Skip to content

Гарчиг руу орох

Military equipment: Anton Petrus/Moment via Getty Images; money: Wara1982/iStock via Getty Images Plus

СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!

Дайнд хэдэн их наядаар нь мөнгө зарцуулсаар—Хор уршгийг нь тооцоолох боломжтой юу?

Дайнд хэдэн их наядаар нь мөнгө зарцуулсаар—Хор уршгийг нь тооцоолох боломжтой юу?

 Дайны зардал үлэмж их.

  •   «Өнгөрсөн жилд л гэхэд дэлхий дахинд 2.2 их наяд ам.долларыг дайнд зарцуулсан нь урьд байгаагүй дээд үзүүлэлт юм»—«The Washington Post» сонин, 2024 оны 2-р сарын 13.

 Дайны зардлыг тооцоолж болдог ч бодит хохирлыг тоогоор илэрхийлэх амаргүй. Украины дайныг жишээ болгон үзье.

  •   Цэргүүд. Дайн эхэлснээс хойш 2 жилийн дотор шархадсан, амь үрэгдсэн цэргийн тоо 500 000 хүрч байгаа гэсэн тооцоо бий.

  •   Энгийн иргэд. НҮБ-ын мэдээлснээр шархадсан, амиа алдсан энгийн иргэдийн тоо 28 000 давсан. НҮБ-ын нэгэн өндөр албан тушаалтан: «Энэ аймшигт дайн хэчнээн хүний амьдралыг сүйрүүлснийг тооцоолох аргагүй» гэжээ. a

 Дайн дажин, зэвсэгт мөргөлдөөн зэргээс болж хүмүүс бие махбод, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө асар их хохирч байгаа.

  •   114 сая. 2023 оны 9-р сарын байдлаар дайн, хүчирхийлэл зэргээс болж орон гэрээ орхихоос өөр аргагүй болсон хүний тоо.

  •   783 сая. Хоол хүнсээр дутагдаж байгаа хүний тоо. «Дайн, зэвсэгт мөргөлдөөн нь өлсгөлөнгийн хамгийн том шалтгаан болсон хэвээр. Дэлхий дахинд өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн 70 хувь нь дайн, хүчирхийлэлд өртсөн газар амьдардаг»—НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөр.

 Дайн дажингүй тайван цаг ирэх үү? Дэлхийд энх тайван тогтоно гэсэн найдвар байна уу? Бүх хүн газрын шимийг хүртэж, ядуурал, өлсгөлөнгүй болох цаг ирэх үү? Библид юу гэж байдаг вэ?

Дайн дажинтай цаг үе

 Хаа сайгүй дайн болно гэж Библид зөгнөсөн байсан. Дайныг нэг морьтонтой дараах байдлаар зүйрлэжээ.

  •   «Гал улаан өнгөтэй өөр морь гарч ирлээ. Хүмүүсийг бие биеэр нь хөнөөлгөхийн тулд дэлхийн энх тайвныг үгүй хийх эрхийг энэ морийг унасан нэгэнд өгсөн ажээ. Түүнд том илд өгсөн байлаа» (Илчлэл 6:4).

 Энэ морьтны араас өөр хоёр морьтон дагана. Нэг нь өлсгөлөн тархахыг, нөгөө нь тахал болон бусад шалтгаанаар хүмүүс үхэж үрэгдэхийг төлөөлдөг (Илчлэл 6:5–8). Библийн энэ зөгнөлийн тухай дэлгэрэнгүй тайлбарласан «Дөрвөн морьтон гэж хэн хэн бэ?» гэсэн өгүүллийг уншиж одоо биелж байгаа гэдэгт яагаад итгэж болохыг мэдэж аваарай.

Ирээдүйд энх тайван тогтоно

 Хэн ч дэлхийн нөөц баялгийг дайнд зарцуулахгүй цаг удахгүй ирнэ. Гэхдээ энэ энх тайвныг хүмүүс өөрсдөө тогтоохгүй. Библид ингэж байдаг.

  •   Бурхан «дэлхий дахинд дайныг зогсооно» (Дуулал 46:9).

  •   Бурхан дайны гашуун үр дагаврыг арилгана. «Тэрээр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Цаашид үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Өмнөх юмс өнгөрөн одлоо» (Илчлэл 21:4).

  •   Бурхан хүн бүрийг амар амгалан амьдруулна. «Миний ард түмэн энх амгалан орчинд, аюулгүй гэрүүдэд, анир чимээгүй газарт амьдарна» (Исаиа 32:18).

 Библийн зөгнөлийг судалбал одоо болж байгаа дайн болон бусад үйл явдлууд удахгүй энх тайван тогтохын шинж тэмдэг болдог.

 Ийм амар амгалан ирээдүйг Бурхан чухам яаж цогцлоох вэ? Тэнгэр дэх засгийн газар буюу Хаант төрөөрөө цогцлооно (Матай 6:10). Энэ нь ямар Хаант төр вэ гэдгийг, таны төлөө юу хийхийг нь «Бурхны Хаант төр гэж юу вэ?» гэсэн богинохон видеоноос үзээрэй.

a Мирослав Иенжа, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Европыг хариуцсан туслах, 2023 оны 12-р сарын 6.