Skip to content

Гарчиг руу орох

Эмэгтэйчүүдийн аюулгүй байдал—Библид юу гэж байдаг вэ?

Эмэгтэйчүүдийн аюулгүй байдал—Библид юу гэж байдаг вэ?

 Дэлхий даяар сая сая охид, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байна. Та ч бас хүчирхийлэлд өртөж байсан уу? Таны аюулгүй байдлыг Бурхан чухалчилж үздэг бөгөөд ийм шударга бус явдалд удахгүй цэг тавина.

 «Жаахан байхад минь ах намайг өдөр бүр зодож хэл амаар доромжилдог байсан. Гэрлэсний дараа хадам аав ээж хоёр намайг боол шигээ үзэж, хадам ээж маань над руу дайрч давшилдаг байв. Амиа хорломоор санагдах үе зөндөө байсан»—Мадху, a Энэтхэг

 «Эмэгтэйчүүдийг хүчирхийлэх явдал хаа сайгүй байна» гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдээлдэг. Мөн гурван эмэгтэй тутмын нэг нь бие махбодын эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг хэмээжээ.

 Ийм явдалд өртөж байсан хүн хэл амаар доромжлуулах, бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд дахин өртөх вий гэсэн айдастай явдаг. Эмэгтэйчүүдтэй зүй бус харьцаж ялгаварлан гадуурхдаг нь эмэгтэй хүн угаасаа дорд үзэгддэгийн шинж гэж та бодож болох юм. Харин Бурхан юу гэж үздэг юм бол?

Эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг Бурхан чухалчилж үздэг тухай Библид бий

Бурхан эмэгтэй хүнийг юу гэж үздэг вэ?

 Библид юу гэж байдаг вэ? «[Бурхан] хүнийг эрэгтэй, эмэгтэйгээр нь бүтээсэн юм» гэж бий (Эхлэл 1:27, ШЕ).

 Утга нь: Бурхан хүнийг эрэгтэй, эмэгтэйгээр бүтээсэн учир аль алиныг нь эрхэмд үздэг. Түүнчлэн нөхрүүдэд «өөрийгөө хайрладаг шигээ эхнэрээ хайрлах ёстой» хэмээн тушаасан нь эрхэндээ байлган, хатуу ширүүн үг хэлэн, хүч хэрэглэх ёсгүй гэсэн үг юм (Эфэс 5:33; Колосай 3:19). Эндээс харахад эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг Бурхан чухалд үздэг байх нь.

 «Би хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн юм. Хамаатны нэг ахын хийсэн хэрэг л дээ. Бас арван долоотой байхад минь өөртэй нь бэлгийн харьцаанд орохгүй бол ажлаас хална гэж дарга дарамталж байсан. Насанд хүрсэн хойно минь ч нөхөр, эцэг эх, хөршүүд хүртэл намайг дорд үздэг байв. Харин хожим нь, Бүтээгч Ехова b Бурхныг таньж мэдээд эмэгтэй хүнийг хүндэлдэг болохыг нь ойлгосон. Бурхан надад хайртай, би түүний нүдэнд үнэ цэнтэй гэдгээ мэдэж билээ»—Мариа, Аргентин

Сэтгэлийн шархаа эдгээхэд юу тус болох вэ?

 Библид юу гэж байдаг вэ? «Ах дүүгээс чинь ч дотно байж чадах анд нөхөр бий шүү» хэмээсэн байдаг (Сургаалт үгс 18:24).

 Утга нь: Найз нөхөд бие биедээ тус дэм болдог. Итгэл даадаг анд найздаа сэтгэлээ уудалж байгаарай гэсэн үг юм.

 «Бэлгийн хүчирхийлэлд өртсөнөө би хэнд ч хэлэлгүй бараг хорин жил нуусан юм. Тийм болохоор аз жаргалгүй, сэтгэлийн түгшүүртэй, гутранги хүн явлаа. Харин намайг сонсож ойлгох нэгэнд сэтгэлээ уудлан ярьсан чинь дотор уужраад л явчихсан»—Елиф, Турк

 Библид юу гэж байдаг вэ? «Бүх зовнилоо Бурханд даатга. Яагаад гэвэл тэр та нарт санаа тавьдаг» гэж бий (1 Петр 5:7).

 Утга нь: Таны залбирлыг Бурхан сонсож танд санаа тавина (Дуулал 55:22; 65:2). Өөрийгөө үнэ цэнтэй хүн гэдгийг ойлгоход Бурхан тусална.

 «Еховаг таньж мэдсэнээр сэтгэлийн гүн шарх минь эдгэсэн. Би Бурхандаа бодсон санаснаа чөлөөтэй хэлж залбирдаг. Ехова бол намайг хамгийн сайн ойлгодог дотнын найз минь юм»—Анна, Белиз

Бурхан эмэгтэйчүүдийг хамгаалах уу?

 Библид юу гэж байдаг вэ? «Дарлагдсан хүмүүс, өнчин өрөөснийг Та өмгөөлөх тул дэлхийн мөхөс хүмүүн тэднийг дахин сүрдүүлэхгүй» гэсэн байдаг (Дуулал 10:17, 18, СМО).

 Утга нь: Бурхан удахгүй бүхий л ёс бус явдалд цэг тавьж, эмэгтэйчүүдэд харгис хэрцгий хандахыг болиулна.

 «Охид эмэгтэйчүүдтэй ёс бус харьцах явдлыг Ехова бүрмөсөн үгүй хийнэ гэдгийг мэдээд сэтгэл үнэхээр амарсан. Энэ мэдээ намайг тайвшруулдаг»—Роберта, Мексик

 Библид байдаг итгэл найдвар өгөх амлалтад итгэж болох уу? Библийг ойлгоход Еховагийн Гэрчүүд хэрхэн тусалдаг вэ? Энэ талаар дэлгэрэнгүй мэдье гэвэл Еховагийн Гэрчтэй уулзах хүсэлтээ гаргана уу.

 Өгүүллийг татаж авах

a Нэрсийг өөрчлөв.

b Ехова гэдэг нь Бурхны нэр юм (Дуулал 83:18, 1838 оны орчуулга) «Ехова гэж хэн бэ?» гэсэн өгүүллийг үзнэ үү.