Skip to content

Агуу хүч гэж юу вэ?

Агуу хүч гэж юу вэ?

Библид ингэж байдаг

 Бурхны үйлдэх хүчийг агуу хүч гэдэг (Мика 3:8; Лук 1:35). Бурхан энэ хүчээ хүссэн газраа хүсэл тааллаа биелүүлэхийн тулд ашигладаг (Дуулал 104:30; 139:7).

 Еврейгээр руах, грекээр пневма гэдэг үгийг зарим Библид «сүнс» гэж орчуулдаг. Гэхдээ энэ хоёр үгээр ихэвчлэн Бурхны үйлдэх хүч буюу агуу хүчийг хэлдэг (Эхлэл 1:2). Түүнээс гадна дараах зүйлүүдийг хэлдэг.

 Энэ бүхэн хүний нүдэнд харагддаггүй ч үр нөлөө нь тодорхой мэдрэгддэг. Үүнтэй адилаар Бурхны агуу хүч «салхи шиг нүдэнд үзэгддэггүй, гарт баригддаггүй хэрнээ асар их хүчтэй» гэж нэгэн тольд бичжээ («An Expository Dictionary of New Testament Words», by W. E. Vine).

 Библид бас Бурхны агуу хүчийг Бурхны «мутар», «хуруу» гэж бичсэн байдаг (Дуулал 8:3; 19:1; Лук 11:20; Матай 12:28-тай харьцуулна уу). Дархан хүн гараараа олон зүйл урладаг шиг Бурхан агуу хүчээрээ дараах зүйлийг хийсэн.

  •   Орчлонт ертөнцийг бүтээсэн (Дуулал 33:6; Исаиа 66:1, 2).

  •   Библийг бичүүлсэн (2 Петр 1:20, 21).

  •   Эртний үйлчлэгчдээрээ гайхамшиг үйлдүүлж, сайн мэдээг идэвх зүтгэлтэй тунхаглуулсан (Лук 4:18; Үйлс 1:8; 1 Коринт 12:4–11).

  •   Өөрт нь дуулгавартай хүмүүсийг олон сайхан зан чанар илэрхийлэхэд нь тусалдаг (Галат 5:22, 23).

Агуу хүч бол бодгаль биш

 Библид агуу хүчийг Бурхны «мутар», «хуруу», «амьсгал» гэж бичсэн байдаг нь агуу хүчийг бодгаль биш гэдгийг харуулдаг (Египетээс гарсан нь 15:8, 10). Дархан хүний гар бие махбод, оюун ухаанаас нь салангид ажилладаггүй шиг Бурхны агуу хүч Бурхны удирдлагагүйгээр юу ч хийж чадахгүй (Лук 11:13). Библид бас агуу хүчийг устай зүйрлэсэн байдаг. Мөн итгэл, мэдлэгтэй холбож бичсэн байдаг. Эдгээр нь агуу хүчийг бодгаль биш гэдгийг нь баталдаг (Исаиа 44:3; Үйлс 6:5; 2 Коринт 6:6).

 Библид Ехова Бурхан болон хүү Есүс Христийнх нь нэрийг бичсэн байдаг. Гэхдээ агуу хүчийг нэртэй гэж хаана нь ч бичээгүй байдаг (Исаиа 42:8; Лук 1:31). Христийн шавь Стефан тамлагдаж үхэхийнхээ өмнө гайхамшгаар үзэгдэл үзэж тэнгэрт гурав биш хоёр бодгаль байхыг харсан. Энэ талаар Библид «Стефан Бурхны агуу хүчээр удирдуулан тэнгэр ширтэж, Бурхны сүр жавхлан, Бурхны баруун талд зогсох Есүсийг үз[сэн]» гэж байдаг (Үйлс 7:55). Бурхны агуу хүчний тусламжтайгаар Стефан энэ үзэгдлийг үзсэн юм.

Агуу хүчний талаарх буруу ойлголт

 Буруу ойлголт: «Ариун сүнс» буюу агуу хүч бол бодгаль бас Гурвалын нэг хэсэг гэдгийг Жеймс хааны орчуулгын 1 Ёохан 5:7, 8 баталдаг.

 Үнэндээ бол: Жеймс хааны орчуулгын 1 Ёохан 5:7, 8-д «Тэнгэрт Эцэг, Үг, Ариун сүнс гурав бий. Энэ гурав нэг болой. Дэлхий дээр гурван гэрч бий» гэж гардаг. Харин судлаачдын тогтоосноор, элч Ёохан үүнийг бичээгүй бөгөөд Библийн нэг хэсэг биш ажээ. Профессор Брюс М. Мецгер: «Энэ хэсэг үнэмшилтэй мэт боловч, үнэндээ зохиомол бөгөөд “Шинэ гэрээ”-нд байх ёсгүй нь тодорхой» гэж бичжээ​(«A Textual Commentary on the Greek New Testament»).

 Буруу ойлголт: Библид агуу хүчийг хүншүүлж бичсэн байдаг нь бодгаль гэдгийг нь баталдаг.

 Үнэндээ бол: Библид заримдаа агуу хүчийг хүншүүлж бичсэн байдаг нь үнэн. Гэхдээ энэ нь бодгаль гэж баталж байгаа хэрэг биш юм. Жишээлбэл Есүс агуу хүчийг хүншүүлж «туслагч» гэсэн байдаг. Тэр туслагч илчлэх, удирдах, ярих, сонсох, тунхаглах, алдаршуулах үүрэгтэй аж (Ёохан 16:7–15). Библид бас мэргэн ухаан, үхэл, нүглийг хүншүүлж бичсэн байдаг (Сургаалт үгс 1:20; Ром 5:17, 21). Жишээлбэл мэргэн ухааныг үйлстэй, хүүхдүүдтэй гэсэн байдаг. Бас нүглийг хүнийг хуурч мэхлээд алдаг, шунал төрүүлдгээр дүрсэлсэн байдаг (Матай 11:19; Лук 7:35; Ром 7:8, 11).

 Буруу ойлголт: «Агуу хүчний нэрээр баптисм хүртээ» гэж бичсэн байдаг нь бодгаль гэдгийг нь баталдаг.

 Үнэндээ бол: Библид заримдаа эрх мэдлийг төлөөлүүлэн «нэрээр», «нэр дээр» гэдэг үг хэллэгийг хэрэглэдэг (Дэд хууль 18:5, 19–22; Естер 8:10). Зарим хэлэнд «хуулийн нэрийн өмнөөс» гэдэг үг хэллэг байдаг. Гэхдээ энэ үг хэллэгийг сонсоод хуулийг бодгаль гэж ойлгох хүн байхгүй. «Агуу хүчний нэрээр» баптисм хүртэнэ гэдэг нь агуу хүчний нөлөө болон Бурхны санаа зорилгыг биелэхэд гүйцэтгэх үүргийг нь хүлээн зөвшөөрч байна гэсэн үг (Матай 28:19).

 Буруу ойлголт: Есүсийн элч нар болон бусад эртний дагалдагч нь агуу хүчийг бодгаль гэж итгэдэг байсан.

 Үнэндээ бол: Тэднийг агуу хүчийг бодгаль гэж үздэг байсан гэх баримт Библид ч байдаггүй, түүхэнд ч байдаггүй. «Британника нэвтэрхий толь»-д «Бурханлаг бодгаль хэмээх ариун сүнсний тодорхойлолтыг Константинополийн зөвлөл МЭ 381 онд гаргасан» гэж бичжээ. Тэгэхээр хамгийн сүүлийн элчийг нас барснаас хойш 250 гаруй жилийн дараа агуу хүчийг бодгаль гэж үздэг болсон байна.