Skip to content

Гарчиг руу орох

Хаант төр дэлхийг хэзээ захирах вэ?

Хаант төр дэлхийг хэзээ захирах вэ?

Есүсийн үнэнч зарим дагалдагч Бурхны Хаант төр хэзээ захирч эхлэх вэ хэмээн асуужээ. Тэгэхэд нь хэзээ захирч эхлэхийг та нар мэдэх хэрэггүй гэж Есүс хариулдаг (Үйлс 1:6, 7). Гэхдээ үүнээс өмнөхөн тэрбээр шавь нартаа хэд хэдэн үйл явдал нэгэн зэрэг болж байвал «Бурхны Хаант төр ойрхон байгааг ойлгоорой» гэж хэлсэн (Лук 21:31).

ЯМАР ҮЙЛ ЯВДЛУУД БОЛНО ГЭЖ ХЭЛСЭН БЭ?

Есүс: «Нэг үндэстэн нөгөө үндэстний эсрэг, нэг улс нөгөө улсын эсрэг дайтах бөгөөд хаа сайгүй газар хүчтэй хөдөлж, энд тэндгүй өлсгөлөн болж, тахал гарна» гэж хэлсэн (Лук 21:10, 11). Энэ бүх үйл явдал нэгэн зэрэг болж «Бурхны Хаант төр ойрхон байгааг» илтгэдэг. Эдгээр нь үнэхээр дэлхий дахинд болж байгааг батлах баримтыг үзье.

1. ДАЙН

1914 онд хүн төрөлхтний түүхэнд болж байгаагүй, өргөн олныг хамарсан дайн болсон. Энэ онд анх удаа дэлхий нийтийг хамарсан дайн болсон учраас түүхчид үүнийг түүхийн эргэлтийн үе гэж үздэг. Энэ дайнаар танк, бөмбөгдөгч онгоц, пулемёт, хорт хий болон үхэлд хүргэх бусад зэвсгийг өргөнөөр хэрэглэжээ. Дараагаар нь дэлхийн хоёрдугаар дайн болж анх удаа атомын бөмбөг хэрэглэсэн. 1914 оноос хойш дэлхийн янз бүрийн газар дайн болж, олон сая хүн амиа алдсан.

2. ГАЗАР ХӨДЛӨЛТ

Жил бүр «асар том сүйрэл» дагуулсан томоохон хэмжээний 100 орчим газар хөдлөлт болдог гэж Академик Британника тольд бичжээ. Бас АНУ-ын газар зүйн судалгаанд «урт хугацааны (1900 оноос хойших) тайлангаас үзвэл хэзээ л бол хэзээ, ойролцоогоор 16 том газар хөдлөлт болох магадлалтай байна» гэж мэдээлсэн. Газар хөдлөлтийг хэмжих арга сайжирсан учраас газар хөдлөлтийн тоо нэмэгдэж байгаа юм шиг харагддаг гэж зарим хүн бодож болох юм. Гэхдээ дэлхийн хэмжээнд том том газар хөдлөлт болж, урьд хожид байгаагүй олон хүний амийг авч одсоор байна.

3. ХООЛ ХҮНСНИЙ ХОМСДОЛ

Дайн, авлига, эдийн засгийн хямрал, газар тариалангийн буруу бодлого, эрс тэс цаг агаарт бэлтгэл муутай байснаас хоол хүнсний хомсдол бий болдог. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн 2018 оны тоймд «Дэлхий дахинд 821 сая хүн өлсөж байна. 124 сая нь бүр их өлсгөлөнд нэрвэгдсэн байна» хэмээн тэмдэглэжээ. Жил бүр шим тэжээлийн дутагдлаас болж 3.1 сая орчим хүүхэд нас бардаг. 2011 онд мөн шалтгаанаар дэлхийн нийт хүүхдийн 45 хувь нь нас барсан байна.

4. ТАХАЛ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэгэн хэвлэлд «21-р зуун гарсаар олон том тахал дэгдсэн. Холер, шар чичрэг гээд өмнө нь гарч байсан өвчин дахин гарсан. Сарс, томуугийн цар тахал, мерс, эбола, зика гээд шинэ өвчин гарсан» гэж бичжээ. Саяхан КОВИД-19 цар тахал дэгдсэн. Эрдэмтэн мэргэжилтнүүд өвчний тухай их судалдаг ч бүх өвчин тахлыг арилгах арга зам олоогүй л байна.

5. ДЭЛХИЙ ДАХИНЫГ ХАМАРСАН ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖИЛ

Есүс бас нэг үйл явдлыг зөгнөсөн. «Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана. Тэгээд төгсгөл ирнэ» (Матай 24:14). Дэлхий дахинд янз бүрийн гамшиг болж байхад үндэстэн бүрээс 8 сая гаруй хүн Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээг 240 улс оронд 1000 гаруй хэлээр тунхаглаж байна. Ийм явдал урьд хожид болж байгаагүй.

БИД ЯАХ ЁСТОЙ ВЭ?

Есүсийн зөгнөн хэлсэн үйл явдлууд өнөөдөр биелж байна. Энэ нь бидэнд ямар хамаатай вэ? Есүс: «Энэ бүхэн болохыг хараад Бурхны Хаант төр ойрхон байгааг ойлгоорой» гэж хэлсэн (Лук 21:31).

Хаант төр удахгүй Бурхны хүслийг дэлхий дээр биелүүлнэ.

Есүсийн хэлсэн шинж тэмдгийг болон Библид гардаг он, үйл явдлыг нягталж үзвэл 1914 онд Бурхан тэнгэрт Хаант төрөө байгуулсныг мэдэж болно. a Тэр үед Хүү Есүс Христээ Хаан ширээнд суулгасан (Дуулал 2:2, 4, 6–9). Удахгүй Бурхны Хаант төр дэлхийг захирч, бусад бүх засаглалыг халж, хүмүүсийг мөнх амьдруулахын тулд дэлхийг диваажин болгоно.

Есүсийн: «Таны Хаант төр захираасай. Таны хүсэл таалал тэнгэрт биелж байгаа шигээ дэлхий дээр биелээсэй» гэсэн залбиралд гардаг үг тун удахгүй биелнэ (Матай 6:10). Бурхны Хаант төр 1914 онд захирч эхлээд юу хийж байна вэ? Бурхны Хаант төр хүн төрөлхтнийг бүхэлд нь захирахад амьдрал ямар байх вэ?

a 1914 оны тухай илүү ихийг мэдье гэвэл Еховагийн Гэрчүүдийн хэвлэн гаргасан «Үүрд жаргалтай амьдраарай!» номын хичээл 32-ыг үзнэ үү.