Skip to content

Еховагийн Гэрчүүд гэр бүлийг салгадаг уу эсвэл бат бэх болгодог уу?

Еховагийн Гэрчүүд гэр бүлийг салгадаг уу эсвэл бат бэх болгодог уу?

 Еховагийн Гэрчүүд бид гэр бүлээ ч, бусдын гэр бүлийг ч бат бэх байлгахын тулд хичээж мэрийдэг. Бурхан гэр бүлийг анх санаачлан бий болгосон гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг (Эхлэл 2:21–24; Эфэс 3:14, 15). Бурхан тогтвортой, аз жаргалтай гэр бүлийг цогцлооход тустай зарчмыг дэлхийн өнцөг булан бүрд буй хүмүүст Библиэрээ хэлж өгдөг.

Гэр бүлүүдийг бат бэх байхад нь Еховагийн Гэрчүүд хэрхэн тусалдаг вэ?

 Бид Библийн зарчмыг дагахыг хамаг чадлаараа хичээдэг. Яагаад гэвэл Библийн зарчмыг дагадаг хүн сайн нөхөр эхнэр, сайн эцэг эх болдог (Сургаалт үгс 31:10–31; Эфэс 5:22—6:4; 1 Тимот 5:8). Шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлд ч Библийн зарчим ач тустай (1 Петр 3:1, 2). Гэр бүлийн хүн нь Еховагийн Гэрч болсны дараа итгэгч бус хань нь юу гэж хэлснийг сонирхъё:

  •   «Гэр бүл болсноос хойших зургаан жил хэрүүл маргаан, уур бухимдлаар дүүрэн байсан. Харин Ивээт маань Еховагийн Гэрч болоод өмнөхөөсөө илүү халамжтай, тэвчээртэй болсон. Эхнэр минь ингэж өөрчлөгдсөн болохоор одоо манай гэр бүл жаргалтай сайхан амьдарч байна»​—Клавер, Бразил улс.

  •   «Миний нөхөр Чаанса Еховагийн Гэрчүүдтэй Библийн хичээл хийж эхлэхэд би дургүй байсан. Яагаад гэвэл Гэрчүүдийг гэр бүл сүйрүүлдэг гэж бодож байсан юм. Гэтэл нөхөр маань Гэрчүүдтэй хичээл хийснээс хойш манай гэр бүлд Библи үнэхээр их тусалсан»​—Аагнес, Замби улс.

 Бид Библийн тухай хүмүүстэй ярилцахдаа:

  •   Ханиа зөв сонгоход

  •   Гэрлэсний дараах нэг жилийг амжилттай давахад

  •   Хадмуудтайгаа эвтэй байхад

  •   Мөнгөө зөв зарцуулахад

  •   Маргалдахгүй байхад

  •   Уучилж сурахад

  •   Хүүхдээ хүмүүжүүлэхэд ач тустай ямар мэргэн зөвлөгөө Библид байдгийг хэлж өгдөг.

Шашин шүтлэгээ өөрчилбөл гэр бүлд зөрчил үүсэх үү?

 Маргаан гарахыг үгүйсгэх аргагүй. Жишээ нь, «Соофрес» гэдэг судалгааны компанийн 1998 оны тайланд дараах зүйлийг тэмдэглэжээ. Гэр бүлийн хоёрын аль нэг нь Гэрч болсон 20 гэр бүлийн нэг нь л хэцүү асуудалтай тулгарчээ.

 Өөрийнх нь сургаалын дагуу амьдардаг хүмүүс заримдаа гэр бүлийнхнийхээ зүгээс хавчлага дарамттай тулгарна гэдгийг Есүс зөгнөн хэлсэн (Матай 10:32–36). Уилл Дьюрант гэдэг түүхчийн тэмдэглэснээр, Ромын эзэнт гүрний үед «Христийн шашныхныг гэр бүлийг салгадаг гэж буруутгадаг байжээ». a Өнөөдөр ч Еховагийн Гэрчүүдийн заримыг тэгж буруутгадаг. Тэгэхээр Гэрчүүдээс болоод гэр бүлд зөрчил үүсдэг гэсэн үг үү?

Европын Хүний Эрхийн Шүүх

 Еховагийн Гэрчүүд гэр бүлийг салгадаг гэсэн хэргийг Европын Хүний Эрхийн Шүүх хянаж хэлэлцээд дараах шийдвэрт хүрчээ. «Ихэнх тохиолдолд Гэрч биш гэрийнхэн нь Гэрч болсон нэгнийхээ итгэл үнэмшил болон шашнаа чөлөөтэй шүтэх эрхийг нь үл хүндэтгэснээс болж гэр бүлд зөрчил үүсдэг. Энэ нь Еховагийн Гэрчүүдэд төдийгүй шашин шүтлэгийн хувьд хуваагдмал бүх гэр бүлд түгээмэл гардаг асуудал» гэжээ. b Шашин шүтэх эрх нь хөндөгдсөн ч Еховагийн Гэрчүүд «Хэнд ч мууг муугаар бүү хариул. . . . Боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй бай» гэсэн Библийн зөвлөгөөг чанд сахидаг (Ром 12:17, 18).

Еховагийн Гэрчүүд яагаад бие биетэйгээ л гэрлэдэг вэ?

 «Эзний дагалдагчтай л гэрлэх ёстой» гэсэн заавар Библид байдаг. Тийм учраас Гэрчүүд итгэл нэгтэнтэйгээ гэрлэдэг (1 Коринт 7:39). Библийн энэ зөвлөгөөг дагах нь амьдралд ач тустай. Жишээлбэл, гэр бүлд зориулсан нэгэн сэтгүүлийн 2010 оны дугаарт «Итгэл үнэмшил нэгтэй хосууд илүү сайн харьцаатай байдаг» гэж бичжээ («Journal of Marriage and Family»). c

 Хэдий тийм ч, итгэгч бус ханиасаа салах юм уу тусдаа амьдрахыг Еховагийн Гэрчүүдийн байгууллага итгэгчдэдээ уриалдаггүй. Библид «Бурханд итгэдэг эрэгтэй Бурханд итгэдэггүй эхнэртэй байгаад, эхнэр нь салахгүй гэвэл бүү сал. Бурханд итгэдэг эмэгтэй Бурханд итгэдэггүй нөхөртэй байгаад, нөхөр нь салахгүй гэвэл бүү сал» гэж бий (1 Коринт 7:12, 13). Еховагийн Гэрчүүд энэ тушаалыг биелүүлдэг.

a «Caesar and Christ» номны 647-р хуудас.

b «Jehovah’s Witnesses of Moscow and Others v. Russia» гэсэн шүүхийн шийдвэр, 26, 27-р хуудас, 111-р догол мөр.

c «Journal of Marriage and Family», Volume 72, Number 4, (August 2010), 963-р хуудас.