч, зөнчид ч үхсэн. Та өөрийгөө хэн гэх гээд байгаа юм бэ?» гэж асуухад 54  Есүс: «Би өөрийгөө алдаршууллаа гэхэд энэ нь юу ч биш. Харин миний Эцэг намайг алдаршуулдаг. Та нар түүнийг Бурхнаа гэдэг боловч мэддэггүй. 55  Харин би мэддэг. Би түүнийг мэддэггүй гэвэл та нартай адил худалч болно. Би түүнийг мэддэг, хэлснийг нь хийдэг. 56  Та нарын эцэг Абрахам миний юу хийхийг үзнэ гэж найдан ихэд баярлаж байсан. Тэгээд ч үзсэн, баярласан» гэж хариулав. 57  Тэгэхэд иудейчүүд: «Та 50 ч хүрээгүй байж Абрахамыг харсан болж байна уу?» гэхэд 58  Есүс: «Би Абрахамыг төрөхөөс өмнө байсан гэдгээ батлан хэлье» гэжээ. 59  Тиймээс тэд Есүс рүү нүүлгэхээр чулуу авцгаахад тэрээр нуугдаж, сүмээс гарч явав.

Зүүлт

Үгч. «махан биеийн дагуу»
Үгч. «өргөснийхөө»