Skip to content

Баптисм хүртээгч Ёохан гэж хэн бэ?

Баптисм хүртээгч Ёохан гэж хэн бэ?

Библийн тайлбар

 Баптисм хүртээгч Ёохан нь Бурхны зөнч байв (Лук 1:76). Тэрбээр манай эриний өмнөх тоолол дуусахын өмнөхөн төрж МЭ I зууны эхэн үед амьдарч байсан. Мессиа буюу Христийн ирэх замыг бэлдэх ажлыг Бурхан түүнд даалгажээ. Ёоханы хүргэсэн мэдээ иудейчүүдэд зүрх сэтгэлээ өөрчилж Бурхан руу ойртоход нь тусалсан (Марк 1:1–4; Лук 1:13, 16, 17).

 Чин сэтгэлтэй хүмүүс Назарын Есүсийг амласан Мессиа мөн гэдгийг таньж мэдэхэд нь Ёохан чухал үүрэг гүйцэтгэсэн (Матай 11:10). Хүмүүст гэмшиж, мөн гэмшиж байгаагаа харуулан баптисм хүртэхийг уриалж байлаа (Лук 3:3–6). Олон хүнд баптисм хүртээсэн учраас баптисм хүртээгч Ёохан хэмээн алдаршжээ. Тэдгээрийн дотор Есүст хүртээсэн баптисм нь хамгийн чухал бөгөөд онцгой юм a (Марк 1:9).

Энэ өгүүлэлд тайлбарлах зүйлс:

 Баптисм хүртээгч Ёохан юугаараа онцгой вэ?

 Зөгнөлийн дагуух түүний амьдрал: Ёохан Бурхны мэдээг тунхагласнаараа Еховагийн элч болно гэсэн зөгнөлийг биелүүлсэн юм (Малахи 3:1; Матай 3:1–3). Тэрбээр «ард түмнийг Еховагийн төлөө бэлтгэх» нэгэн гэдгээ баталжээ. Өөрөөр хэлбэл, элэг нэгт иудейчүүдээ Ехова Бурхны гол төлөөлөгч Есүс Христийн үгийг хүлээн авахад нь бэлдсэн (Лук 1:17).

 Түүний хүртэх хувь: «Баптисм хүртээгч Ёоханаас агуу хүн хүмүүсийн дунд үгүй боловч Бурхны Хаант төрд багтах хүмүүсийн дорд нэгэн ч түүнээс агуу юм» гэж Есүс хэлжээ (Матай 11:11). Яагаад гэвэл Ёохан зөнч төдийгүй Бурхны илгээсэн «элч» байсан. Түүнээс өмнө тийм агуу хүн амьдарч байгаагүй юм. Гэхдээ тэрбээр Бурхны Хаант төрийн тэнгэр дэх хэсэгт багтаж тэнгэрт гарахгүй гэдгийг Есүсийн үг илтгэдэг.  b Яагаад гэвэл тодорхой тооны хүмүүст тэнгэрт гарах боломжийг Христ нээхээс өмнө энэ үнэнч зөнч нас барсан юм (Еврей 10:19, 20). Харин тэрбээр Бурхны Хаант төрийн удирдлага дор диваажин дэлхийд мөнх амьдрах найдвартай (Дуулал 37:29; Лук 23:43).

 Эцэг эх нь хэн байсан бэ?

 Ёоханы ээж нь Елизабет, аав нь Зехариа гэдэг иудейн тахилч байжээ. Ёохан гайхамшгаар мэндэлсэн. Учир нь түүний ээж Елизабет хүүхэдтэй болох боломжгүй хүүсэр эмэгтэй байжээ. Бас аав ээжийг нь «өтөлсөн байлаа» гэж Библид байдаг (Лук 1:5–7, 13).

 Түүнийг хэн хөнөөсөн бэ?

 Ёоханыг Херод Антийп хаан цаазалсан. Энэ явдал Ёоханыг үзэн яддаг Херодиагаас болжээ. Учир нь хаан тэр хоёрын гэрлэлт Иудейн хуулийг зөрчсөнийг Ёохан шулуухан хэлсэн юм (Матай 14:1–12; Марк 6:16–19).

 Баптисм хүртээгч Ёохан Есүс хоёр өрсөлдөгчид үү?

 Тэд өрсөлдөгчид байсан гэж хэлэх үндэслэл Библид ерөөсөө байдаггүй (Ёохан 3:25–​30). Харин ч Ёохан Мессиатай өрсөлдөхөөр бус, замыг нь бэлдэхээр ирснээ илэн далангүй хэлж ярьдаг байсан. Тэрбээр: «Усаар баптисм хүртээж байгаа минь түүнийг израйлчуудад илчлэх гэснийх юм» гээд «энэ бол Бурхны Хүү» гэжээ (Ёохан 1:26–34). Тэр ч байтугай Есүсийн хийсэн бүхнийг сонсоод Ёохан ихэд баярладаг байсан.

a Есүс «нүгэл үйлдээгүй» учраас гэмших хэрэггүй байсан (1 Петр 2:21, 22). Гэсэн ч тэрбээр Бурхны хүслийг биелүүлэхэд бэлэн байгаагаа харуулж баптисм хүртсэн юм. Бидний төлөө амиа өгсөн нь үүнтэй холбоотой (Еврей 10:7–10).

b «Ямар хүмүүс тэнгэрт гарах вэ?» гэсэн өгүүллийг үзнэ үү.