Skip to content

Гарчиг руу орох

Терроризмгүй цаг ирэх болов уу?

Терроризмгүй цаг ирэх болов уу?

 Террорист халдлагын дараа та өөрийн эрхгүй «Бурхан хүнийг яагаад тоодоггүй юм бэ? Яагаад ийм юм болдог юм бэ? Терроризмгүй a цаг ирэх болов уу? Хэдий болтол айж эмээж амьдрах вэ?» гэж асуух байх. Эдгээр асуултын үнэн зөв хариу Библид бий.

Бурхан терроризмыг хэрхэн үздэг вэ?

 Бурхан хүчирхийлэл, терроризмыг үзэн яддаг (Дуулал 11:5; Сургаалт үгс 6:16, 17). Шавь нар нь хүч хэрэглэх гэхэд Бурхны төлөөлөгч Есүс тэднийг зэмлэсэн (Матай 26:50–52). Хэдийгээр зарим хүн Бурхнаар түрээ барьж халдан довтолдог ч Бурхан тийм эрх өгдөггүй. Тэдний залбирлыг ч сонсдоггүй (Исаиа 1:15).

 Бурхан зовж байгаа бүх хүнд, тухайлбал террорист халдлагад өртсөн хүнд ч санаа тавьдаг (Дуулал 31:7; 1 Петр 5:7). Библид бичсэнээр Бурхан хүчирхийллийг эцэс болгоно (Исаиа 60:18).

Терроризмын үндсэн шалтгаан

 Библид терроризмын гол шалтгааныг тайлбарлаж «Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг» гэжээ (Номлогчийн үгс 8:9). Хүн төрөлхтний түүхэнд эрх мэдэлтэй хүмүүс бусдыг дарамтлахын тулд террорист үйлдэл явуулсаар ирсэн. Үүнийг нь эсэргүүцсэн хүмүүс бас террорист халдлага хийдэг (Номлогчийн үгс 7:7).

Терроризмын төгсгөл

 Бурхан айдас хүйдэс болон хүчирхийллийг эцэс болгож дэлхий даяар амар тайвныг тогтоохоо амласан (Исаиа 32:18; Мика 4:3, 4). Үүний тулд тэрбээр:

  •   Терроризмын үндсэн шалтгааныг арилгана. Бурхан хүний засаглалуудыг хална. Тэгээд Бурхны засгийн газар хүн төрөлхтнийг удирдана. Энэхүү засгийн газрын удирдагч Есүс Христ бүх хүнд шударга хандаж дарамт, хүчирхийлэлд цэг тавина (Дуулал 72:2, 14). Тэр үед хэн ч террорист халдлага хийхгүй. Хүмүүс «элбэг дэлбэг амар амгалангаар баярлана» (Дуулал 37:10, 11).

  •   Терроризмын үр дагаврыг арилгана. Бурхан терроризмоос үүдэлтэй бие махбодын болон сэтгэл санааны шархыг бүрмөсөн эдгээнэ (Исаиа 65:17; Илчлэл 21:3, 4). Тэрбээр бүх нас барагсдыг амилуулна гэж амласан. Амилсан хүмүүс дэлхий дээрээ айх аюулгүй, амар тайван амьдарна (Ёохан 5:28, 29).

 Бурхан удахгүй арга хэмжээ авна гэдэгт итгэж болох шалтгааныг Библид бичсэн байдаг. Гэхдээ та Бурхан «Яагаад өдий болтол терроризмыг эцэс болгохгүй байгаа юм бэ?» гэж бодож болох юм. Хариултыг «Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг вэ?» гэсэн видеоноос мэдэж аваарай.

a «Терроризм» гэдэг нь ерөнхийдөө хүмүүсийг айлган сүрдүүлж, улс төр, шашин, нийгмийн талаарх зорилгоо биелүүлэхийн тулд ялангуяа энгийн ард иргэдийг хүчирхийлэх юм уу заналхийлэх гэсэн санаа илэрхийлдэг. Гэхдээ үнэндээ яг ямар үйлдлийг терроризм гэх вэ? Энэ талаар хүн болгоны үзэл бодол өөр өөр байж болох юм.