Нэгдүгээр Петр 2:1–25

  • Бурхны үгэнд дуртай бол (1-3)

  • Агуу хүчээр баригдаж байгаа барилгын амьд чулуунууд (4-10)

  • Ертөнцөд харийн хүн мэт амьдрах (11, 12)

  • Хэнд, яаж захирагдах талаар (13-25)

    • Христ бол бидний үлгэр жишээ (21)

2  Тиймээс та нар муу муухай юм хийх, хуурч мэхлэх, хоёр нүүр гаргах, атаархах, доромжлохоо боль.  Үгийн цэвэр сүүнд нялх хүүхэд шиг дуртай бол. Ингэвэл та нар өснө, аврагдана.  Учир нь та бүхэн Эзний сайхан сэтгэлийг амсаж үзсэн* билээ.  Хүмүүст гологдсон, харин Бурхны сонгосон, үнэт, амьд чулуу буюу түүн рүү очиж байгаа та нар бол  ариун тахилч болж Есүс Христээр дамжуулан Бурхны таалалд нийцдэг тахил өргөхийн тулд агуу хүчээр нь баригдаж байгаа барилгын амьд чулуунууд билээ.  Учир нь Сударт «Сонгогдсон, үнэт, булангийн тулгуур чулууг би Сионд тавина. Түүнд итгэдэг хүн харамсахгүй*» гэж бичсэн байдаг.  Тиймээс итгэдэг та нарт тэрээр үнэтэй. Харин итгэдэггүй хүмүүст бол тийм биш ээ. Сударт «Барилгачдын голсон чулуу булангийн гол чулуу болов»,  мөн «бүдрүүлэх чулуу, саад болох хад» гэсэн байдаг. Тэд үгийг дагадаггүй учраас бүдэрдэг бөгөөд энэ нь тэдний төгсгөл юм.  Харин та нар бол «сонгогдсон овог, хаан-тахилч, ариун үндэстэн, тусгай эзэмшил» бөгөөд та нарыг харанхуйгаас гаргаж гайхамшигт гэрэл рүүгээ авчирсан тэр Нэгний «бахдам чанаруудыг газар бүрд тунхаглах учиртай». 10  Учир нь та нар Бурхны ард түмэн биш байсан боловч одоо ард түмэн нь болсон. Өршөөл хүртээгүй байсан боловч одоо өршөөл хүртсэн. 11  Харийн хүн мэт түр оршин сууж буй хайрт ах дүү нар аа, өөрсөдтэй чинь дайтдаг махан биеийн хүсэл тачаалуудаа цээрлэж байхыг уриалж байна. 12  Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв. Тэгвэл та нарыг буруутгадаг хүмүүс сайн үйл хэргийг тань хараад, Бурхны шалгах өдөр болоход түүнийг алдаршуулна. 13  Эзэнд таалагдъя гэвэл хүний бий болгосон эрх мэдлийг хүлээн зөвшөөр. Эрх мэдэлтэй нэгэн буюу хаанд, 14  мууг үйлдэгчийг шийтгэж, харин сайныг үйлдэгчийг магтахын тулд хааны явуулсан захирагчдад захирагд. 15  Учир нь утгагүй юм ярьдаг мунхаг хүмүүсийг сайн үйлсээрээ дуугүй болгохыг Бурхан та нараас хүсдэг. 16  Та нар бол эрх чөлөөтэй хүмүүс. Гэвч эрх чөлөөгөө халхавч болгон муу юм бүү хий. Харин эрх чөлөөгөө Бурхны боол шиг эдэл. 17  Ямар ч хүнийг хүндэл. Ах дүүгийн барилдлагыг хайрла. Бурхнаас эмээ. Хааныг хүндэл. 18  Боолууд эздээсээ зохих ёсоор эмээж, захирагдах ёстой. Сайхан сэтгэлтэй, ухаалаг эздэд төдийгүй ая эв нь олддоггүй эздэд ч захирагд. 19  Яагаад гэвэл Бурханд дуулгавартай байх гэснээсээ болоод зовлон зүдүүр, шударга бус явдлыг тэвчдэг хүн Бурхны таалалд нийцдэг. 20  Нүгэл үйлдэж зодуулаад тэвчлээ ч ямар ашигтай юм бэ? Харин сайныг үйлдсэнийхээ төлөө зовж, ийм зовлонг тэвчвэл Бурхны таалалд нийцдэг. 21  Үнэндээ, үүний төлөө та нарыг сонгосон шүү дээ. Учир нь Христ мөрөөрөө яг таг дагуулахын тулд үлгэр дуурайл үлдээн, та нарын төлөө зовлон эдэлсэн. 22  Тэр нүгэл үйлдээгүй, хуурч мэхэлсэн үг хэлж байгаагүй. 23  Доромжлуулсан ч хариуд нь доромжлоогүй, зовсон ч зовоосон хүмүүст өширхөөгүй. Харин шударга шүүдэг Нэгэнд өөрийгөө даатгасан билээ. 24  Тэрээр биднийг нүглээс чөлөөлөгдөж, сайныг үйлдээсэй гэсэндээ өөрөө шонд* хадуулж, бидний нүглийг биедээ үүрсэн. Тэгээд «түүний шархаар та нар эдгээгдсэн». 25  Та нар төөрсөн хонь мэт байсан ч эдүгээ та нарын амийг хамгаалдаг хоньчин руугаа буцаж ирсэн.

Зүүлт

Эсвэл «биеэрээ мэдэрсэн»
Үгч. «хэн ч ичгүүр болохгүй»
Эсвэл «модонд»