Skip to content

ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ | ЭХНЭР НӨХӨР

Хэрэлдэж маргахаа яаж болих вэ?

Хэрэлдэж маргахаа яаж болих вэ?

ЮУ БОЛДОГ ВЭ?

Та хоёр аливааг тайван ярилцаж чадахгүй байна уу? Танд тэсрэх бөмбөг нуусан газраар явж байгаа мэт санагдаж байна уу? Нэг л алхвал «хэрүүлийн» бөмбөг дэлбэрэх гээд байна уу?

Хэрэв тийм бол ийм байдал сайжирна гэдэгт итгээрэй. Эхлээд та хоёр яагаад тэгж их хэрэлддэгээ олж мэдэх хэрэгтэй.

ЯАГААД ТЭГДЭГ ВЭ?

Буруу ойлгох.

Жиллиан * гэдэг эмэгтэй: «Би дотроо бодож байгаа юмаа нөхөртөө зөв ойлгуулж чаддаггүй. Эсвэл ямар нэг юмыг нөхөртөө хэлсэн гэж бодож байгаа ч үнэндээ бол хэлээгүй байдаг. Хэлсэн гэдэгтээ бүр итгэчихсэн байдаг» гэж ярьжээ.

Санал зөрөлдөх.

Хоорондоо таарч тохирдог хосуудад ч заримдаа санал зөрөлдөх үе гардаг. Яагаад? Яг адилхан хоёр хүн гэж байхгүй. Өөр өөр байх нь үнэндээ гэр бүлийн амьдралыг хөгжилтэй эсвэл адармаатай болгодог. Харамсалтай нь олон хосын хувьд хоорондын энэ ялгаа бэрхшээл болдог.

Буруу үлгэр дуурайл авах.

Рэйчил гэдэг эмэгтэй: «Манай аав ээж хоёр үргэлж хэрэлдэж, хоорондоо муухай харьцдаг байсан. Би бас хүнтэй суусан хойноо нөхөртэйгөө, ээж аавтай яаж харьцдаг шиг харьцдаг болсон. Би хүнийг хүндэлж сураагүй байсан юм билээ» гэж ярьсан юм.

Асуудлын цаад учир.

Ширүүн хэрүүл маргааны жинхэнэ шалтгаан нь ихэнхдээ хэрүүл үүссэнээс өөр юманд байдаг. Жишээ нь хэрүүл «Чи дандаа оройтдог» гэж эхэллээ гэж бодъё. Ханьдаа тэгж хэлж байгаа нь үнэндээ бол цаг барихыг биш, өөрийг нь тоож, хайхраагүйг хэлсэн хэрэг байж болох юм.

Ямар ч шалтгаантай байлаа гэсэн байнга хэрэлдэж муудалцах нь биед муу, тэр бүү хэл салж сарних дээрээ тулдаг. Тэгвэл яавал хэрэлдэхээ болих вэ?

ЯАХ НЬ ЗҮЙТЭЙ ВЭ?

Хэрүүл хийхгүйн тулд юунаас болж хэрэлддэгээ тодорхойлоорой. Уурлаагүй тайван үедээ дараах дасгалыг ханьтайгаа хамт хийгээд үзээрэй.

1. Тус тусдаа цаасан дээр сүүлийн үед юунаас болж муудалцсанаа бичнэ. Жишээ нь нөхөр нь: «Чи өдөржин найзуудтайгаа гадуур явсан. Хаана яваагаа утасдаж хэлээгүй», эхнэр нь: «Намайг найзуудтай уулзахад чи дургүйцсэн» гэж бичиж болох юм.

2. Хатуурхаад байлгүй «Энэ тийм сүртэй юм байсан гэж үү? Тоохгүй өнгөрч болохоор байсан юм биш үү?» гэж асуун ярилцаад үзээрэй. Заримдаа эвтэй байх үүднээс санал зөрдөг гэдгээ дор бүрнээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Асуудлыг хайраар «далдлахад» л болчих үе байдаг (Библийн зарчим: Сургаалт үгс 17:9).

Та хоёр шалихгүй юмнаас болж маргасан гэдгээ мэдсэн бол бие биеэсээ уучлалт гуйж, дахин тэр талаар дурсахгүй байгаарай (Библийн зарчим: Колосай 3:13, 14).

Хэрэв асуудал хэн нэгэнд чинь юм уу хоёуланд чинь ноцтой санагдаад байвал дараах алхмыг хийгээрэй.

3. Хэрэлдэж байх үед юу гэж бодогдсоноо дор дороо бичээрэй. Жишээлбэл нөхөр нь ингэж бичиж болно. «Би чамайг надтай биш, найзуудтайгаа л байх дуртай юм байна гэж бодсон». Эхнэр нь ингэж бичиж болох юм. «Надад яг аавдаа цагдуулж байгаа юм шиг санагдсан».

4. Цаасаа солилцож, бие биенийхээ бичсэнийг уншина. Та хоёр яг юунаас болж маргаснаа мэдчихлээ. Тэр асуудлаа хэрэлдэлгүйгээр яаж шийдэж болох байснаа ярилцаарай (Библийн зарчим: Сургаалт үгс 29:11).

5. Энэ дасгалыг хийгээд юу мэдэж авснаа ярилцаарай. Мэдэж авснаа хожим хойно хэрүүлээс зайлсхийхийн тулд эсвэл муудалцсан үедээ хэрхэн хэрэгжүүлэх вэ?

^ д/м 7 Нэрсийг өөрчлөв.